Нэг литр дизель түлшийг 16 мянган төгрөгөөр авсан нь …

2018-05-14

Монгол цэргүүд төр засгаас өгсөн даалгаврыг гадаадад нэр төртэй сайн биелүүлж байгаа. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 16 мянган цэргүүд үүрэг гүйцэтгэсэн, бас одоо ч гүйцэтгэж байгаа гэсэн тоо бий. Энэ хугацаанд манай цэргийнхэн олон адал явдал, баяртай, гунигтай, хөгтэй, хөгжилтэй үйл явдал нэлээдгүй тохиолдож байсан нь тодорхой. Ингээд өөрт тохиолдсон нэгэн сургамжтай үйл явдлаас бичье.

2005 оны 12 дугаар сарын нэгэн халуун өдөр Африкийн эзгүй, зэлүүд тал нутгаар давхиж явлаа. Тэр үед миний бие Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар очоод 4 сар гаруй хугацаа өнгөрөөд байсан үе юм. НҮБ-ын Цэргийн ажиглагчийн баг нь голдуу 4-6 хүнтэйгээр хамгийн алс хол, зэлүүд газар, районд болж буй үйл явдлыг ажиглаж төв штабтай мэдээлэх зорилгоор үүрэг гүйцэтгэдэг НҮБ-ын “Нүд, чих” гэж хэлж болохоор офицеруудын бүлэг юм. Тухайн үед миний бие “Конго”-ын нийслэл Киншаса хотоос зүүн зүгт 1300 км зайд байрлах Мбужи-Май(Mbuji-Mayi) гэдэг тосгон дахь ажиглагчийн бүлэгт томилогдон үүрэг гүйцэтгэж байсан билээ. Цэргийн багт ихэвчлэн өөр өөр улсаас ирсэн 2-4 офицерууд л ажиллана. Заримдаа бүр ганцаараа үлдэх тохиолдол ч бий. Бидний хэдэн офицерууд өөрсдийн хариуцлагын бүсдээ агаарын болон газрын эргүүл төлөвлөөд явж өгнө шүү дээ.
12 дугаар сард манай багт Гана Улсын настай дэд хурандаа эмэгтэй, Малави Улсын залуухан ахмад, бид гурав үүрэг гүйцэтгэж байв. Төлөвлөгөө ёсоор Мбужи-Май тосгоноос өмнө зүгт 260 км-т байрлах Каниама гэдэг суурин газар орж тэдэнхийн цагийн байдлыг ажиглаж, нөхцөл байдлыг судлах ёстой байлаа. Ингээд өглөө эрт 06.00 цагаас би Ниссан патроль машин жолоодож, ахмад маань радиостанцаар холбоонд ороод давхар газрын зургаа хараад л эргүүлдээ гарч өглөө. Нөгөө дэд хурандаа байшин, радио станц сахиж үлдэв. Тэр үед ийм жийп машинаар цэргийн багуудыг дөнгөж хангаад эхлэж байсан үе ба манайх нэг шинэ машин аваад сар гаруй л болж байсан цаг юм.
Ирж очихын 500 гаруй км зам туулна гэдгийг мэдэж байсан учир уул нь машины түлшний заалтаа харж гарсан ухаантай. Тухайн үеийн Ниссан патроль машин нь 95 литрийн багтаамжтай үндсэн түлшний сав, бас нэг туслах савтай тэр нь дүүрэн түлштэй, 100 км-т 18 литр “иддэг” машин байв. Үндсэн түлшний савны зүү талаас илүүг зааж байсан тул нэг их юм бодолгүй хөдлөөд явсан байдаг.
Ингээд очиход яахав асуудалгүй яваад Каниама ороод даалгавраа амжилттай биелүүллээ. Буцах замдаа хээр түр зогсолт хийж, замаас гарч байгаад авч явсан талх, бяслаг, жимсээ идэж усаа уугаад цааш хөдлөв. Ингээд асуудал эхэлсэн дээ. Нөгөө үндсэн түлшний савны түлш дуусах дөхөв. Туслах саванд түлштэй гээд бодцсон явсан учраас тэгтлээ их санаа ч зовсонгүй. Гэр хүртэл 100 гаруй км үлдээд байтал түлш дуусаж буйг заадаг “шар гэрэл” аслаа. Тэгэнгүүт нь түлшний туслах саванд шилжүүлэх канопыг дарсан байдаггүй ээ ажилдаггүй шүү. За баларсаан л гэж бодлоо. Өмнө манай офицерууд энэ машины савны шилжүүлэх механизм нь эвдэрсэн гэж ярилцаж байсныг гэнэт санадаг юм. За тэгээд ямар ч байсан түр зогсолт хийгээд цаашид хэрхэх талаар нөгөө ахмадтайгаа ярьж, зөвлөлдөв.
Хамгийн түрүүнд туслах савнаас түлш авч үндсэн саванд юүлэх санаа толгойд орж ирлээ. Гэхдээ бидэнд дугуй солихоос өөр багажгүй, шаланк бол бүр ч байхгүй байв. Тэгээд замд таарсан нэг сууринд зогсоод нутгийн “хар”-уудаас асууж сураглаж байгаад нэг шаланк олоод түлшний сав руу нь шургуулсан байдаггүй ээ ордоггүй юм даа. Тэр Ниссан патролийн түлшний сав нь хамгаалалттай байсныг бид мэдсэнгүй, бараг л дуслын системийн нарийхан гуурс л юу юм гэхээс өөр юм орох боломжгүй сав ажээ. Бараг ширхэг хадаас ч олдохгүй тэр африкийн зэлүүд хээр газрын хаанаас нь тийм нарийхан гуурс олдов гэж. Ингээд арга тасрав.
Ард үлдсэн нөгөө офицероо дуудна гэхээр гэр, байшингаа эзгүй үлдээж болохгүй. Юу ч болсон өөрсдөө л учраа олохоор шийдлээ. Бид машины “Шар гэрэл” асаад 40-50 км явна гэдгээ мэдэж байсан учраас томоохон суурин замд таарвал нэг арга олдож магадгүй гэж бодоод л хөдлөв. Замдаа хурд авах, өндөр хурдтай давхиж яваад “шааригдуулах” зэргээр түлш хэмнэх боломжтой ямар л арга байна бүгдийг хэрэглэсэн байхаа. “Гэр”-тээ хүрэх газраас 30-аад км-ийн зайд машины түлш доголдоод хааз авахаа больж эхлэв. Ингээд нам зогсов.
Гэхдээ Конго-д өндөр уул гэж байх биш эргэн тойрноо хараад байж болохоор жоохон өндөрлөг газар очиж зогссон байв. Бидний өмнө 4-5 км-ийн зайд манай “гэр”-ээс 25 км-т байрлах “Тшиленге” гэдэг тосгон харагдаж байв. Ингээд машины түлш буруу тооцоолсон, жолооч гэдэг утгаар би тэр тосгон руу алхаж очоод түлш олж ирэхээр, харин нөгөөх маань машинаа харж үлдэхээр боллоо. Нөгөө монголоор бол шаварт унасан шарын эзэн юу гэдэг билээ тэрэн шиг юм л болж байгаа нь тэр.


Нар жаргах дөхөж байсан учраас нэлээд ширүүхэн алхасан чинь хамаг хөлс цуваад дээрээс нь халуун гэж жигтэйхэн, өмсөж явсан гителээ тайлаад гартаа бариад алхаад байв. Ингээд 1 цаг орчим алхаад тосгон орж одоо энд оруулсан зурган дээрх шиг 1,5 литрийн усны хуванцар савтай түлш хоёрыг 20 ам.доллараар аваад буцаж ирсэнээр гэртээ бүрэн бүтэн харьж байж билээ. Энэ нь одоо үеийн ханшаар бол 3 литр түлшийг 48 мянга, 1 лиртийг 16 мянгаар авсан гэсэн үг болж байна. Энэ явдлаас хойш тун их хаширсан ба хол замд эргүүлд гарахдаа дандаа нөөц түлш саванд хийж авч явдаг зуршилтай болж билээ.

Дэд хурандаа Р.Энхболд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй