Ч.Үл-Олдох: Нэр минь намайг хөтөлж гаргасан юм

2018-05-03

Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмлэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Зууны мэдээ сонины Тоймчдын албаны дарга, сэтгүүлч, яруу найрагч Ч.Үл-Олдохтой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Их ажлын дундуур зав гарган урилгыг минь хүлээн авч уулзсанд  баярлалаа. Ингээд ярилцлагаа Чанцалын Үл-Олдох гэж хэн бэ? гэдэг асуултаар эхэлмээр байна.

-Баярлалаа,  уншигчиддаа  бас баярласнаа илэрхийлье. Ярилцлага өгөх гээд өөрийн чинь өмнө сууж буй нь  намайг уншдаг, надад сэтгүүлч гэдэг эрхэм алдрыг өгсөн тэр хүмүүсийн ач. Тийм болохоор, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зөвхөн хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсдын ч биш бид бүхний, хэвлэлд элэгтэй, хайртай, хүндэтгэлтэй ханддаг бүхний  тэмдэглэлт өдөр юм.

Миний хувьд  өдөр тутмын сонины халаагүй албанд жижүүрлэсэн  жирийн л  сэтгүүлч. Харин бусдаас арай содон нэртэй байж магадгүй. Зохиолч,сэтгүүлчид бусдаас ялгарах гэж уран бүтээлийн нэр авч байхад надад тэгэх шаардлага гараагүй. Эхлээд нэр маань хүмүүст содон туссан болов уу. Харин дараа нь бичсэнийг маань тогтож уншсан байх. Нэр, бичсэн материал хоёр минь нийлж байж   намайг сэтгүүлч гэж хүмүүс хүлээж авсан гэж боддог.

Үл-Олдох гэдэг нэртэй хүн Улсын бүртгэлээс шүүгээд үзэхэд цөөнгүй атлаа сэтгүүлч хэмээж яваа нь одоогоор ганц би бололтой. Ижий, аав хоёр минь намайг 50 насны босгон дээр ирсэн эрдэнэ гэж энхрийлж, эрлэгээс харамлан лам хараас асууж ийм нэр хайрласан  юм гэнэ лээ.  Дунд сургуульд байхдаа толгой холбож шүлэг бичдэг байсан. Том зохиолч болно гэсэн мөрөөдөлтэйУБДС буюу одоогийн МУБИС-ийн Утга зохиолын ажилтан,сэтгүүлчийн ангид ороод төгсөхдөө сэтгүүлч мэргэжил өвөртлөөд  гарсан.

-Та аль нутгийн хүн бэ? Хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Би Баянхонгор аймагт төрсөн юм.  Тавдугаар ангийн хүүхэд нутгаасаа гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  өсч, тэнд хүн  болж төлөвшсөн. Монголчууд  “Биеийг нь төрүүлснээс ухааныг нь төрүүлэх биш"гэж ярьдаг даа. Түүн шиг бие минь Хонгор нутагт төрсөн ч, миний оюун санаа, өнөөдрийн хүмүүжил төлөвлшлийг бий болгож, намайг дахин бүтээсэн ард түмэн  бол яах аргагүй Сүхбаатарчууд,  тэр дотроо Эрдэнэцагаан сумын  зон олон юм.

 Мэдээж намайг төрүүлсэн, одоо тэнгэрт байгаа ижий  аав, төрсөн газар шороо, уул усаа шүтдэг ч, би намайг өсгөсөн тэр л нутгийнхан,  уул усанд нь  сэтгэл, итгэлийн сүү өргөж явдаг. Тэр чинээгээр уул ус нь намайг түшиж, харж явдаг шиг байгаа юм,  миний сайн яваад тэр бүхэн  холбоотой гэж боддог.

-Таныг яруу найрагт сонирхолтойг цухасхан мэднэ. Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

--Ах, эгч маань цэргийн хүмүүс байсан учир би хилчний гэр бүлд өсч өндийсөн. Анхны шүлэг хилийн суман, эргэн тойронд гүйлдсэн ногоон хувцастай хүмүүсийн аж амьдралын тухай байсан. Хаашаа л харна, ногоон хувцастай цэргийн хүмүүс гүйлдээд уйтай. Халагдаж байгаа цэргүүд дуулаад, машины урт цуваа явахаар  сэтгэл гэгэлзээд уйлчихдаг сан. Бас наймдугаар  сарын сүүлчээр голын тэртээд мэлхий вааглаж тэнгэр  бүрхээд усан  бороо үргэлжлэхээр  гунигтай санагдаад нулимс бөмбөрүүлдэг охин байлаа.

 Эхлээд.

Алс холоос айлчилж ирсэн

Айлын эгч явах боллоо

За баяртай, дахиад ирээрэй гэж

Заставын ах нар нууцхан санаа алдлаа

Маргааш өглөө нь чив чимээгүй

Манай застав нэг л дүнсгэр

Цэрэг ах нар дуу аялан

Цаанаа л гунигтай зам руу ширтэнэ  гэх жишээтэй хүүхдийн гэнэн хөөрхөн сэтгэлийн мөрүүд холбож байсан бол оюутан болоод

“Хачин хар нүд”

Хар нүдэн доторх

Хашгираан, чарлаан

Хар хэрээнүүд

Элдэн нисэлдэх чимээ

Эцэс төгсгөлгүй мэт

Эргэж хармааргүй

Атаа, хорсол дунд

Бүрхтэй

Бүрхүүлтэй суухад

Бүгдийн дотор

Би өөртөө дэнлүү //Хар нүд// гэхчлэн арай өөр хэмнэлтэй шүлэг бичсэн байх. Энэ шүлгүүдээ  эмхтгээд 2007 онд “Дарьганга аяз” шүлгийн номоо гаргасан. Догдолж, гэгэлзэж шүлэг бичиж явсан ч тэр ертөнц рүү би нэг хөлөө лавхан гишгээд буцаагаад  татаж авч чадсан, тэгээд сэтгүүлзүйд өөрийн чадлыг сорьсон, гайхуулмаар сайн  биш ч, гайхам муу нь  биш, ямартай ч өдөр тутмын  сонины эхнээсээ хоёрт орж буй энэ том сонинд  ачаа таталцаад явж л байна.

-Та “Болор цом”-д  хүч үзье, өөрийгөө сорихсон  гэж боддог уу?

- “Болор цом” бол миний байх газар биш юм билээ. Оюутан байхдаа орох гэж очтол үүдэнд тоссон сүрхий найрагч ах  “Чи хэд давмаар байна, чамд хэд байна” гэж асуухаар нь шүлгээ урж хаячихаад буцсан. Монголын Зохиолчдын Эвлэлд гишүүнээр элсэх гэж очтол  өөдөөс мөн л 2-3 жилээр дараалсан  урт оочёр байдаг тухай, намайг  улс төр бичдэг сүрхий сэтгүүлч тул сонгуулиар  мөнгө хийснийхээ дараа ир гэх утгатай зүйл  яриад байхаар нь больчихсон. Сэтгэл байвал сэтэртэй, сэтэргүй бичнэ биз дээ.

-Таны “Чимэггүй хөргүүд-1” номыг уншсан.  Үргэлжлэлийг гаргах уу?

-Сэтгүүлч болоод улстөрчидтэй хийсэн зангиагүй   ярилцлагуудаараа “Чимэггүй хөрөг 1” нэртэй ном  гаргасан юм. Хүн судлал маягийн юм уу даа.  Үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч чадаагүй.

-Ингэхэд та  сэтгүүлзүй хэмээх их айлын халуун бүлд багтаад  нийт хэдэн жил болж байгаа вэ? Ажлынхаа  анхны гарааг хэрхэн эхэлж байсан бол?

-Саяхан л сургуулиа төгсөх  гээд яг та нар шиг сандарч  явсан бол  нэг мэдсэн чинь сэтгүүлч  болоод  14  жил өнгөрчихжээ. Оюутан байхдаа хичээлдээ явахын зэрэгцээ фото зургийн студид ээлжийн ахлагчийн ажилд  орсон байсан юм. Тэр ажилдаа дасчихаад, дээр нь сонин,  телевизэд ажилд ороод шууд сэтгүүлч хийгээд явна гэхэд өөртөө  нэг л итгэж өгөхгүй  байсан. Тэр ажил маань лангууны ард суудаг тооцооны ажил л даа.  Сургуулиа төгсөөд тэр ажлаа л хийж байлаа. Нэг өдөр манай ажил дээр миний багш,  Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджав багш маань орж ирлээ. Зураг угаалгах гэж явсан нь тэр байж. Багш над руу нэг том харсанаа “Өө, за. Сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажилладаггүй. Ер нь тэгээд лангууны ард суусан хүн тэр чигээрээ суугаад үлддэг юм даа” гэж хэлчихээд гараад явчихлаа. Шар ч хөдлөх шиг, өөртөө уур ч хүрэх шиг боллоо. Багш өмнө нь “Миний шавь мэргэжлээрээ ажиллаарай, чи чадна. Одоо л гараад ир” гэж урам өгч зөндөө л хэлж байсан юм л даа. Үүнээс хойш нэг их удалгүй “Цэнджав багш Өнөөдрийн Монгол сонины эрхлэгчээр ажиллаж байгаа” гэсэн сураг сонслоо. Ажлаасаа шууд гараад, би сэтгүүлчээр ажилламаар байна  гээд багш дээрээ очсон. Өмнө нь  Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар эрхлэгчийн гаргаж байсан “Улаанбаатарын сонин”-д хэсэг хугацаанд дагалдан хийсэн юм. Харин сэтгүүлчийн хувьд  ирлэж, ажлын ачаалал, амьдралын нугачаанд,  баяр гомдлын дунд  намайг жинхэнэ  давтсан газар бол “Нийгмийн толь” гэж  эрэн сурвалжлах чиглэлийн өдөр тутмын сонин байлаа.  Хамт олондоо,  С.Энхтуул эрхлэгчдээ одоо ч баярлаж явдаг.           

-Сэтгүүлч байхын жаргал, зовлонг та юу гэж үздэг вэ?                                  

-Ямар ч үед зовлон гэж бодож байгаагүй. Тийм байсан бол арай өөр замаар явах байсан биз. Дуртай мэргэжлээ эзэмшиж хүссэн ажлаа хийж яваадаа  сэтгэл дүүрэн  байдаг.

-Та одоо “Зууны мэдээ” сонинд тоймчоор ажилладаг. Энэ сонинд хэр  олон жил ажиллаж байгаа вэ? Тоймч хүний голлох үүрэг юу вэ?          

-10 дахь жилийнхээ  хаврыг угтаж байна даа. Энэ хамт олноос их зүйлийг сурсан шүү. Залуу сэтгүүлчийн сэтгэл хөөрлөөр асуудалд хандах гээд байдаг занг  аливаад шинжлэх ухаанчаар хандах ёстой гэсэн  даруулгаар дарж өгсөн.  Тэрийг дагаад жаахан ч атугай буурь суух гэж хичээсэн санагддаг юм, одоо эргээд бодоход. Тоймчдын албанд тэр л шалгуураар оруулсан байх.Сонины толгой сэтгүүлчид тоймчдын албыг авч явдаг. Үүрэг, хариуцлага нь ч тийм. “Тоочихгүй тоймлоно” гэхчлэн үзэг нэгтнүүд маань уриагаа хүртэл болгосон байдаг даа,  тэрэнтэй  утга агуулга ус агаар мэт нэг.

-Сэтгүүлч  мэргэжлийн  онцлог нь юу  вэ?

-Би сонинысэтгүүлч.Өдөр тутмын сонины мэдээлэл үнэн бодит, хариуцлагатай гэдгээс гадна хурдан шуурхай байх ёстой. Сэтгүүлчээс хурд, бичлэгийн чадвар ихээхэн шаарддаг. Хурдан шуурхай байна гээд түргэн түүхий мэдээлж болохгүй. Уншигчдыг татах гэж  цуурхал дэгдээж болохгүй.  Хүн гүтгэж, доромжлох хуультай. Нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Ц.Дашдондов гуай хэлсэн байдаг даа “Сэтгүүлч бусдын л адил бодгаль. Өр нимгэн өрөвч зөөлөн, бусдын л адил хүн байх учиртай. Шүүмжилж байна гэж доромжлоод, илчилж байгаа нь энэ гэж гүтгээд л, эрэн сурвалжилж байгаа нь энэ гэж ул шагайгаад байх хэрэггүй” гэж. Энэ үнэн шүү.

-Таныхаар одоогийн Монголын сэтгүүлзүйд юу дутагдаж байна вэ?

-Үнэн алга болжээ.Үүнээс лих айж байна.Сошиал, сэтгүүлзүй хоёр ялгагдахгүй болж байгаад түгших боллоо. Гэхдээ өдөр тутмын сонины сэтгүүлчийн хувьд нэг зүйлийг  хэлэхэд, хаа ч очиж цаасан хэвлэл бодитой, баримттай мэдээллүүдийг нийтэлдэг. Бодитой, баримттай, тэнцвэртэй мэдээлэл авъя гэвэл сонин захиал гэж хэлнэ шүү.

-Сүүлийн үед ямар нийтлэл дээр түлхүү ажиллаж байна?

-Монголын нийгмийн өнөөгийн амьдрал, болохгүй, бүтэхгүй байгаа байдал монголчууд өөрсдийгөө таниагүйтэй холбоотой гэж үзэж “Монгол хүнээ судалъя” сэдэв хөндсөн цуврал нийтлэлийг оны эхнээс эхлүүлсэн.Сүүлийн үед харин бичсэнгүй.

-Яагаад?             

-Эрүүл мэндийн байдал тиймхэн, эмнэлгээр  байнга  явдаг боллоо. Гэхдээ бэх, бийр хоёроо хатаачихгүй  байх аа.

-Сэтгүүлч хүнийхээ хувьд одоогийн нийгмийн аж байдал, үйл явдлуудыг үзээд эмзэглэж явдаг асуудал олон байдаг байх. Ард түмний элч хүнийхээ хувьд сэтгүүлч мэргэжлээрээ дамжуулан юуг өөрчлөхийг хүсч байна?

-Сэтгүүлч хүн өдөр дутмын үйл явдлыг мэдээлэхээс илүүтэй нийгмийн оюун санааг бүтээлцэж байдаг соён гэгээрүүлэгч гэдгээ мартаж болохгүй. Үйл явдалд хөтлөгдөөд, эсвэл дуулиан шуугиан тарих гээд гэмт хэргийн араас гүйх нь хаашаа юм. Тийм зүйлийг мэдээллээ ч яаж мэдээлэх вэ? гэж бодох ёстой асуудал. Би нийгмийн оюун санаанд гэрэл тусгах сан гэж их боддог. Өөдрөг тэмүүлэлтэй болгох сон, тийм зүйлд уриалсан, дуудсан сайхан зүйл бичих сэн гэж хүсдэг, эрэлхийлдэг.

-“Зууны мэдээ” сонинд дадлага хийхээр олон оюутан очдог. Та хэр олон хүүхдийг удирдан чиглүүлж байв?

-Олон оюутан ирдэг, дадлагаа хийгээд буцдаг. Дараа нь таарахад санахгүй,  танихгүй байх нь элбэг.  Харин дадлага хийсэн оюутнууд маань би тэр байна, энэ байна гээд гүйж  л явдаг юм. Зарим нь “Яагаав та намайг тэгээд загнаж байсан даа” гэнэ, тэгэхээр нь санах жишээтэй. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл, оюутнууд маань дадлагын хугацаанд  тэр нэг тийм байсан шүү гэж бусдаасаа ялгарах, өөр байх, хүний санаанд үлдэх зүйл хийх талаас дутмаг байх шиг байна. Тэр нь дадлагажуулсан багш миний алдаа байх л даа.

            -Сэтгүүлч мэргэжилд хичээл зүтгэл чухал уу,  авъяас чухал уу? таныхаар...

- Сэтгэл, зүтгэл дээр хүн чанар, авьяас байх ёстой. Хэчнээн сэтгээд, зүтгээд авьяасгүй, хүн чанаргүй бол урагшлахгүй. Галтай, дөлтэй гайхам сайхан туурвил хүнлэг чанараас, сайхан сэтгэлээс ундардаг гэж боддог шүү дээ.Сэтгүүлч хүнд шингэсэн байвал зохих шинж чанарыг Монголын нэрт сэтгүүлч,Соёлын гавьяат зүтгэлтэнЦ.Дашдондов гуай маань хэлчихсэн байдаг даа....”Сэтгүүлчхүнд шонхрын эр зориг, бүргэдийн холч хурц хараа, барын бадрангуй дүүлэлт, чонын цоглог шинж, загасны соргог мэдрэмж чухал...” гэж.

-Сүүлийн үеийн  залуучуудын ажил, мэргэжилдээ гаргаж байгаа хандлагыг юу гэж дүгнэх вэ?  Тэр дундаа сэтгүүлчээр төгсөж байгаа залуусын хандлагыг тодорхойлбол?

-Ажил, амьдралыг амар, хялбар аргаар амжуулах  гээд байгаа тал харагдах юм. Жишээ нь хамт олны зүгээс итгэл үзүүлж бас дэмжээд ажилд авсан залуу сэтгүүлч маань өглөө цагтаа ирэхгүй, залгаад утсаа авахгүй, яасан нь мэдэгдэхгүй, юу болсноо хэлэхгүй, тэгээд үдээс хойш гэнэт орж ирэх жишээтэй байвал яах вэ.  Эсвэл тэр чигээрээ яасан нь бүү мэд алга болчихдог байдал харагдаж л байна. Сэтгүүлч цагаа бүртгүүлж, зүгээр сууж цалин авдаг ажил биш шүү дээ. Хөлөөрөө хоолоо олж иддэг, эрэл сурал болж явж байж  мэдээ бэлтгэдэг, бичсэн тэр мэдээ нь шүүхийн хаалга татахад ойр байлгадаг  хүнд хөдөлмөр. Тиймээс хариуцлагатай хандах учиртай. Хобби маягаар, дагалдах хэрэгсэл шиг байлгаж болохгүй мэргэжил.

-Сэтгүүлч мэргэжлээр төгсөж байгаа оюутанууд ажлын гараагаа эхлэхдээ юунд илүү анхаарвал зохилтой вэ?

-Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.Шүүмжлэлээс айх хэрэггүй. Шинэ соргог, сонин сайхан мэдээллийг эрж хай, ол, тэгээд бич, бичсэнээ нягтал, баримтыг тулга, дараа нь нийтлүүл. Мэдээ, нийтлэл гарсаны дараа түүнийг тойрсон үг яриа өрнөнө. Хамгийн гол нь үг дааж сурсан хүнд  амжилт ойрхон. Хэн ч алддаг шүү дээ. Харин зүгшрээд ирэхээрээ ганц нэг гайгүй юм бичлээ гээд  биеэ тоож болохгүй.  

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг минь хүлээн авч ярилцсан танд  дахин талархал илэрхийлье.Эцэст нь сэтгүүлч  мэргэжлээр төгсч  байгаа шинэ залуу үеийнхэнд зориулж урмын үг хайрлана уу хэмээн хүсье?

-Эх орноо тархи-зүрх  хоёроороо манаж яваа үзгэн буу үүрсэн Цэргийн хүн-Эх оронч  гээд өөрийгөө бодоод үз дээ, гоё санагдаж байгаа биз. Бас урам зориг орж байна уу? Тийм л сэтгэлээр сэтгүүлзүйд хөл тавиарай. Хүнлэг, хүн чанартай байгаарай.Сэтгүүлчид  хүний дээд юм шүү. Та нар хүний дээд, хүн чанарын оргил байж л сайн сайхныг цогцлооно.

Ярилцсан ОТИС-ийн сэтгүүлзүйн 4-р ангийн оюутан А.Хүмүүнгуа

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй