Эр хүн, эр цэргийн тухай долоон шүлэг

2021-03-18

“Монгол цэргийн өдөр” нь 100 жилийн өмнө буюу 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхэн өдөр юм. 1946 оны тавдугаар сарыэ 28-ны өдрийн 32 дугаар хурлаар Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, анхны ялалтын тугийг мандуулсан эл өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр орон даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан аж. Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Эргэлт.мн мэдээллийн сайтаас эр хүн, эр цэргийн тухай хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн долоон шүлгийг уншигч та бүхэнд хүргэж байна.

 

Ш.СҮРЭНЖАВ – Ерэн баатрын дууль

Халх голын хөвөөнд

Ерэн баатар төржээ

Халх голын хөвөөнд

Ерэн баатар нойрсжээ

Хан тэнгэрт цоройж

Ерэн хөшөө гэрэлтжээ

Хөшөө тийш очих

Ардын зам баларсангүй

Хөсрийн өвс ургаж

Аглагшиж ер битүүрсэнгүй

Свердловскийн гудамжаар

Аавтайгаа хөтлөлцөөд

Сэргэлэн оддын учрыг

Асууж явсан орос хүү

Севастополийн цэцэрлэгт

Амрагтайгаа болзоод

Сэтгэл шигээ цагаахан

Алчуур солилцсон хар хүү

Цэргийн шинель өмсөж

Галт тэргэнд суухдаа

Цэцэн буу мөрөвчилж

Газрын холыг зорихдоо

Цэнхэр униарт талын

Наран мандах зүг рүү

Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ

Насандаа марташгүй харсан юм

Ханан дахь хуанлын тоо

Гучин есийг зааж

Харандааны үзүүр зураг дээр

Халх голыг зурж

Хайлааст Манханы оройгоор

Дарийн утаа маналзаж,

Хатуу хилэнт өдрөөр

Дайсанд үхэл зарласан

Яг тэр мөчид

Ерэн баатар төржээ

Ялалтын тугаа өргөхөд нь би

Эхэлж хорвоод мэндэлжээ.

Ерэн эрийнхээ хойноос

Ерэн эхнэр уйлж

Ерэн эцгийнхээ хойноос

Ерэн хүүхэд сарвайж

Ерэн хүүгийнхээ хойноос

Ерэн эх шаналж

Хичнээн ерэн зүрх

Хэн, хэний зүрх

Хэдий болтол шархалж

Хэцүү бэрхээр өнчрөв

Свердловскийн буудлаас

Ачийгаа үдсэн өвгөн

Севастополийн цэцэрлэгээс

Амрагаа мөрөөдсөн бүсгүй

Москвагийн сургуулиас

Аавыгаа хүлээсэн хүү

Монголоос ирэх шууданг

Хичнээн их харуулдаа бол!

Нижигнэсэн бууны дуугаар

Ерэн баатар төрөхөд

Нэг насаа олоод

Ирж байсан хүү би

Нинжин сэтгэлтний хагацлаас

Уйлах гэж хожимдсонгүй

Нижгэр их ялалтыг

Дуулах гэж хожимджээ.

Гайхамшигт алдрыг нь дуулъя гэж

Үгээ бодлоо

Гандашүй гавьяагий нь дурсая гэж

Үзгээ авлаа

Хорвоод дуурстал аялая гэж

Хоолойгоо заслаа

Хойч үедээ дурсгая гэж

Сэтгэлээ өглөө

Идэмхий дайсныг хяргасан

Сүрт зэвсэг дотроос нь

Илд, буу хоёрыг нь

Сүлд болгон зөрүүлж

Египтийн хааны босгосон

Пирамидаас өндөрт

Ерэн баатрын хөшөө

Эгц дээшээ мандаж байна.

Рябцев В.И 1939-8-25

Степанюк М.С 1939-8-25

Жлудков А.В 1939-8-28

Прядко А.Н 1939-8-30

Энэ олон нэр.

Ерэн баатрын нэр!

Нэр бүхний хойноос

Өнчирч уйлсан нүд

Нэр бүхний цаанаас

Өрөвдөж хайрласан зүрх

Дээгүүр нь үүл нүүж байна.

Дэргэдүүр нь ус урсаж байна.

Хажуугаар нь ой шуугиж байна

Харин эд чив чимээгүй!

Харьтныг алхуулаагүйдээ

Уужирч амарсан юм шиг

Халх голыг өгөөгүйдээ

Сэтгэл нь ханасан юм шиг

Харуулын албандаа

Үнэнч цэрэг хэвээрээ…

Хязгаарын газартаа

Үлдэж хоцорч дээ…

 

Б.ЛХАГВАСҮРЭН – Эр хүнийг л хайрлаж яваарай

Хоёр жигүүр дэлгэн

Хорвоог ханьтай туулдаг

Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж

Дөрвөн алган дээр үүрээ засдаг

Нар сар орж гардаг хорвоогийн

Чухаг, мэнхэг хатуу жам

Нас бие ирж оддог ертөнцийн

Чулуутай цэцэгтэй алаг зам

Он жилүүдийн цэнхэр мөрөн

Хүй бие хоёр шиг ойрхон

Орооцолдож бүтсэн халуун хэлхээ

Тоонын хүрээ тулалцсан

Бүсгүйн номхон заяа

Тотгот тулганд бадамласан

Зүггүй галын “бурхад”

Үүдэн хоймрын цэлгэр зайд

Гэрийн нар дагаж мөлхсөн

Зүүдэн хоосны тохиох одонд

Нэрийн отог үлдээхээр заяасан

Салаа гэзгээ салхиар самнаж

Сайн морины нуруунд ниссэн

Саалийн халиагаар хормой мялааж

Сайхан эхийгээ өвчиж өссөн

Миний хоёр охин минь

Гал таслан, тооно өргөхөд чинь

Ганзганд чинь хэлэх

Гэрийн чинь чагтганд уях

Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх

Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ.

ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА

ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД

ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ

 

Р.ЭМҮЖИН – Эр хүнд хүргэх үг

Эр хүн

Бүсгүй хүний дэргэд хаан нь байг

Бүдэг одны хажууд сар нь байг

Бүлээн энэ орчлонгийн нар нь байг

Бүрэн энэ улсын эзэн нь байг.

Эр хүн

Оргил өндөр уулсын салхи нь байг

Оршихуйн их үнэний учиг нь байг

Олонтой энэ амьдралын гал нь байг

Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.

Эр хүн

Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг

Бүргэд дүүлэх халилд зориг нь байг

Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг

Бүтэн энэ Монголын сүр нь байг.

Эр хүн

Энгэр зөөлөн ээждээ үр нь байг

Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг

Эндүү андуу хагацалд нулимс нь байг

Эгэл энэ Монголын түшиг нь байг.

Эр хүн

Охид эмсийн харцанд шүтээн нь байг

Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг

Оготор энэ тавилангийн зүг чиг байг

Оосор бүчгүй Монголын зүрх нь байг

Эр хүн

Сэрж боссон түүхийн илд нь байг

Сэрүүн намрын найранд дуу нь байг

Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг

Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг

Эр хүн

Уяралт сайхан ханьдаа хайр нь байг

Унаж, боссон амьдралд хатуужил нь байг

Урт холын анддаа нөхөр нь байг

Удамт энэ Монголын амь нь байг

Эр хүн

Дээлтэй их шастирын оюун нь байг

Дэндүү их жаргалын цулбуур нь байг

Дээвэрт энэ Монголын голомт нь байг

Дэлхийг зориод мордсон жолоо нь байг.

 

М.БИЛЭГСАЙХАН – Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо

Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо

Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ

Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Дээл бүсэн гоёлтой

Дээрээ малгайн хиймортой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавынхаа харцанд томоождог

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий та нараасаа

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо

Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

 

Хурд хамтлагийн “Аавдаа би хайртай” дууны шүлэг

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай

Нэг л намар миний ижил залуу явсан аав минь

Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ

Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд

Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ

Шар наран улам улам алслаад

Саяхан ногоон байсан өвс, навч гандаад

Алсын зам аавын харц шиг сүүмийгээд

Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн

Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар

Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг

Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ

Унах болтлоо уудам их зай байгаа ч уу, үгүй ч үү

Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу, үгүй ч үү

Он жил хэлж ирэв ч, хорьж үл болно

Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр

Шар наран улам улам алслаад

Саяхан ногоон байсан өвс, навч гандаад

Алсын зам аавын харц шиг сүүмийгээд

Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу

 

 Ш.ЛХАМНОРЖМАА – Аав мод

Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь

Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн

Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж

Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм

Ээжийг минь хайрласан аавын хайр

Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд

Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг

Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь

Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг

Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж

Үйлийн шугуй зурваслан ургахад

Хэн нь ч юм бэ сахалт гэж

Хэлж нэрлээд заншчихсан гэдэг

Алаг чихрийн цаас цуглуулдаг

Арав хүрээгүй балчир насанд

Айлын ах нар намайг шоглож

Аав чинь муухай, сахалтай гэдэг сэн

Сахал биш ээ, “Яавлагны бургас” гэж

Сандран байж зөрдөг байлаа

Хүн шиг хүн болох гэж

Хүслээ зүрхэндээ ургуулж явахдаа

Үрдээ зориулсан гэрэлт моддын

Үр жимсээр нь тэжээгдэж байсан юм

Ач үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэн

Амьд цэцэрлэг аав минь байсан юм

Алдаж хазайвал навчсаа дэвсэх

Амин мод аав минь байсан юм аа

Шанх нь бууралтаагүй залуу аавыг минь

Цангасан бурхад залаад явчихсан юм

Шорвог хорвоогийн жамыг дагахдаа

Цэнхэр хөрстийн шархыг нөхсөн юм

Аав минь одоо мод болсон

Агнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөн

Хөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсан

Хөндлөн хөх шугуй болсон

Аав минь одоо мод болсон

Амраг хосуудын мод болсон

Намар оройн навчсан дунд нь хөлбөрөхөд

Нас нэмэх сэтгэл болсон

Аав минь одоо мод болсоон

 

Г.ЛХАГВАА – Эр цэргийн дууль

Гал атгаж цэрэг төрдөггүй

Ган ширээж цэрэг болдоггүй

Эх оронтой хүн бүхэн

Элгэн хайраараа цэрэг болдог юм

Аз жаргалдаа хайртай бүхэн

Аваа өгөөнд цэцэн болж

Заавал дийлэхийг өөртөө даатгаад

Замгаа шүүрэн босдог юм

Гэнэгүй байсан зүүд цочроон

Гэмгүй явсан зүрх эмзэглээн

Түгшүүрийн дохио дорно зүгээс

Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд

Дуулга цагаан Алтай

Уулга алдан сүүрсч

Дуулим дорно тал минь

Ууцаа нугалам хотойсон юм

Өстний сургаар унаагаа юүлээд

Өрхийн тэргүүн цэрэг болсон юм

Явуулын хүн шиг уяа хоослоод

Яаруу гээч нь мордоод явчих юм

Ган сэлмийн ир хялайвч

Чин сэтгэл дуулга болж

Гацсан замаг цэнэгээ баравч

Эр зориг цайз болж

Эх орны эр цэрэг

Их анд орос нөхөр

Газрын дөлийг атгаж унтраан

Гавъяа нэхэлгүй эрсдээ билээ

Булгих зүрхэнд эх орон

Буцлах цусанд эв олон

Алтан амиа бөхлөх юмтай

Аадрын үер шиг шаагисан эрс

Бууны сумаар мөндөр буусан

Бузар хэргийн зарга шүүж

Дайны талбарт эзний ёсоор

Дархан цолтой үлдсэн билээ

Хангал морьд дайнд омгорч

Хар үйлтэнд хамт өширч

Харайлт бүрдээ нутаг усаа

Харь хэлтнээс булааж байсан юм

Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож

Эр цэрэг хүлэггүйдэн явгарч

Эх орны алхам газрын төлөө

Эрчилсэн цусаа тогтоох завгүй

Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө

Эмээлийн бүүрэг даван унаж байхад

Ингэн сүү шиг мэлмий тал минь

Элгэн дээрээ зовлонг тэвчиж

Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь

Итгэлтэйеэ манаж байсан юм

Дайныг үүрч, дайныг туулсан

Тал, эр, морь гурав

Нэгэн хүйгээр амин холбоотой

Нутаг усандаа ээлээ өгч

Нэхэл хатуу тулаан дундаас

Нэрийг нь авч гарсан юм

Үхэл сэхэл хоёрт

Гомдол баяр үгүй

Үүрэг хүлээсэн цэрэг

Энэ гурав байсан юм

Цусаа юүлсэн амиар

Цулбуур алдарсан мориор

Цурам ч аниагүй талаар

Ялалт ирсэн юм

Ялалтын сүрээ туганд мандуулж

Ялсан урмаа дуунд шингээж

Явсан эрс буцаж ирсэн юм

Хонгио тэгэхэд дариа хоосолж

Хорвоо эмзэглэн амиа хоосолж

Аз жаргалын үнэ цэн

Асгарсан цусны төлбөр байсан юм

Дарийн хороор хонгио зэвэрч

Дайны гамшгаар дэлхий гасалж

Амь эрсдэн, газар шархадсан ч

Аз жаргал буцаж ирсэн юм

Герман, Япон хоёр тэр жил галзуурахад

Газар, элэг өмөрч дэлхий, зүрх шархадсан юм

Мал адгуус, хот балгас устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун өөрөө галзуурсан юм

Тавин таван сая амиар тэр галзууг номхруулж

Төчнөөн айл өрхийг хүүгээр нь нэрийдсэн юм

Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй тоглоомдоо улайрсан үрс

Эх орны дайнаас авлагатай хоцорсон юм

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй