Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм

2019-03-22

Ц.Цолмон: Хань минь ухааны найруулагч, хүний хайлан байсан юм

Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 насны ой өнөөдөр тохиож байна. УДЭТ-аас эрхэм найруулагчийг дурсаж “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах юм. Энэ үеэр найруулагчийн гэр бүлээс олгодог “Арслан” цомыг уран бүтээлчдэд гардуулах ажээ. Г.Доржсамбуу агсны гэргий, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цолмонг ярилцлагынхаа хойморт урилаа.
 

-Өнөөдөр таны ханийн төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбоотой олон сайхан дурсамж танд байдаг байх. Тэртээд үлдсэн дурсамжаас тань яриагаа эхэлье гэж бодлоо?

-Хэрэв хань минь байсан бол 70 нас хүрэх байлаа. Бид чацуу л даа. Өнөөдөр хамтдаа өнгөрүүлсэн дурсамж бүхнээ бодож сууна. Бид 26 жилийг хамтдаа өнгөрүүлж, гурван хүүхдийн эцэг эх болсон. Зөвхөн төрсөн өдөр ч биш баяр бүхнийг ширээ засч, гэр бүлээрээ тэмдэглэдэг байсан үе сэтгэлд тод үлдсэн байна. Бид хоёулаа уран бүтээлч байсан учир шинэ бүтээлийн нээлтээс эхлээд есдүгээр сарын 1, хүүхдүүдээ пионерт элсэхэд хүртэл гэр бүлийн хэмжээнд бяцхан баяр хийдэг байлаа.

-1995 оноос та санаачилж “Арслан” цомыг тухайн жилийн шилдэг уран бүтээлчид өгдөг болсон санагдаж байна. Энэ уламжлал хэдийнэ 24 жил болжээ?

-Манай хүн уран бүтээл хийж байхдаа Буриадын театртай харилцаа холбоотой, ойр дотно байсан юм. Тэгсэн өнгөрөөд жил болж байхад нь тус театраас Г.Доржсамбууд зориулсан дурсамж тоглолт хийсэн. Тэндээс би хүний нутагт миний ханийг ингэж дурсч, хүндэлж байхад бид яагаад эх орондоо байж, хүндэтгэл үзүүлж болохгүй гэж гэдэг санаа авсан юм. Тиймээс 1995 онд “Арслан” театрыг байгуулж, “Арслан” цомыг гардуулах болсон. Сүүлдээ улам өргөжөөд долоон төрлөөр шилдгүүдэд гардуулдаг боллоо. Гэхдээ шагналынхаа үнэ цэнийг бодоод, гурван хүүхдийг нь, тулгын гурван чулууг бэлгэдээд гурван жилд нэг удаа хийхээр төлөвлөсөн юм. Харин сүүлийн жилүүдэд уралдаан тэмцээн олон болсон учир таван жилд нэг удаа хийж байна. Өмнө нь 65 насных нь ойгоор хүндэтгэлийн тоглолт хийж, уран бүтээлчдэд цомоо гардуулсан.

-Г.Доржсамбуу агсны бүхий л уран бүтээлийнх нь ард таны үнэтэй зөвлөгөө дэм болж байсан байх. Гэртээ байхдаа уран бүтээлийн тухай хэр ярилцдаг байв?

-Бидний залуу нас театрт л өнгөрсөн. Би Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байлаа. Харин хань минь УДЭТ-т олон уран бүтээл хийсэн дээ. Орой гэртээ ядарчихсан уулзана. Гэхдээ өглөө бүр эртлэн сэрээд орноосоо босолгүй, хоёр цаг уран бүтээл болон гэр бүлийнхээ тухай ярьдагсан. Г.Доржсамбуу манай театрт дөрвөн жүжиг тавьсан байдаг. Харин хэзээ ч надад шууд гол дүр өгч байгаагүй. Хүмүүс эхнэртээ гол дүр өгчихлөө гэх вий гэж эмээдэг байсан байх. Тухайн үед дүр авахын тулд уран сайхны зөвлөлөөр ордог байсан юм. Уран сайхны зөвлөл болохоор энэ дүрийг чинь Ц.Цолмонд л өгнө гээд байдаг. Ингээд би өөрийнх нь саналаар биш уран сайхны зөвлөлийн гишүүдийн дэмжлэгээр ханийнхаа тавьсан жүжгүүдэд гол дүр бүтээх эрхтэй болдог байлаа.

-Нөхрийн хувиар биш найруулагчийн зүгээс та ханиа хэрхэн дүгнэдэг байв. Тухайн үед хамт ажиллаж байсан уран бүтээлчид нь Г.Доржсамбуу гуайгаас их сүррдэг байсан гэх юм билээ?

-Манай зарим найруулагч бэлтгэлийн явцад загнана, уурлана.  Харин Г.Доржсамбуугийн хувьд олон юм ярьдаггүй байсан. Бэлтгэлийн үед дуугүй л харж сууна. Гэхдээ өөрийн арга барилаар жүжигчиддээ санаагаа ойлгуулчихдаг. Тиймээс жүжиг бүрээс нь жүжигчин төрдөг байлаа.

-Ханьтайгаа нэг тайзан дээр найруулагч, жүжигчний хувиар ажиллана гэдэг бас л хүн бүрт тохиохгүй ховор хувь заяа, сонин мэдрэмж байх даа?

-Театр найруулагч хаан байдаг. Жүжигчин түүний хэлснээр л тухайн бүтээлд тоглох ёстой. Тэгэхээр гэр бүлийн хоёр нэг бүтээлд ажиллах их хэцүү. Миний хувьд гэртээ байдаг шигээ чөлөөтэй харьцах эрхгүй. Бас найруулагчаа гээд гүйгээд байх утгагүй. Тиймээс тунг нь тааруулаад л уран бүтээлдээ ажилладаг байлаа.

-Уран бүтээлийнх нь хамгийн анхны үзэгч нь та байсан байх?

-Уран сайхны зөвлөлд үзүүлэхээс өмнө надад үзүүлдэг байсан юм. Би жүжигчин хүн учир сэтгэл хөдлөл ихтэй. Ц.Цолмон аль хэсэгт нь уйлж, инээж байна гээд танддаг байсан гэж хожим нөхөд нь надад дурсамж болгон ярьж билээ.

-Жүжигчнээ ерөөсөө магтдаггүй онцлогтой найруулагч байсан гэдэг?

-Жүжигчнээ хажууд нь ер магтдаггүй байсан. Харин гэртээ ирэхээрээ надад их магтана. Би бодохдоо тэр урмын үг, магтаалаа надад ярихын оронд өөрт нь очоод хэлбэл өнөөх жүжигчинд нь сайхан байхдаа гэж бодох. Гэвч жүжигчнээ хурцлах гэдэг юм уу хажууд нь магтаал урсгадаггүй байсан юм. Найруулагчийн л жүжигчинтэйгээ харьцах арга барил нь байсан байх.

-Ард түмний сэтгэлд Арслангийн дүрээр мөнхөрсөн хүн бол таны хань. Та ч ялгаагүй энэ дүрд нь хайртай байх?

-Б.Балжинням гуай эхнээсээ Арслангийн дүрээ Г.Доржсамбууд зориулсан юм. Харин найруулагч Р.Доржпалам эхэндээ “Тэр чинь хотын хүүхэд. Нээх урт сахал самбаатай энэ дүрд тохирохгүй” гэсэн гэдэг. Манай хүн чинь натурт гарчихсан байхад араас нь очсон. Эхний зураг авалтаар Р.Доржпалам гуайн өнөөх эргэлзээ тайлагдсан гэсэн. Арслан хөдөөний хээгүй, тракторчин. Г.Доржсамбуугаас их хол дүр л дээ. Гэхдээ үзэгчид Арслангаар нь таньж, хүндэлдэг. Энэ хүндлэл л энэ дүрийг хэрхэн бүтээснийх нь том илрэл юм болов уу.

-“Говийн зэрэглээ” киноны натур дээр та очиж байсан уу?

-Тухайн үед кино одооных шиг амархан бүтдэггүй байлаа. Их урт хугацаагаар натурт явна. Би нэг удаа жаахан юм бэлдээд зураг авалт дээр нь очсон. Намайг ирсэн сургаар бүгд цуглаад л. Нэг оройг хөгжилтэй өнгөрүүлсэн санагдаж байна. Б.Балжинням тэр хоёр нэг байранд байсан. Манай хүн хүмүүс гарсны дараа ширээн дороос савтай мах гаргаад ирлээ. Би ч махаа нууж байгаад л надад өгч байгаа юм байх гэж бодсон. Идсэн чинь нэг л зөөлөн. Асуусан чинь ангийн мах гэж байна шүү. Тэгэхээр нь идэхгүй гээд суучихлаа. Тэгсэн Балжаа уурлаад л “Идэхээр яачихаад байгаа юм. Ангийн мах гэж хэлэхгүй л өгчихгүй” гээд нэг их уурлаж билээ. Хөөрхий хань минь надад ховрын юм л амсуулах гэж хадгалсан байж.

-Урлаг та хоёрыг учруулсан гэдэг. Магадгүй тэр өдөр та театр ороогүй бол ханьтайгаа учрахгүй байсан ч юм бил үү. Хүний хувь тавилан гэдэг сонин юм шүү?

-Тухайн үед би оюутан байсан. Тэр өдөр УДЭТ-аас хувцас авахаар очихдоо анх харж билээ. Театрын хувцасны нярав байдаггүй. Үүдэнд хүлээгээд сууж байтал цагаан цувтай залуу дуу аялаад буугаад ирсэн. Би чинь бараг театрын ард өссөн хүүхэд. Тухайн үед театрын уран бүтээлчдийг бүгдийг нь таньдаг байсан. Гэтэл зүс үзээгүй залуу. Жүжигчин С.Сэлэнгэ эгчээс “Энэ хэн бэ” гэж асууж байхыг сонсчихсон юм билээ. Орой нь утас дуугарахаар нь автал “Сайн байна уу Г.Доржсамбуу байна” гэхээр би таньдаггүй. “Ямар Г.Доржсамбуу, би тийм хүн танихгүй” гэтэл “Өдөр чи С.Сэлэнгээ эгчээс намайг театрт шинээр орсон юм уу” гээд асуугаад байсан биз дээ гэж билээ. З.Жарантав гуайгаас манай гэрийн утасны дугаарыг авчихсан байж. Тэр өдрөөс хойш өдөр бүр ярьж, уулзсаар жилийн дараа нэг гэрт орсон доо.

-Таныг хадамдаа нэртэй, ачлалтай сайн бэр байсан гэж хүмүүс ярихыг олон удаа сонсч байлаа?

-Би насаараа хадмындаа амьдарсан хүн. Хадам аав минь манай талийгчаас 10 гаруй жилийн өмнө бурхны оронд одсон юм. Би ханьтайгаа 26 жил амьдарсан хэрнээ хадам ээжтэйгээ 40 жилийг үдсэн. Ээж минь их сургуулийн хажууханд цайны газар ажилладаг байлаа. Хүү нь юу гэж хэлнэ үгээр нь л байдаг байсан даа. Эцсийн амьсгал хураах хүртлээ миний хажууд байсан. Гурван сайхан үрийг минь хүн болгож өгсөн буянтай буурал байлаа.

-Г.Доржсамбуу агсан айлын ганц хүү болж өссөн. Аав ээж нь их эрхлүүлдэг байсан уу?

-Миний хань чинь уг нь таван хүүхэдтэй айлын хоёр дахь нь болж мэндэлсэн юм билээ. Төөрөг тавилангаар л өсгөсөн ижий аавдаа ирж элгийг нь дэвтээсэн гэдэг. Хадам ээж минь гурван удаа төрсөн боловч тогтоогүй юм гэсэн. Тиймээс нутгийнхаа айлаас Г.Доржсамбууг есөн сартай байхад нь ёс журмын дагуу өргөж авсан байдаг. Их хөөрхөн бандгар цагаан хүү байсан гэж дурсдаг байсан. Ямар сайндаа л бид хоёр нэг гэрт ороод том хүүхэд нь төрчихөөд байхад “Эвий миний муу бандгар хүү” гэж ирээд л тэр том залууг чинь эрхлүүлж, үнсэнэ. Эхэндээ би их гайхдаг байсан. Хоёр хөгшин маань газар дээрх ганц нар нь юм шиг л их нандин өсгөсөн юм билээ.

-Анхны хүүхэд төрөхөд шөнө хуурайлахаас эхлээд айл гэрт аз жаргал, ажил нэмэгдэнэ. Хань тань хэр тусладаг байв?

-Хүүхдээ уйлахад сэрнэ. Гэхдээ тэр бүр босохгүй шүү. Би ч босгоё гэж боддоггүй байлаа. Манай гурван хүүхэд театр болон эмээгийнхээ гар дээр л өссөн. Ээжид Г.Доржсамбуу нандин байсан шиг манай гурав ч эмээдээ эрхэм. Цэцэрлэгт ч явуулахгүй гээд өөрөө хардаг байлаа.

-Ханийнхаа ямар зан чанарыг илүү үнэлж, хүндэлдэг байв?

-Ямар ч үед өөрийнхөөрөө байдаг. Хүнийг хайрласан бол хайрласан шиг хайрлаж чаддаг байлаа. Нэг удаа гудамжинд хамт явж байсан чинь нэг согтуу хүнтэй мэндэлж байна. Би гайхаад “Энэ хэн бэ” гэсэн чинь “Миний найз” гэж хариулж билээ. Тийм л энгийн, хүн шиг хүн байсан. Шинэ жил дөхөөд ирэхээр бүтэн цалинтай ирнэ гэж байхгүй. Ихэнхийг нь айлын хүүхдийн ёолкон дээр тавьчихаад инээгээд ороод ирнэ. Намайг баярлуулах их дуртай. Би жимсэнд дуртай. Нэг амралтын өдөр орноосоо босдоггүй. “Хоёулаа босох уу” гэхээр “Босноо” л гэх юм. Гэтэл цонхны хөшиг тогтоодог хэсэгт хэдэн усан үзэм тохчихсон байж л дээ. Түүнийгээ надад харуулах гээд хэвтээд байсан юм билээ.

-Г.Доржсамбуу агсан гэртээ эгэл жирийн аав, их наргианч хүн байсан гэж таны хүү Д.Цогт ярьж байсан?

-Ядарсан нэгнийг хараад өрөвдөөд уйлна шүү дээ. Тэр том биетэй, насанд хүрсэн эр хүн уйлж байна гэхээр сонин санагдах байх. Их өрөвчхөн байсан юм. Хүнийг хэзээ ч ялгаж байгаагүй. Орцны жижүүрээс эхлээд  сайд даргатай ч адилхан нөхөрлөнө. Харин хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг шударга хүн байсан даа. Хүүхдүүддээ, оюутнууддаа үргэлж “Хүнтэй муудалцахдаа хүртэл зүрхэндээ эргээд эвлэрэх зай үлдээ” гэж захьдаг байсан. Аавыгаа амарсан өдөр хүүхдүүдийн минь нар нь гарна. Манайх гэж бужигнасан айл байдаг байлаа. Өглөөнөөс эхлээд л хоёр хүүтэйгээ барилдана, ноцолдоно. Манайх анх том өрөөгөөр дамжаад унтлагын өрөөнд ордог байртай байсан юм. Тэр нь дээрээ жижигхэн цонхтой. Тэр цонхоор хүүхэлдэй тоглуулна. Шинэ жилээр өөрөө өвлийн өвгөн болоод бэлэг өгнө. Эргээд бодоход бидний хамт өнгөрүүлсэн 26 жил богинохон юм шиг хэрнээ олон сайхан дурсамжийг сэтгэлд минь үлдээжээ.

-Гэрийнхнийгээ гарынхаа хоолоор дайлдаг байв уу?

-Ер нь намайг байгаа үед гал тогоо руу орохгүй. Харин цуйванг их гоё хийнэ, өөрөө ч дуртай. Гэтэл би дургүй байсан. Өнгөрсөн хойно нь ханьдаа олон сайхан хоол хийж өгсөн хэрнээ ганц удаа ч болтугай дуртай цуйванг нь хийгээд өгчихгүй дээ гэж нэг их харамсч билээ. Манай хүн жилдээ ганц, нэг удаа гал тогоо руу орно. Тэр үедээ их сүртэй. Пирошки, хуушуур хайрах гэж байгаа бол үсээ боогоод л. Хиншүүний үнэр оруулахгүй гэж байгаа юм. Гэхдээ сонгино хэрчихээс эхлээд бүгдийг нь биднээр бэлдүүлнэ. Тэгэхээр нь би “Чи хамаг юмаа надаар бэлдүүлчихээд ямар хоол хийсэн болж байгаа юм” гэж асууна. “Энэ чинь найруулагчийн ажил. Найруулагч хүн тайз, хувцас, хөгжим гээд бүх зүйл бэлэн болсон хойно найруулгаа хийж эхэлдэг биз дээ” гээд хошигнодог байж билээ.

-Одоог хүртэл таны хань сэтгэлд тань их том орон зайг эзэлсээр байгаа юм байна. Таны дурсамж болон нулимснаас мэдрэгдэж байна?

-Одоог хүртэл би ханийнхаа тухай ярихдаа хоолой чичирч, нулимс урсгадаг. Нэг л мэдэхэд бурхны оронд очоод 25 жил болжээ. Энэ хугацаанд надад өөр амьдрал зохиох бодол, хүсэл төрсөнгүй. Яагаад ч юм Г.Доржсамбуу мартагддаггүй хүн юм шиг ээ. Өнөөдрийг хүртэл бодол сэтгэлд минь амьд сэрүүн хэвээр байна. Хань минь уран бүтээлчийнхээ хувьд ухааны найруулагч, хүний хайлан байсан юм. Хүн гэдэг хайртай хүнээ алдсан үедээ л ямар агуу хүн байсныг мэдэрч, үгүйлэх юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй