2024-02-15
-ТЭНГЭРИЙН ХҮҮ-
2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар анх үзэгчдэд хүргэж байсан. Тус уран бүтээлийг 2024 онд шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Тэгвэл энэ жил тус жүжгийг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж, үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Анхны тавилтаар тус жүжгийн Модун Шаньюгийн дүрд МУГЖ Г.Эрдэнэбилэг тоглосон билээ.
ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ-
“PRO” театрын ээлжит шинэ уран бүтээл, сонгодог зохиол, Александр Дюма “Шадар гурван цэрэг” романы тайзны уран бүтээлийг физикл драмын жүжиг болгон Монголд анх удаа тавих гэж байгаа аж. Тус жүжгийг гуравдугаар сарын 1-нээс тоглох бөгөөд жүжигт “GANGBAY” хамтлагийн Баянаа оролцон тоглож байгаагаараа онцлог нэгэн дүртэй юм.
Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван найзтай болно. Эндээс дөрвөн найзын адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт зэргийг өгүүлдэг юм.
-ЭДИП ХААН-
“Bee” театрын уран бүтээлчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ахлах ангийн сурагчдад зориулан "Эдип хаан" жүжгийг тавьсан билээ. Тэгвэл энэ хавар дахин тоглож байгаа аж. Залуу жүжигчин Б.Баттулга энэ жүжгийн найруулагчаар ажиллахаас гадна Эдип хааны дүрд тоглож, жүжигчин П.Мөнхдэлгэр Крионтын дүрд, жүжигчин П.Энхжаргал Иокаста хатны дүрд ажиллаж байна. Энэхүү жүжиг нь гурван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг хүн тухайн жүжгийн таван дүрийг гаргах байдлаар буюу Софоклын эрин үеийн хэлбэрээр нь хүргэж байгаагаараа онцлог юм.
-ТОМ ЧИХТ ДАМБО-
"Маппет" хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ оны эхний бүтээлээрээ “Том чихт Дамбо” жүжгийг хүргэх байна. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Зөрүүд Гринч” жүжгийг хүүхэд, багачуудад хүргэсэн бол дараагийн бүтээлээ ийн танилцуулаад байгаа юм. "Маппет" болон "Про" театр нь Улсын Хүүхэлдэйн театраас хүрээгээ тэлж өрх тусгаарласан театрууд бөгөөд хүүхдүүдэд зориулсан олон бүтээлийг хүргэдгээрээ онцлог юм.
-КЛЕОПАТРА-
Бернард Шоу "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" жүжгийн зохиол "Монгол Театр"-ын анхны уран бүтээл "Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийг тоглох байна. Тус жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа тоглож байгаа юм. Харин тус жүжгийн ромын жанжин, Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонигийн дүрд жүжигчин П.Баттөр тогложээ. Жүжгийн ерөнхий зураачаар МУСТА Ч.Батболд ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор нь хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх ажиллаж байгаа аж.
ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ-
"Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжгийг гуравдугаар сарын 1-нээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд жүжигчин Ц.Алдармаа, Л.Сөрөлт, Ч.Баярмаа зэрэг уран бүтээлч тоглох байна. Тус театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" жүжгийг үзэгчдэд хүргэсэн юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд