Трампын ажил, амьдралын талаарх олны тэр бүр мэддэггүй баримтууд

2018-01-04

Доналд Трамп гэж хэн бэ? Дэлхийн хамгийн эрх мэдэлтэй гэж болохуйц албан тушаалд хэрхэн хүрэв? Трампын тухай гучин жил бичсэн сурвалжлагч, эрэн сурвалжлах сэтгүүлч, Пулицерийн шагналт Дэвид Кей Жонстон түүнийг сайтар судалсан хүний хувьд энэ асуултад хариулж, Трампын ажил, амьдралын талаарх олны тэр бүр мэддэггүй баримтуудыг танд толилуулж байна.

Трамп өөрийгөө гуйвашгүй эх оронч, Америк орны төлөө бүхнээ зориулах нэгэн гэдэг нь үнэн үү?. Аль эсвэл тэр хууран мэхлэх урлаг, стил имиж бүрдүүлэх тал дээр хэнийг ч дагуулахгүй зальт этгээд юм болов уу? Чухам юу түүнийг тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн магнат болгов? Чухам ямар үзэл санаа Трампыг эрх мэдлийн төлөө улайран зүтгэхэд түлхэв? Энэ бүгдийн хариултыг олж мэдэхийн тулд түүний гэр бүл, хувийн харилцаа, үнэт зүйлсийг нь судлах хэрэгтэй болно.

ТРАМПЫН ГЭР БҮЛ

Түүний өвөө Фридрих цэргийн албанаас зугтан, төрөлх Герман нутгаа орхин, Америкийн нэгдсэн улсын нутагт хөл тавьжээ.  Хууль ёсыг үл тоомсорлогч, ашиг хонжоог юу юунаас эрхэм болгосон Фридрих суусан газраасаа шороо атгаж чаддаг, наймааны одтой эр байв. Өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй далайн чанадад хөл тавьсан ч тун удалгүй цагаан хоолны газар нээж, улмаар янхны газар ажиллуулан ихэд хөлжив. Энэхүү мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй зан, овсгоо самбаа, мөн төр засгийг үл хайхардаг байдал нь үр удамд нь өвлөгдөн үлджээ. Түүний өвөө, эцэг, өөрөө ч тэр хэзээ ч санал өгч явсангүй.

Хачирхалтай жишээ дурдахад Трампын хүүхдүүд болох Иванка, Эриз нар нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бүгд найрамдах намыг дэмжигч гэж бүртгүүлэхээ мартсаны улмаас санал өгөх эрхгүй хоцорч байв.

Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр хатуугийн үлгэрээр Трампын эцэг Фред бизнесийн ухаантай нэгэн байв. Ажилчдын зардлыг танахын тулд өөртөө үйлчлэх дэлгүүр байгуулсан нь өнөөгийн та бидний сайн мэдэх супермаркет билээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн бизнест хүчээ үзэж чамгүй амжилт олсон юм. Дэлхийн II дайн дуусахад ахмад дайчдад зориулсан барилгын төслийг эцэг Трамп авч улмаар Брүүклин, Квинс дүүргүүдэд түүний барьсан хэдэн мянган айлын орон сууц сүндэрлэх болжээ. 

Фред Трамп чанартай барилга барьдаг ч юм уу, сайн байр түрээслүүлэгч гэж хэзээ ч үнэлэгдэж байгаагүй юм. Тэрээр барилгын хамгийн хямд гэсэн материалыг ашиглан 27 мянга гаруй орон сууц, хаусыг эгнүүлэн барьсан бөгөөд Трампын гэр бүл олон арван жилийн дараа ч эдгээр барилгуудаа түрээслүүлсээр л байв. Мөн тэрбээр олны анхаарлыг яаж татахаа сайн мэддэг хүн байсан агаад энэ зан чанар нь хожим хүүд нь өвлөгдсөн юм. Брүүклиний барилгачин Фред жижиг зүйлсийг ч сүр бадруулан аварга том болгон харагдуулах онцгой чадвартай, түүнийг нь сонинууд сайтар нягтлалгүй шүүрэн авч удалгүй олон нийтийн дунд шуугиан дэгдээдгийг сайн мэддэг хүн байв. Нэгэн удаа барилгын талбайд очихдоо ширхэг хадаас унасан байсныг авч мужаанд өгсөн дүр зураг нь түүнийг арвич хямгач хэмээн өргөмжлүүлж, хэсэгтээ хэвлэл мэдээллийн бай болсон аж.

Ахмад дайчдад туслах төсвийн мөнгийг хувьдаа завшсан нь илэрч, Холбооны мөрдөх товчооны хараанд өртөх болсон хэдий ч өөрийн овсгоотой занг ашиглан хялбар мултарч байжээ. Шүүх хурал дээр барилгын материалыг төсөвлөж байснаас хямдхан үнээр олсон, барилгыг хугацаанаас нь өмнө дуусгасан гэх зэргээр ард олныг сэнхрүүлж дөнгөсөн тул шүүхийн шийдвэр нааштай эргэж, үүгээр ч зогсохгүй “Миний нэр төр, байр суурьт үнэлж баршгүй их хохирол учруулсан” хэмээн засгийн газрыг буруутгаж байжээ.

Фридрих Трамп ашиг олохын тулд хууль бус бизнес эрхэлж байсны адилаар, Фред Трамп өөрийн байр суурь, орлогоо хадгалахын тулд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй түншилж байв. Тэрбээр дайны дараах жилүүдэд Вилли Томаселло хэмээх түнштэй болж, хууль бус санхүүжилт, шаардлагатай бэлэн мөнгөний туслалцааг түүнээс авдаг байв. Үйлдвэрчний эвлэл, барилгачид, мужаануудын зүгээс хэл ам гаргахгүй байх асуудлыг мөн Томаселло хариуцдаг байв.

ТРАМПЫН ЗАЛУУ НАС

Доналд Трамп эцгээ дуурайсанд гайхах зүйлгүй. Фред Трамп гэр бүлийн бизнестээ хүүхдүүдээ сургахыг хичээсэн хатуухан эцэг байсан бөгөөд хүүхдүүдээ цэнхэр өнгийн кадиллак машиндаа суулган өөрийнхөө ажил дээр байнга аваачдаг байв.

Доналд дунд сургуулийн багш нар нь “хэцүү хүүхэд” гэж томьёолдог хүүхэд байсан гэдэг. Хүүгийн эрч хүчийг зөв зүйлд залж чиглүүлэхээр гэрийнхэн нь цэргийн академид явуулж, Доналд ч шилдэг сурагчдын нэг байсан гэдэг. Вьетнамын дайнд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж, тэр чинээгээрээ цэрэг татлага эрчимжихэд 1964 онд 18 нас хүрсэн Трамп, оюутан гэж 4 удаа, хөлд нь яс ургасан гэж эмчийн магадалгаагаар 1 удаа цэргийн албанаас чөлөөлөгджээ. Хожим түүнээс таны аль хөлд яс ургасан юм бэ гэж асуухад сайн санахгүй байна хэмээн мэлзсэн юм. Дараа нь тэрээр Филадельфи мужийн Пенсильванийн их сургуульд элсэн оржээ. Трамп сургуулиараа бахархах их дуртай бөгөөд би шилдэг оюутан нь байсан гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ 1-р курсээс хойш сургуульдаа үзэгдэлгүй явж байгаад, дипломоо ямар нэгэн аргаар авсан гэдэг мэдээ ч бий. 

ҮНЭТ ЗҮЙЛ

Доналд Трамп 2005 онд залуучуудад урам өгөх лекц уншихаар Колорадо руу нисэв. Тэр бүтэн цагийн турш хараалын үгийг завсар чөлөөгүй урсган, түүнийг сонсохоор ирсэн 1000 гаруй залуучууд түүний лекцээс хэрэг болох юм юу ч дуулаагүйдээ харамссанаа илэрхийлж байсан юм. 
Трампын яриа бүхэлдээ утга учиргүй хов жив, хоосон хийрхлээр дүүрэн байсан агаад зөвлөгөө маягтай хоёрхон зүйл л байсан юм.

Эхнийх нь, “Хэнд ч, ялангуяа хамгийн сайн ажилтнууддаа хэзээ ч битгий итгэ. Маш хартай, сэрдэмтгий байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд чамайг хувалз шиг л шимэх болно”.
Хоёрдахь нь, “Өшөө авах бол бизнесийн бодлого байх ёстой. Тийм учраас хариугаа заавал ав. Хэн нэгэн чамайг мэхлэвэл, түүнийг буцаагаад арав дахин илүү мэхэл. Тэгж байж л сэтгэл чинь тайвширдаг байх учиртай” гэжээ.

Трамп өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг үзэж чаддаггүй зантай нэгэн. Өөрийг нь луйварчин гэж нэрлэсэн жүжигчин Рози О’Доннелийг тарган гахай, дотор гаднагүй үзэшгүй муухай амьтан гэж ил цагаан доромжилж, түүнийг муу хэлэхэд номынхоо хэдэн арван хуудсыг зориулж байв. Тэрхүү номдоо “Намайг гутаасан хүнд би хариуг нь өгөх дуртай. Тийм ээ. Энэ бол үнэн. Адилхан л байх хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа үед хэн нэгэн чамайг доромжилбол яг ижлээр хариуг нь барь. Арван тав дахин хүчтэй хариу өг. Эмзэг газар нь хутга дүрэх хэрэгтэй.” гэжээ.

МАФИТАЙ ХОЛБОГДСОН НЬ

Трамп 1981 онд казино ажиллуулахад шаардлагатай үзлэг шалгалтуудыг цөөлөхөөр Нью Жерси мужийн ерөнхий шүүгчийг хэрхэн ятгаснаа “Хэлэлцээрийн урлаг” номдоо бахархан дурдсан юм. Трампын амьдралд хамгийн ашигтай байж болох тэрхүү хэлцэл арваад жилийн дараа түүнийг мафи, тэдний холбоо сүлбээтэн, луйварчидтай холбоотойг тодорхой харуулж, мужийн эрх баригчдыг нүүр хийх газаргүй болгосон билээ. 

Тухайн үед казино байгуулахад ихээхэн түвэгтэй, нэлээн олон шат дамжлагыг давж, өөрийгөө мафийнхан, буруу гарын хүмүүстэй холбоогүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ нотлох шаардлагатай болдог байв. Энэ бүгдийг ном журмын дагуу хийхэд дор хаяж хагас жилийн хугацаа ордог байв. Харин Трамп энэ бүгдийг яриа хэлэлцээрийн аргаар хялбархан зохицуулж, өөртөө давуу тал үүсгэж чаджээ. Бодит байдал дээр тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, мафийнхантай орооцолдсон, хээл хахууль өгсөн гэх маш олон хэргээр шалгагдаж байсан юм.

Трамптай 30 гаруй жилийн турш ямар нэгэн байдлаар холбогдож ирсэн гэмт хэрэгтнүүдийн дундаас Жозеф Вайксельбаум хэмээх хар тамхины наймаачин түүний хамгийн нууцлаг арилжаа наймаануудад оролцсон юм. Доналд Трамп өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан Жозефт казинонууддаа чинээлэг үйлчлүүлэгчдийг хүргэдэг нисдэг тэрэгний үйлчилгээг даалгажээ. Трамп өөрөө хар тамхи хэрэглэдэггүй, архи ууж, тамхи татдаггүй хэдий ч, түүний үйлчлүүлэгчид тийм байх албагүй. Орлого их оруулж, том үнийн дүнтэй чекээр гүйлгээ хийдэг үйлчлүүлэгч нар зочид буудлын тансаг өрөөнд нь хууль бус секс, мансууруулах бодис зэрэг бусад зүйлээр үйлчлүүлдгийг зочид буудлын үйлчлэгч нар нотолдог.

Харин Трампын хуульч “Бооцоот тоглоомыг л бид журамлана. Харин зочид буудлын өрөөнд юу хийхийг бид хянах албагүй” гэж ярьдаг билээ. Түүгээр зогсохгүй зартай луйварчин Феликс Катертай холбогдож явсан тухай баримт сэлт ч бий.

ТӨРИЙН ЭРХЭНД ГАРАВ

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг өрсөлдөхөд олон хүн шоолон инээж байсан ч, түүний амлалтууд хичнээн утга учиргүй мэт санагдсан ч гайхалтай үйл явдал болж Доналд Трамп Америкийн ерөнхийлөгч болсон юм.

Үнэн хэрэгтээ Трамп 1985 оноос л ерөнхийлөгчид нэр дэвших тухайгаа ярьж эхэлсэн юм. 1988 онд Жорж Бушид хамт нэрээ дэвшүүлэх санал тавьж байсан ч бүтээгүй билээ. 2012 онд дахин нэр дэвшсэн ч энэ нь зөвхөн өөрийн шоундаа хандалт авах зорилготой байсан аж. Тийм ч учраас түүнийг 2016 онд нэр дэвшихэд сэтгүүлчид төдий л анхаарсангүй.

Харин Пулицерийн шагналт Дэвид Кэй Жонстон Доналд Трампыг нэвт шувт судалсан хүний хувьд 1985 оноос эхлэн Трампыг анхааралтай судлан, уул овоо шиг их материал цуглуулжээ. Хэдийгээр олон хүн түүнийг сонгогдохгүй гэж байсан ч Дэвид л ганцаараа Трамп ерөнхийлөгч болох магадлалтайг хэлж байсан юм.

Гэхдээ Дэвид Трампыг ерөнхийлөгч болоосой гэж хэзээ ч хүсч байсангүй. Бусармаг явдлуудыг нь мэддэг хүний хувьд сэтгүүлчийн хувиар түүнийг зогсоохыг оролдож, олон нийтлэл бичиж байв. Мөн хүмүүст Трампын үнэн төрхийг таниулахыг оролдож өөрт байсан олон баримт сэлт, бас бус хүмүүсийн тусламжтайгаар “Трампыг бүтээсэн нь” номоо бичжээ. Уг номдоо тэрбээр Трампыг дампуурлын ирмэгт тулсан байхад нь илчилсэн тухайгаа, мөн Трампын гэр бүлийн түүхээс авахуулаад, улс төрийг хүртэл бизнес болгож чаддаг овсгоотой занг нь, энгийн зүйлсийн талаар ч мэддэггүй түүний үнэн төрхийг уншигч олонд дэлгэн харуулжээ.

Шазруун хүсэл зоригоороо өөрийгөө бүтээж, бусдад танигдан, Нью Жерсийн эрэг дээрх жижиг хот, Америкийн хамгийн том хот хоёрын аль алинд арилашгүй ул мөрөө үлдээж, жаргалдаа ташуурч явсан Доналд Жон Трамп шиг хүний далан жилийн турш үзэж туулсаны хагасыг ч болов энд өгүүлэх боломжгүй.

Саналын тоогоор ялагдсан хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаараа (Сонгогчдын зөвлөлийн ачаар) тэрээр дэлхийг нэг мөсөн гайхшруулж орхисон билээ. Хоёр зуу гаруй жилийн түүхтэй уламжлалыг үл тоох, ерөнхийлөгчийн суудлыг өөртөө болон гэр бүлийнхээ ашиг олон хэрэглүүр болгох санаатай байгаагаа тэрээр тангараг өргөхөөсөө ч өмнө батлан харуулсан юм.

Хэлэлцээ хийхдээ гаргуун гэж өөрийгөө дөвийлгөдөг нь ч худал болох нь төдөлгүй илэрхий болсон юм. Үнэхээр л тийм байсан юм бол албаа аваад өчнөөн сар өнгөрөөд байхад 100 өдөрт багтааж хийнэ гэсэн ажлууд нь ч бараа сураггүй байгаа билээ.

“Бид бүхэн энэ харанхуй цаг үеийг давж туулах учиртай. Гэхдээ бид 2016 онд алдаа хийсэн гэдгийг Америкийн ард түмэн ойлгох цаг ирнэ гэдэгт би тун итгэлтэй байна. Учир нь бид Доналд Трампаас илүү энэ улсыг дахин агуу гүрэн болгож чадна.” Дэвид Кей Жонстон. 

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй