Үзэсгэлэнт арлаас үүслийн далайг тольдсон минь -Өв соёл, үзэсгэлэнт байгалиа түшиглэн “мөнгө тарьж” байна

2018-08-24

 

 

 

 

 

 

 

 

Хөвөн цагаан үүлс мөнх ногоон уулсыг ороон газарт бууж, манан цагаан хөшиг татуулчихаад нарны туяатай өнгө хоршуулж, хөх тэнгист тусгалаа мөнхөлжээ. Юу гээчийн гайхамшиг, ямар гээчийн үзэсгэлэн бэ. Байгаль дэлхийн ийм чамин гоо үзэмжийг дуу алдан биширч бодгаль биеэ түүний эд эс хэмээн сэтгэж, хайрлах бодол гагцхүү аяллын замд л төрөх биз ээ.

Миний бие зуны амралтын эхний аяллаа Тайванийн арлыг бүтэн тойрох төлөвлөгөөгөөр эхэлж, таван хүний бүрэлдэхүүнтэй замд гарсан юм. Тайванийн нийслэл Тайпей хотоос аяллаа эхэлж, цааш Хуалень /Hualien/ хот орох замд Илань /Yillan/  мужаар дайран өнгөрлөө. Энэ хот бол Тайваний хамгийн өргөн тал газартай үзэсгэлэнт хот ажээ. Өнгө алагласан цэцэгс, өндөр уулс, мөнх ногоон модод зэрэг үзэсгэлэнт байгальтай зэрэгцээд замын хажуугаар өнгө өнгийн цэцгийн мандал,тэнгэрт тэмүүлэн ургасан өндөр модод бүхий цэцэрлэгт хүрээлэн үргэлжилнэ. Дулаан, чийгтэй уур амьсгалтай орон учраас дал мод, шилмүүст мод хамгийн ургадаг юм билээ.

Мөн хан боргоцой, тоор, банана, мангозэрэг Монголд ургадаггүй жимсний моддыг эндээс харж болно.

Ийнхүү машины цонхоор элдвийг харж, эргэн тойрны үзэсгэлэнг нь биширч явсаар Илань /Yillan/ хотод байрладаг Тайваний дэлхийд алдартай #Kavalan вискиний үйлдвэрт ирэв.

Тус вискиг “Хаан машин” компани 2005 онд үйлдвэрлэж, 2008 онд дэлхий дахинд танилцуулж байжээ. Гэтэл ердөө нэг жилийн дараа дэлхийн шилдэг вискиний мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ олон олон нэр хүндтэй шагналыг хүртэж, бөмбөрцөг даяар амжилтаа тунхаглаж чадсан байна. Нэг торхноос давтагдашгүй амт бүхий нэг охь гарган авч, түүнийгээ зургаан сараас зургаан жилийн хугацаанд дардаг зэрэг нь тэдний амжилтын нууц ажээ.

Хуалень хотод жуулчдын анхаарлыг татах зүйл маш их. Үүний нэг нь БНХАУ-ын алдарт архитекторуудын бүтээл “Ланяан” музей юм. Гадна талаасаа харвал яг л нурсан мэт харагдах 70 градусын налуутай өвөрмөц шийдэл бүхий энэхүү шилэн барилгыг үзэхээр гадаад, дотоодын жуулчид олноор зорин ирдэг ажээ. Биднийг очих үед гадаа бороо орж байсан хэдий ч энэхүү музей жуулчдын хөлд дарагдсан байв.

Үүний дараа манай аяллын багийнхан Хуаленийг чиглэлээ. Өндөр уулсын оройг ороож, хэрсэн замаар бараг гурван цаг орчим явсны эцэст, шөнийн харанхуйтай уралдан зорьсон газартаа ирсэн юм. Гадаа бүрэнхий болсон тул бид Тарако үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ойролцоо зам дагуу байрлалтай нэгэн буудалд тухлав. Нэг зүйлийг онцлоход, эндэхийн зочид буудлуудад “хатуу” үнэ үйлчилдэггүй. Манайхны хэлдгээр үнэ тохирч болдог юм билээ.

Хоёр дахь өдрийн өглөө 06.30 цаг

Нар өндөр уулсын оройг сэтлэн ойн гүн рүү гэрлээ тусган, өөдөөс мишээн “Сайхан амрав уу” гэх шиг гялбалзан угтав.

Орчин тойрны байгальтай танилцаж, ганц хоёрхон машин холхих эзэнгүй шахам замыг өгсөж, уруудан хэдэн зураг авчихаад буцаж ирэхэд буудлын эзэгтэй өглөөний цай хэдийнэ бэлдсэн байв. Тайвань хэзээнээсээ цай, ундаагаараа алдартай тул өглөөний цайнд үндэсний үйлдвэрийн тэжээллэг цайг талх, зуушны хамт бэлджээ.

 

10.00 цаг: Тарако Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Энэ бол Азийн долоон үзэсгэлэнт цогцолбор газрын нэг. Цавчим өндөр хадан хясаа, уулс хооронд холбосон битон болон модон гүүр, уулын энгэрт орой нь шовойж харагдах цагаан бурхны сүм, Чан Кай Шек армийн цэргүүдийн амиа золин байж босгосон уулын алдарт чулуун зам. Энэ бүхэн түүх өгүүлэх бүтээн байгуулалт болжээ. Өндөр хавцлын эрмэг хэсгийн хад чулуу, уулын ам зэргийг сэтэлж зам гаргаснаас үзэхэд хэчнээн баатарлаг эрс үүний төлөө амиа өргөснийг таахад бэрх. Уулын энэхүү замын тухай Тайваньчууд “Чан Кай Шекийн армийн цэргүүд дайнд амиа өгөөгүй. Тэд энэ замыг барих үедээл олноороо амиа алдсан” гэж ярих юм билээ. Гэсэн ч хожмоо түүх болон үлдэж, олон арван сая жуулчдын хэрэг болгон зорьж ирдэг газар болжээ.

Цогцолбор руу нэвтрэхийн өмнө эгц хадан хавцалтай, уулсын дундуур явах учраас дээрээс юм унахаас сэргийлж, хамгаалах малгай өмсөхийг сануулсан. Бид ч зааврыг дагаж, малгайгаа өмсч аваад Цагаан бурхны сүм рүү алхсан юм.

Далайн түвшнээс дээш 3000 орчим метр өндөрт өргөгдсөн эгц цавчим уулсын дундуур элсний ширхэг шиг өчүүхэн “амьтан” анх удаагаа баатрын дүрээр алхаж яваа нь энэ. Биширч сүрдэх басхүү алмайрах зэрэгцэн яг л үргэхээ хүлээсэн морь шиг сортогонон, дэлдэгнэж явав.

Тайваньчууд үнэхээр хөдөлмөрч ард түмэн юм. Байгаль эхийн үзэсгэлэнг гойд ашиглаж, ганган сүм барьжээ. Түүх дурсгалын газар, өв соёлоо түшиглээд аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж чадвал бидэнд мөн ч олон нөөц бий дээ. Таракод төрсөн бодол энэ.

Хэрэв та Тарако цогцолбороор зочилвол энэ мэтчилэн 13 алдарт газрыг сонирхож болно. Тус бүрдээ түүхтэй тул нүдээр очиж танилцвал илүү үлдэцтэй болов уу...

Бид маш богино хугацаанд олон газар үзэхээр төлөвлөсөн байсан тул оройдоо Тайваний өмнөд хэсгийн бүс Кентинийг /Kentin/ зорилоо. Зам зуурт Тайдон /Taitung/хотоор дайран өнгөрч, үхэшгүй мөнхийн гурван агуй, арал тохойг холбосон Sanxiantai гүүрийг сонирхож, үүлс, уулсын өмнө хэсэг саатав.

Ингэж толгой холбосон нь учиртай. Учир юу гэвэл, Мөнх ногоон өндөр уулс, үүлс, тэнгисийн хязгаар, хаяа хаана төгссөн нь үл мэдэгдэм сүлэлджээ. Тэнгэрийн цагаан дагина газарт бууж, уулсын дундуур хөвөн цагаан хөшиг татаад уран зураг шиг л төгс үзэмж нүдний өмнө дурайж байлаа.

Ийн үлгэрийн орон руу одож, үүлсийн дээгүүр харайж явсан бодол минь Номхон далайн хүчит давлагаанд “хэрчүүлж” одсон юм.

Уусч ороод шумбах хүсэл төрөвч үнэндээ тэр их догшин “савдаг”-аас сүрдэж, хүн олонтой хэсэг рүү харайлгаж, торго шиг зөөлөн шаргал элсэн дээгүүр мөрөө тамгалан,тойрч явсаар тэнгисийн эрэг дээгүүр зугаалав. Ус руу хөлөө алсаас дүрж, аажмаар дасгаж аваад зориг ч орж, хэд гурав алхан жаахан гүн рүү нь нэвтэрчих санаатай гэтэж явтал “Хүүе Мөөгий холдоорой... бла бла. Аюултай” хэмээн аяллын багийн ахлагч Болор эгч командлав. Бяцхан айдастай байсныг ч хэлэх үү бөндгөс хийн цочиж аваад л эргэсэн дээ.

Ингээд хөөрхий далайд шумбах эхний оролдлого минь бүтэлгүйтэж, битүүхэндээ жаахан гунигтай цааш явсан юм. Энэ өдөр далайн давалгаа нэлээд хүчтэй байснаас гадна огцом эргэлттэй ширүүн давлагаандтатагдвал хөнгөн жингийн тамирчин шиг би мэт нь хийсэн одож мэдэхээр. Хашир хүмүүсийн хэлдгээр ер нь ч хол явсан нь дээр юм билээ.

 

-Хуурай газрын “амьтан” айдсаа даван туулав-

Гурав дахь өдөр:

Өглөөний 06:00 цагт Номхон далай сүр хүчээ гайхуулан, давхиж яваа морьд шиг омголон түрлэгтэйгээр угтлаа. Урьд орой нь далайд шумбаж чадаагүйдээ дурамчхан үлдсэн учраас эртлэн босчэрэг даган гүйж, элдэв зураг татуулав. Кентин бол Тайванийнхамгийн өмнөд эрэг бөгөөд аялал жуучлалын томоохон бүснутаг юм. Шаргал элст далайн эрэг дээр амарч алжаахын хүслэн болсон зургаан сая жуулчин жил бүр ирдэг гэсэн.

Хавар цагийн нээлтийн шоугаа “On The Beach” нэртэйгээр дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулж, “бут” авдаг. Яаж “бут” авдаг вэ гэж үү. Зөвхөн энэ шоунд оролцох гэждэлхийн өнцөг булан бүрээс 12 мянга гаруй залуус ирдэг гээд бод доо. Тасалбар нь хэдхэн хоногийн дотор худалдаалагдаад дуусчихдаг юм билээ. Тэр үед нь ирж чадаагүй чзуны зугаатай өдрүүдэд Кентинд ирж амжсан нь аяллын минь хамгийн том дурсамж.

Учир нь хуурай газрын “амьтан” би цээж давсан их ус руу зориг гарган орж, өнөөх айхтар далайн давлагаатай хүч үзээд, айдсаа ялан дийлчихсэн юм. Ингээд л далайд дурлагч болсон доо. Давстай ус нүд рүү орохоор их хорсдогийг эс тооцвол тэнгист сэлэх, эргийн элсэн дээр биеэ шарж хэвтэх жинхэнэ жаргал.

 

Дараагийн удаа бол моторт завиар туулна аа... л гэчихсэн байгаа. Энэ удаад хөлөг онгоцоор далайн гүний аялал хийж, шилэн хоргоны цаанаас загас жараахай, яст мэлхий, хад, хясааг тольдсон. Үнэхээр сэтгэл хөдөлж, нүд баясам байсан шүү.

 

Ингээд орой нь бид буцах замдаа орж, Тайванийхоёр дахь том хот Каушун /Kaohsuing/-д бүрэнхийтэй залгаж ирлээ. Замын турш дуу хуур, инээд наргиан үл тасарна.

 

Манай аяллын багт Тайваньд ажиллаж, амьдардаг Болор, Түмээ гэдэг хоёр бүсгүй хамт явсан. Тэдний хувьд Тайваньд эмнэлгийн орчуулагчаар ажиллахын зэрэгцээ Монголчууддаа аяллын хөтөч, орчуулагч хийдэг билээ. Тиймээс миний бие замын турш хоёр “мундаг”-аасаа мэдэхгүй, танихгүй зүйлээ асуун шалгааж, ам хуураагүй явсны хүчинд Тайваньтай дотно танилцаж чадсан юм.

 

Дөрөв дэх өдөр:

Өглөөний 07.00 цагт 85 давхар зочид буудлын 30 давхраас шил толь мэт гялалзсан шинэ хотыг /40 жилийн настай хот/тольдож сэрлээ. Бид Каушун хотын хамгийн өндөр, тэнгэр баганадсан таван одтой зочид буудалд байрласан юм. Таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудал гэхэд үнэ нь боломжийн. Хамгийн хямд нь монгол төгрөгөөр 70 мянган төгрөгөөс эхэлж байв. Бас сайн ойлголцож чадвал үнээ хямдруулж байсан шүү. Ерөнхийдөө 3-5 одтой зочид буудалд нэг хоноход 65-400 мянган төгрөгт хэлбэлзэнэ.

 

-Төгс эмоорол, төгс элийрэл-

Бидний аяллын сүүлийн зогсоол бол Тайванийн гурав дахь том хот Tайчунд байрлах Нар сарны нуур /Sun Moon Lake/. Ийшээ ирэх замдаа бид 100 метр өндөрт байрлах, 80 метр урттай өндөр уулсыг холбон барьсан дүүжин шилэн гүүр, Тайваний хамгийн том Будда бурхны ариун сүм “FoGuang Shan”-аар зочилсон юм. Мөн шилэн гүүр орох замд Тайванийн уугуул иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, жимсний талбайгаар аялав. Усан үзэм, манго, банана, тоор зэргийг жимсний талбайгаас худалдан авч, ажилсаг ахмадуудад орлого оруулав. Шинэ жимс шимтэй, шүүслэг гэж янзтай.Бид 600 грамм шинэхэн усан үзэм, 5 уут хатаасан манго, шинэ ургацын манго зэргийг монгол төгрөгөөр тооцвол100 мянган төгрөгөнд худалдаж авав.Нэг тайвань доллар 80 монгол төгрөгтэй тэнцдэг. Хатааж лавласан ууттай мангог гэрийнхэндээ амсуулж, сонирхуулахаар авсан юм. Хол замд тээшинд зай эзлэхгүй, жин хөнгөн учраас бэлэглэхээр авч явахад тун тохиромжтой эд байлаа.

 

Ийн цааш алхсаар харанхуй агуй, ширэнгэн ойг туулан, шилэн гүүрэн дээр ирж, өндрөөс айдаг манай хэд жинхэнэ утгаараа адерналинаа ялгаруулсан даа. Доошоо харвал толгой эргэнэ. Гэхдээ эргэн тойрны байгалийн үзэсгэлэнг бишрээд юун айх. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг шиг шилэн гүүрэн дээрээс өнөөх өндөр уулс, хөх тэнгэр холгүй харагдаж байдаг шүү. Тэр сайхныг нь бишрээд айдсаа ч умартаж орхисон.

Харлахаас айдаг хүмүүст халтай нь нартай бараг л тулж харьцсан юм шиг арьс түлэгдэж, борлочихсон байсан. Тэгсэн ч аян замын алжаалаа тэр л өндөр дээр гээчихээд буусан юм. Сэтгэл сэргэж, бие хөнгөрсөн, жигтэйхэн сэргэлэн хүн аяллын сүүлийн оройдоо Нар сарны нууранд ирэв. Хувьтай хүмүүс хур дагуулаад ирсэн гэж арай ч хэлэхгүй л дээ. Гэхдээ биднийг ирэхэд бороотой, нуурын дээгүүр манан татаад уулс нь будантаад намуухан орчин угтлаа...

Аялал үнэхээр гайхалтай байлаа. Сэтгэлийн бүхий л мэдрэмж, сэрлийн бүхий л цэгээ сэргээсэн арлын аялал амьдралд минь том дурсамж, тод тэмдэглэл үлдээсэн юм. Эцэст нь, Тайваний байгалийн үзэсгэлэнг бахдаж хэлэх хэдэн үг байна.

“Тэнгэр, газрын диваажин гэж энэ үү” хэмээн дуу алдмаар дэндүү үзэсгэлэнтэй арал Азийн зүрхэнд орших ажээ. Энэ бол Тайвань арал. Үүх түүх, газрын зурагт анх ингэж тэмдэглэгдсэн ч өдгөө Азийн бар орон гэх тодотгол зүүж, өдрөөс өдөрт өсөн дэвжиж, хөгжиж цэцэглэсэн хот улс. Ингэж цэцэглэсэн нэг үндэс нь аялал жуулчлалыг өв соёл, үзэсгэлэнт байгальдаа түшиглэн хөгжүүлсэнд байгаа юм. Бидэнд ч бас нөөц бий... Урт бодрол. Гэхдээ дуусгая.

Дашрамд сонирхуулахад, Тайвань руу аялахад онгоцны нислэгийн тийзний үнээс гадна урсгал зардал дунджаар нэг сая орчим төгрөг болно. Энэ нь хөтөч орчуулагч болон машины бензин, зочид буудлын үнэ, өглөө оройн хоолны үнэ орсон зардал юм. Мөн үзвэр үйлчилгээний зардал багтсан. Гэхдээ очсон газар бүртээ таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлах, аяллын компанийн хөтөлбөрт багтаагүй үйлчилгээ захиалах бол мэдээж үүнээс илүү зардал гарна. Бидний хувьд ихэнхдээ 3-4 одтой зочид буудалд байрласан юм. Дээрх аяллын мартшрутаар явахад үзвэрийн зардал 900 NTD буюу 65 мянган төгрөг л болсон. “Queen’s head” парк 100 NTD, Кентин далайн гүний завьт аяллын төлбөр 300NTD, “Sun Moon Lake”паркийн төлбөрт 300NTD. Бусад үйлчилгээний газруудад нэвтрэхэд үнэ төлбөргүй. Тайвань руу аялахад хүмүүс маш их зардалтай гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ нислэгийн тийзний үнэ зөвхөн Монголоос гарахад л үнэтэй байдаг. Тиймээс зарим иргэд Бээжин хүртэл унтлагын вагон эс бөгөөс Улаанбаатар-Замын-Үүд-Бээжин гэсэн автобусаар дамжиж зорчдог болсон. Ингэж дамжихад Бээжин хүртэл дээд тал нь 300 мянган төгрөг л зарцуулна. Цааш дахин зардлаа хэмнэж, хямд нисье гэвэл Макао эсвэл Хонконгийн аль нэгээр дамжин Тайваньд очиж болох бөгөөд энэ нь хоёр талдаа дунджаар 700 мянган төгрөг л болдог. Харин цагаа хэмнэж, аялахаар шийдсэн хүмүүсийн хувьд Улаанбаатар-Тайвань шууд нислэг захиалсан нь дээр болов уу. Хоёр талын шууд нислэгийн үнийн хувьд 1.5-2.5 саяд хэлбэлздэг.

2018 оны долоодугаар сарын 26. Тайвань, Тайчун хот.

Тэмдэглэл бичсэн П.Мөнхжаргал

Гэрэл зургийг П.Мөнхжаргал, Н.Мөнхзаяа

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР

  • Мягмар
    -11°C/-18°C
  • Лхагва
    -11°C/-21°C
  • Пүрэв
    -11°C/-20°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхоролын хажууд залуу гишүүд ичиж амьдар
НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав
Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянгад хүрчээ
"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
Эрүүл мэнд минь баяртай
Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо
Эрдэмтэд 1,200 метрийн гүнд орших Mercer нуурыг судална
“Их 20”-ийн чуулганаас хоцорсны дараа Германы засгийн газар канцлерьтаа шинэ онгоц авахар шийджээ
АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?
Агаарын бохирдолтой холбогдуулан НҮБ-аас хариу мэдэгдэл гаргажээ
“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
Зуун айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮ-чин
Сагсчид агаарын бохирдлыг эсэргүүцэж, ХАР МАСК зүүжээ
Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ
Vivo хоёр талдаа дэлгэцтэй утсаа албан ёсоор танилцуулав
“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?
Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноов
”ШАНГРИЛЛА” зочид буудалд АНУ-ын тагнуулын ажилтанамиа алджээ