16 настайгаас нь эхлээд 14 жил биеийг нь үнэлүүлсэн байсан

2018-06-27

“Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясахтай хүний наймааны талаар ярилцлаа.


-Хүний наймааны гэмт хэрэг ихэслээ гээд байгаа. Яг ихэссэн гэх тоо баримт байна уу?

-Манай төв 2001 оноос эхлэн ажиллахдаа 2400  кейс дээр ажилласан байна. Үүний 700 гаруй нь хүний наймааны хохирогч бусад нь хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг үйлдлүүд байсан.  Манайд хүний наймааны гурван төрөл бүртгэгдээд байна. Нэгдүгээрт, бэлгийн мөлжлөг 70 орчим хувийг эзэлж байна. Дотоодод 13-18 насны охидыг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байна. Гадаадад 18-35 насныхныг хуурч,  мэхэлж авчраад биеийг нь үнэлүүлж байна. Хоёрт, албадан хөдөлмөр эрхлэлтэд дотоод болон гаднын иргэдийн асуудал, зарц, хамжлага, орчин цагийн боолчлолын  асуудал яригдаж байна. Гуравт, жуучлалын гэрлэлт буюу гаднын хүнтэй гэрлүүлээд дундаас нь мөнгө завшиж байна. Ийм үйлдэл визтэй улсад мэдэгддэг ч, визгүй улсад мэдэгддэггүй. Хүн наймаалах гэмт хэргийн нэг эд эрхтэн наймаалах хэрэг манай улсад одоогоор бүртгэгдээгүй байна.

-Удам дамжсан боолчлол манай оронд их байна гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Монголд хэсэг хүмүүс дээгүүр түвшинд амьдарч байна. Харин үлдсэн хэсгийн авч буй цалин, хөлс амьжиргаандаа хүрэлцэхгүй байна. Ингэснээр хүүхдүүдээ мэргэжилтэй болгож, өөр сонголт хийлгэж чадахгүйд хүргэж байгаа. Энэ нь удам дамжсан боолчлол буюу хамжлагын асуудлыг бий болгож байгаа юм. Нэг айлд зарцлагдахад түүний хүүхдүүд тэр ажлыг үргэлжлүүлэн хийж байна.Тиймээс үүнд яаралтай арга хэмжээ авч, амьжиргаагаа хангах боломж олгох хэрэгтэй байна. Туслах малчнаар ажиллууллаа гэхэд шударгаар мөнгийг нь өгөх хэрэгтэй байна. Боолчлолыг хуучин нийгэмд байсан зүйл гэж боддог. Энэ ойлголт орчин үед илүү боловсронгуй болж, өргөн хүрээг хамрах болсон.  

-Монгол Улс хүний наймааны дамжуулагч байсан бол өнөөдөр илгээгч улс болсон гэж байна. Яагаад илгээгч улс болов?

-Хүн наймаалах гэмт хэрэг олон зүйлээс шалтгаалж байна. Нэгдүгээрт, цалин аваад ч амьдралд нь хүрэлцдэггүй, ядуу байгаатай холбоотой. Мөн хүн өөрийн мэдэхгүй газрыг аюулгүй гэж үзэж байна. Шалтгаант нөхцөл нэмэгдэх хэрээр гэмт хэрэг гүнзгийрдэг.

-Хүний наймааны хохирогч болсон хэчнээн үйлдэл дээр ажилласан бэ. Хохирогчдын нийтлэг алдаанаас дурдахгүй юү?

-Казахстан, Туркт хөдөлмөр эрхлэхээр яваад мэхлэгдсэн хэсэг хүмүүсийг авчирсан. Тэдгээр хүмүүс Монголд амьдарч байсан хашаа байшин, байр зэргээ зараад очтол тэднийг барьцаалж, хөдөлмөр эрхлүүлсэн. Энэ үйлдэл шүүх дээр гадаадад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл аваагүй байсан гэсэн заалтаар шийдвэрлэгдсэн. Үүнтэй холбоотой 90 гаруй хохирогчид манайх туслалцаа үзүүлсэн. Мөн Малайзад оймсны үйлдвэрт ажиллуулна, хүүхэд асруулна гэж хэлээд олон маршрутаар, нэг, хоёроор нь авч явсаар 40 гаруй эмэгтэйг биеийг нь үнэлүүлсэн. Эдгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл шинэ жилээс өмнөхөн бидэнтэй холбогдож “Бид сургалтаар ирсэн юм. Визээ хэрхэн сунгуулах вэ” зэргээр сэжүүр өгөхүйц асуулт асууж байсан. Бид мэргэжлийн хүмүүс учир хүний наймаанд өртсөнийг нь мэдсэн. Бид аврах үйл ажиллагааг хуулийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Малайзад Монголын Элчин сайдын яам байдаггүй тул тэндхийн Цагаачлалын албатай хамтран зохион байгуулсан. Энэ хэрэгт таван хүн гэмт хэрэгтнээр татагдаж найман жил зургаан сарын ял онооход прокурор эсэргүүцэл бичээд буцааж байсан. Дөрвөн жилийн дараа хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ 3-5 жилийн ял оноож, урьдчилан хорих хоног нь тооцогдсоноор бүгд суллагдсан.

Дотоодод саяхан болсон үйл явдлаас дурдахад, бага зэргийн оюуны бэрхшээлтэй охин 16 нас хүрээд асах газраас гараад, Төв шуудангийн урд явж байтал нэгэн эмэгтэй “Мөнгө олдог ажил олоод өгье” гэж хэлээд дагуулж явсан байдаг. Тэр өдрөөс эхлэн 14 жил долоон сар өдөр бүр биеийг нь үнэлүүлсэн. Энэ хугацаанд гурван удаа жирэмсэлсэн байдаг. Эхний удаад төртөл нь ажлыг нь хийлгүүлж, төрөөд найм хонуулаад биеийг нь дахин үнэлүүлсэн. Гэмт этгээдүүд хүүхдийг нь өөрийн ээж, аав дээрээ аваачаад малчин болгосон. Сургуульд суулгаагүй. Манай төвд 2016 оны наймдугаар сард энэ эмэгтэйг таксины жолооч авчирсан. Ирэхдээ тархиа хагалуулсан, хөх эрээн болтлоо зодуулсан байсан. Учир нь, түүнийг бага мөнгө олсон гэж зодсон байдаг. Энэ хэрэг 2018 оны нэгдүгээр сард шүүхээр шийдэгдэж, гэмт этгээдүүд гурван жил зургаан сарын ял авсан.   

-Гаднын оронд хүний наймааны хохирогчтой хэрхэн ажиллаж байна вэ. Харин манайд хэрхэн ажиллаж байна. Үүнийг хэрхэн сайжруулах вэ?

-Бусад оронд анхны мэдүүлгийг сайн авдаг. Хохирогчид нэг цэгээс үйлчилдэг. Бусад оронд анхны мэдүүлгийг сайн авдаг. Хохирогчид нэг цэгээс үйлчилдэг. Хүний наймаа, бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийллийн хохирогчийг насан туршийн хохирогч гэж үздэг. Тиймээс төр нь үүнд онцгой анхаарал хандуулдаг. Мөн нөхөн олговрыг эхэлж төрөөс даагаад, дараа нь гэмт хэрэгтнээс буцааж авдаг. Харин манайд хороо хорин, шүүх эмнэлэг зэрэг олон байгууллагын хаалгыг хохирогч өөрөө татаж, шалтгаанаа тэр болгонд тайлбарладаг. Үүнээс үүдээд хохирогч залхдаг. Монголын хууль хохирогчид биш яллагчид ээлтэй байна.  Үүнийг өөрчилж, хохирогчид ээлтэй орчин бүрдүүлэхээр олон байгууллага ажиллаж байгаа.

-Монголд хүний наймааны хохирогчийг гэмт хэрэгтэн мэт үзэх нь бий. Харин энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Насанд хүрээгүй хүүхдийг зохион байгуулалтад оруулаад дундаас нь мөнгө олоод байгаа этгээдүүд бий. Хохирогчийг буруутгадаг сэтгэлгээнээс хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Бусдын эрхшээлд ороод, амиа алдахгүйн тулд тийм ажил хийж байгаа юм. Мөн эрэлт байгаа цагт нийлүүлэлт бий болдог. Тэгэхээр эрэлтийг таслан зогсоох хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл хуулийн дагуу ийм шийтгэл авах юм байна гэдгийг толгойд нь суулгах хэрэгтэй.

-Жилд хэдэн хүн хүний наймааны хохирогч болж байна вэ?

-Манай төвд жилд 40-50 хүн энэ чиглэлээр хандаж байна. Хүний наймааны хохирогчийг тархцаар нь судалдаг. Ази Номхон далайн оронд гурав, бусад оронд 1.8 хувийн тархацтай гэж үздэг. Үүнээс харахад Монголд 6000-8000 хүн хүний наймааны хохирогч болсон байх магадлалтай.

-Хүний эрхийн чиглэлээр ажиллахад Монголд юу дутагддаг вэ?

-Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдал дутагдалтай байдаг. Мөн тогтвортой байдал буюу санхүүжилт дутагддаг. Манай төв 18 дахь жилдээ ажиллахдаа төрөөс хоёр удаа санхүүгийн тусламж авсан байдаг. Үүгээр таван сая, долоон сая төгрөгийн хамгаалах байр байгуулсан. Түүнчлэн манайд байгууллагуудын нэгдмэл, хамтарсан тогтолцоо дутагддаг. Дөрөвт, хуулийн хэрэгжилт дутагддаг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй