Хүнээр хүн хийхүй монгол ухаан

2016-03-10

Сурган хүмүүжүүлэх ухаанд хүний хүмүүжил төлөвшлийг оюуны,

 

бие бялдрын, ёс суртахууны хүмүүжил гэсэн гурван зүйлээр авч үзэж ирсэн,  өдгөө техникийн хөгжилтэй холбоотой техникийн хүмүүжил гэж шинэ зүйл гарч ирсэн байна. 

Монголд, нүүдэлд шүтсэн сурган хүмүүжүүлэх ухаан үүсэж хөгжсөн бөгөөд хүүхэд төрүүлж өсгөх, нийгэм хамт олон дотор тодорхой байр суурь эзэлж, амьдралаа жолоодон чадах бие хүн төлөвшүүлэхийг хүнээр хүн хийх буюу хүмүүжүүлэхүй /хүнжүүлэх/ гэж хэлдэг. Энэхүү арга ухаан нүүдлийн хэв маяг, монгол амьдралын өвөрмөц нөхцөл байдал, нийгэм эдийн засаг, улс төрийн байдал, оюуны шаардлага хэрэгцээ, нийгмийн анги бүлгийн хэрэгцээ, зан заншлаас үүдэн үеийн  үед өөрийн өвөрмөц онцлогтойгоор хөгжиж иржээ. Монголын түүхэнд сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу сургууль 2000 гаруй жилийн хөгжлийн уламжлалтай байна. Монгол сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, хүнээр хүн арга ухааныг сургуультай холбон ойлгож болохгүй, нэн эртийн уламжтай ажээ. 

Монгол хүний хүмүүжил төлөвшил, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ёс суртахууны хүмүүжилд илүүтэй чиглэдэг бөгөөд түүнийг 3 зүйлээр авч тайлбарлаж болох юм. Үүнд: 

Нэг: Байгаль орон дэлхий, сав ертөнц, шим амьтантай зөв зохицон амьдрах, түүнийг шүтэн дээдлэх ухаан сэтгэлгээ.

Монгол үзэл сэтгэлгээнд хүн, хүн бус төрөлхитийн, нүдэнд үзэгдэгч, үл үзэгдэгчийн  тухай ойлголт байхаас амьтай, амьгүйн тухай ойлголт байхгүй. Иймээс хүрээлэн байгаа байгаль орчин, юмс үзэгдэл, ер алив бүхэн хүнтэй адилхан сэтгэж, мэдэрч, ярьж, өвдөж, зовж, жаргаж, баясаж байдгийн тухайтад хүнч үгүй ядахдаа амьдач сэтгэлгээгээр харьцах арга, ёсыг багаас нь төлөвшүүлдэг байна. Ийм үзэл сэтгэлгээ монгол хэл, зан үйлийн аливаа ёсонд нэвтрэн уламжилжээ. Жишээ татаад үзье. Уулын бэл, хормой, шил, толгой, суга, өвөр, нуруу гэхчлэн нэрлэдэг нь түүнийг хүн /амьтан/ мэт бие эрхтэнтэй хэмээн сэтгэж, эцэг тэнгэр, эх газар, “Хан Алтай, Хангай минь аварч өршөө” хэмээн сүслэн залбирч, идээ будааны шим дээжийг өргөн сацаж, хэшиг буян гуйн хурайлахын сацуу, “сууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй зовдог”, усанд улай /мах, цус/, цагаа /сүү/ оруулбал бузартана гэж цээрлэх, хэрээ шаазгай дуугаравч “Сайн хэлээ нааш нь” хэмээн шивших сэлт нь тэднийг амьтай, тэр бүү хэл хүнтэй адил хэмээн үзэж буйн илрэл даруй мөн.

Монголын утга зохиолын хэлэнд “БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ” гэдэг үгийг 1970-аад онд хэрэглэх болсон гэнэ. Үүнээс өмнө монголчууд байгалиа хамгаалдаггүй байсан хэрэг үү? Тийм биш ээ. Энэ үеэс монгол газрын унаган төрх алдагдаж, эвдэрч эхэлсэн гэсэн үг. Өдий хүртэл онгон дагшнаараа, цэвэр цэмцгэрээрээ, элбэг бүтнээрээ хадгалагдаж ирсний нууц юу вэ? Газар дэлхийгээ эх мэт үзэж, эхийн толгойтой үснээс, үр ширхэгийг үл хөндөж болохын үлгэрээр байгалийн иж бүрдэл, эс ширхэг бүрийг өөрсдийн адил энхэрлэн санаж, хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж ирсэнд оршино. Хүүхэд хурга, ишиг, нохойн гөлөг зэрэг нялх төлтэй хормой ханцуйгаа уралцан тоглож өсөөд тэднээсээ эхлэн бүх амьтныг, тугал, хурганы бэлчээрт шийрлэсэн чулуун гэрээсээ эхлэн бүх орон дэлхийг таньж хайрлаж, сайн сайхныг нь үзэн баясаж, ӨӨРИЙМСӨН эх оронч хүмүн болон төлөвшдөг ёстой. Энэ бол монголчуудын байгалийг шүтэн дээдлэх үзэл- ёсны үндэс мөн.

Хоёр: Хүнээс хүнтэй, өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд улмаар нийт нийгмийн хамт олонтой зохицон амьдрахын тухай сургаал. Монгол хүний баримтлах ёс зарчим гэж бий. Тэр нь

Эцэг асралтай

Эх энэрэлтэй

Хүү бишрэлтэй

Дүү тахимдуу гэсэн эв найрын ёсон бөгөөд гэр бүлийн хийгээд хот

айлын, ураг төрлийн дотор ахас ихсээ хүндлэн дагаж, улмаар нутаг хошуу, улс орны хүрээнд ахмад настан, азай буурлыг хүндлэн, өтгөс нялхасыг асарч, өвчтөн хуучтаныг энэрч, өнчин ядуусыг тэтгэж, дээдээст зусар, доодост дээрэнгүйгүй явах хүн ёсонд суран төлждөг юм.

Гурав: Төртэй харилцах харилцаа буюу төрийг дээдлэн захирагдах ёс. Монголчуудын үзлээр төр бол тэдний туйлын хүслэнгийн биелэл, тэнгэр, газар хоёрын шүтэлцээ юм.

Төр, нүүдэлчин түмний дайнгүй амар амгалан аж төрөх туйлын

хүслэн, газар нутгаа батлан хамгаалах, бэхжүүлэх хэрэгцээнээс үүдэж үүссэн учраас түүнийг жолоодогч хааныг “тэнгэр заяатай”, “тэнгэрийн хөвгүүн”, “тэнгэр язгуурт” хэмээн өргөмжилж, олон бүгдээр буулгатай шар мэт зүтгэн дагах ёс уламжлал тогтжээ. Тиймээс ч “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэх залбирлын үг монгол хүний зүрхэн тарни болсон байна. Түүхэнд эгэл хар тэргүүт хүн төрийн эрх мэдлийн төлөө тэмцэж хуйвалдсан зүйл нэгээхэн бээр үгүй бөгөөд ингэх бөгөөс төр-тэнгэрт тэрсэлсэн “их гэм”-д тооцогдож тэнгэрийн гэсгээл амсдаг ажгуу. Ойрадын Тогоон тайшийн хувь заяаг нэхэн саная. Тэр бээр: “Төр авна хэмээн их дур барьж /хааны санаа санаж/ эзний 8 цомцогийг /шүтээний ордон/ хашгиран дэлдсэний тул хамар амнаас нь цус олгодож үхэв.” хэмээн түүхнээ үлджээ. Их гэмтэнийг тэнгэр гэсгээсэн нь тэр.

Монголчууд ертөнцийн 6 хаанаас хүний хааныг хүчтэй, түүний жолоодсон төрийг “өндөр төр” хэмээн дунд хуруугаар үлгэрлэж, төрийн бодлого, үйл ажиллагаа, хууль журмыг хэлбэрэлтгүй дагаж иржээ. Эл гэгээн уламжлалыг монголчуудын төрд шүтэн захирагдах ёсон гэж томъёолж болох юм.

Үүнээс үзвэл монголчуудын сурган хүмүүжүүлэх үзэл сэтгэлгээний үндсийн үндэс нь байгалийг шүтэн дээдлэх, хүнтэй зохицон амьдрах, төрд шүтэн захирагдах гурвал онол, цомнож хэлбэл эв найрамдуу-аяг тахимлигийн ёсон бөгөөд энэ ёсонд боловсорсон хүн “жинхэнэ хүн”, “монгол хүн” болж “хүнжлээ” /хүмүүжлээ/ гэсэн үг ажээ. Байгаль орчин, шим мандал, хүн хартай үл зохицон, төр ёсыг гажуудуулах аваас “Монголоо алдсан монш”, “Хүнээ байсан хог” хэмээн орон дэлхийгээр адалж, хуулиар бус хуучин үгээр, шоронгоор бус сүегэрээр засдаг нийтийн уламжлалтай.

Хүнийг хүмүүжүүлэх цорын ганц, хэлбэрэлтгүй төгс арга бол хөдөлмөрт сургах. Хүн хөдөлмөр хийж байж сая бие, оюун тэгш, хүн төлөвтэй /зөв ёс суртахуунтай/ болж чадна. Энэ учраас монгол өвөг дээдэс минь  үр хүүхдээ хар нялхаас нь аяга халбага ойртуулахаас, аргал түлш оруулах, ус цас авчрах, түлш түүх, хурга, тугал эргүүлж, саалийн мал үдлэхээс  алсын бэлчээртэй бүтэн хариулгатай малд явуулах,  ирэг сэрхээс эмнэг сургах гэхчлэн багаас ихэд, хялбараас хүндэд сургасаар ажил хөдөлмөрийн дөртэй, амьдралаа аваад явахуйц, аливаад үл шантрах сэтгэлийн хаттай болж өсөх хүмүүжлийн орчин бүрдүүлж иржээ. Хүнд хүчирт бие зүдэж, сэтгэл чангараагүй өөрөөр хэлбэл бэрхээр бус эрхээр өссөн хүн /“төрсөн үүдэнд өтөлж”/ төрсөн тэлсэнээ зовоож, удам төрөл, ус нутаг ч гутаадаг ёсон бий. Өдгөөгийн “өвгөнтийнхөн” бол тэдний бэлэн жишээ. Архинд толгойгоо мэдүүлсэн тэр хүмүүсийн дийлэнхи нь суурин гаралтай, тэр бүү хэл өндөр мэдлэг боловсролтой нь ч байдаг гэнэ. Хар бор ажилд дадлагашаагүй, хатуу хүтүүг үзээгүй учраас амьдралын анхны сорилтод бууж өгсөн нь тэр.

Ийн хөдөлмөрт сургахын тулд монгол гэрийн дотор хийгээд гадна эцэг эх нь үр хүүхдээ, эгч ах нь дүүгээ үлгэрлэн дагуулж, итгүүлэн үнэмшүүлж, хориглон цээрлэж, хөтөлсөөр бие чийрэг, хараа хурц, сонор соргог, зориг чанга, сэтгэл тэнэгэр, ухаан цэцэн, хэл уран, үг цөөн, гар дүйлэг, ёс тахимдуу хүний зэрэгт хүргэдэг юм.  

Монгол ёсонд сайн багш гурван шавьтай, шавь гурван багштай амуй.

1. Гэрийн багш: Хүний ёсон-ахчлах, дүүчлэхүй, сайн эр, сааргүй эмийн

эрдэм эзэмшүүлж, гэр ахуйгаа хөтлөх арга ухаанд сургана. Үлгэр жишээ гэрийн багш бол гараас хөтөлж ганзаганд эгэмнээс татаж эмээлд хүргэсэн эцэг эх мөн болой.

2. Төрийн багш: Ялангуяа төрийн хар хүн-түшмэд болох хүн тусгай багшид

хонь, архийн бэлэг барьж шавь орон, цэрэг, улс төрийн нарийн эрдмийг заалгана. Өнөөдрийн төрийн түшээд нийтийн иргэний боловсролтой л “төрийн хүн” болж байна даа. Жаахан учир дутагдалтай л юм.

3. Номын багш: Их төлөв бичгийн түшмэд, лам болох хүн шар хадаг, арц

хүжийн зүйл өргөн багш шавь барьж, монгол хэл бичгээс авахуулаад дордож, хоёр, гурван хэлний дуун хөрвүүлэгч, орон судлаач цаашлаад их бага таван ухаанд гүнзгийрэн мэргэшүүлж иржээ.

            Өдгөө монгол гэрийн хүмүүжлийн орчин, тогтолцоо ялангуяа хот сууринд үндсэндээ алдагдаж байна. Үр хүүхдээ “энд гишгэж болохгүй”, “ингэж хэлэх нүгэл” хэмээн гараасаа хөтөлж, хормойдоо чирч өсгөдөг эцэг эхийн үүрэг оролцоо улам бүр багасч байна.

Жич “Хүн болох багаасаа

                    Хүлэг болох унаганаасаа” гэж юуны учир хэлэв? Хүний хүмүүжил гэр бүлээс, гэрээс эхэлнэ, эцэг эхийн хүмүүжүүлэх нөлөө тэргүүнд орно гэсэн үг. Хүүхдийн гэртээ олсон хүмүүжил сургуульд хэрхэн сурч, юуг яаж эзэмших, хэнтэй хэрхэн харилцаж, цаашид хэн болох замын эхлэл, үндэс болох учраас хүүхдийг ямар мэдлэгтэй болгоход биш, ямар хүн болоход нь эхлээд анхаарууштай.

 Хүүхдээ сурган хүмүүжүүлэлгүй, хүмүүжүүлэн сургая.

Г.Жаргалсайхан

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй