С.Мөнгөнцэцэг: Гэр бүлээ сонгож, эх орондоо ирсэндээ харамсдаггүй

2017-12-08

Энэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин С.Мөнгөнцэцэгийг урилаа. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

–Саяхан Монголын театр алдарт “Аида” дуурийг хоёр өдөр дараалж тавилаа. Энэ бол дэлхийн сонгодог урлагийн түүхэнд болж байгаагүй үйл явдал. Харин та Монголын анхны Аида. Олон хүн таныг энэ дүрээр тань төсөөлдөг юм билээ?

-Уран бүтээлийг минь үзсэн хүн бүхэн намайг өөр, өөр дүрээр харж, төсөөлдөг байх. Би Аидадаа хайртай. Энэ дууриар өөрийнхөө онцлогийг илүү гаргаж чаддаг гэж боддог. Дуулахад ч хоолойд минь илүү тохирдог юм. Аргагүй л дэлхийн агуу дуурь шүү дээ. Дэлхийн ямар ч театрт энэ дуурийг хоёр өдөр дарааллаж тавьсан түүх байхгүй. Харин манай театрын уран бүтээлчид чадсан. Энэ нь Монголын дуурийн урлаг ямар хэмжээнд хөгжиж байгааг дэлхийд харуулсан үйл явдал боллоо.

–Та бүтээсэн дүр бүхэндээ дурладаг байх даа?

-Эргээд бодоход энэ дүр минь надад зохиогүй юм болов уу. Дүрээ дутуу гаргачхав уу гэж бодсон удаа байхгүй юм байна. Нэг дүрийг хийчихлээ, боллоо гэж хаядаггүй. Хэдэн удаагийн тоглолт дээр давтаж дуулсан ч өнгөрсөн удаагийнхаас илүү байхсан, дүрээ энэ өнцгөөс нь гаргая гэж тайзан дээр гарах бүртээ шинээр мэдэрч дуулах дуртай.

–Дуурийн дуучин зөвхөн дуулахаас гадна жүжиглэх чадвар сайн байх хэрэгтэй юм шиг санагддаг?

-Би анх жүжигчин болохыг хүсдэг байсан. Даанч Төв аймагт драмын ангийн хуваарь ирээгүй. Тиймээс СУИС-ийн аль нэг ангид орчхоод дараа нь ангиа солино гэсэн бодолтойгоор дуурийн дуулаачийн ангид орж байсан юм. Харин багш маань чамд дуулах авьяас, чадвар байна гэсэн. Хэрэв дуурийн дуучин болоод театрт орчихвол хоёуланг нь зэрэг хийж болох юм байна гэсэн сэтгэл төрсөн. Тиймээс тайзан дээр дуулах бүртээ жүжиглэлтээ алдахгүй юмсан, дүрээ илүү мэдрэх сэн гэж хичээдэг.

Хэрэв би зохиолоо ойлгоод дүрийнхээ онцлогийг гаргаж , жүжиглэж чадвал үзэг­чид сэтгэлийн асар их таашаалыг түүнээс мэдэрнэ. Монголын драмын  жүжигчин бололтой нэг хүн цахим сүлжээн дээр “Дуурийн дуучныг ямар жүжигчин гэх юм” гэж бичсэн нь миний эгдүүцлийг жаахан хүргэсэн. Тэр хүнд дуучин бид та бүхэнтэй адилхан хөдөлмөрлөж, уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг юм шүү гэж хэлмээр байна.

–Монгол дууриа дэлхийд дуулах боломж байдаггүй юм уу. Манайх чинь “Чингис хаан”, “Ламбугайн нулимс”, “Учиртай гурван толгой” гээд сайхан бүтээлтэй биз дээ?

-Хамгийн эхэнд хөрөнгө мөнгөний асуудал нь хэцүү. “Учиртай гурван толгой”-г дэлхийн тайзнаа дуулахад учир дутагталтай зүйлүүд бий. Гэхдээ олон жил Монголын алтан тайзнаа дуурь гээд зарлаж, тоглосон учир энэ бүтээлийг үгүйсгэж болохгүй. Харин “Чингис хаан” дуурийн хувьд найруулгын хувьд шинэчлэх шаардлага байсныг Н.Найдандорж найруулагч жүжиг хэл­бэрт оруулж өгсөнд нь уран бүтээлч бид баярлаж байгаа.

–Та Болгарт боловсрол эзэмшсэн цөөхөн уран бүтээлчийн нэг. Энэ ховорхон азыг хэрхэн атгаж байв?

Болгарт манай ахмадуудаас Б.Жамъяанжав, Б.Уртнасан, А.Бүтэд, Б.Жаргалсайхан, Ц.Ерөө гээд алтан үеийнхэн боловсрол эзэмшсэн байдаг. Үүнээс хойш 20 гаруй жил оюутан яваагүй байсан. Намайг СУИС-д сурч байхад улсын зардлаар хоёр оюутан явуулна гэсэн мэдэгдэл ирлээ. Оюутнуудын дунд сонгон шалгаруулалт зарлахад нь шалгарч Болгарыг зорьж байлаа. Намайг төгссөнөөс хойш дахин оюутан явсангүй.

–Анх дуучин болохоор Д.Дашиймаа багш дээрээ очсон гэдэг?

-Дуучин болох “А” үсгээ Д.Дашиймаа багшаар заалгаж байлаа. Монголд сурч байхдаа муугүй оюутан байсан гэж өөрийгөө боддог. Багшийнхаа зааж, сургасны ачаар сонгон шалгаруулалтад тэнцсэн. Мөн Болгарт сурсан манай төгсөлтийнхөн их сайн явдаг. Дэлхийн тайзнаа од болон гялалзаж буй олон дуучин бий.

-Та ч ялгаагүй дэлхийн дуурийн урлагт од болон гялалзаж явсан. Яагаад Болгартаа үлдээгүй юм бэ?

-Сургуулиа төгсчихөөд Болгарын театрт гурван жил ажилласан. Олон улсын багт орж, Европын 10 гаруй орноор “Богема” дуурийн Мимид дуулж явлаа. Энэ мэдээж сайхан он жилүүд. Энэ үед гэр бүлийнхээ хүнтэй Болгарт анх танилцсан юм. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж монголчууд ярьдаг даа. Нөхөр маань сургуулиа төгсөөд монголдоо ирж, гэр бүлийн бизнесээ эхлүүлэх болсон. Тиймээс ханиа дагаад эх орныхоо театрт ирж, 2007 онд дуурийн театртаа гоцлол дуучин болсон.

–Гэр бүлийн хүн тань таныг хэр ойлгож дэмждэг вэ?

-Манай хүн өөрөө урлагт дуртай. Тиймээс ч намайг дэмжиж, ажлаа хийх боломжоор бүрэн хангадаг. Ханийг маань Цогийн Чинбат гэдэг. “Эрин” компанийн захирал.  Зарим  нь дээд лигийн “Танан гарьд” багийн продюсер гэдгээр нь мэддэг юм.

–Хүүхдүүд чинь таны авьяасыг өвлөсөн үү?

-Гурвуулаа урлагийн үнэнч үзэгч. Магадгүй том болоод урлагийн хүн болно гэвэл эсэргүүцэхгүй гэж боддог. Хүн өөрийнхөө хүссэн, дуртай ажлаа хийж байж л түүнээсээ аз жаргалыг мэдэрч, амжилтад хүрдэг юм билээ.

–Хэрэв Болгартаа үлдсэн бол таныг ямар замнал хүлээж байсан бол. Хааяа харамсах сэтгэл төрдөг үү?

-Гэр бүлээ сонгож, эх орондоо ирсэндээ нэг ч удаа харамсдаггүй. Байх ёстой газраа уран бүтээлээ хийж байгаадаа үргэлж баярладаг. 2009 онд дээд зэрэглэлийн уралдаанаас монголдоо анхны тэргүүн байрын шагналыг авчирч байлаа. Арванхоёрдугаар сарын 31-нд Төрийн ордонд Б.Солонго багштайгаа хоёулхнаа зогсоод төрийн тэргүүнээсээ гавьяатын тэмдгээ авч байсан. Тиймээс сургуулийн болон багш нарынхаа заасан бүхнийг нүүр бардам харуулж яваа гэж боддог.

–Та гурван хүүхдийн ээж. Магадгүй карьер хөөсөн бол гэр бүлийн халуун дулаан аз жаргал байхгүй ч байх байсан юм билүү?

-Олон сараар гэр бүлээ орхиод тоглолтоор явах хэцүү. Өнөөдөр дэлхийн тайзнаа дуулж, нэр алдраа мандуулж яваа ихэнх эмэгтэй дуучин хувийн амьдралаа золиосолсон байдаг. Би долоо хоног л гадагшаа явахаар хүүхдүүдээ санаад сэтгэл тавгүйтээд байдаг юм. Ирэхэд хүүхдүүд маань бүр саначихсан байдаг. Нэгэнт л гэр бүлээ сонгосон бол нэр алдар хөөгөөд явах нь утгагүй. Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн том үнэт зүйл гэдгийг би ойлгосон.

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхи хамжааргагүй болж, хяналтаас гарсаар байна
Улаанбаатарын цэвэр усны хангамж 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ
Сириэс АНУ-ын цэрэг гарсны дараа 200 “энхийг сахиулагч” үлдэхээр болжээ
Ханой хотын нэгэн үсчин Трамп, Ким хэлбэрийн засалтаар үнэ төлбөргүй үйлчилж байна
13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болж байна
Хятадын “Зааны ясны хатан хаан” Танзанийн шоронд 15 жил хоригдох ял сонсов
Путины илгээлт: Орос улс хэнийг ч заналхийлдэггүй
Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ
Хонинд явсан 13 настай охин сураггүй алга болоод зургаан сар болж байна
SOS: Тэмбүү Монголын залуусыг "ангуучилж" байна
Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчид арьсаа хамгаалж эхэлсэн үү?
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана
Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай
Булган аймагт гарсан гэмтлийг засч, тоггүй сумдыг эрчим хүчээр хангажээ
Тажикстаны Цагдаагийн албаныхан урлагийн мэдрэмжтэй болно
Өрхийн сарын дундаж орлого 77.7 мянган төгрөгөөр өсчээ
Архи борлуулдаг 100 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцаллаа
Дэлхий нийтийн махны хэрэглээ сүүлийн 50 жилд ГУРАВ дахин нэмэгджээ
С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ?
Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв