Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал

2019-04-18

Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал

Эчнээ танил элдэвтэй хөөрхөн, бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийг хоёр жилийн өмнөөс монголчууд таньж мэддэг болсон. Харахаар хайр хүрнэ, дууг нь сонсохоор өхөөрдөж хайрлана. Нэг тийм адтай хүүхэд шүү, харцнаас нь хайр гэрэлтэж, уруул давах үгнээс нь ухаарал урсана.

Хоёр жилийн өмнө гавьяат жүжигчин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дуугаар олноо танил болон гарч ирсэн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн урын сан арвин болжээ.

Тэрбээр хайртай багшийнхаа уран бүтээлүүдээс сорчлон дуулсан байдаг. Тухайлбал, “Дорнын намуухан Отгонтэнгэр”, “Ухаарлын дуу”, “Ээжтэй орчлон”, “Дөрвөн улирлын өнгө” гэх мэт олон дуутай. Одоо ч тэд хамтран шинэ уран бүтээл дээр ажиллаж байна.

Тэднийг 80 настай буурлаас найман настай балчир хүртэл хүлээж догдолдог болж. Тоглолт хийх, шинэ уран бүтээл төрүүлэхийг нь чих тавин сонсдог болжээ.

Б.Бат-Энэрэл өнгөрсөн амралтын өдөр анхны бие даасан “Сэтгэлэн Залбирлан” тоглолтоо өөрийнхөө фэн үзэгч түмэндээ өргөн барилаа. Хүний сэтгэл, тус буян гэдэг ямар сайхан юм бэ. Өөрөө харааны бэрхшээлтэй ч өвчиндөө шаналж буй үеийнхээ хүү Э.Маргад-Эрдэнэ хүүд тоглолтын орлогоо 100 хувь хандивлаж, эрүүл саруул болоход нь том хувь нэмэр оруулав. Бяцхан чамаар бахархаж байна.

Гоц авьяастан Б.Бат-Энэрэл Монголдоо төдийгүй Азидаа нэртэй, зүстэй, хайрлагдсан хүү болжээ. Их хөөрхөн хэвлүүхэн хэрсүү, цовоо цолгиун дуучин хүүг Монголын ард түмэн хайрлаж өхөөрдөж, хүндэтгэдэг. Урд хөршид уригдаж залагддаг болсон дуучин хүү багшийнхаа хамт кинонд тоглох урилга хүлээж авсан юм гэнэ лээ.

 

Дуунд дуртай хайртай ард түмнээ хөгжөөж, цэнгүүлж чаддаг бяцхан “бие” тархи, ухаан. Дуулсан дууг нь чихээрээ биш зүрхээрээ сонсоод үзээрэй. Бараг багшийнхаа энд хүртлээ “урлаж” чадаж байна, гайхалтай.

Эх орноо, элгэн саднаа, ижий ааваа магтан дуулдаг хүүгийн “Ээжтэй орчлон” дууг сонсохоор өөрийн эрхгүй сэтгэл минь өмөлзөнө. Сургааль хэлдэг ижийтэй хүндээ, сунаж мөргөдөг тэнгэртэй хүндээ.

“Борлог уулс нь шуургилаад ирэхээр 
Бодлын минь дэргэд миний л ээжий
Тэрлэг дээлэндээ жиндээд эхлэхээр
Тэнгэрийн минь энүүхэнд миний л ээжий
Малгайг минь засдаг мутартай хүндээ би
Магнайдаа хүргэдэг судартай хүн дээ” гэж цангинтал дуулахыг нь та сонсоод үзээрэй.

Ямар уярам, хайрлам гэж санана. Б.Бат-Энэрэлийн нэг онцлог бол дуугаа дуулахдаа нүдээ аниж сэтгэлдээ бясалгал хийдэг. Аньсан нүдэндээ ачлалт сайхан ээжийгээ, эх орноо, уул усаа төсөөлж, харж дуулдаг хүү. Хоолойны өнгө аяс, гаргаж байгаа үйлдэл гээд үнэндээ бурханлиг өвөрмөц хүү. Имиж нь хүртэл их хөөрхөн харагддаг.

Уул усны сахиустай шүтэн барилгатай болов уу гэмээр их сонин хүү. Амнаас нь гарч байгаа үг болгоныг нь анзаараад сонсоход яах аргагүй амьтай үг хэлдэг. Түүнд хэн ч зааж өгөөгүй, түүний хэв маягийг хэн ч тодорхойлоогүй, өөрийнхөөрөө л байгаа нэгэн. Амьтай болгоныг ариглан гамнаж, хайрлаж хамгаалдаг юм билээ.

Түүний шүтээн хайрхан бол яах аргагүй олныгоо дааж явдаг оройн дээд чимэг болсон Отгонтэнгэр хайрхан, мөн Цамбагарав. Унасан газар, угаасан усаа сүсэглэн биширч, шүтэж хайрладаг их эрдэм чадалтай.

Одоогоос хоёр жилийн өмнө “Одхан тэнгэр амьтай уул шүү. Цасан дээр нь гарвал нурна” гэж ярьж байжээ. Гэтэл удаагүй айхтар осол гарч тэр ууланд 17 амь “нүүсэн” байдаг юм. Ийм л мэдрэмжтэй, зөн совинтой хүү.

Тэрбээр “Би гэртээ бясалгаж суухад хамгийн түрүүнд миний нүдэнд “Одхан тэнгэр” харагдсан. Надад нэг л өөрийн юм шиг санагдсан. Амьд уул юм, ард түмэн хайрлаж явах хэрэгтэй шүү” гэж ярих нь ямар ухаантай юм бэ. Түүнийн чин сэтгэл, мөн чанар нь гайхмаар гэж хэлж болно.

Тоглолт дээрээ “Одхан тэнгэр”, “Цамбагарав” дуугаа дуулахдаа сахиус буусан юм шиг “аашилав”. Түүний үйл хөдлөл, үг яриа бүгдийг хэлнэ дээ. Зүрхэн дээрээ гараа тавих, сунаж мөргөх, завилж суух нь яах аргагүй ер бусын нэгэн гэдгийг нь илтгэж, эртний ерөөл мэт.  Дуун дээрээ жижиг алдаа гаргасан ч түүнийгээ мэдэгдэлгүй засаад явчихдаг. Хөгжмөө мэдэрч дуулж чаддаг гээд түүнд авууштай чанарууд олон бий. Мэргэжлийн дуучдаас дутах юм алга түүнд.



Эрэгтэй, эмэгтэй багшийнхаа ээлэнд өдий зэрэгтэй явна даа 
 

Б.Бат-Энэрэл маань бондгор, бүлтгэр хоёр багштай, бяцхан Эми найзтай. Тэдэндээ төрсөн хүүхэд нь юм шиг аашилна. Эз дийлнэ, аз дайлна гэж янзын.

Эрэгтэй багш нь гавьяат С.Батсүх бол эмэгтэй багш нь түүний гэргий С.Рэнчинпагма. Энэ хоёр Б.Бат-Энэрэлийн бүх зүйлийг ээж, эмээгээс нь дутуугүй зохицуулахаас гадна эмэгтэй багш нь хичээлд нь зөөх авах гээд ажилтай байдаг гэсэн. Урд цагийн ерөөлтэй багш шавийн барилдлагатай хоёр. Энэ хоёрыг төөрөлдөж учирсан аав, хүү гэж ярьдаг ч зарим хүмүүс Баагий гавьяатын хойд дүр ч гэлцэх юм. Эрэгтэй, эмэгтэй багшийн ээлэнд өдий зэрэгт яваа өөрийгөө азтай гэж боддог.

С.Батсүх гавьяат хүн баярлуулах гэж төрсөн болов уу. Түүнд азжаргал, хайр, хүн чанар халгиж цалгиж байдаг буянтай нэгэн. Гаргаж байгаа сэтгэл хүртэл далай юм шигээ. Баагий гавьяатын хувьд багаар ажиллах дуртай бас чадвартай. Залуу үеийг их дэмжиж гаргаж ирдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Завхан нутгийнхаа “Очирваань уул” холбооны залуу уран бүтээлчдийг бүгдийнх нь урлагийн замналыг тавьж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтай. Тиймээс нутгийнхаа дуучидтай их ойр ажилладаг. Б.Бат-Энэрэлээс гадна нэгэн өвөрмөц стильтэй ятгатай, багтай залууг гаргаж ирж байгаа юм билээ.

Б.Бат-Энэрэлийг багш нь “Төрмөл авьяастай хүүхэд болохоос таримал авьяастай биш шүү” гэж тодотгож хэлсэн удаатай.

Хайртай багштайгаа хамтарч олон уран бүтээл хийж, цөөнгүй тоглолт хийжээ. Гавьяатын хувьд гараасаа хөтөлж гаргаж ирсэн гэж хэлж болно. “Сэтгэлэн залбирлан” тоглолтын зохиолыг багш нь бичжээ. Үзэгчдийг догдлуулсан, уйлуулсан, инээлгэсэн, хөгжөөсөн, баярлуулсан сайхан тоглолт болсон.


Эрэгтэй багштайгаа
 

Ээж бол дэлхийн диваажин
 

Багш, шавь хоёрын дунд ярьсан хөөрсөн, ажил хэрэг болгосон зөндөө яриа бий. “Багшаа, ээж бол энэ дэлхийн диваажин. Миний хайртай хүн бол яах аргагүй ээж минь юмаа” гэж хэвлүүхэн ярих хүүгийн ганц хайртай хүн нь тээж төрүүлж, тэтгэж өсгөж яваа Болормаа ээж нь.

Ээжийгээ ерөөж, эх дэлхийгээ магтан дуулдаг. “Алган дээрээ бөмбөрүүлсэн, айлын хооронд үүрсэн, азаа буурал ээжийнхээ ачийг нь яаж хариулна даа” нүдээ аниад цангинтал дуулах нь ямар өхөөрдөм гэж санана. Араас нь залгуулаад “Энэ л амьдрал надад дэндүү танил юм шиг” гээд эвлэгхэн дуулахаар нь эртний танилууд юм шиг санагдана.

Б.Бат-Энэрэл өөрийгөө эх оронч гэж тодотгоно. “Нэг удаа цав цагаан цас зүүдэлж сэрж байсан. Дэлхийн диваажин Монголд минь байна. Эх орныхоо эзэн болж төрснөөрөө ихэд бахархдаг. Яалт ч үгүй сайхан орон шүү. Газар дэлхийтэйгээ хамаагүй харьцвал шувууны мөрнөөс өөр зүйл үлдэхгүй шүү” гэж сургааль айлдах нь хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгана. Ертөнцийг үзэх үзэл нь хүртэл нэг тийм ер бусын хүүхэд.

Ёстой олныхоо хайранд өлгийдүүлж, хайрлагдаж явах заяатай төрсөн, төөрөг тавилан нь төгс төгөлдөр хөөрхөн хүү юм билээ. Нуль хайр, нуль сэтгэл мэдрэмж үнэртэнэ.



Ээжтэйгээ, эгчтэйгээ 

                                                 
Аавыгаа санадаг юмаа би....        

 

“Дуулж явах маш гоё. Ээж аавыгаа хайрлаж явбал энэ дэлхийд элэг бүтэн байна аа” гэж ярих Б.Бат-Энэрэл аавын тухай “Аавын сэтгэл” гэсэн шинэ дуу дуулжээ.

“Энэ орчлонд аавгүй хүн гэж байхгүй. Амьтай бүхэн ааваас эхтэй. Тэр ч бүү хэл аавгүй араатан ч гэж байдаггүй юм” гэж гавьяат жүжигчин Л.Чаминчулуун хэлсэн юм. Дууны үг, өгүүлэмж аялгуу гэж бяцхан хүүд янзын зохицжээ.

“Ааваа та байгаагүй бол 
Ээжийн нар хаанаас мандах вэ
Ариухан биеийг хайрлаагүй бол
Ховорхон заяаг хаанаас түших вэ”... гэж намуухан дуулж, дундуур нь “Аав минь байгаагүй бол би байхгүй байх байсан. Агаар нэг аавыгаа алсынх гэж боддоггүй ээ, Тэнгэр нэг аавыгаа тэртээх гэж боддоггүй ээ би” уншихад үзэгчид өрөвдөж, хайрлаж мэгшиж нулимсаа арчсан. Өөрөө ч тайзан дээр уйлж, ухаарч дуулсан.

Нээрээ л ижий аавыгаа хайрлах нь энэ хүүгийн нинжин сэтгэл. “Би энэ дуугаа дуулахаар амьтай бүхнийг хайрламаар санагддаг юм. Аавыгаа санадаг. Аав минь намайг харж байгаа даа. Ээжийгээ дуулсаар байгаад Солонгосоос авчирсан. Харин одоо аавыгаа дуулаад ойрхон явъя даа” гэж даруухан ярихад нь өөрийн эрхгүй гол зурагдаж, сэтгэл өмрөх шиг.

Б.Бат-Энэрэл хүүгийн хүсэл мөрөөдөл том болоод ард түмнийхээ, арван сар тээж төрүүлсэн ээжийнхээ ачийг заавал хариулна. Миний төлөө гэсэн хүн бүхний үйлс нь цагаан амьдралынх нь зам нь дардан байх болтугай. Ээжийнхээ ачийг заавал хариулна аа гэж ярих нь үнэхээр ухаантай үр гэдгийг илтгэнэ.

Бяцхан гоц авьяастай хүүгийн тоглолтыг үзсэн үзэгчид “Энэ хаваржингаа зунжингаа өег сайхан цатгалан явах байхаа” гээд тоглолтын танхимаас гарч байна билээ. Орчлонд, олон түмнийхээ хайранд өлгийдүүлж хайрлагдах заяатай төрсөн,  дуун тарниар баяр баясал, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг дуучин хүүд сайн сайхныг ерөөе.




Эгчтэйгээ... 



Ээж, эмээ нь...


Эмэгтэй багштайгаа...

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тэд бидний тухай: Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот байхаа больсон...
Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо “Дижитал эрин дэх хяналт” сэдвээр чуулж байна
15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ
Иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо
Машин сургалтын алгоритмаар зүрхний шигдээс өвчнийг оношилно
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ
Goal сайтын тодруулсан шилдэг 25 хөлбөмбөгчийн жагсаалтыг Ван Дейк тэргүүлж, Месси удаалав
Хонгконг сүйрч байна
“Аав намайг гурван удаа хүчирхийлсэн, ээжийг минь зоддог болохоор ээждээ энэ тухай хэлээгүй”
Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”