2019-04-17
850 жилийн нүүрийг үдэж буй түүхэн дурсгалт Парисын Дарь эхийн сүм (Нотр Дам) галд автсан нь ердийн нэг байгууламж шатсантай адилгүй билээ. Парисын зүрхэн тушаа байрлах уг сүм XII зуунд баригдсанаас хойш Францын түүхийн гэрч болон үлдэж, эдүгээ дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин зорин ирдэг түүхэн үнэт дурсгалуудын тоонд багтдаг.
Та бүхэнд Дарь эхийн сүмтэй холбоотой 9 баримтыг хүргэж байна.
1. Жуулчдыг хамгийн татдаг Францын түүхэн дурсгал
Олон улсын жуулчдын хамгийн их зорьдог улсуудын нэг бол Франц. Гэвч тэдгээрийн ихэнх нь Эйфелийн цамхагийг биш Дарь эхийн сүмийг үзэхээр ирдэг аж. Тодруулбал, жилд 13 сая, өдөрт 35 мянган хүн Нотр Дамыг үзэж сонирхохоор Францыг зорьдог гэсэн үг.
2. Сүм ариун дагшин газар баригджээ
Сүмийн сууринд өмнө нь Лютеци гэх нэрээр танигдсан эртний Ромын хот байсан гэж үздэг. Тус хотын МЭӨ 52 онд барьж байгуулсан бөгөөд хот хоёр хэсэгт хуваагддаг байв. Баруун хэсэг нь хот байдлаар өргөжин тэлж, Ромын удирдагчид ирэх үедээ морилдог байж. Харин хотын зүүн хэсэг нь тахил, сүсэг бишрэлийн зан үйл хийдэг газар байжээ. Дундад зууны үед тус байгууламжийг Хааныг ордноор сольж, сүүлд Дарь эхийн сүм боссон байдаг. Сүмийн барилгын ажил 1211-1285 оны хооронд үргэлжилжээ.
3. Парисын тэг цэг
Дарь эхийн сүмийн өмнө байрлах найман өнцөг бүхий хүрэл од нь Парисын тэг цэгийг заасан тэмдэг бөгөөд хаашаа ч явсан энэ цэгээс эхлэн хэмжиж эхэлдэг байжээ.
4. Сүмийн хонхнууд өөрийн гэсэн түүхтэй
Дарь эхийн сүмийн хонхнуудыг Марие, Эммануэль, Габриель, Анна Женевьева, Денис, Марсел, Этиенне, Бенедикт Иосиф гэхчлэн нэрийджээ. Гэвч нэрнээс илүүтэйгээр эдгээр хонхны гаргадаг дуу өөр өөрийн гэсэн онцлогтой. Энэ талаар Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” зохиолд сүмийн ур хийц, бүтэц, тэр бүү хэл хонхнуудын талаар нарийн дүрсэлсэн нь бий. Харамсалтай нь одоо буй хонхууд нь 600 жилийн өмнө сүмд байрлуулж байсан хонх биш гэнэ. 1791 онд буюу Францын хувьсгалын дараа Дарь эхийн сүмийн ихэнх хонхуудыг буулгаж, их бууны сум хийхэд ашиглажээ. Харин шинэ хонхыг XIX зууны дундуур дахин бүтээж, сүмд суурилуулсан байдаг.
5. Чулуун урлалыг хожим бүтээжээ
Готик хэв маягийг илтгэсэн мангасын сийлбэрүүд (Gargoyle) жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Ихэнх хүмүүс тус сийлбэрүүдийг сүмийг анх барихад бүтээсэн гэж боддог ч эдгээр нь 150 орчим жилийн настай аж.
6. Сүмийг Квазимодо “аварчээ”
Францын хувьсгалын үеэр сүмийн барилга ихээхэн сүйдэж, шашны үйл хэрэгт бус агуулахын зориулалтаар ашиглагдах болжээ. Харин 1804 онд Наполеон Бонапарт Дарь эхийн сүмд өөрийгөө Францын Эзэнт гүрний захирагчаар өргөмжилсний дараа сүм дахин сэргэж эхэлсэн байна. Харин 1831 онд Виктор Хюгогийн алдарт “Парисын Дарь эхийн сүм” зохиол гарч, олон зууны турш хүмүүсийн төдийлөн анзаарч хардаггүй байсан сүмийг дэлхий нийтэд танил болгожээ. 1841 онд Засгийн газраас Дарь эхийн сүмийг аврах тусгай тогтоол гаргаж, сэргээн засварлах ажил 1845 оноос эхэлжээ.
7. Сүмийн дээвэр XII зууны өнгө төрхөө хадгалж үлдсэн байв (гал гарахаас өмнө)
Дарь эхийн сүм нь 127 метрийн урттай, 48 метрийн өргөнтэй, орой хэсэг нь гэхэд 43 метрийн өндөртэй юм байна. Дээврийн хэсэг нь бүхэлдээ XII зууны өнгө төрх, бүтцээ хадгалж үлдсэн бөгөөд (сая гарсан галын улмаас тус хэсэг бүхэлдээ сүйдсэн) модоор хийсэн аж.
8. Сүмд хаадын титэм залах ёслолыг олноор үйлддэг байжээ
Дарь эхийн сүмд VII Карл тэргүүтэй Францын олон хаад титэм залах ёслолоо үйлдэж байжээ. Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн талд библийн судрын 28 алдарт хаадын баримал байх бөгөөд тус бүр нь Францын хаадын бодит дүр ажээ. Гэвч Францын хувьсгалын үеэр хаант засаглалд дургүйцсэн ард олон 28 баримлын толгойг авч эсэргүүцлээ илэрхийлсэн гэдэг. Харамсалтай нь тэдгээр хөшөө Иудейн хаадын үед хамаарах дурсгал байжээ.
9. Сүмийн барилга алтан харьцааг барьдаг
Дарь эхийн сүм нь өөр өөр хэмжээтэй харагдах ч адилхан 35 метрийн өндөртэй таван танхимаас бүрддэг. Харин бүтэц, зохион байгуулалтын хувьд уран бүтээлийн төгс төгөлдөр хэмжигдэхүүн болох алтан харьцааг баримталдаг аж. Алтан харьцаа (1:1.61) гэдэг нь хорвоо ертөнц дээр байгаа хамгийн жижгээс хамгийн том хүртэлх бүхий л зүйлд байдаг хамгийн зохистой тоон харьцаа. Алтан харьцааг эртний Грек, Египетчүүд ч барилга, урлагт ашиглаж байсан агаад энэ харьцаагаар хийсэн ямар ч бүтээл хүний нүдэнд хамгийн сайхан харагддаг аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд