2019-10-14
Халбагаа өөрөө барьж хоолоо идэх чадваргүй байсан хүү өвчнөө ялан дийлж улсын аварга шалгаруулах пара бодибилдингийн тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон цомын эзэн болж бахархам амжилтыг гаргаж чаджээ. Түүний хүүхэд ахуй үе, оюутан нас, амьдралын алдаа оноог ярилцсан урам зориг өгөх “дулаан” ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Сайн байна уу? Юуны түрүүнд танд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе.
-Сайн сайн байцгаана уу. Маш их баярлалаа. Олон улсын тэмцээнд анх удаа оролцлоо. Мөрөөдлийн минь нэг хэсэг биелсэн гайхалтай мөч тохиосон. Монгол гэсэн өмсгөлөө өмсөөд эх орноо төлөөлөн тайзан зогсох нь үгээр илэрхийлэмгүй бахархам санагдсан. Эхний зорилгоо биелүүлэн олон сар бэлдсэн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг үзсэн болохоор ч тэр үү сэтгэл санаа өөдрөг, эрч хүч оргилоод л байна. Индонез улсын хөгжлийг үзээд тэмцээнийхээ хажуугаар аялаад ирсэн.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Мөнхсүрэн овогтой Гантулга гэдэг. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Үе мөчний саажилт гэдэг төрөлхийн өвчтэй. Багадаа хэвтрийн хүүхэд байлаа. Хоёр хөл тэнийдэггүй, зүүн гарын хөдөлгөөн муу. Өөрөө халбагаа бариад хоолоо идэх чадваргүй байсан. Намайг зургаан настай байхад аав ээж маань 2.5 сая төгрөгөөр шөрмөс сунгах хагалгаанд оруулсан. Хоёр ч удаа бүтэн унтуулах тарианд орсон. Тэгээд бага багаар өөрийгөө дайчлан хананы буланд зогсож эхэлсэн дээ.
-Таны хэд дэх тэмцээн байв. Амжилтаасаа хуваалцаач?
-Өөрийгөө олоогүй байхдаа тэмцээний тухай боддоггүй байлаа. Одоо бол олон тэмцээнд орж, өөрийгөө сорих болно. Азийн АШТ-ий пара буюу хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд цомын эзэн болсон. Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан оролцож алт, мөнгөн медаль хүртэж байсан.
-Үнэхээр өөрийгөө ялан дийлж чаджээ. Сургуульд орж байсан үеэ дурсаач?
-Нэг л мэдэхэд найман нас хүрч сургуульд орсон. Тухайн үед тэргэнцэр дээр сууж чаддаг болсон байлаа. Баруун гар маань зүгээр учир бичихэд саадгүй байсан. Гэхдээ бичгийн хэв тааруу. Ангийнхаа уншлагын аваргаар шалгарч байсан. Есдүгээр анги хүртлээ тэргэнцэр дээр суусан. Аравдугаар ангид орохдоо хоёр таягтай алхаж эхэлсэн. Есдүгээр ангиа төгсөх хүртэл аав, ээж, Сайншандын 3-р сургуулийн Д.Оюунчимэг багштай анги хамт олон минь зөөдөг байсан даа. Ингээд би Мэдээлэл холбооны Хүрээ дээд сургуульд урилгаар элсэж, IT инженер мэргэжлээр төгссөн. Оюутан болохоор яах аргагүй бие даан амьдрах шаардлага гарсан. Ганцаараа алхаж байхдаа хөл алдан унах тохиолдол ч гардаг. Хүнд, хэцүү санагдах үе зөндөө байсан. Тусалж дэмждэг ангийнхан болон ачит багш нарынхаа хүчээр амжилттай төгссөн шүү. Тэдгээр хүмүүст баярлалаа гэж хэлэх ч багадах байх.
-Хэзээнээс фитнессээр хичээллэх болсон бэ?
-Манай улсад эмчилгээ байхгүй байсан учир 2017 онд олон хүний сайхан сэтгэлийн тусламжаар Солонгос улсад очиж үзүүлсэн. Надад булчингийн дутагдал гэх онош тавьсан. Ингээд Монголдоо буцаж ирээд бэлтгэл хийж эхэлсэн. Анх ганцхан цаг бэлтгэл хийх гэж маш их ядарч өвдөн уйлж шантардаг байлаа. Тэр үед Болдоо багш намайг хурцалж зөвлөнө. Заримдаа загнуулна шүү дээ. Эхний нэг сар үнэхээр чанга өнгөрсөн. Би дуулгаваргүй, муухай ааштай байсан гэж өөрийгөө боддог. Харин фитнессээр хичээллэж бэлтгэл хийгээд тэр зан ааш минь хага дарагдаж, ёстой даруухан болсон доо.
-Өнгөрсний өөртэйгөө одоогийн өөрийгөө харьцуулбал хэр их өөрчлөгдсөн бол?
-Анх нэг цаг бэлтгэл хийгээд ядраад яваад өгдөг байлаа. Одоо бол тамирчдын хийдэг хүнд бэлтгэл сургуулилт хийж байна. Хоёр сарын хугацаанд хоолны дэглэм барина. Энгийн үедээ масс нэмэх, тэмцээн дөхөөд ирэхээр исэлдэх бэлтгэл хийнэ. Хүнд бэлтгэлийн ард гараад, хувцсаа солиод, гадаа гарч агаар амьсгалах мэдрэмж бол зүйрлэхийн аргагүй сайхан.
-Таны өдөр хэрхэн эхэлж, дуусдаг вэ?
-Өглөө босоод уургаа ууна. Арван цагт ажилдаа явна. Би хувиараа загасны дэлгүүр, хэвлэлийн газар ажиллуулдаг. Ажлаа 17 цагт хаана. Гэртээ харьж нэг цаг амраад 18 цагт фитнэссдээ явдаг. Өдөр бүр хийж байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаг шүү.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Би пара бодибилдингийн дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Энгийн хүнээс арай удаан хөгжил явагддаг. Тиймээс миний хувьд энэ бол маш том зорилго. Мэдээллийн технологийн инженерийн мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг. Сайхан ажилд орж, хангалттай цалин авдаг болоод аав, ээжийгээ амраана гэж боддог. Тэд маань хар багаасаа замд ажиллаж, хүнд хэцүүг нуруун дээрээ үүрч ирсэн. Мөн Улаанбаатарт байртай болно гэж боддог. Хот руу очихоор байх айл олдохгүй хэцүү шүү дээ. Ерөнхийдөө би том зорилгуудаасаа хуваалцлаа. Залуу хүн юу эсийг хийх вэ. Солонгос хэлээ сайжруулах, фитнест багшлах гэх мэт ойрын ирээдүйд төлөвлөсөн зорилгууд ч зөндөө бий.
-Хичээвэл хүрч чадахгүй оргил гэж байхгүй гэдэг шүү дээ?
-Тийм шүү. Хэрвээ би болж бүтэхгүй талаас нь харсан бол өдийд хэвтрийн нэгэн хэвээр үлдэх байсан байх. Хүрч чадамгүй санагдах оргилын оройд удахгүй гараад туулж өнгөрөөсөн бартаат зам руугаа инээмсэглэн харж зогсох болно. Хүн бүрт мянга мянган сонголт бий шүү дээ.
-Нууц биш бол гэр бүлээ танилцуулаач?
-Манай аавыг Д.Мөнхсүрэн, ээжийг Б.Батцэцэг гэдэг. Улаанбаатар төмөр замын 4-р ангид замчин хийдэг сайхан хүмүүс бий. Би айлын том, хоёр эмэгтэй дүүтэй. Тэд маань Сайншандын III сургуулийн ахлах ангийн сурагчид. Миний тулгуур багана болж, чадахгүй бүх зүйлийг минь хийж өгдөг нинжин сэтгэлтэй охид байдаг юм.
-Танд нийгэмд эмзэглэж явдаг зүйл юу вэ?
-Энгийн, эрүүл саруул биетэй байж спортоор хичээллэдэггүй хүмүүсийг их гайхдаг. Одоо үед өвчингүй хүн гэж алга. Хүмүүс биедээ хайргүй, арчаагүй , сул дорой, ямар ч зорилгогүй байгаад эмзэглэдэг. Ихэнх хүмүүс буруу хооллож байна. Нийгэм заримдаа маш их стресстэй санагддаг. Миний ажиглаж байгаагаар ганц бие ээж аав зөндөө байна. Тиймээс залуустаа хүний хань болбол болсон шиг бол гэж хэлмээр байдаг.
-Танаас урам авдаг хүмүүс цөөнгүй байх?
-Хэрвээ тийм хүмүүс байдаг бол би өөрийгөө зөв зүйл хийж яваа юм байна гэж баярлана. Ер нь хүнд урам зориг өгөх их сайхан шүү дээ. Чиний хаясан цэцэг маргааш хэн нэгний нар нь болж манддаг гэдэг үг байдаг даа. Цаг хугацаа ухрахгүй учраас хүмүүс бид урмаар л урагшилна шүү дээ.
-Эрчүүд гэрийн ажил хийх ёсгүй мэт ойлголт байдаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Харин ч эсрэгээрээ эрчүүд гэрийн ажил хийх ёстой. Би олон төрлийн сайхан амттай хоол хийж чадна. Гэрийн ажилд сайн. Муухай орчинд байж чаддаггүй зуршилтай. Эрчүүд бид чинь эмэгтэйчүүдийгээ хайрлан халамжлах ёстой болохоос гэрийн ажилдаа зарах учиргүй.
-Хайр зарламаар сайхан мөч танд тохиож л байсан байх. Тэр гэгээн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Их хүнд сэдэв хөндлөө шүү. Би сайхан хайртай учрахаараа ховстуулчихсан юм шиг болдог хүн. Амнаас үг гарахгүй, чих хүртэл сонсохоо больсон юм шиг санагддаг. Хайраас хамгийн сайхныг нь мэдэрч чаддаг. Сайн хэрнээ сайхан бүсгүй байдаг юм байна лээ. Бусад нууцуудаа дотроо үлдээсэн нь дээр байх. Одоо байнга бэлтгэл хийж байгаа болоод ч тэр үү зав бага. Хайр дурлалаас холдоод удаж байна. Сайхан учрал ирэх байх.
-Найз нөхдийн хүрээлэл хэр чухал гэж боддог вэ?
-Надад гарын арван хуруунд багтахаар шижигнэсэн хэдэн найзууд бий. Багаасаа найзалсан болохоор ч тэр үү ам мурийсан ч маргааш нь инээгээд л хүрээд ирдэг хүмүүс дээ. Бид “үсээ буурал болтол найзална” гэсэн трэнд үгтэй. Зөв хүмүүстэй найзалбал туулах зам дардан болж, зөв амьдарна гэж боддог.
-Танд хүмүүсийн хандлага ямар санагддаг вэ?
-Хүмүүсийн хандлага надад нөлөөлдөггүй. Учир нь би өөрийгөө энгийн хүн гэж боддог болсон. Хүн өөрийгөө юу гэж бодно тэгж л харагддаг юм байна лээ. Нэг үеэ бодвол Монголчууд маань харилцааны соёлтой болсон.
-Танд нууц авьяас бий юу?
-Хааяа шүлэг тэрлэх дуртай. 2017 онд нэг дууны үг бичсэн. Ая зохиогч О.Эрдэнэ ах надад үнэгүй ая хийж өгсөн. Тухайн үедээ дуу болгох гэж зөндөө үзсэн. Хоёр жил хадгалж байна. Хайрын тухай өгүүлэх уянгын хэрнээ поп дуу. Энэ дуугаа уран бүтээл болгох хүсэл бий. Нэг л өдөр тийм боломж олдоно байх гэж найддаг.
-Монгол улсад фитнессийн салбар хөгжиж, олон хүний амьдралд нөлөөлж байгаа нь сайн хэрэг шүү?
-Тэгэлгүй яахв. Манайд Бодибилдинг фитнессийн холбоо гэж байдаг. 2020 онд 30 жилийн ой нь тохионо. Үүнтэй холбогдуулан томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийхээр төлөвлөсөн. Ирэх оны нэгдүгээр сард Монголд анх удаа хамгийн өндөр шагналын сантай улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Холбооны нийт хамт олон, Дорноговь аймгийн Хангарьд фитнес клубын захирал Б.Итгэлт болон намайг дэмжиж урам өгдөг хүн бүрт баярлалаа гэж хэлмээр байна. Надад цаашдаа олон тэмцээнд оролцох зорилго байгаа болохоор дэмжиж ажиллаж ивээн тэтгэх хувь хүн, албан байгууллага байвал нээлттэй шүү.
-Зорилго, мөрөөдөл тань үнэхээр бахархам санагдлаа. Хүмүүст уриалахыг хүсдэг зүйл байдаг уу?
-Ямар ч бэрхшээл шаргуу хөдөлмөрт ялагддаг юм шүү. Хүн хүнээ хайрлаж, хүндэлж эерэг байцгаая л гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд өндөр амжилт хүсье.
-Зочноор урьж оролцуулсанд маш их баярлалаа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд