2019-02-27
Хилийн 0306 дугаар анги Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-ны баярыг угтан ХЦАХ-дын дунд Эхийн хайр захидлын уралдааныг зохион байгуулжээ. Тус уралдаанд тэргүүн байр эзэлсэн ахлах байлдагч Ц.Гэндэнсүрэнгийн захидлыг одоо хүргэе.
Бидний ажлыг дэмжин мэдээлэл ирүүлсэн Хилийн 0306 дугаар ангийн хамт олонд баярлалаа. Энэ мэтчилэн бусад хилийн анги салбаруудаас ч гэсэн олон олон захидал, мэдээ, мэдээлэл манай цахим хуудсанд хаяглагдан ирнэ гэдэгт итгэлтэй байна.
ЭХИЙН ХАЙР
Сайн байна уу? Хайрлан энэрэх халуун сэтгэл, хамаг бүхнийг минь ухааруулан сургасан хайрт ээж минь та сайн сууж байна уу?
Хүү нь наран ургах алс зүүн хязгаар Мэнэнгийн талаас ургах нартай уралдан энэхүү захиагаа бичиж сууна. Хүү нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэрэгт тэр тусмаа хилийн цэрэгт алба хааж байгаагаараа омогшиж өөрөөрөө болон таниараа бахархаж байна. Тэртээх 1996 оноос хойш өдий хүртэл хорвоогийн сайнтай бараантай бүхий л зүйлийг үл хайхран ганцхан хүүгийнхээ төлөө гэсэн сэтгэлийг тань энэ хорвоо дэлхийн юутай ч зүйрлэшгүй билээ. Хүүгийнхээ төлөө нойргүй хоносон шөнө бүрийг, залбирч мөргөсөн өглөө бүхнийг хүү нь хэзээ ч мартахгүй. Цэрэгт ирээд мандах нарыг харах бүртээ таныгаа нүдэндээ төсөөлж эрч хүч энергээ авдаг юм шүү. Ээжээ хүүгээ уурлуулж, гомдоож байсан бол үнэхээр УУЧЛААРАЙ. Хүү нь албаа нэр төртэй хаагаад хайрт ээжийнхээ ачит хүү нь байх болно.
Бүүвэйн дууг нь сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг юм
Бүлээн сүүг нь залгилж өссөн юм болохоор сэтгэл минь цагаан байдаг юм
Ээжээ хүү нь таны үргэлжлэл шүү...
Хайрт ээждээ удахгүй болох мартын 8-ны баярын мэндийг хүргэе.
Хүү нь тандаа хайртай шүү
Ямар хүү төрүүлснээ ээж минь минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй.
Таныгаа хүндэтгэсэн: Хүү Ахлах байлдагч Ц.Гэндэнсүрэн
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд