Айдас гэж юу вэ?

2019-05-31

Шри Ланка гайхамшигт байгальтай, халдлага болохоос өмнө жуулчид тасардаггүй газар байсан

Дөрөвдүгээр сарын 21-ний өглөө Шри Ланка улсын Коломбо хот дотор болон ойр орчинд хэд хэдэн террорист халдлага болж, гурван Христосын сүм, гурван хотын төвийн буудлыг амиа золиослогчид дэлбэлж 258 хүний амь үрэгдэж 500 гаруй хүн гэмтэж бэртсэн.

Коломбо хот

Энэхүү “Ийстер Ням гарагийн халдлагууд” гэж нэрлэгдэх болсон аймшигт үйл явдлын үеэр би Коломбо руу хэдэн цагийн дараа ниснэ гээд Хонг Конгийн онгоцны буудал дээр хүлээж байсан юм. Би гурван сараас хойш тэнд төсөл дээр ажиллаж байгаад дундуур нь тэдний олон нийтийн амралт болоод хэд хоног гэртээ ирчихээд тэр Ням гараг буцаж явсан юм.

Азаар тэнд байгаагүй учир нислэгээ цуцлаад өөр тийшээ нисэж, хэдэн долоо хоног өөр газраас ажиллаж байгаад төслийнхөө сүүлийн долоо хоногт эргээд Коломбод очиж ажилласан юм.

Мэдээж аюулгүй байдал нь хангагдсан гэж үзээд буцсан боловч, айдас гэдэг зүйл тийм амархан алга болохгүй. Бидний урьд нь байрлаж байсан зочид буудал маань халдлагад өртсөн буудлуудын нэг гэхээр бүр ч эвгүй санагдсан. Зөвхөн миний өөрийн болон гэр бүлийнхний миний аюулгүй байдалд санаа зовох биш, Шри Ланка улс даяараа л айдаст автсан байсан нь онгоцноос буунгуут л ойлгомжтой байсан.

Онгоцны буудлаас гарах гэж л өчнөөн шат дамжлагаар шалгуулж, зочид буудлынхаа үүдээр орох гэж ч мөн адил. Бид орой буудлынхаа зоогийн газар хоол идэхэд өөр гадуур хооллож байгаа хүн бараг байхгүй, урьд нь эргэн тойронд зөндөө жуулчид байдаг байсан бол энэ удаа ажлаар ирсэн хүмүүсээс өөр хэн ч байхгүй.

Энэ бүгдийг бодохоор миний толгойнд “Бидний хамгийн айдаг зүйлс нь бидэнд тохиолдож байсан зүйлс байдаг” (“The things we fear the most have already happened to us”) гэдэг үг орж ирээд болдоггүй. Ер нь бид огт мэдэхгүй юмнаасаа айна гэхээсээ илүү хийх гээд чадаагүй юмнаасаа айдаг. Ингээд айдас гэдэг зүйлийн талаар нэлээн бодож суухад, ийм ховорхон тохиолддог аймшигт зүйлээс айж амьдралын хэв маягаа өөрчилнө гэхээс илүү бид өдөр тутмын жижиг айдастаа баригдаж ихэнх амьдралын алхмуудаа шийддэг юм шиг.

Өөрийнхөө болон эргэн тойрныхондоо хамгийн их ажигласан айдсуудаас ангилан тодорхойллоо.

1. Өөртэйгөө холбоотой

  • “Би чадах болов уу?” (тэнцэж чадах уу, сурч чадах уу, ажиллаж чадах уу, өөрийгөө илэрхийлж чадах уу, татгалзаж чадах уу, амжуулж чадах уу…)
  • “Би хангалттай болов уу?” (хангалттай бэлдэж чадсан уу, хангалттай мэдлэгтэй юу, хангалттай туршлагатай юу, хангалттай хөөрхөн үү, хангалттай гоолиг уу, хангалттай даруухан уу, хангалттай яриа юу…)

2. Бусадтай холбоотой

  • Ойр дотныхон: “Аав ээж маань зовох болов уу?”, “гэрийнхэн маань зөвшөөрөх болов уу?”, “найзуудад маань сонин санагдах болов уу?”
  • Ерөнхий “хүмүүс”: “Хүмүүс намайг юу гэж хэлэх бол/ бодох бол?” (тэнэг гэж бодох уу, ядаргаатай санагдах болов уу, их зантай санагдах болов уу, намайг муухайгаар ярих болов уу…),
  •  “Намайг тоох болов уу?” (миний хэлэх гэж байгаа юм чухал болов уу, миний хийсэн ажил зөв болов уу, миний гаднах төрх, өмссөн хувцас ямар харагдаж байгаа бол…)

3. Гадны нөхцөл байдалтай холбоотой

  • Цаг хугацаа: “би оройтсон болов уу?” (сурахад, мэргэжлээ солиход, хүнтэй суухад, гэр бүл зохиоход, фитнессээр хичээллэхэд…), “миний цаг ирээгүй болов уу?”
  • Нийгэм дахь байр суурь: “над шиг хүнд боломж бий юу?” (би танил талгүй, би баян төрөөгүй, би өндөр хөгжилтэй оронд төрж өсөөгүй…)
  • Нийгмийн байдал: “энэ нийгэмд боломж байгаа болов уу?” (улс төрийн нөхцөл байдал болохгүй байна, нийгмийн чиг хандлага буруу байна, хүмүүс ойлгох болоогүй байна…)

Тэр болгон бүгдийг тоочиж анзаардаггүй л болохоос бид өдөр тутам ийм олон айдас, эргэлзээн дунд амьдарч байдаг юм байна, тэгэхээр чинь хаашаа хөдөлж яаж хөгжих вэ дээ? Мэдээж аливаа шийдвэрийг эргэцүүлэн бодох чухал, хаширлах юман дээр хаширлах нь зүйтэй, гэхдээ айдсандаа баригдвал хөгжиж дэвшихгүй. Ялангуяа өөрийн үнэхээр хийе гээд бодогдоод байгаа зүйл бол даван туулж хийхээс нааш санаа амрахгүй шүү дээ. Энэ талаар би мэргэжлийн хүн ерөөсөө ч биш, зохих арга барилуудыг өөрөө хайгаад л яваа нэгэн, гэхдээ миний хувьд тустай байдаг алхмуудаасаа өөрт тохиолдож байсан жишээнүүдтэй хуваалцъя:

1. Юунаас айж байгаагаа тодорхойл

Хамгийн эхний болон чухал алхам бол айдсаа тодорхойлж айж байгаагаа хүлээн зөвшөөрөх юм. Маш олон тохиолдолд бид бодох ч үгүй дургүй юмнаасаа халгаад хийдэггүй. Харин яагаад гэдгээ асууж, дээрх асуултууд шиг ямар нэгэн айх шалтгаан байгааг хүлээн зөвшөөрвөл арга хэмжээ авч болно.

Би жижиг сажиг бодол санаагаа эмхэтгэн бичиж блог хөтөлье гэж олон жил бодсон ч ерөөсөө тууштай хийхгүй яваад л байсан. Залхуураад байгаа юм уу гэхээр биш, би өөрийн дэвтэр болон утсан дээрээ тэмдэглэлүүд бичээд л явдаг. Тэгвэл яагаад үүнийгээ бусадтай хуваалцах хэлбэрт оруулж нийтэлдэггүй юм бол гэдгээ бодсон чинь би айж байсан юм байна лээ-миний бичиж байгааг хүн унших болов уу, уншаад намайг тэнэг гэж бодох болов уу, миний бичиж байгаа зүйлс хүнд хэрэгтэй байж чадах болов уу гээд зөндөө л айдас байсан юм байна лээ. Яг юу юунаас айж байгаагаа тодорхойлтол блог бичих сонирхлоо хөгжүүлж эхлэх ямар ч боломж байгаагүй.

2. Энэ айдас уу, шалтаг уу гэдгийг ялга

Бид хийх дургүй юм уу чадахгүй гээд ойлгочихсон юмаа тэр чигт нь хаячихсан байдаг. Хийе гэж бодсон ч шалтгаануудаа тоочихоор зарим нь үнэхээр айх шалтгаан, харин зарим нь хийхгүй гэсэн шалтаг байдаг. Ялангуяа “би чадах болов уу?” гэдэг асуулт бол өөрийгөө хязгаарлах, хийхээс зугтах шалтаг байдаг. Өөрөөсөө үнэнчээр асуух хэрэгтэй-би энийг үнэхээр даван туулмаар байна уу, тийм бол би чин сэтгэлээсээ үзээд алдах хэрэгтэй.

Би насаараа л биеийн тамираар тууштай хичээллээгүй хүн-хааяа маш идэвхтэй явна, хааяа тэр чигт нь хаячихна. Тийм ч учраас би өөрийгөө буруу хийж байгаа болов уу, үр дүн багатай байх болов уу, амжих болов уу гэх мэт маш олон шалтгаан гэхээсээ илүү шалтаг тоочоод хийдэггүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрснөөр асуудал яг юунд байна гэдгийг оношлох боломжтой болсон-гол асуудал нь миний аливаа юмыг сайн хийж чадахгүй бол огт хийх дургүй зан чанар юм байж.

Тэрийгээ даван туулахын тулд нэг бол өөртөө тохирсон дасгал олж хийх эсвэл өөрийн дотоод сэтгэлтэйгээ тэмцэх байсан-яалттай ч байсан би хиймээргүй байсан болохоор л өөртөө олон шалтаг хэлээд явсан байх (одоо ч ерөнхийдөө тэгсээр л байгаа).

3. Надаас юу шалтгаалах вэ?

Бидний айдсын зарим нь өөрөөс шалтгаалах зүйлс байдаг, зарим нь өөрөөс шалтгаалахгүй зүйлс байдаг-хооронд нь ялгаж байж өөрчилж болох эсэх, хэрхэн өөрчлөхийг тооцно. Өөрөөс шалтгаалах зүйл байвал өөрийгөө хэрхэн өөрчлөх хэрэгтэйг бодож олж болно-мэдлэг, ур чадвараа өөрчлөх асуудал уу сэтгэл зүйгээ засах асуудал уу-аль нь ч байсан өөрөө засч болно.

Харин өөрөөс шалтгаалахгүй зүйл бол (бусдын бодол болон яриа, нийгмийн нөхцөл байдал гэх мэт) энэ нь үнэхээрийн надад хаалт болж байгаа эсэхийг тооцох хэрэгтэй. Ер нь өөрөөс шалтгаалах, бусдаас шалтгаалах, аль нь ч байсан, хийхийг үнэхээр хүсэж байгаа зүйл бол өөртөө боломжийг нээж болно.

Би их сургуулийнхаа эхний жил хичээл дээр дуугарахаас айдаг байсан. Асуулт асууя гэж бодсон ч профессор болон оюутнууд “ямар ойлгомжтой юм асуудаг юм бэ?” гэж бодно гэж айгаад л, бодож байгаагаа хэлье гэхээр “ямар утгагүй юм ярьдаг юм бэ” гэж бодно гэж бас айгаад л чимээгүй байгаад байдаг байсан. Яагаад ч юм хичээлээ уншиж уншиж ирсэн байвч дутуу юм шиг санагдаад л, бүр дарамттай нь зарим хичээлийн дүн нь хичээл дээр ярихаас шалтгаалдаг учраас би энэ айдсаа даван туулахаас өөр ямар ч арга байгаагүй.

Tэгэхийн тулд би асуудлыг эхлээд ойлгосон. Надаас шалтгаалах зүйлс зөндөө байсан, хичээлээ уншаад ч итгэлтэй байж чадахгүй байгаа бол арга барилаа өөрчлөөд хичээл болгоны өмнө асуух хэдэн асуулт, хэлэх хэдэн юм бэлдээд ордог болсон. Ихэнх тохиолдолд бүгдийг нь хэлэх боломж гардаггүй байсан ч ярианы сэдэв таарахад бэлтгэлтэй байдаг болсон-энэ нь цэвэр надаас шалтгаалах асуудал болон шийдэл байсан. Нөгөө асуудал нь хүн намайг юу гэж хэлж бодох-энэ нь надаас хамаарахгүй зүйл гэдгийг өөртөө ахин дахин ойлгуулж, нэгэнт л наана нь тэднээс асууж болохгүй юм чинь бэлдсэн үгнүүдээ хэлээд л байхаас өөр арга байхгүйг хүлээн зөвшөөрч өөрийгөө чөлөөлсөн.

4. Багаас эхлээд мэддэг/ чаддаг хүмүүсийн туршлагыг судалж зоволгүй тусламж гуй

Гэхдээ яаж? Үнэхээр айж байсан бол гэнэт болох юм байна аа гээд шууд дайрна гэж байхгүй. Эхлээд хийх юмаа ойлгож, бусдын туршлагыг судалж өөртөө арай ойлгомжтой болгож яг хийхээр бол мэддэг чаддаг хүнээс нь тусламж гуйхад зовох юм ерөөсөө байхгүй.

Би халтирах мэдрэмжид үнэхээр дургүй, уруудах, халтирах үйлдлээс маш их айдаг. Тийм учраас цанаар гулгахаас айгаад л байдаг, багадаа гулгаж байсан ч айдаг. Харин энэ өвөл Казахстанд байхдаа энэ айдсаа даван туулъя гэж шийдээд бүрэн хувцаслаад ууланд гарсан боловч айгаад гулгаж чадаагүй. Түүндээ бүр гутраад, шар хөдлөөд маргааш нь ахиж очихдоо багш аваад заалгасан. Багш маань миний урьд нь сурч байсан юмнуудыг зааж байсан боловч надад тэрнээс илүү жижиг жижиг алхмаар дасгаж өөртөө итгэх итгэлийг маань бий болгож өгч гулгуулсан билээ.

5. Өөрийнхөө итгэдэг хүнтэй ярилц

Зарим айдсыг тодорхойлоод, ойлгоод, ялгаад, судлаад ч даван туулж чаддаггүй. Хааяа үнэхээр өөрөөс шалтгаалахгүй хэр нь амьдралд нөлөөлөөд байдаг. Ийм үед өөрийгөө шаналгахын оронд ойр дотны итгэдэг хүмүүстэйгээ ярилцаж дотоод сэтгэлээ нээж тайвшруулах л асуудал байдаг.

Миний хувьд аливаа юмнаас хариу хүлээж байх хугацаа их айдас түгшүүртэй хэр нь яах ч боломжгүй байдаг. Сургуулиудад өргөдлөө явуулчихаад, ажлын ярилцлагад орчихоод, анхны болзоонд явчихаад гэх мэт үйл явдлуудын дараагийн алхмыг хүлээх нь үнэхээр амаргүй. Хурдлуулах, өөрчлөх, урьдчилан мэдэх ямар ч боломжгүй хэр нь бодохгүй хаячих ч боломжгүй-хүлээхээс л аргагүй.

Ийм үед ойр дотныхоо хүмээстэй ярилцаж, би чадах бүх юмаа хийсэн гэдгээ хүнд ярьж өөртөө нотолж тайвшрал авдаг. “Би өргөдлөө бэлдэхдээ хангалттай цаг зарцуулсан гэж бодож байна, гэхдээ тэр хэсэг л хэт урт санагдсан байж магадгүй гэхдээ одоо яаж ч чадахгүй юм чинь яалтай билээ…” гэх мэт бодлуудаа дотны хүндээ ярьж байж тайвшрал авдаг.

Одоо бодохоор миний ихэнх айж, хийхээс халгадаг зүйлүүд миний өдөр тутам надаас өөрөөс шалтгаалдаг зүйлүүд байдаг. Харин террористын халдлага, байгалийн гамшиг гэх мэт жинхэнэ айхаас аргагүй том юмнуудыг бид болох магадлал бага, өртөхгүй байлгүй гэж итгэсээр өдөр тутамдаа огт тоохгүй явдаг.

Үнэндээ магадлал бага ч гэсэн хэзээ хэзээгүй золгүй явдал тохиолдох бүрэн боломжтой байдаг, тэгсэн тохиолдолд хэчнээн ч бэлтгэлтэй байх хамаагүй гэдгийг би ялангуяа Шри Ланкад болсон аймшигт үйл явдлаас мэдэрсэн.

Хэдхэн цаг, ганц л өөр шийдвэр, нэг л тохиолдлын зөрүү нь огт санаандгүй л маш их эрсдэл дагуулах боломжтой. Бидний мэдлээс огт ангид үйл явдлууд бидний бүх юмыг өөрчлөх чадалтай бол, бид өөрийн мэдэлд байгаа зүйлүүдээ айхгүй, айж байсан ч даван туулж хийхгүй байх нь л амьдралын хамгийн том эрсдэл, хамгийн хайран зүйл.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ