2018-09-27
Төв Азийн Туркменистан улс ЗХУ задарсны дараа тусгаар тогтносон 27 жилийн түүхэндээ анх удаа иргэдэд үзүүлдэг үнэ төлбөргүй хангамжаа зогсоохоор болжээ.
Үүнд үнэгүй цахилгаан, байгалийн хий, усан хангамж багтаж байна. Есдүгээр сарын 26-нд төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн зарлигт тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов гарын үсэг зурж, 2019 оноос эхлэн хэрэгжихээр болжээ.
Сүүлийн жилүүдэд Туркменистан улс түүхэндээ байгаагүй эдийн засгийн хямралтай тулгараад байгаа. Гэхдээ Бердымухамедов ус, хий, цахилгааныг тус улсын иргэд “боломжийн хямд үнээр” авах болно гэж мэдэгдсэн ч үнэ тариф яг хэд болохыг дурдаагүй байна.
1990-ээд оны үед өмнөх ерөнхийлөгч Сапармурат Ниязов тус улсын иргэдийг үнэгүй ус, хий, цахилгаанаар хангадаг байх шийдвэр гаргаж байв.
2017 оны намар Бердымухамедов үнэгүй хэрэглээнд хязгаар тогтоож, хэтэрсэн хэрэглээгээ төлж байх шийдвэр гаргажээ.
Тэгвэл ерөнхийлөгч энэ удаагийн шийдвэрээ “Туркменистан улсад чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зорилготой” гэж тайлбарласан байна.
Мөн улс орных нь эдийн засаг сайжирч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж мэдэгджээ.
Гэхдээ Туркменистаны иргэд талх, элсэн чихэр, тос зэрэг хүнсний бүтээгдэхүүн авахын тулд урт дараалалд зогсдог болоод байгаа нь Бердымухамедовын хэлсэн тайлбараас зөрж байгаа юм.
Тэр бас Туркменистаны байгалийн хийн баялгийг зөвхөн өнөөдрийн үеийнхэн хэрэглээд зогсохгүй, хойч үеийнхэндээ үлдээх хэрэгтэй гэж гаргасан шийдвэрээ зөвтгөжээ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд