2015-11-04
Концессын гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг бүрэн олгох зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан 10.00 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлллээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, концессын гэрээгээр ажил гүйцэтгээд мөнгөө авч чадахгүй байгаа аж ажуйн нэгжүүд олон байна. Ажлын хэсэг энэхүү мөнгийг олгох асуудлыг судалж үзсэн үү гээд тэдгээр аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг ирэх онд бүрэн олгох зарчим баримтлах талаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Сангийн сайд Б.Болор, концессын гэрээгээр ажил гүйцэтгэсэн санхүүжилтийг бүрэн барагдуулах чиглэлээр Сангийн яам ажиллаж байна. УИХ төсвийн тодотгол батлахдаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй ажил нь явж буй компаниудад санхүүжилтийг векселээр олгох чиглэл өгсөн. Одоогоор 180 гаруй аж ахуйн нэгжид векселээр санхүүжилтийг олгосон. 2016 оны төсөвт шаардлагатай санхүүжилтийг суулгасан хэмээн хариулсан юм.
Дараа нь хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Ажлын хэсэг, урсгал зардлын хэмжээг бууруулснаар төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөх төлбөр, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан тусламж хасагдан Төрийн албаны тухай хуульд зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа тул үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2016 оны төсвийн багцад нэмж тусгах буюу бусад зардлаас шийдвэрлэх гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан, улсын төсвийн санхүүжилт болон концессын гэрээгээр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд холбогдох төлбөрийг бүрэн олгох зарчим баримтлах гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Батхүү нарын гаргасан, 2016 онд хийхээр төлөвлөсөн шинэ хөрөнгө оруулалтыг багасган, өмнө нь эхлүүлсэн ажлуудаа дуусгах санал мөн дэмжигдсэн юм. Дээрх гишүүд ирэх онд шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчин, гарцаагүй хийх шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэн, өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжлээ
Мөн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Эдгээр хуулиудыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслүүдийн талаар гаргасан Ажлын хэсгийн саналын томьёоллуудыг Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулсан бөгөөд санал тус бүрээр санал хураалт явууллаа. Ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн ажлын хэсгийн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төслийг УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учир хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан учир хэлэлцэхийг хойшлууллаа.
Мөнгөний бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж банкны зээлийн хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монголбанкинд өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, зээлийн хүү өндөр байна гэдэгтэй санал нэг байна гээд гэхдээ үүнийг механикаар бууруулах нь эрх зүйн хувьд хүндрэлтэй хэмээсэн. Үүний цаана хадгаламжийн хүүгийн асуудал ч мөн яригдана гэж хэлсэн. Тиймээс Ажлын хэсгээс, Эдийн засгийн тэнцвэрийг хангасан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалсан орчинд төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит секторыг дэмжих, хувийн хэвшлийн идэвхжлийг сайжруулахад чиглүүлэх гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх санал оруулж ирсэн гэж тайлбарласан. Ажлын хэсгээс гаргасан энэхүү санал олонхын дэмжлэг авлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд