Монгол үндэсний их баяр "Цагаан сар"

2016-01-14

Цагаан сарын түүх, утгын товчоон: Монгол   түмэн  дэлхийн  бусад  улс  иргэний  адил  өөрсдийн  аж  амьдрал,  нийгэм  соёлын  онцлогийг  тусгасан  үндэсний  баяр  наадмыг  үүсгэн хөгжүүлж  иржээ.

 

. Монгол  туургатны  эрхэмлэн  ёсолж  ирсэн  гол  баяр  нь эрийн  гурван наадам: хүлэг  морины  шандас шалгаж, эр хүний биеийн чадал хүчин, цэц мэргэ, авхаалж самбааг сорин  өрсөлдөх  өвөрмөц  наадам  байгалиар  өмөг  түшиг,  мал  адгуусаар  нөхөр хань  хийж  нүүдэллэн аж төрдөг монгол түмний ахуй заншилд нэн чухал ёсолгоо юм. Энэ дөрвөн  улирлын наадам  монгол соёлын  түүхэнд Дөрвөн  цагийн  хурим  хэмээн тэмдэглэжээ.

Шинэлэх  цагаалах  ёс-хаврын баяр бол Монголчуудын уламжлалт шинэ жилийн баяр, Дөрвөн цагийн хуримын тэргүүн хурим бөлгөө.

Эсрэг циклон хэмээх хойд туйлын хүйтэн агаарын урсгал Төв-Ази Монголын агаар мандалд төвлөн орших хугацааг их хүйтэн буюу ЕС гэж монгол зурхайд нэрлэнэ. Гурван есөөр балчир, идэр, хөгшин 3 ес хэмээн хувьлаж, Дөрөлжийн жавар арилдаг дөрөв, Тавьсан будаа хөлддөггүй таван есөд Хаврын тэргүүн цагаан сар таарч, нэгэн жилийг давж, нэгэн оймс элээж, нэгэн сүүдэр нэмж, нэгэн жилийн нүүр үзсэний нижгэр баярыг өргөн тэмдэглэдэг ёсон тогтсон ажгуу. 

Эрдэмтэн судлаачид 1207 оноос Цагаан сарыг хаврын тэргүүн сард тэмдэглэх болсон гэж үзэж байгаа хэдий ч яг тодорхой баримт үгүй байна. Намрын ногт чөргийн хурим-Тамганы найр буюу цагаан идээний баярыг хаврын хатуу хахир, үүц  нөөцөө барах тэр цагт шилжүүлэн тэмдэглэсэн бэлгэ утгын шинж чанартай байх гэж үздэг. Энэ цагаас хойш хаврын хаварт тасалдалгүй тэмдэглэсээр маршал Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-д Москвад нас барсныг цагаан сарын битүүн /02-09/-д олон нийтэд мэдэгдэж, цагаан сарыг үндэсний гашуудлын өдөр болгон зарласнаар тасалдаж, 1963 оноос ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн нэгжийг бригад, сууриар зохион байгуулж, улмаар цагаан сарыг Нэгдэлчдийн баяр болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон өнгөрүүлэх болсон байна. Хот нийслэлийн иргэд  цагаан сарыг шинэ жил ёолк /ёлка/-оор сольсон нь одоо ч байр сууриндаа сайн орж чадаагүй л байна. Хөгшид нь баярлаж, хөвөөчүүд нь баярлуулдаг маягийн...

Цагаан сар бол 9 зүйл баяр давхацсан монгол түмний үндэсний баяр мөн.  

  1. Сүлд цагаан тэнгэрийн хишиг өлзийн баяр
  2. Билгийн тооллын шинэ жилийн баяр
  3. Насан өлзий хутгийн баяр
  4. Түмэн өлзий давхарласан баяр
  5. Хайр энэрлийн баяр
  6. Хэлхээ бат оршихын баяр
  7. Малч түмний баяр
  8. Хаврын эхэн хамаг шим соёолохын баяр
  9. Цэнгэл наадмын баяр.

Цагаан сарын баяр битүүлэх, цагаалах 2 зүйл их ёслолоос тогтоно.

Битүүлэх ёсон: Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоног саран огт гарахгүй түн харанхуй болох, нэгэн жил бүтүүрэн дуусч буйн учир ийн нэрлэнэ. Битүүнд хир буртгаасаа бүрэн салж, овоо индрээ сэргээн, гэрийн тотгонд 3 мөс /цас/, хоёр хатавчинд улаан өргөс хавчуулна. Гурван мөс нь буга хөлөглөн ирэх, цагийн эхийг угтагч цагаан буурал Заяач /Лхам бурхан/-ийн замыг засаж, ундааг бэлдэж буй хэрэг. Улаан өргөс алтан харгана /аргал тавих нь бий/ нь муу муухай-ад чөтгөрийн даруул болно.

Таван өнгө таван тансаг идээ буюу ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бурам тэргүүтнээ таваг дүүрэн бэлдэж, дэвшүүлнэ. Өвөрмөц идээ нь эрүүгий нь заалгүй чанасан хонины толгой бөгөөд бурханд дэвшүүлэн засна. Мөн “цагаалга” хэмээн үзэм чихэр, тос давсаар амталсан цагаан будаа /бэрээс/ агшааж тавьдаг. Эд бүгдийг “битүүлэг” гэнэ. Үдэш мал хараа хотлуулж, гадуур ажлаа хийж бараад нэгэн хотныхон аль бага залуу айлдаа идээ будаагаа аван цуглаж “битүүрдэг”. Ийн ахмад настныдаа бус залуу багындаа цуглан битүүрэх нь эд хөрөнгө, идээ ундаан, хүн бүлээр ч цөөн буурай бага залуу айлыг бүтэн дүүрэн болгох бэлгэ утгад буй. Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг савыг нь дүүргэж өгнө. Битүүний идээг “битүүртэл иднэ” хэмээн тааваараа хүртдэг учиртай. Цээрлэх идээ: архи сархад. Хар идээг харанхуй-битүүнд амсах учиргүй. Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /-нхуй/ гурван их давхцал болох учир тэр. Усны ганг усаар, дөрвөлжийг /баян сав гэж бэлгэдэн нэрлэнэ. Аргал түлшгүй хоосон байлгах нүгэл гэдэг/ эр /зөөлөрч хагараагүй хатуу/ халтар аргал, түлшээр дүүргэнэ.

Шинэлэх-цагаалах ёсон: Гэрийн эзэгтэй эртлэн босч шинэ жилийн анхны, шинэ цайг чанаж тэнгэр хангай, эзэн сүлдэндээ өргөнө. Дараагаар битүүнд чанаж бэлтгэсэн толгойг эхнэр нь эрүүнээс, нөхөр нь толгойноос татан зааж, “Бүх юм дэлгэрлээ битүү юм нээгдлээ” хэмээн хошуунд нь шар тос түрхэн уураг сүүл, шагайт чөмгийн хамт бурханд тавина. Иймээс эрүү толгой заасан эхнэр нөхөр хоёр “нэг амьтай болж” амрагийн дээд бөгөөтөл золгодоггүй, харин отгон хүүхэд нь ээжийн хадгийг аавдаа хүргэн өгч, аавын хадаг, тамхийг ээждээ хүргэн ирж ёсолдог байна. Толгой /төөлэй/ бүтэн мал төлөөлөх, уураг сүүл малын хамаг шимийг төлөөлөх, шаант хэлхээ батын бэлгэдэл болдог учиртай.

Өглөө нарнаас урьдаж, шинэ хувцас чимгээ асаан, гэрийн эрчүүд цай, идээний дээж арц хүжийн зүйл аван, цагаан эсгий дэвсэж овоо-индэрт мөргөнө. Энэ нь сүлд цагаан тэнгэр баясгаж буй хэрэг бөгөөд төр, төрийн сүлдэндээ залбирч мөргөн золгож буй зүйл мөн.

Мөн үес гэрийн эзэгтэй цагаалгаа аван гэрээ нар зөв гурвантаа гороолон, “Могой гуай, Могой гуай. Зоогоо зоогло” хэмээн будаанаас гэр дээгүүр тавьж лус баясгадаг. Энэ нь цаг ирж, ханш нээгдэж, хамаг шим соёолохуйн бэлгэ болно.

Сүлд тэнгэрт мөргөж ирээд ууган хургыг оруулан дух магнайд шар тос хүргэн, сүү амсуулан гаргана. Хуц тавих хургыг сонгон ийн ёсолж “цагаалах” нь бий. Малч түмний баярын энэ өглөө малаа арвай будаа шиг өсөхийг бэлгэдэн өмнүүр нь будаа цацаж, салхитай хүйтэн байсан ч дээш хандуулан бэлчээдэг учиртай. Мал уруудаж муудахгүй байхын бэлгэ утгатай.

Ургах наран тоононд тусмагц, идээ цагаагаа аван ахмад настныдаа цуглаж, дүүмэд нь гарын алгыг дээш харуулан хадаг дэлгэж, ахмадын тохойг өргөн дэмнэж, “Амар сайн уу?”, “Амар байна уу” гэхчлэн амрыг асуухад ахмад нь хариу ёст мэндчилэн, “Урт настай удаан жаргалтай яваарай”, “Номын далай болоорой” гэхчлэн ерөөж, хацар, духыг үнэрлэн золгоно. Золгож дуусаад нас, албаны эрэмбээр сууж, хөөрөг, гаанс солилцон тамхилж, ёс төртэй мэндэлнэ. Ахмадаас эхлэн цай барьж, ууц шүүсээ таллан идээ сархдаа дэлгэр тавин тааваар зооглоно.

Сайхан үгээр сайн үйлийг бэлгэдэн хөөрөлдөж, ураг төрөл, ус нутгаар учралдан, хэлхээ батжуулан золголдон наадна. Ураг удмаа мэдэлцэж, өрх өсгөж сум сунгаж өнөржиж, өтгөрснөө бахдан, уг удмын бичгээ урагшлуулан хөтөлдөг учиртай байна.

Хайр энэрлийн баяр учир төрөөс гэмтнээ өршөөж, гавьяатнаа шагнаж, айл бүрээр ахмадаа хүндэлж, балчраа баясгаж бүх хүнд бэлэг өгч, өглөг буянаа арвитгана.

Шинийн нэгэн хүн бүхэнд нэгэн нас нэмсний, насан өлзий хутгийн –түмэн өлзий давхарласны баяр болно.

Ийн олон зүйл бэлгэдэл давхарласан баяр мөний тул цэнгэл наадам дэлгэрч, бөх барилдаж, морь тэмээ уралдуулж, сур харвалдан, өнөржиж арвижихын бэлгэдэл “хорол”, “шагай”, “алаг мэлхий”, “үйчүүр” нааддаг ёстой.

Өдгөө төрийн тэргүүд гандан хийдэд мөргөж, ерөнхийлөгч ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон ард олондоо үгээ айлдсанаар цагаалга эхэлж,  хамгийн өндөр настанд биеэр залран золгож, 80 сүүдэр давсан ахмадуудад бэлэг бичиг хүргүүлдэг сайхан уламжлал сэргэн тогтлоо.

Цагаан сараар элдэв хараал, хатуу муу үг хэлэхгүй /хутга ч гэхгүй эсгүүр гэдэг гээч/, хэрэлдэж эвдрэхгүй, хоосон сав байлгахгүй, аргал түүж, ус авдаггүй ёстой. Тун аргагүй хийх бол шуудайд хэдэн аргал, саванд жаахан ус хийн явдаг ёсон бий. Шинийн нэгэнд өвчин хүртэл “амарна”. Ийн хэлэхийн учир нь эл өдөр өвчин хэлэхгүй, эмч дуудахгүй, эмнэлэгт очихгүй байхыг эрхэмлэнэ. Эс тэгвээс жилийн турш  “хуучирхах” муу ёр болно. Цагаан сарыг өр ширтэй угтахгүй. Ингэхэд хүрвэл, зээл авсан хүндээ шинэ гарахаас өмнө хадаг барин учирлаж, сэтгэл цайлгадаг учиртай.

Шинийн тавны дотор их багагүй хадагтай золгохыг эрхэм болгох бөгөөд баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нар зөв хоёр ороон, чигчий хуруун талруу унжуулан золгоно. Мөн дүүмэд нь хадгаа гарын алган дээр дэлгэн барьж ахмадынхаа тохойг хүндэтгэлтэй түшин золгох нь бий.

Хадаг барин золгох гэдэг нь ахмад, хүндэтгэлт хүндээ хадаг өгөн золгохыг хэлнэ. Хадгаа эрхийд нь тулган алганд нь багтаан тавьж өгөх бөгөөд энэ үед мэнд мэдэхгүй, дараа нь золгохдоо мэндэлнэ. Хадаг аваачин хүн хадгийг эвхэн хураагаад золгох ч бий, хадагтайгаа золгох ч бий.

Ахмад настай, эрхэм хүндэтгэлт хүнд биеэр очин золгож, мэндийг нь мэдэж чадахгүй тохиолдолд итгэлт хүнээр хадаг, бичиг хүргүүлэн амрыг нь айлтган мэндчилдэг эрхэм ёсон бий.

Цагаан сарын идээ дэвшүүлэх ёсон: Монгол утга соёлд 5 өнгө, 5 тансаг (тамсаг) идээ: Улаан – мах шүүс, Цагаан – сүү, сүүн бүтээгдэхүүн, Шар – тос, тослогийн зүйл, Хөх /ногоон/ - жимс, ногоо, эрдэс бодос, Хар – Архи, усан гэж байх бөгөөд  хүндийн зан үйлд эдгээр идээн ундааныг төгс элбэг дүүрэн дэвшүүлэх төгөлдөр ёстой ажгуу. Төгс элбэг дүүрэн гэхийн учир нь 5 өнгө, 5 тамсаг идээг бүгдийг оролцуулан ширээ засна гэсэн үг.

Улаан идээ: Монгол идээн ундааны дотроос улаан идээ-мах шүүс нэн эрхэм. Хүндийн зэргээр нь дэслэн гаргавал:

Хамгийн хүндтэй нь хонин зум /зулам/ юм. Зумлах гэдэг үгээс гаралтай. Хонины үсийг зумлаж, гэдсийг цэвэрлэн, хольц ногоо цагаагаар амталж битүү шавар гэрийг улайдсан элсээр халаан, битүү болгодог юм байна. Энэ нь төрийн хамгийн хүндэтгэлтэй идээн болох учир босоогоор дэвшүүлнэ. Орчин цагийн шарсан торой мэт. Магадгүй Цагаан сараар Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө хонин зум дэвшүүлж болох юм.

Их бүхэл: Энэ нь тэвхэн ууцыг /сүүлтэй ууц/ бүхлээр нь хонины бүх эд эрхтэн тухайлахад, толгой шийр, гадар мах, гэдэс дотрыг чанаж, байр байраар эрэмбэлэн тавьж дээр нь 4 шийр, төөлэйг /чанасан толгой/ тавьдаг. Наян тавны найр, хурим той, төрийн их ёслолд их бүхэл дэвшүүлнэ. Их бүхлийн дотор хамгийн хүндтэй нь төөлэй учраас магнай дээр нь шар тос түрхэж эрүү, жавьж, чихний араас гурван гурвын ес хөнддөг. Цагаан сараар 85 наснаас дээш хутаг өндөр настан их бүхэл дэвшүүлж болох боловч энэ цагийн тухайд төдий л зохимжгүй юм даа.

Дунд бүхэл: 4 шийр, төөлэйгүй, гэдэс дотор, зарим зүйлийг хөнгөлсөн, ууц, дал, дөрвөн өндөр, шаант сэлт байна. 50, 60 насны найранд, мөн өдий насныхан цагаан сараар тавина.

Ам ууц: Тэвхэн ууцыг тэг дөрвөлжин болтол нь өөлж зассан нь. Шигтгэх нь: Тэг дөрвөлжинг ийн ам гэх учир нь монгол утга соёлд ам бүл, хүн ам гэхчлэн хүнийг нэг амд /идэх, ярих ам/ тооцон үздэг болой. Тэрчлэн хүний өндөр, алдтайгаа тэнцүү бөгөөд тэг дөрвөлжин болох тухайтад ийнхүү ам дөрвөлжин гэж хэлэлцдэг амуй. Их шүүс чанамааргүй боловч ёс ёмбойлгох зүй гэж үзэхийн учир ууц махыг ийнхүү жижиглэж хөнгөлж дэвшүүлж болох юм.

Ууц хөндөх нь: Ууцыг хэн хүн хамаагүй хөндөхгүй, нас намба, ёс төртэй нэгэн- гэрийн эзэн, ахмад хүү ууц шүүсний түрүү талд зогсож, хэт хутгаар[1] эхлээд нурууны зураа дагуулан гурвантаа эсгэж[2], дараа нь сүүлний хоёр бөндгөр[3]-өөс нижгээд нимгэн халимлаж, удаад нь хоёр хажуугаас /нурууны далбаа дагуулан/ хоёр хоёр захалж аван, нийт есөнтөө хөнддөг ёстой. Түрүү талаас хөндөхийн учир ар өврөөс хамаагүй сүүлдэх чонын бус буянт малынхаа шимийг хүртэж  буй монгол эзэн хүний ёс, ес хөндөхийн учир нь тэнгэрийн хүчинд таацсан төрийн их хүндэтгэлийн идээн болохоор тэр буй.

Зоог шүүсийн эд эрхтэн бие биенийг нь төлөөлөх учиртай. Бөгс махыг-хонтой шаант /хонгот шагайт чөмөг/, сүүл, дотор махыг-гургалдай /цагаан мах, хошного/, цээж махыг-дал, дөрвөн өндөр, бүхлийг-төөлэй төлөөлнө.

Бага бүхэл буюу таван түрүү: Дал, дөрвөн өндөр, хонтой шаант, уураг сүүл, шилт сээрийг таван түрүү гэнэ. Зарим нутагт сээрний оронд гургалдайг  оруулдаг. Үүнийг хүүхдийн найр, бага залуу насныхан цагаан сараар чанана.

Цагаан сараар ууц тавина, тавихгүй, том, бага, шүүс чанах, чанахгүйн тухай яриа байж болохгүй, заавал тавина, гагцхүү нас, намбын эрэмбээр их, багаа хэмжээлнэ гэсэн үг.

Цагаан идээ: 3 хувь, 9 зүйл буй. 3 шингэн, 3 зөөлөн, 3 хатуу идээ байна.

3 шингэн: сүү, тараг, айраг, 3 зөөлөн: аарц, өрөм, зөөхий, 3 хатуу: ааруул, ээзгий, бяслаг болно. Ер нь аливаа их ёсны идээн 9 цагаанаар төгс дүүрэн бялхаж байх учиртай.

Шар идээ: Тос тослогийн зүйл шар идээнд ордог. Буянт малын шимийн шим учир аливаа идээнд титэм оройн чимэг болдог, хүндэтгэлийн идээн юм. Хэдэн үе, ямар төрлийн идээ зассан ч өрөм, зөөхий, шар, цагаан, бор, хольсон тос буюу хайлмаг, мэхээртэй, аарцтай аль нэгэн тосыг дээр нь тавина.

Хар идээ: Ус, архи хар идээг тэргүүлнэ.

Архи дарс: Монголчууд эртнээс

[1] хэт хутга төрийн бэлгэ болох учир төр ёсны их хүндийн идээг заавал түүгээр хөндөнө.

[2] хутганы үзүүр шигтгэж

[3] уураг сүүл гэнэ. Уураг сүүл ханаагүй хүчил ихтэй байдгаас хүний биед тустай, Монголчууд нялх бага хүүхэддээ сүүл хөхүүлж өсгөдөг уламжлалтай. Уураг сүүлэнд ямар ч нян үрждэггүй болохыг судлаачид тогтоосон байна.

Дөч хүрээд дөнгөж амс

Тавь хүрээд тавьж балга

Жар хүрээд жаргаж хүрт гэдэг үгтэй. Уух гэдэг үг үгүй. Уувал ундаа болно. Амсана гэдэг уруул шимшин амтыг мэдэхийн тухайт, балгана гэдэг ганц ам хэмжээтийг хоолой давуулахын учир, хүртэнэ гэдэг хүндэтгэхийн нэр юм шүү, Монголчууд аа. Аяга, хундагатай архинд ариун хуруу буюу ядам хурууны өндгийг хүргэж, хөх мөнх тэнгэр, хөрст алтан дэлхий, зальт улаан галдаа өргөн шившинэ.

“Газар дэлхий нь галбадаа мөнх

Гал голомт нь хамтдаа мөнх

Төрийн сүлдээ дагаад түмэн олон нь мөнх” гэх,

Дээр 99 хөх мөнх тэнгэр

Доор 77 этүгэн эх дэлхий

Дэргэд 3 зальт улаан гал[1] хэмээн хоёр мөрөө давуулан дээш, урагш хандуулан өргөж /нясалж/, дух, уруулд хүргэн ёсолж, ерөөл бэлгэ айлдана. Ёсыг ёсоор үйлдэж хэр хэмжээгээ бодолцож, хүндэтгэж хүртвээс аль байдгаа умартаж, агсам согтуу тавьж, айл гэр үймүүлж, албадан эрүүлжигдэх юу болох билээ.

Хөх идээ: Бүх ургамал тарималын зүйл, гурил будаа, боов боорцог, эрдэс давс, чихэр бурам, цай тамхи хөх идээнд багтана. Шинийн таваг дээр тамхи тавьсан айл байдаг нь таван зүйлийн идээгээр төгс элбэг дүүрэн байгааг илэрхийлсэн хэрэг.

Гурав, тав, долоо, есөн үе боов идээг мөн насны эрэмбээр засч, дээр нь цагаан идээ, чихэр бурам, тос тавин чимэглэж дэвшүүлнэ. Идээг ширээнд тавихдаа шүүсний доод талд дэвшүүлдэг юм шүү.

Ууц шүүсийг зочин гийчингүй цагт түрүү талыг хоймор хандуулан тавьж, зочин ирэхэд түүнрүү харуулна. Хутга-эсгүүрийн ишийг ямагт түрүү тийш чиглүүлнэ.

Төгсгөлд, өргөн олонд зөвлөн сануулах нь:

  1. Үндэсний баяр наадам нь тухайн улсын туурга тусгаар болохыг баталж, үндэсний өв уламжлалын хав бахархал, түүнийг хадгалан үлдэх соёлын түүчээ болдог хуультай учир бидний нийслэлчүүдийн дурамжхан ёсолдог цагаан сар монгол хувцас чимэг, хүндэтгэлийн идээн ундаан бэлтгэх, дэвшүүлэх, зочлох, мэндлэх хүндлэх ёс, зан үйл, бэлэг бичгээ барилцах, ахас ихсээ гэх, ах дүүгээ мэдэлцэх, айл саахалтаар орох аль сайхан бүхнийг минь хадгалж, хамгаалж, хагасарсныг нь сэргээж сэлбэж, өвлүүлж, уламжлуулж байгаа юм шүү.
  2. Хөгшин залуу, хөдөө хотын хэн бүгдээр өргөн шинэлэх учиртай. Цалин буухгүй бол цагаа хийхгүй ээ”/цагаалахгүй/ гэх муу ёр, базарваань. Шинэлэхгүй, цагаалахгүй байх нэг л харамсалтай тохиолдол бий. Энэ нь гэр бүл, ойр төрлийн дотроос хэн нэгэн нас бараад 49 хоногийн буян гүйцээгүй байх. “
  3. Идээ засна засахгүй, шүүс чанана чанахгүй гэх ёсгүй. Насны эрэмбээр их бүхлээс таван түрүү, есөн үе идээнээс гурван үе 9 боовоор идээ засч ёс ёмбойлгох учиртай. Хоёр давхар ууц тавьж, хайран боовыг хаяж хэнхэглэхээ больё. Юманд учир, хэмжээ дамжаа гэж бий. Нээрээ хэрэглэдэггүй юм бол бага идээ л засна биз дээ.
  4. Идээ шүүсийг шинийн гурванд хөнгөлж, буулгаж, хавь ойрын улсад хишиг түгээдэг ёстой. Идэхгүй хэрэглэхгүй идээгээ бусдад өгчихөж болно доо.
  5. Ирсэн байтугай ирээгүй нэгэндээ ч идээ будаа, бэлэг бичиг хүргэдэг учиртай өглөг хишиг, үйл буянаа арвитгадаг сайхан ёсон цагаан сард л байдаг юм шүү.

Г.Жаргалсайхан /ОТИС. ХС. Сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй