Жил бүр гарах магадлалтай долоон халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2019-03-04

Манай улсад жил бүр гардаг халдварт өвчнүүд түүнээс сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай хамтран бэлтгэснээ хүргэж байна.

Ямар халдварт өвчин аль улиралд гарч, хэн өртдөг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүлээн авна уу.

НЭГ. X-VI сард буюу есөн сарын турш томуу томуу төст өвчний дэгдэлт үргэлжилдэг

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд өвчлөл эрс нэмэгддэг тул дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажилладаг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Улирлын томуугийн вакцин хийлгэхээс гадна дархлаагаа дэмжих, гарын ариун цэврийг сахих гэх мэт энгийн аргуудыг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой.

ХОЁР. Улаанбурханы халдвар мөн хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай

Улаанбурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Улаанбурхны халдвар авсан даруйд шинж тэмдэг илрэхгүй ба нууц үе нь 9-11 хоногийн хугацаанд өрнөдөг тул халдвар авснаа мэдэлгүй бусдад халдвар тараадаг.

Манай хөрш зэргэлдээ орнуудад улаанбурхан өвчин гарч буй эрсдэлтэй энэ үед өвчлөлөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалт гэдгийг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс зөвлөж байгаа юм.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Товлолын дагуу найман сар болон хоёр настай хүүхдүүдээ заавал улаанбурханы дархлаажуулалтад хамруулах
  • Өвчлөлөөс хамгаалах хамгийн найдвартай арга бол дархлаажуулалт тул насанд хүрэгчид ч ХӨСҮТ-д хандаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. /Дэлхий дахинд дархлаажуулалтад хамрагдаагүй 10 хүн тутмын 9 нь өвчилсөн байдаг/.

ГУРАВ. II-V сард Агаар дуслын замаар дамждаг Менингоккокын халдвар гардаг

Менингококк нь агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар бөгөөд жилд дунджаар 10 хүн энэ халдварыг авдаг байна. Уг өвчний халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Өвчнөөс сэргийлэхийн тулд хувийн болон орчны ариун цэврийн дэглэмийг сайтар баримтлах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна вакцин хийлгэж болно.
  • Сайн дурын дархлаажуулалт хийлгэхэд ямар нэг хориглох заалт байхгүй хэдий ч тарилга хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авах шаардлагатай. Мөн вакцинд 6 сартайгаас дээш насныхан хамрагдах боломжтой.

ДӨРӨВ. Хаврын улиралд дэгдэлт нь нэмэгддэг өвчнүүдийн нэг нь сүрьеэ

Хэрэв танд удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандаж үзүүлээрэй. Бүх шатны эмнэлэгт сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа.

Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  •     Дархлаажуулалтад хамрагдах
  •     Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  •     Амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  •     Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
  •     Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
  •     Биеийн дархлааг сайжруулах

ТАВ. Гэдэсний халдварт өвчнүүд VI-IX  сар буюу дулааны улиралд нэмэгддэг

Сальмонэллёзын халдвар нь VI-VII сард ,цусан суулга нь VII-IX сард гардаг гэдэсний халдварт өвчин. Хөрсний бохирдолтой холбоотойгоор цусан суулга, сальмонэллёз  халдвар зэрэг халдварт өвчнүүд гардаг байна.

Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах, угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  • Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
  • Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
  • Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
  • Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
  • Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
  • Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
  • Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх.

ЗУРГАА. IX сараас энтеровирусээр үүсгэгддэг гар хөл амны өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байдаг

Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг.  Энэ халдварт өвчин ЕБС-ийн хичээл эхлэх үеэр нэмэгдэж, бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Гарыг сайтар савандаж угаах;
  • Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
  • Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
  • Улиралд тохируулан хувцаслах;
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  • Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
  • Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
  • Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
  • Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
  • Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
  • Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
  • Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
  • Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах;

ДОЛОО. Улирлаас үл хамааран гардаг хоолны хордлогот халдвар

Хоол үйлдвэрлэгчид буюу хүүхдийн хоол бэлтгэж буй цайны газруудад технологийн горим алдагдсанаас хоолны хордлого болох эрсдэл үүсдэг. Мөн ахуйн хүрээнд ч түгээмэл гардаг байна.

Өнгөрөгч оны сүүлчээр ЭМЯ-наас мэдээлэл хийж улсын хэмжээгээр хоолны хордлогот халдварын тоо нэмэгдэж байгааг хэлж байсан. Тухайлбал, 30-аас дээш хүнийг хамарсан хэд хэдэн хордлого, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байранд гарч 71 хүүхэд өвчилсөн халдварыг нэрлэж болох юм.

Хамгийн сүүлд гэхэд сар шинийн баяраар KFC сүлжээ хоолны газрын Зайсан салбараар үйлчлүүлсэн 240 гаруй иргэнд хоолны хордлогын эмнэлзүйн шинж илэрсэн билээ.

Цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй.

Мөн өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө,бие зассаны дараа гараа угаах  
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй