Т.Буд `` Багшийнхаа үлдээсэн хувь тавиланд үргэлж талархаж явдаг``

2017-11-18

Цэц ухаан, авьяас билиг, чадвараараа бидний сэтгэлд

хоногшсон Монголын уран нугаралтын урлагийг

дэлхий дахинд мэдрүүлсэн хүн бол

МУ-н Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш билээ.

Өдгөө түүний олон шавь нар Циркийн салбарт амжилттай яваа ч

тэдний дундаас багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн

олон хүүхдийн ирээдүйг өнгөлж яваа эрхэм бол

Төмөрбаатарын Буд. Ийнхүү түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

 

 

 

-Та өөрийн багш болох Төрийн шагналт, ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш гуайн талаар бидэнд дурсаач? Багштайгаа анх хэзээ учирсан бэ?

-1989 оны 6-р сарын 30-ны тэр өдрөөс багшийгаа мэдэж эхэлсэн. Намайг анх циркэд аав, нагац эгч хоёр маань дагуулж очиж байлаа. Яагаад ээжийн эгч вэ гэхээр тэр үед нагац эгч ээжийг бодвол гуалиг байсан л даа. Тэр үед уран нугараач хүүхдийг авахдаа ээжийг нь харж авдаг байсан юм. Хэрэв ээж нь мярайлаг бол хүүхэд уран нугараач болж чадахгүй гэсэн үзэл бий болчихсон байсан. Тийм учраас н.Ханд гэдэг, тэр үед 28-р сургуулийн багш ээжийнхээ эгчийг дагуулаад очсон юм. Ингэж л улсын циркийг зорьж уран нугаралт гэдэг ертөнцийн хаалгыг татан орсон доо. Ээж маань намайг гоё болгох гээд эмэгтэй уран нугараачдын өмсдөг шиг бандаашийг шөнөжингөө блёстикоор тойруулаад оёод сууж байсан. Би өнөөхийг өмсөхөөсөө санаа зовоод ичиж ичиж гараа өргөж байгаад л багшийн өрөөнд орж билээ. Ээж урд өдөр нь "За миний хүү гараа өргөж байгаад орно шүү" гэж ихэд захисан юм.

Тэгээд л гараа өргөөд, цээж нүцгэн, ганц бандааштай бас хөл нүцгэн давхиад л орсон. Тэгсэн чинь багш `` Хөөх яасан хөөрхөн хүү вэ, за юу хийдэгээ үзүүл`` гээд л эхэлсэн дээ. Орохоосоо гурван сарын өмнө би гимнастикт явж байсан. Гимнастикт байсан учраас анхан шатны мэдэгдэхүүнтэй, ядаж л гурван талаараа шпагат суугаад бас гар дээрээ тогтолттой болчихсон байсан юм. Тэгээд л багшийнхаа тэр сайхан уур амьсгалд циркийн уран нугаралтад хөл тавьж билээ. Багш `` за чи тэгээд яваад үзэхгүй юу, хөөрхөн жаал байна. Ирж байгаарай за`` гэснээр би цирктэй танилцсан. Яг тэр өдрөөс хойш 28 жил болжээ. Түүнээс хойш бэлтгэл хийж байгаад хоёр дахь жилээсээ багшийнхаа ач Бат-Энх гэдэг залуутай хос акробатын үзүүлбэр хийдэг боллоо. Туайн үед эрэгтэй уран нугаралттай хос акробатын үзүүлбэр  байгаагүй. Бид хоёрын тэр үзүүлбэр бол тухайн үедээ л шинэлэгтээ тооцогдож байсан. Тэр үзүүлбэрээ бид 1992 онд манежинд тоглохоосоо өмнө 5сарын 31-нд буюу яг хүүхдийн баярын урд өдөр Сүхбаатарын талбайд анх тоглож байсан. Сандарч бас чичирсэн ч гэж жигтэйхэн. Камазан дээр гараад зогссоныг хэлэх үү, өөдөөс нар шараад л, талбай дүүрэн хүн өөдөөс хараад зогсчихсон их сандардаг юм билээ. Тухайн үед 13 настай байсан. Сандраад, салгалаад л их эвгүй байсан шүү. Ингэж л миний анхны номер тэрхүү хос акробатын үзүүлбэрээр эхэлж байлаа. Тэгээд түүнээс хойш сандалын тэнцвэр, дээс, агаарын штамбарт зэрэг циркийн акробат, тэнцвэр, уран нугаралт гэсэн  20 гаруй уран бүтээлээр оролцсон. Бид хос акробатынхаа үзүүлбэрээр Хятадад тэмцээнд оролцож тусгай байранд шалгарч байлаа.

-Багшийн тань заах арга барилуудаас аль нь таны сэтгэлд хоногшсон бэ? Багшийнхаа ямар арга, чанараас нь суралцсан бэ?

-Багш маань хүнийг яг өөрөөр нь, яаж авьяасыг нь хөгжүүлэх вэ?гэдгийг сайн мэддэг байсан. Тийм ч учраас би хүүхдийн төлөвшилийг ойлгож, тэдэнтэй зөв харилцаж  сурсан. Багш минь хүний арга эвийг олж дотоод увидасыг ил гаргадаг гайхамшигтай хүн. Чадахгүй зүйл байвал чи чадна гэж, маш сайн чадаж байвал чи үүнээс ч илүүг чадна гэж урамшуулж, хүнийг цаашид юм хийх урам зориг их хайрладаг. Заах аргачлал нь ч мөн адил гайхалтай байсан.

-Багш тань ямар төрлийн үзүүлбэрүүдийг заадаг байв?

-Багш зөвхөн уран нугаралт төдийгүй, циркийн акробат, тэнцвэрийн номер зэргийг гаргууд заадаг байсан. Багшийн маань бүтээлүүд дуусашгүй, авъяас нь дундаршгүй их байлаа.

-Та багшийнхаа хэд дэхь шавь нь байсан бэ? Таны багш болох гараа хэрхэн тавигдсан бэ?

-Би багшийнхаа хоёр дахь эрэгтэй шавь нь байсан. Эхний шавь нь Одгэрэл гэдэг миний дээд  үеийн залуу байсан. Миний дараачийн үеийн Лхагва-Очир гэж бий. Багш үндсэндээ гурван эрэгтэй шавьтай байсан нь энэ. Багшийн маань зааж сургасан зүйлс, цаашид хийх ажил их байсан ч харамсалтай нь 2004 онд тэнгэрийн орондоо заларсан. Ингээд  2004 оны намраас уран сайхны зөвлөлийн шийдвэрээр шавь нараас тухайн үед хамгийн ахмад нь байсан надад багшлах ажлыг үүрэг болгож өгсөн. Ийнхүү 2004 оны сүүлээс багш болох зам мөр минь эхэсэн. Миний охин Б.Алтжин багшийн минь хамгийн сүүлчийн шавь юм шүү дээ.

-Гайхалтай багшийн шавь, үйл хэргийг нь үргэлжлүүлэгчийн хувьд таны амжилт ч мөн их байх даа. Хүүхдүүдийнхээ амжилтаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье.

-Тэр үед багшийн маань арваад шавь циркдээ үлдсэн байлаа. Бид хамтдаа уран бүтээл хийж эхлээд 2007 оноос анхны шагналуудыг авч эхэлсэн. Би хос акробатынхаа үзүүлбэрийг шавь нартаа зааж эхэлсэн бөгөөд тэр маань 2007 оны “Хаврын баяр”-ын тэргүүн цомыг авсан. Хос бамбарын үзүүлбэрээ хийж Монте-Карлогийн тэргүүн мөнгөн цом, ОХУ-н өсвөрийн циркичдийн тэмцээнээс Гран-При авч байлаа. 2017 он хүртэл бид бүгд тасралтгүй 10 жил тэмцээн уралдаанд оролцсоор байна. Сүүлийн хоёр жилд акробатын залуустай найруулга, хувцас, ая, зохиол зэрэг дээр хамтран ажиллаж 2015 онд Азийн тэмцээнээс тэргүүн мөнгөн цомыг хүртсэн. 2016 онд арван хос нугаралтын үзүүлбэрээр БНХАУ-д гурав дахь удаа зохиогдсон дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд оролцсон. Энэ жил яг энэхүү тэмцээндээ “Циркус-Монголиа”-ын Хатанбаатар захиралтай шидэлттэй акробат, хүнд жин уран нугаралтын хослосон нэг багц үзүүлбэрээр оролцохоор бэлдэж байна. Энэ их хувь тавиланг багш минь миний гарт атгуулж үлдээжээ. Би энэ их хувь заяандаа үргэлж баярлаж явдаг. Хаана ч хэзээ ч циркийн урлагтаа дурлаад, түүндээ уусан шингэж явдаг учраас энэхүү тавилантай намайг холбосон багшдаа маш их талархаж явдаг юм. Мөн аав ээждээ баярладаг. Багшийн минь 90 жилийн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 30-нд болох бөгөөд бид үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Үүнд “Монголын уран нугараачдын холбоо”, “Монголын мэргэжлийн уран нугараачдын холбоо”, “Монголын мэргэжлийн циркичдийн холбоо” зэрэг байгууллагууд бүгдээрээ хамрагдаж, АСА цирк ерөнхий спонсороор ажиллаж байна. Циркийн маань жүжигчид болон бүх хүмүүс өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөж байна. Тоглолтын бүх зардлыг циркчид маань тал талаасаа босгон гаргалаа.​

-Багшийн тань шавь, шавийн шавь гээд яг л ургаа мод шиг үржсэн байна шүү дээ?

-Тиймээ. Циркийн урлагийг Т.Цэнд Аюуш багшгүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Тиймээс Монголын циркчид хамтран 420 уран нугараач гиннесийн номонд бичигдэхээр 8 минутын номер тавьлаа. Үүнээс харахад манай уран нугаралтын бааз маш өргөжиж байгаа гэдгийг мэдэрлээ. Багшийн минь шавь нар тэдний шавь нар гээд асар олон циркчид уг арга хэмжээнд оролцсон. Яг хичнээн шавьтай вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

-Та өөрийнхөө шавь нарын талаар яриач? Эрэгтэй уран нугараачдын талаархи бодлоосоо хуваалцахгүй юу?

-Үзүүлбэрийн хувцас их бариу учраас тухайн үед биднийг харж байсан хүүхдүүд шоолж л байлаа. Эрэгтэй хүүхэд тийм бариу хувцас өмсөхөөр эвгүй шүү дээ. Тэдний инээлдэх нэг шалтгаан нь Бат-Энх маань намайг толгой дээрээ тэнцүүлээд өргөж байгаа нь их инээдтэй харагддаг байсан байх. Толгой нь хоёр тийшээ хөдлөөд л. Хоёрдугаарт бариу хувцастай эрэгтэй хүн лав зүгээр харагдахгүй байх. Ер нь эрэгтэй хүн нугараач байна гэдэг миний хувьд бол маш үнэтэй мэт санагддаг. Миний хийж байсан, багшийн минь тавьж байсан номерууд үргэлж хүний сэтгэлд хүрсэн.

-Багшийн амжилт шавиас харагддаг. Таны олон шавь нар тив дэлхийн амжилтыг үзүүлсээр л байна.

-Тийм ээ. Өнөөдөр би яг багш шигээ шавь нараа хараад баярлаж бахархаад, омогшиж бардамнаад сууж байна. Надад Мэргэн гэдэг нэг эрэгтэй шавь бий.

Түүнээс гадна 18 охидууд байна. Доод тал нь таван настай. Хамгийн том нь 27 настай. Манай “X-Roses” хамтлаг дэлхийн А зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, цом зэрэг олон шагналыг хүртлээ. Мөн  2012 онд Монгол уран нугараач охин анх удаа Нарны Циркид гол дүрээр очиж байлаа. Урьд өмнө Нарны циркэд ажилладаг байсан Монгол циркчид бий хэдий ч гол дүрээр ажиллана гэдэг бол бидний хувьд том амжилт байсан. Энэ бүхэн шавь нарын уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн гэж боддог. Дараа дараачийн хүүхдүүд маань ахин бэлтгэгдсээр л байна.

SORGOG.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй