Сурвалжлага: Аав, ээжийнхээ хүзүүнээс салахгүй зуурсан хүүхдүүдийн уйлж халуурсан, бөгшүүлж ханиалгасан өрөвдөм дүр төрх

2019-01-11

Шинэ жилийн баярын дараа “А” хүрээний вирус болох H1, N1, H3, N2  зэрэг улирлын томуу үүсгэгч вирүс дэлгэрч, хүүхдүүдийн ханиад томуу хүндэрч, эмнэлэгт хэвтэх нь эрс нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсөн.

Тодруулбал, Шинэ жилийн дараах сүүлийн тав хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Шалтгаан нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах үндэслэл болсон. Хоёрт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн нь хүүхдэдээ халдвар тараах нөхцөл болж байгаа аж.

Зөвхөн нийслэлийн эмнэлгүүдэд хоёр мянга гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэл байна

Хамгийн сүүлд танилцуулсан мэргэжлийн байгууллагын судалгаагаар томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд буюу нийт өвчлөгсөдийн хамгийн их хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм байна.  

Мэдээж өвчлөлд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол агаарын бохирдлын асуудал.

Үүнээс үүдэж өрхийн эмнэлгээс эхлээд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хүүхдээ тэвэрсэн аав ээжүүдийн хөлд дараатай байна. Тиймээс бид дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэр байгааг сурвалжлахаар хамгийн их хүн амтай гэгддэг Баянзүрх дүүргийн эмнэлгийг зорилоо.

Эмнэлгийн хүлээн авахын хаалгаар ороход аав, ээжийнхээ хүзүүнээс салахгүй зуурсан хүүхдүүдийн уйлж халуурсан, бөгшүүлж ханиалгасан өрөвдөм дүр төрх нүдэнд тусав. Харамсалтай нь ийм байдал зөвхөн тус эмнэлэгт биш өрхийн болон хувийн эмнэлэгт яг ижил байгааг олон нийтийн сүлжээнд эцэг эхчүүд онцолсоор байгаа юм. 

Бид үзлэгийн өрөөний үүд сахиж үзүүлэх дарааллаа хүлээн уйлах, ханиалгах хүүхдүүдээ тэвэрч аргаа барсан шинжтэй суугаа эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

Эцэг эхчүүдийн ярьж байгаагаар ихэвчлэн, халуурсан, хатгалгаа болсон, ханиалга ихтэй, унтаж чадахгүй, хоол идэхгүй, таталт өгсөн шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Мөн эдгэлт маш удаан байгааг эцэг эхчүүд сануулж, энэ бүхнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг дуулгаж сэрэмжлүүлж байв.

-ЭМНЭЛГЭЭР ДҮҮРЭН ХАНИАЖ, ХАЛУУРЧ, ХАТГАЛГАА АВСАН ХҮҮХДҮҮД БАЙНА-

БЗД-ийн иргэн Д.Саруул

-Энэ эрхэм сайдууд хэрүүл, хулгайгаа зогсоож ажлаа хийгээсэй. Энэ эмнэлэгүүд чинь ханиад томуу, өвдөж шаналсан хүүхэд багачуудаар дүүрч та бүхнийг арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна. Хүүхэд өвдөөд нөхөр бид хоёр хоёулаа ажилдаа явж чадахгүй эмнэлэгээр явж байна. Эмнэлгээр дүүрэн ханиаж, халуурч, хатгалгаа авсан хүүхдүүд байна. Ард түмний хүүхэд яаж ч байсан яах вэ гэсэн сэтгэлээр хандаж болохгүй баймаар. Хаана баяр ёслол, тууз хайчлаж байна тэнд явж байхын оронд ажлаа хийх хэрэгтэй байна. 

-ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ЭМЧИЛГЭЭНД МАШ ИХ МӨНГӨ ЗАРЛАГДЛАА-

БЗД-ийн иргэн И.Ариунсанаа

-Манай хүүхэд дөрвөн настай. Ханиад хүрээд бараг 15 хонолоо сайн гэсэн бүх л эмчилгээг хийлгээд ямар ч нэмэр байсангүй. Ямар ч үр дүнгүй эмчилгээнд маш их мөнгө зарлагдлаа. Дээрээс нь ажлаасаа цалингүй чөлөө авчихсан байгаа. Ер нь хараад байхад зөвхөн манайх гэлтгүй дийлэнх  эцэг эхчүүд хүүхдийнхээ ханиадыг эдгээхийн тулд хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр эм худалдан авч байна. Одоо манай хүүхэд бүр хатгаа болчихсон байна гээд өрхийн эмнэлэгээсээ хэвтэх бичигтэй дүүрэг рүүгээ ирлээ. Яаж амьдрах юм байгаан бүү мэд. Бүр аргаа барчихаад л сууж байна даа. 

Харин дараа нь бид тус эмнэлгийн хүлээн авахын эмчээс нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн боловч "Ханиад, томуу ихэссэн. Одоо харин ч гайгүй байна. Орой ажил тарснаас хойш хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн цуваа улам ихэсдэг. Зарим өдөр хүлээн авахын үүдний хоёр өрөө хоёулаа дүүрээд хөл гишгэх зайгүй болдог" гэх товчхон хариултыг авч чадав. Учир нь хүлээн авахын эмч нарт тухалж зогсоод яриа өгөх нь байтугай, суудлаасаа өндийх ч зав олддоггүй гээд хэлчихэж болохоор аж.

-ХАТГАЛГАА ХҮНДРЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ-

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Б.Бат-Амгалан 

-Аль хүрээний вирусээр өвчилснөөс шалтгаалан эмнэлзүйн шинж нь өөр байдаг. Одоогоор А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна. Томуугаар 0-2 насныхан голдуу өвдөж байна. Мөн гурваас дээш насныхан томуугаар өвчилж, дээр нь төвөнхийн бачуурал болж хүндрэх тохиолдол их байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эмийг уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэй. Хүүхдээ өвчлөхөөс сэргийлэх тал дээр эцэг, эхчүүд онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулахдаа амны хаалт зүүлгэж заншмаар байна. Хүүхдэдээ аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг хүнс, витамин, ногоогоор баяжуулсан хүнс өгөх хэрэгтэй байна.

-ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМЧ ЯАРАЛТАЙ ХАНДАХ ЁСТОЙ ВЭ-

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн их эмч Б.Ариунхишиг 

 -Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Томууг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Эмнэлгүүд тухайн хүүхдийг үзээд гэрээр эмчлэх боломжтой бол 2-3 хоногийн давтамжтайгаар дахин үздэг. Эцэг, эхчүүдийн дунд ханиадыг дутуу эмчилж байна гэсэн ойлголт байна. Хүүхдийн дархлааг дэмжээд өгвөл ханиад нь аяндаа эдгэх ёстой. Харин тухайн хүүхэд суурь эмгэгтэй, хавсарсан өвчинтэй бол эмнэлэгт хэвтүүлдэг. Ингэснээр томуугийн хурц үеийг дардаг. Томуу нь 5-7 хоногийн дотор халуурдаг. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу.

Ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, ням гарагт 10.00-16.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бол, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй