2019-11-04
“Өдрийн сонин”-д элэг нэгтнүүдээ өмөөрсөн цуврал нийтлэлүүд удаа дараа гарч байв. “Ар монгол буюу төв Монгол нь өмнөд хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой” гээд бичиж байсан. Гэтэл монголчууд бид өмнөд монгол, буриад, тува, халимагуудынхаа диваажин нь байтугай тэднийг тамд барьж өгдөг хамгийн харгис цэвдэг ийм ард түмэн хэвээрээ байна. Дөнгөж саяхан Өмнөд Монголын иргэн ная орчим настай Л.Үнэнбаатар гэж өвгөнийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байхад нь албадан баривчлаад шууд Улаанбаатар руу ачиж “Ганц худагт” хорьсон. тэгээд манай хууль хяналтынхан Замын-Үүдийн хилээр Хятад руу гаргасан. тэр хөгшин одоо Хөх хотын шоронд хоригдож байна. одоог хүртэл өм-гөөлөгч болоод ар гэрийнхэнд нь нууцын зэрэглэлтэй гээд шүүхийн тогтоолыг нь танилцуулахгүй байгаа гэсэн. Үнэнбаатар гэж энэ хөгшин ерэн оны ардчилсан хувьсгалын үеэр хамаатан саднаа хайж Монголд ирээд тэднийгээ олж аваад энд суурьшиж 30 жил амьдарч байгаа хүн. орос, хятад, англи хэлнээс орчуулга хийдэг, бичгийн өндөр боловсролтой, Өмнөд Монголын их сургуулийг төгссөн, сансрын физикч мэргэжилтэй.
Манай олон бизнесмэнийг таньдаг, тэдэнтэй хамтарч ажилладаг, энэ өвгөний дэмжлэгээр олон хүн бизнесээ босгосон байдаг. Монголд элэгтэй түүнийг ялтан шилжүүлэх гэрээ гэх хуулиар манайхан Хятадын талд тушааж шоронд өгчихөөд байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ, Орос, Хятадын Ерөнхийлөгч нартай зузаан найрамдалтай байхдаа ийм гэрээнд гарын үсэг зурчихсан юм. тухайн үед “Өдрийн сонин” бас шүүмжилж бичиж байсан. Ер нь манай хоёр хөрш бидэнтэй найрамдахдаа хамгийн түрүүнд “Ялтан солих гэрээ” гээчийг байгуулдаг жамтай. төрийн айлчлал, шинэ засгийн бодлогын эхэнд уг гэрээ зоолттой яригддаг. Байгальмаа гэгч хар тамхи зөөсөн хүүхнийг авчрахын тулд Хятадтай ялтан шилжүүлэх гэрээ хийж байлаа. монголын төрийн удирдагчид тасарсан яс, үсэрсэн цус ахан дүүсээ харийн шоронд тушаагаад хариуд нь хар тамхичдаа авчирдаг ийм харгис гэрээ л дээ. Элбэгдорж хоёр хөршийнхөө удирдагчидтай сүрхий байхдаа гэрээнд гарын зурчихдаг юм байж. Гэрээнд гарын үсэг зурна гэдэг нэг хэрэг. Гэхдээ монголын төр заавал тэр гэрээг биелүүлж элэг нэгт ахан дүүсээ орилуулж харийн шоронд барьж өгөх нь буруу. Хэрвээ тухайн иргэн монгол Улсад ажиллаж амьдарч байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол Монгол Улсынхаа хуулиар шийтгэж, Монголынхоо шоронд хорих хэрэгтэй. тагнуул байсан ч өөрийнхөө хуулиар шийтгэдэг болъё. Хилийн чинадад гэмт хэрэг хийсэн бол бидэнд ямар ч хамаагүй. Өөр улсуудын хувьд буцааж өгөх нь хууль журмынхаа дагуу зөв байлгүй яахав. Харин монгол ястны хувьд ямар ч хамаагүй.
Монголчууд бидэнд өдий олон жил болоход монгол үндэстний гал голомт гэдэг амбиц яагаад суудаггүй юм бэ. Өнөөдөр дэлхий даяар монгол угсаа гаралтай 10 сая гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Дэлхий даяар монгол хэлээр ярьдаг тэрхүү арван сая иргэний гал голомт нь Монгол Улс юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол монгол үндэстнүүдийн их нийслэл юм. Гэтэл монгол үндэстний их гал голомт нь, өмгөөлж хамгаалдаг өмөг түшиг нь, итгэл найдвар гэдэг ойлголт эрх баригчдад болоод жирийн иргэдэд суухгүй байгаа нь харамсалтай. Монгол үндэстэн ахан дүүсээ хайрлаж хамгаалах ойлголт, тэдний өмөг түшиг шүү гэх амбицыг монгол хүн бүрт суулгах цаг нь болжээ. Манайхаас өөр улс орнууд элэг нэгтнээ хамгаалж болоод л байна. Хамгийн наад захын жишээ гэхэд хойд солонгос байна. Тэнд ямар ч гэмт хэрэг хийсэн хүн улсынхаа хилээр мултарч чадах л юм бол өмнөд Солонгосын төр нь шууд иргэншил олгож орон байраар ханган сар бүр цалингийн доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж өгдөг. Тэгээд зогсохгүй үндсэн мэргэжлийнх нь дагуу сургуульд хамруулж боловсол эзэмшүүлнэ. Ингэж Солонгосын төр засаг хойд солонгоос дүрвэж ирсэн хан үндэстэндээ хүндэтгэлтэй хандаж эрх чөлөөг нь эдлүүлдэг. Бид солонгосуудаас дор байхдаа яадаг юм. Монголчууд бид өмнөд, дээд монгол, тува, халимагаасаа юм гуйх болохоороо элэг нэгт ахан дүүс минь гээд даль даль хийцгээгээд байдаг. Ядраад Монголынхоо гал голомтыг түшихээр ирэхэд нь ингээд шоронд бариад өгдөг цэвдэг хүйтэн сэтгэлтэн, цэвдэг төр засаг гэж биднээс өөр байна уу. Үнэнбаатар хөгшнөөс гадна монголчуудын элэг нэгтнээ харийнханд барьж өгсөн жишээ олон бий. Өмнөд Монголын Зүүн сөнөд хошуунаас Монгол Улсад ирээд МУИС төгсч, монгол бүсгүйтэй ханилсан Норовцэдэнгийн Алхаа гэж залуу бий. Монголд 25 жил ажиллаж амьдарсны эцэст түүнийг монголоос хөөн гаргасан. Мөн ролмаажидийн Цэнгэл гэж залуу байна. Бас л 25 жил монголд амьдарч байгаа. Гэтэл кино найруулагч Бадамрагчаатай хамтарч төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан кино хийх гэж байна гэх үндэслэлээр хоёр жил шоронд хорьсон. 30 хоног хуурай өлсгөлөн зарлаад шоронгоос гарч байсан. Энэ мэтээр монголоос хөөгдөж гарсан өмнөд монголчууд маш олон байдаг. 1990 оноос хойш монголд элэг нэгтнээ гэж тэмцэж ирсэн 1000 орчим хүн бий. Тэднээс цөөхөн нь л монголд үлдэж, өнгөрсөн хугацаанд олонх нь АНУ, Норвеги, швед, Герман, Англи, Франц руу цагаачилсныг судлаач Г.Ням-очир хэлсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө мэргэж гэж өмнөд монгол залуу бэлчээр нутгаа хамгаалсныхаа төлөө машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэр үйл явдлын маргааш гэхэд Монголд цагаачлах хүсэлтэй байсан 40 орчим иргэн нэгэн зэрэг АНУ руу гарч байсан түүхтэй. Монгол Улсаас Хятад улсад хүн хүлээлгэж өгнө гэдэг ямар хүнд хэцүү зүйл болохыг мэдэх хүмүүс нь хэлдэг. Тэднийг Монгол Улсаас газрын хилээр буюу Замын-Үүдийн боомтоор гаргадаг. Ингэхдээ толгойнд нь хар уут углаж, хөлийг нь дөнгөлөөд, гарыг нь гавлаад туугаад гаргадаг. Ядарч яваа элэг нэгтнээ хайрлах биш харин ч эсрэгээр нь хууль хүчний байгууллагынхан дээрэмддэг, тонодог, дарамталдаг. Өмнөд монголчуудыг тонож дээрэмддэг хүмүүс нь гадаадын иргэн харьяат, прокурор, тагнуул, цагдаа орсон бүлэглэл хүртэл байгааг “Монгол хүн монгол хүндээ тусалъя” нийгэмлэгийнхэн мэдэгдэж байсан.
Элэг нэгтнүүдээ ингэж харгис дээрэнгүй ханддаг хэрнээ бидэнд ямар ч хамаагүй хазаруудыг монгол цустай гээд өргөмжлөхийг хараад ой гутдаг. Хазар монгол ч гэх шиг. Тэд манайд ямар ч падгүй. Мөнгөтэй бол долигонодог монголчуудын долигонуур зусар зан байна. Ядарсан нэгнийг үзэж чадахгүй, нэг нүдээрээ харахгүй хэрнээ дэлхийн нэг зартай луйварчин орж ирээд би монгол цустай гэвэл төр засгийн тэргүүнээсээ аваад яаж муухай долигонож өмнө нь сөхөрч унах бол. Стивен сигалыг монгол цустай гээд л 100 эрхэмдээ оруулаад мандуулаад байсан. Ерээд онд шиг санагдана. Данийн нэг зартай луйварчинг Монголын иргэн болгож эвий халай гэж томтой жижиггүй хөл алдацгааж байсан. Тэгтэл тувагийн Аяс монгуш гэж бөх ирээд цагаан сараар Монголын төрт ёсны баярт зодоглоход бид яаж хавчиж, дээрэлхэж гадуурхаж байлаа. Монгол бол элэг нэгтэндээ ингэж хатуу харгис ханддаг өөдгүй хүмүүс.
Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Монголын төр элэг нэгтэн ахан дүүсээ монголдоо ирэхийг уриалж байсан. тэрхүү уриалгыг бодлого болгож хэрэгжүүлмээр байна. Наад зах нь туслах ажилтан авахдаа хүртэл бид Өмнөд монгол, Хөх нуурын монголчуудаа авдаг болох хэрэгтэй. Бидний хаяанд байгаа Казахс тан гэхэд үндэстэн ястнуудаа дуудаад улс байгуулж байна. Бид юугаараа дутах юм бэ. Дэлхий дахинд байгаа монгол үндэстнээ дуудаж тэдэнд нутаг зааж суулгах цаг нь болсон. Баян-Өлгий гэж баруун алтайн ёстой диваажин болсон уул устай сайхан нутаг бий. Цөөн хэдэн казах үндэстэн тэнд аж төрдөг. Баян-Өлгийн тэр сайхан нутагт казахуудтай хамт элэг нэгт ахан дүүс маань амьдраг л дээ. монголчууд бид алийн болгон ийм нэг үхээнц гуйлгачин сэтгэхүйтэй байх юм бэ. Тусгаар улс болоод 100 гаруй жил боллоо. Одоо аливаад зангараг зааж улс шиг улс, гүрэн шиг гүрэн болж Монгол үндэстний их гал голомт гэдгээ мэдэрч хөгжиж дэвжмээр байна.
Эх сурвалж: DNN.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд