Ойрын болоод холын хөршүүдийн эрх ашиг огтлолцох цэг

2019-10-07

Ойрын болоод холын хөршүүдийн эрх ашиг огтлолцох цэг

Монголын газар нутаг дээгүүр дамнуулан ОХУ-аас Хятад руу байгалийн хийн хоолой татах асуудал ажил хэрэг болоход ойрхон байгаа талаар мэдээлэл цацагдаж байна. Монголчууд энэ хийн хоолойг тавиулахын төлөө олон жил хөөцөлдөж, хүлээсэн. Одоогоос хорь гаран жилийн энэ асуудлыг тухайн үеийн Оросын нефтийн олборлогч том компани болох ЮКОС-ын тэргүүн Михаил Ходорковский ирж Монголын бизнесмэнүүдтэй уулзаж байсан. Тухайн цаг үед Оросын эдийн засгийн тодорхой хувийг атгаж байсан Михаил Ходорковскийн вант улсаас одоо үлдсэн зүйл үгүй, олон жил шоронд хоригдсон Ходорковский эдүгээ Европод цагаачлан амьдарч байна.

Эдийн засгийн өсөлт, зах зээлийн багтаамжаараа дэлхийд тэргүүлж байгаа манай урд хөрш Хятадын зах зээл эрчим хүчний түүхий эдийн найдвартай хэрэглэгч болохын хувьд олон улс орны экспортын диваажин болж байна. Манай хойд хөрш ч ялгаагүй энэ том зах зээлд эрчим хүчний түүхий эд нийлүүлэх асар сонирхолтой.

Ялангуяа Крымын асуудлаас улбаатайгаар барууны орнуудын эдийн засгийн хоригт орсон Орос зөвхөн эдийн засаг төдийгүй улс төрийн хувьд дорнын улс орнууд руу харилцаа, хамтын ажиллагааны луужингаа чиглүүлэх болсон.

Энэ дагуу оросууд Хятад руу байгалийн хийн хоолойн нийлүүлэх том төслийн хүрээнд хий дамжуулах хоолой барих тохиролцоонд 2014 Оросын Газпром, Хятадын төрийн мэдлийн CNPC компани хүрсэн. Оросууд Хятад руу хоёр чиглэлээр хийн хоолойн татах төлөвлөгөөтэй. Эхнийх “Сила Сибири” хоолойн ажил үндсэндээ дуусч төлөвлөснөөр болбол энэ оны сүүлээр ашиглалтад орно.

Харин хоёр дахь чиглэлээр Монголын баруун хилийг дагуулан Монгол-Казахстаны хилийн заагаар барих төлөвлөгөөг Газпром гаргасан. Алтайн уулсын өндөрлөг газраар дайруулан барих энэ чиглэл эдийн засгийн хувьд өндөр зардал шаардаж байгаа бөгөөд баригдсаны дараа нийлүүлэх үнэ дээр ч Орос, Хятад хоёр санал нийлж чадахгүй байгаа. Тэгээд ч Хятадын баруун хэсгээр Туркмен байгалийн хийг харьцангуй хямд үнээр нийлүүлж байгаа.

Оросуудын хоёр хувилбарын алинаас нь монголын нутаг дээгүүр хоолой тавих нь эдийн засгийн хувьд ашигтай. Эдийн засгийн үр ашиг гэдэг бол ямар ч улс төрийн тохиролцооноос илүү баталгаатай үндэслэл. Гэсэн ч оросуудын зүгээс Монголын саналыг үл ойшоосоор өнөөг хүрсэн.

Харин одоо яагаад Монголыг дайран өнгөрөх хийн хоолойг барихад нааштай хандах болов гэдэг асуулт гарч ирнэ. Газпром-ын зүгээс Монголын хувилбарыг санал болгоогүй байхад Ерөнхийлөгч Путин Газпром-ын тэргүүн Алексей Мюллерт бичелэн чиглэл өгсөн нь анхаарал татаж байгаа юм.

Монгол бол Орос, Хятадын хувьд аль алинд нь түүхийнхээ туршид жийргэвч бүс байсаар ирсэн, хоёр хөрш маань сүүлийн 300-400 жилийн турш монголчуудын хувь заяагаараа хоорондоо наймаалцаж ирсэн.

Гаднын зарим хэвлэлд Монголын эдийн засагт Хятадын нөлөө үлэмж болсоныг Орос саармагжуулах зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээж байна хэмээн дүгнэж, үүнийхээ нотолгоо болгон байгалийн хийн хоолойн төсөл хөдлөх болсон, мөн Оросын зүгээс Монголын эдийн засагт 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар Путины айлчлалын үеэр тохирсоныг эш татаж байна.

Хятадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт давамгай байдалтай болоод удаж байгаа, энэ байдал сүүлийн хоёр гуравхан жилд өрнөсөн гэнэтийн үйл явц биш.

Москвагийн зүгээс дорно руу чиглэсэн бодлого барихаас өөр аргагүй болсноос хойш Орос, Хятадын харилцаа түүхэндээ байгаагүйгээр халуун дулаан, нягт байгаа.

Монгол улс АНУ-тай улс төр, эдийн засгийн харилцаагаа энэ онд өмнө байгаагүйгээр хэдэн шат ахиулж, монголчуудын гурав дахь хөршийн дотор АНУ тэргүүлэх зэрэгт гарч ирсэн нь хоёр хөршийн хувьд Монголын саналыг харгалзан үзэхэд хүргэсэн гэсэн тайлбар энэ нөхцөл байдалд хамгийн бодитой нь.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн наймдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулсан, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татватргүйгээр оруулах Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Конгрес хэлэлцэх гэж байгаа,АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын дараахан Оюутолгойн уурхайтай танилцсан, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон долдугаар сарын эхээр, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марз Эспер наймдугаар сарын эхээр Улаанбаатарт айлчилсан. Хоёр сарын дотор шил дараалсан өндөр хэмжээний айлчлалууд болж өнгөрсөн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш.

Ойрын болоод холын хөршүүдийн эрх ашиг огтлолцох цэг Монголын эдийн засаг байгаад талархах нь зүй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тэд бидний тухай: Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот байхаа больсон...
Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо “Дижитал эрин дэх хяналт” сэдвээр чуулж байна
15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ
Иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо
Машин сургалтын алгоритмаар зүрхний шигдээс өвчнийг оношилно
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ
Goal сайтын тодруулсан шилдэг 25 хөлбөмбөгчийн жагсаалтыг Ван Дейк тэргүүлж, Месси удаалав
Хонгконг сүйрч байна
“Аав намайг гурван удаа хүчирхийлсэн, ээжийг минь зоддог болохоор ээждээ энэ тухай хэлээгүй”
Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”