Д.Оюунхорол: Даацтай хөгжлийн талаар ярих цаг болсон

2018-01-24

Д.Оюунхорол: Даацтай хөгжлийн талаар ярих цаг болсон

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулахаар болсон. Ийм сан байгуулах хэрэгтэй байсан уу. Өмнө “Цэвэр агаар сан” гэж байгуулаад дарга нар нь хэрэгт орсон жишээ байгаа шүү дээ.

-Тийм ээ, өмнө үйл ажиллагаа явуулж байсан цэвэр агаар санг татан буулгасан нь санд ажиллаж байсан зарим хариуцлагатанууд сангийн үйл ажиллагааг буруу зохион байгуулж санхүүжилтийг хууль бусаар зарцуулан хуулийн байгууллагаар шалгагдаж хариуцлага хүлээж байснаас үүдэлтэй байхаа. Харин санг татан буулгасан нь буруу байсан гэж боддог. Агаарын бохирдол онц ноцтой хэмжээнд хүрч шийдвэрлэх олон асуудал байхад бид санхүүгийн бусад эх үүсвэр хайж ашигтай гарцыг олохоор идэвхитэй ажиллах ёстой байсан. Энэ шинээр байгуулагдаж байгаа сангийн үйл ажиллагааг нээлттэй, хяналттай, ил тод явуулбал агаар орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн ажилдаа үе шаттайгаар шуурхай зарцуулах боломж бүрдэнэ.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар олборлосон нүүрсний 1 кг тутамд 1 төг, импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн 1 кг тутамд 10 төг, автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөг татвар хураах зохицуулалттай. Жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь Хуулийн амин сүнс хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгаагийн  нэг илрэл. Тиймээс Агаарын бохирдлын төлбөрийг тусгай санд төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулах нь зөв л дөө. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүд ч хэрэгждэг. Бүх хөрөнгийг нэг санд төвлөрүүлээд олон нийтийн хяналттайгаар хуулийн дагуу зарцуулах ёстой.

-Н.Цэрэнбат сайд зорилтод бүлгийн 13 мянган өрхөд утаагүй зуух, түлш тараах шаардлагатай гэж яриад байгаа. Энэ зөв шийдэл мөн үү.

-Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд уулсаар хүрээлэгдсэн,  салхигүй тогтуун байдаг тул агаарын бохирдол сарнихгүй нам дор газраа тунардаг. Агаарын бохирдлын гол эх үүсвэрийг гэр хороололд түлж байгаа нүүрсний утаа 80%, дулаан цахилгаан станц 6%, автотээврийн хэрэгсэл 10%, бусад эх үүсвэр 4 хувийг бүрдүүлж байгаа. Бид түүхий нүүрсний хэрэглээг бууруулж байж л утаагүй болно. Мэдээж гол гарц бол гэр хорооллоо орон сууцжуулах, дэд бүтцээр хангах, нийслэлийн төвлөрлийг сааруулж хотоо тэлэх дэд бүтцийг яаралтай шийдэх гарц хайх ёстой. Энэ шийдэл нь 1-2 жилд хийчих ажил биш шүү дээ.  Утааны эх үүсвэртэйгээ тэмцэж байна гээд гэр хорооллын айлуудаа нүүрс түлэхийг нь шууд хориглож болохгүй ч цаашдаа түүхий нүүрсийг орлуулах тууштай шийдэл гаргаж байж л хориглох боломжтой. Автомашины хуучин дугуй, ундааны хуванцар сав цуглуулж түлдэг айлууд ч олон байна. Тиймээс эдгээр орлого багатай зорилтод бүлэгт утаа бага ялгаруулдаг зуух, түлш олгох нь нэг зам байж болно. Гэхдээ л бид цаашид гэр хорооллыг төвлөрсөн цахилгаан дулаанаар хангах ажлыг эрчимжүүлж утааг, агаарыг бохирдлыг арилгах болно.

-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 194 ажил хийх хэрэгтэй. Үүнд 9.8 ихнаяд төгрөг шаардлагатай. Тэгвэл утаа 100 хув арилна гэсэн. Үнэхээр тийм их ажил, хөрөнгө шаардагдах уу.

-Агаарын бохирдлыг эрс бууруулж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд багагүй цаг хугацаа, ихээхэн хүч хөрөнгө, ажлын зөв зохион байгуулалт, хүчин чармайлт шаардагдана.  Өнгөрсөн оны 3 сард БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Монгол улсад анх удаагаа “Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулан, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх явдал юм. Ойрын болон дунд, урт хугацаанд хэрэгжүүлж дуусах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад бүх яамд, агентлаг, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, салбаруудын тооцоо судалгааг үндэслэн, холбогдох бусад газруудын саналыг тусган боловсруулсан маш сайн хөтөлбөр. Хөтөлбөрийн арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, агаарын бохирдлын төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, ААНБ-ын хөрөнгө болон бусад эх үүсвэрийн 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж батлуулсан. Төрийн ажил залгамж чанараараа л явах ёстой. Нарийвчилсан төлөвлөгөө БОАЖЯ-ны сайтаар байгаа байх. Тухтайхан  танилцаарай. Хэвлэл мэдээллийнхэн та бүхний оролцоо маш чухал шүү дээ.

-У.Хүрэлсүх сайд 500 сая амдолларыг агаарын бохирдлын эсрэг зарцуулахаар боллоо. Өмнөх Засгийн газруудтай харьцуулшгүй их хөрөнгө зарцуулах нь. Энэ мөнгөөр чухам юу хийвэл зохилтой вэ. Яг төлөвлөсөн ажил алга л харагдаад байна.

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын хувьд Хүрэлсүх Ерөнхий сайд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр гэр хорооллоо орон сууцжуулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж дагуул хот байгуулах бэлтгэл ажлыг хангаж дэд бүтцийг шийдвэрлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ярьж байсан шүү дээ.

-Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг байгуулсан. Бүлэг чухам ямар ажил хийж байна.

-Монголын парламентын түүхэнд 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон.  Энэ нь нийт парламентын гишүүдийн 17.1 хувь болж байна. Эмэгтэй гишүүдийн бид хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албан ёсоор байгуулсан. Эмэгтэй гишүүдийн бүлэг дараах үндсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна.  

-Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран ажиллахаас гадна, Ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Мөн энэ хүрээнд Эмэгтэй гишүүдийн бүлэг Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр аян өрнүүлж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах эхлэлийг тавиад байна.

-Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог та яаж харж байна вэ.

-Хорвоо ертөнцийг үр хойчдоо таниулах, эх дэлхийгээ хайрлах, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүрэг ээжүүд, эмэгтэйчүүд бидэнд байгалиасаа олгогдсон өгөгдөл. Энэ утгаараа НҮБ-аас дэвшүүлэн тавьсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Тогтвортой хөгжил гэдэг маань байгаль нийгмийн зүй зохистой харьцааны л асуудал. Хүмүүс нь байгалиа хайралдаг, байгалиараа дамжаад нийгмээ, нийгмээрээ дамжаад хүнээ хайрлах гинжин холбоог л хэлээд байгаа юм. Тиймээс охид, эмэгтэйчүүдээ, ээжүүдээ зөв төлөвшүүлж амьдралд бэлдсэнээр тэд маань үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, монгол улсын ирээдүйд эх оронч, хүнлэг, иргэдийг бэлдэнэ. Эдийн засагт суурилсан хөгжлийн бодлогоос илүүтэйгээр, хүний хөгжилд суурилсан хөгжлийн бодлогыг чухалчилж, хүнээ хөгжүүлсэн улс орон хөгжиж байгааг бид харж байна.

-Манай улсын хөгжлийн чиг хандлага хэр оновчтой явж байна вэ?

-Хөгжил гуравхан шалгуураар л хэмжигддэг. Хүний хөгжил, хүний амьдралын чанар, хүний амьдрах орчны чанар.  Бид  хөгжлийнхөө экологийн хонгилыг тодорхойлох хэрэгтэй. Хөгжил нь орчныхоо нөлөөллийг дааж гарах л асуудал. Ингэж чадвал даацтай хөгжлийг бий болгож чадна. Манай орны хувьд цэлгэр уудам газар нутагтай, байгалийн баялгийн асар их нөөцтэй, 65 сая малтай, 3.2 сая хүн амтай улс. Хоёр үндсэн том баялагтай. Нэг нь эргэж нөхөгдөхгүй байгалийн баялаг, нөгөө нь жилээс жилд 5-10 саяар өсч үрждэг мал сүрэг. Гэтэл бид өнөөг хүртэл газрын баялгаа шүтсээр, эх орон газар дэлхийгээ хаа сайгүй онгичиж, ухаж зарж амьдарч байна. Үр өгөөж нь хаана хэнд хүртээд байна вэ? Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж үндсэн хуулиндаа тунхагласан. Гэтэл хөрөнгөтэй, мөнгөтэй, сүүхэйтэй хэд нь газрын баялгаар хөлжөөд хүн амын маань талаас илүү хувь нь хоёр идэхгүй хоосон хонохгүй шиг л амьдарч байна. Улсын хөгжлийг тодорхойлох гол шалгуурын нэг хүний амьдралын чанар дордсоор байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Бид эдийн засгаа тэдэн хувь өсгөнө гэж төлөвлөхөөс илүүтэй тэдэн жилийн дараа тийм юмыг хийж чаддаг болсон байна гэж төлөвлөж, тэр чиглэлдээ залуучуудаа сургаж, боловсруулж, дэлхийд өрсөлдөх Монгол инженерүүдийг, эрдэмтийг бэлдэх хэрэгтэй байна. Түүхий эдийн  асар их нөөцтэй мал аж ахуй, түүнээс гарах арьс шир, ноос ноолуураа дэлхийн зах зээлд үнэд хүргэх чиглэлийг баримталж, дэлхийн чанар стандартад нийцсэн боловсруулалт хийж чадах үйлдвэртэй болох нэн тэргүүний зорилт тавимаар байна. Дэлхийд технологиороо тэргүүлдэг, бүтээгдэхүүний чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг үйлдвэрийн салбарыг байгуулах боломж, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Үнэхээр малынхаа арьс ширийг торго шиг боловсруулаад  дэлхийн зах зээл дээр брэнд болгочихвол гайхалтай шүү. Хөгжлийн маань саад тушаа нь юундаа байна вэ?

-Хэт их улстөржилт. Хэн нэг хүн зөв зүйтэй бодлого, асуудал яривал надаас, манайхаас илүү гарчих вий гэсэн тамын тогооны үлгэр л биднийг хойш нь татсаар байна. Хэрэлдэж талцаж суухын оронд хэлэлцэж нэгдэж чадвал бүх салбараа өөд нь татаад хөгжүүлээд явах бүрэн боломж бий.

-Улс төрчдийн хэрүүл савнаасаа халиад байгааг та юу гэж боддог вэ?

-Улс төрд байгаа зарим нэг хүмүүсийн үг хэл яриаг сонсохоор заримдаа сэтгэл эмзэглэх юм. Би ажил хэргийн шугамаар олон залуустай уулзаж өнөөгийн бодит байдлын талаар ярилцдаг. Ингэхдээ улс төр бол мэтгэлцээн маргааны талбар болохоос хэрүүл уруул, өш хонзонгийн талбар бишээ гэдэгт байнга л санал нэгддэг юм. Мартах ёстойг нь мартаж, уучлах ёстой бол уучлан өнгөрөөж сурах ёстой шүү гэж захидаг. Сонгуулийн үед бие биенээ үгүйсгэх үзэл бодлын зөрөлдөөнөөр маргах мэтгэлцэх бол байдаг асуудал. Аливаа улс төрч улс орныхоо төлөө л бол бие биенээ дэмжиж хурцалж, олон түмэндээ тус дэм болж л явах учиртай.

-Улс төрчийн хувьд ямар асуудал таныг хамгийн их эмзэглүүлж байна вэ?

-Иргэд, залуучууд маань сурч боловсорч, хөгжин дэвжих цагаа нийгмийн сүлжээнд хэт их автаж, зарцуулах болж, интернетэд тавигдсан үнэн худал нь мэдэгдэхгүй хийсвэр мэдээлэлд хэт их автамхай болж өөрийн бодол, сэтгэн бодож, аливаад бодит дүгнэлт хийх чадваргүй болж байгаад эмзэглэж байна. Бид энэ хүчирхэг залуу үеэ чадавхжуулж, хүсэл тэмүүллийг нь зөв чиглүүлж, төлөвшүүлэхэд онцгой анхаарах цаг болсон. Тиймээс залуучууд та бүхнийгээ сурч боловсрох, бие биентэйгээ нүүр нүүрээ харан амь харилцаа үүсгэн ярилцахад илүү их цаг зарцуулж, бодит амьдралын үнэнтэй нэгдээсэй гэж хүсэж байна.

-Та эмэгтэй улс төрчийнхөө хувьд бүсгүйчүүлдээ юу захих бол.

-Манай залуучууд, тэр дундаа эмэгтэйчүүд ялангуяа цэгцтэй, хүлээцтэйн дээр сэтгэл зүйн хувьд хүчирхэг өөртөө итгэх итгэлтэй гэж боддог. Ийм ч байгаасай гэж хүлээдэг.

Мэдлэг боловсролтой мянга мянган бүсгүйчүүд өөрийн үзэл бодлоо олон нийтийн өмнө илэрхийлэх зориггүйгээс өөрт байгаа боломжуудыг алдаж байгаа нь харамсалтай санагддаг. Тэдэнд өөрийгөө даван гарах, бодсоноо хэрэгжүүлэх боломжийг хангах нь улс төрч эмэгтэйчүүд бидний зорилго байх ёстой. Манай Эмэгтэйчүүдийн бүлэг ч үйл ажиллагаагаа үүнд чиглүүлнэ. Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд  өөрийнхөө хүч чадлыг битий дутуу үнэлж бай, чи зориглох л юм бол чадна. Хамгийн том эрсдэл бол ямарч эрсдэл хийхгүй байх явдал юм шүү гэдгийг л хэлье.

Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй