Цаазын ялын эргэх холбоо цааз л байх болно

2017-11-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байгаагаа өнгөрсөн Баасан гаригт /2017.11.24/ мэдэгдсэн нь Монгол төрийн залгамж бодлого алдагдсаны нотолгоо болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэдэгдлээ тус өдөр өөрийн санаачилгаар Иргэний танхимд зохион байгуулсан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хийлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн санал зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг ногдуулах юм.

Дэлхий нийтээрээ цаазын ялаас татгалзаж байгаа бөгөөд Монгол Улс ч энэ байр суурийг дэмжин, цаазын ялаас татгалзсан. Анх 2010 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ял хэрэглэхээс түдгэлзэж байгаагаа мэдэгдэж, улмаар хоёр жилийн дараа 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар соёрхон баталснаар Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсон юм. Монгол Улс ийнхүү цаазын ялаас татгалзсан нь Ази тивдээ үнэлэгдэх алхам болсныг тухайн үед НҮБ сайшааж байсан.

 

Олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт хандан Эрүүгийн хуулиар цаазын ял оноож байгаагаа халах зөвлөмжийг удаа дараа өгч байсан байдаг. Хуулиараа цаазын ялын талаарх дүн мэдээ улсын нууцад тооцогддог, цаазын ял гүйцэтгэх товыг ар гэрийнхнээс нь нууцалдаг, нэгэнт ял гүйцэтгэсэн хойно цогцсыг ар гэрийнхэнд нь оршуулахаар өгөхөөс татгалзаж буй зэрэг нь гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн дарамтад оруулах замаар айлган сүрдүүлэх, хүнлэг бусаар хандахад хүргэж байгаа олон улсын хэм хэмжээг зөрчиж байгааг сануулсаар ирсэн байдаг.

Хэдийгээр цаазын ял гүйцэтгэсэн талаарх дүн мэдээ нууц байдаг ч Монгол Улс цаазын ялаас татгалзсан 2012 онд хэвлэлд цацагдсан мэдээллээр 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял ногдуулжээ. Мөн цаазын ялд Монголын төр эргэлзэнгүй хандаж ирсэн нь энэ ялаас нэг бус удаа татгалзаж байснаар харагддаг. Тухайлбал, 1921, 1953 онд цаазын ялыг хэрэглэхгүй болгон зохицуулж байжээ. Гэвч 1953 онд цаазыг ялыг халснаас хойш арван сарын дараа эргэн сэргээхдээ хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр зүйлчилсэн бөгөөд 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрчүүдэд хэрэглэхийг хориглосон байсан. 2002 оны Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт оноож байгаад энэ оноос хэрэгжиж байгаа Эрүүгийн шинэ хуулиас цаазын ялыг бүрмөсөн хассан.

Цаазаар авах ялыг оногдуулах ёстой, ёсгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд байсаар байгааг дурдах нь зүйтэй. Гэхдээ дэлхийн нийтийн чиг хандлагаар энэ ялаас татгалзсан орны тоо нэмэгдэж байна. Гэхдээ татгалзсан орнуудыг харахад ард иргэдийнхээ шахалтаар татгалзсан улс орон байхгүй, энэ нь зөвхөн төрийн ууч, нигүүлсэнгүй хандлагын л илрэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, энэ бол улс төрийн шийдэл. Цаазаар авах ялыг хэрэгжүүлж буй оронд ч сэтгэл сэртхийлгэм аймшигт гэмт хэрэг гарсаар байгааг бид мэднэ. Цаазаар авах ялыг халснаар тухайн оронд гэмт хэргийн тоо өссөн, эсвэл эсрэгээр цаазын ялтай болсноор гэмт хэрэг буурсан гэх хандлагыг нэг ч судалгаа нотлохгүй байна. АНУ-ын жишээгээр авч үзэхэд муж болгон цаазын ялгүй ч ялтай мужид гэмт хэрэг цөөн гарч, ялгүйд нь их гараад байгаа статистик байхгүй.

Өнөөдөр дэлхийн 90 орчим орон цаазын ялыг гүйцэтгэхгүй татгалзаж, зарим нь бүр халаад байна.Энэ үзүүлэлтээр үлгэр жишээ тив бол Европ бөгөөд тус тивийн 42 орны 40 нь өнөөдөр цаазын ялыг халсан. “Эмнести Интернэшнл” байгууллагын мэдээгээр Африкийн 43 орны 18 нь, Латин Америкийн 18 орны 14 нь, Азийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халжээ. 2012 оны мэдээгээр цаазын ялыг эргэн сэргээсэн дөрвөн улс л байжээ. Харин өнгөрсөн жил Турк цаазын ялыг эргэн сэргээсэн. Гэвч Турк улс энэ ялыг эргэн сэргээсэн нь одоогийн Ерөнхийлөгч Таийп Эрдоганы бодлоготой холбоотой бөгөөд энэ улс улам бүр дангаар захирагчийн шинжийг үзүүлж байгаатай холбон ойлгох хэрэгтэй юм. Мөн Филиппиний Ерөнхийлөгч Дутерте зарим гэмт хэрэгт, тухайлбал, хар тамхины хэрэгт цаазыг ялыг эргэн сэргээгээд байна.

Энэ оны мэдээгээр цаазын ялыг дэлхийн 68 улс хэрэгжүүлж байгаагийн дотор манай урд хөрш БНХАУ, АНУ, Саудын Араб, Япон, БНАСАУ, Өмнөд Судан, Вьетнам, Беларус, Лесото зэрэг улс байна.

Хойд хөрш ОХУ 1996 оноос цаазын ялаас түдгэлзэж, гүйцэтгэхгүй байна. Үүнийгээ 2009 онд хуульчлан бүрмөсөн халж, ялын дээд хэмжээг бүх насаар хорих болгосон. Сонирхуулахад, оросууд мөн нэг биш удаа татгалзаад, буцаан сэргээж байжээ. Тухайлбал, 1917 оны Октябрийн хувьсгалын дараа хэсэгхэн хугацаанд, мөн 1947 онд ЗХУ цаазын ялаас татгалзсан ч гурван жилийн дараа сэргээж байжээ.

Мэдээж жигшүүрт хэрэг үйлдэж, хүний алтан амийг бүрэлгэсэн гэмтэнд гэсгээл хүртээх нь зүйн хэрэг. Гэвч энэ гэсгээл ийм хэрэг гарсан учир шалтгаан, орчин нөхцөлийг арилгахгүйд гол учир бий. 

Хэн ч энэ хорвоод гэмт хэрэгтнээр төрдөггүй, гэмт хэрэгтнийг та бидний амьдран буй орчин, нийгэм бойжуулдаг. Харин нийгэм маань шударга бус, эрх тэгш бус, энэрэнгүй бус, халамжтай бус, хангалуун бус, хайран бус байна. Ийм байлаа гээд харгис үйл харгис хариуг л бидэн рүү буцаана.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Керчийн коллежид амь үрэгдэгсдийн тоо 20 хүрлээ
Г.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийллээс болж жилд зургаан мянган хос салж байна
Тамхи таталтын түвшин буурчээ
Танилц: “Эрдэнэс-тавантолгой”-н олон нийтийн зөвлөл
Монголын цагдаа түүнд мэхийн ёслов
Фан Бинбиний татварын хэргээс шалтгаалан Брюс Уиллисийн тоглосон киноны нээлтийг цуцаллаа
​Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно
“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт боллоо
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ
Дахиад "ТУУШИНДЪЯ" хотын дарга аа!
Өөрийгөө нас барсан гэж зарлуулсан Украины авлигач Францын шилтгээнд амьдарч байжээ
"Шар хайрцаг" цагдааг "орлоно"
Түгжрэл ба "SCHOOL BUS"
ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр
Биеийн байдал нь хүнд байсан цагдаагийн алба хаагч таалал төгсжээ
Авто замын том уулзваруудад шар тэмдэглэгээ хийж байна
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
Биднийг төмөр замаа барьж амжаагүй байхад тэд ЖОЛООЧГҮЙ галт тэргээр тээвэрлэж байна
Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
Замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж зорчих хэсэг болон явган хүний зам дээр худалдаа эрхэлж буйг зогсооно