Т. Амаржаргалан: Их, дээд сургуульд элсэгчдийн шаардлага өндөрсөж, ЭЕШ-ын босго оноог нэмсэн

2018-04-11

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурлагын ерөнхий чадвар, мэдлэгийн төвшинг тогтоох зорилготой явагддаг ЭЕШ-ын бүртгэл ирэх долоо хоногт дуусна. Тус шалгалтыг энэ жил 45 мянган сурагч өгөх төлөвтэй байна. Өнгөрсөн жил 38 мянган сурагч шалгалт өгсний  85 хувь нь их дээд сургуульд элсэн суралцжээ. Энэ жилээс БСШУСЯ-аас дээд боловсролын чанарыг сайжруулах бодлого баримталж, “Дээд Боловсролын Шинэчлэл”-ийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.  Энэ талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалантай ярилцлаа.

-Дээд боловсролын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

-Жил бүр их дээд сургуулийг 30 гаруй мянган оюутан төгсдөг. Гэвч эдгээр залуусын 40-өөд хувь нь л төгсөнгүүтээ мэргэжлийн чиглэлээрээ ажилд ордог гэсэн судалгаа бий. Энэ нь хөдөлмөрийн зах зээл эдгээр төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг хэрхэн дүгнэж буйн шууд илрэл гэж харж болно. Тиймээс дээд боловсролын үйл ажиллагаа чанарын асуудалтай байна гэсэн үг. Энэ чиглэлд яамны зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Дээд Боловсролын Шинэчлэлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд сургалтын чанарыг сайжруулах хэд, хэдэн томоохон ажил хийгдэж байна. Нэгд, ажил олгогчдын буюу нийгмийн эрэлт хэрэгцээг судалж түүнд тулгуурласан, ирээдүйн хэрэгцээг харгалзсан боловсон хүчин бэлтгэх боловсролын үйл ажиллагааны төлөвлөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийнхөө агуулга, арга зүй, сургалт явуулж буй хэлбэртээ өөрчлөлт хийх ёстой гэсэн үг. Энэ хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг судлах, Ажил олгогчдын сэтгэл ханамжийг судлах, Төгсөгчдийг мөшгөх  судалгаа гэсэн гурван төрлийн судалгааны аргачлал боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхээр бүх их дээд сургуулиудыг хамруулсан сургалт явуулаад  байна. Хоёрт, эрдэмтэн багш нар маань  дан ганц уламжлалт арга барилаар хичээлээ заах бус заах арга барил, арга зүйгээ цаг үетэйгээ нийцүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах хэрэгтэй болж байна. Гуравт, сургууль өөрсдийн дотоод үйл ажиллагаа, хөтөлбөрийн чанар , сургалтдаа хяналт тавьж, чанарын үнэлгээг тогтмол хийдэг байх, үнэлгээний аргачлалаа сайжруулах юм. Дөрөвт, сургуулийн шалгуур шаардлагыг давж гарч чадсан хөтөлбөрүүдийг бид Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр оруулах,ингэхдээ мэргэжлийн зөвлөлүүдийн дүгнэлтийг  харгалздаг байх системийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг болон ажил олгогчдын сэтгэл ханамжийг судалж хөтөлбөртөө тусгана гэлээ. Ажил олгогчид ажилтнаас ямар чадваруудыг шаардаж байна вэ. Үүнтэй уялдан сургалтын агуулгад ямар өөрчлөлт орох төлөвтэй байна вэ?

-Техник технологи, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаад ажил олгогчид ажилтнаас мэдлэг болон бусад олон чадваруудыг шаардах болсон. Гэтэл ихэнх сургуулиуд оюутанд зөвхөн мэдлэг л олгох уламжлалт арга барил баримталж байна. Суралцах арга барилын талаар нэгэн сонирхолтой судалгаа байдаг. Зөвхөн телевиз үзэж байгаа болон лекц сонсож байгаа хүмүүсийн тархины үйл ажиллагаа идэвх султай сайн ажилладаггүй. Харин өөрөө оролдоод, туршаад, асуудалтайгаа нүүр тулаад шийдвэрлэх гэж оролдвол тархины үйл ажиллагаа илүү хөгждөг. Бид хүүхдүүдийг ар, араас нь шилийг нь харуулж байгаад л лекц уншаад мэдлэг олгох бус багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, туршилт хийж хувь хүний чадваруудаа хөгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Давос хотноо 2016 онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр технологийн эринд буюу 2020 онд эрэлттэй байх  мэргэжил, түүнд шаардагдах 10 ур чадварыг нэрлэсэн байдаг. Нэгд, Олон төвшний асуудлыг цогцоор шийдэх буюу аливаад хөрвөх чадвар, Хоёрт, критик сэтгэлгээ буюу аливаа зүйлийн давуу, сул талыг тодорхойлохын тулд логик үндэслэлийг нь ашиглаж, тооцоолох буюу шүүн тунгаах ур чадвар, Гуравт, Бүтээлч сэтгэлгээ, Дөрөвт, Хүмүүсийг удирдах чадвар, Тавт, Хүмүүстэй харилцах буюу багаар ажиллах чадвар зэрэг орж байна. БСШУСЯ-аас ч бас хөдөлмөрийн зах зээлээ судалж буй гэж дээр дурдсан. Судалгааны үр дүнд уялдуулан сургалтын агуулгаа тодорхойлох нь зүйтэй. Ер нь бид оюутанд мэдлэг төдийгүй бусад хувь хүний чадваруудыг эзэмшүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байна.

-Гуравхан сая хүн амтай мөртлөө 100 орчим их сургуультай гэдэг шүүмжлэл дагуулдаг. Сургалтын чанар муу их дээд сургуулиудыг нэгтгэх болон сургуулиудыг цөөлөх арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан. Энэ ажил ямар үе шаттай явж байна вэ?

-Дээд сургуулийн тоог цөөлнө гэдгийг тоо талаас нь харах хэрэггүй. Цэвэр чанарын асуудал яригдана. Чанарын шаардлага хангаж чадахгүй байгаа сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах, зарим хэлбэрээр бие биедээ байгаа давуу талдаа түшиглэн нэгдэж, нягтрах процесс явагдсанаар дээд сургуулийн тоо цөөрнө. Сая бид арван зургаан сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн. Энэ ажил үргэлжилнэ. Цаашид хөтөлбөрүүд дээр хяналт, шинжилгээ хийнэ. Дээр дурдагдсан чанарын хяналтын шалгууруудыг тавьж өнгөрсөн арван хоёрдугаар сараас их дээд сургуулиудад шалгалт хийсэн. Нэн түрүүнд суралцагчдын тоо буурсан, гомдол, санал ирсэн, сургалтын байгууллагад тавих шаардлагыг хангахгүй байгаа гэж үзсэн 16 сургуулийн үйл ажиллагаанд хяналт явуулсан, 4 сургууль бусад өөр сургуультай нэгдэх хүсэлт гаргасан,  5-6 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах процесс  явж байна. Уг сургуулиудыг татан буулгах, оюутнуудыг шилжүүлэн суралцуулах зэрэг арга хэмжээг авна. Өмнө нь суралцаад төгссөн оюутнуудын нэр хүндийн асуудал яригдах учраас одоогийн байдлаар нэрийг хэвлэлээр мэдээлэх боломжгүй.

Түүнээс гадна чанарын хяналтыг хийх магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа байгаа. Ер нь магадлал итгэмжлэл гэдэг бол хянаж, шалгаж шүүхээсээ илүү зөвлөгөө өгч,  хөгжихөд нь түлхэц болох, хамтран хөтөлбөр, үйл ажиллагаагаа сайжруулах үйл явц юм. Мөн бид үнэлгээний системийг өөрчлөх чиглэлд ажиллаж байна. Хүүхэд хичээлдээ хамрагдаад томьёогоо цээжилсэн үү гэдэг үнэлгээ бус хэрэглэж чадаж байна уу гэдгийг үнэлэх шаардлагатай. Үнэлгээг хийхдээ заасан мэдлэгийг эзэмшсэн байна уу гэдгээс гадна хүүхдийн хандлагыг үнэлдэг болно. Бүтээлч хандлагатай болж байна уу, багаар ажиллах чадварт суралцаж байна уу зэргийг үнэлэх талаар яригдаж байна. Сургууль бүрт чанарын дотоод хяналтын нэгжүүдийг бий болгож байна. Сургалтын чанарыг эхлээд дотроо хянах боломж бүрдэнэ. Хэрвээ шалгуур, шаардлагуудыг хангаж байвал магадлан итгэмжлэл олгоно. Бид магадлан итгэмжлэлийг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд бүтэц, журамд өөрчлөлт оруулсан. Магадлан итгэмжлэлийг олгодог байсан удирдах зөвлөл нь их дээд сургуулиудын захирал, удирдах албан тушаалтнуудаас бүрддэг байсан  тогтолцоог өөрчлөх, магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн холбоо, олон нийтийн оролцоог хангах зарчим баримталж байна.

-ЭЕШ-ын босго оноог энэ хавраас нэмэгдүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

-Их дээд сургуульд элсэгчдэд тавигдах шаардлагыг өндөрсгөж байна. Өмнө нь ЭЕШ-ын босго оноо 400 байсан бол энэ хавраас 480 болон өөрчлөгдлөө. Боловсролын үнэлгээний төвийн судалгаагаар сүүлийн жилүүдэд ЭЕШ өгсөн сурагчдын авсан дундаж оноо 400-600 байна. Өмнө жил 400 босгыг хангаж нийт шалгуулагчдын 85 хувь нь их дээд сургуульд элсэн суралцсан.  Харин босго оноог 480 болгосноор ЕБС төгсөгчдийн 80 хувь нь элсэн суралцах боломж хангагдахаар байна. Босго оноо өссөнөөр элсэгчид илүү чанартай болж, элсэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурна. Манайд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний бүтцийн харьцаа гажуудалтай байгаа. Залуучууд дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай боловч,  энэ нь цагаан захтнууд буюу дипломтой ажилгүйчүүд бий болоход нөлөөлж байна. Тиймээс энэ сөрөг үзүүлэлтийг багасгах үүднээс ЭЕШ-ийн босгыг нэмж, их дээд сургуульд элсэгчдийн шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Цаашид ч ЭЕШ-ын босго тодорхой хэмжээнд нэмэгдэх магадлалтай.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: ITOIM.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй