Улс төрийн сүүдэр доорх Сахиусан тэнгэрүүд...

2017-11-22

Улс төрийн сүүдэр доорх "сахиусан тэнгэрүүд"

Victoria’s Secret-ийн нүд баясгаж, сонор мялаасан загварын шоу энэ жил анх удаа Хятадад тухлан саатав. Шанхайн гоёмсог цэнгэлдэхэд Британийн дуучин Харри Стайлс шоуг нээсэн юм. Дуучид, бүжигчид, гэрлийн шоу, дээр нь хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй гэх гоо бүсгүйчүүдийг нэгтгэсэн Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэрүүд” элдэв чамин хээ, чимэглэл бүхий тачаангуй дотуур хувцаснуудыг толилуулсан.

Хятадын зах зээлд ноёрхлоо тогтоох гэсэн компанийн зүтгэл талаар болоогүй ч шоугаа хүссэн хэмжээндээ хийж чадсангүй бололтой. Урьдаас мэдээлж байсанчлан модель Жижи Хадид тэргүүтэй зарим “сахиусан тэнгэрүүд”, бас дуучин Кейти Перри нар Шанхайд очсонгүй. Хятадын эрх баригчдын төдийлөн таалдаггүй сэдвээр “оролдсоныхоо” төлөө тэд шоуг өнжихөд хүрсэн гэнэ.

 

1996 оноос эхтэй Victoria’s Secret-ийн загварын шоу өнгөрсөн жил Парист болсон юм. Ихэмсэг, эрхэмсэг парисчууд “сахиусан тэнгэрүүд”-тэй нэгэн үдшийг өнгөрүүлж, супермоделиуд, дуучин, жүжигчин, хөгжимчин шоу бизнесийн салбарын “томчууд” цугласан нүсэр үдэшлэг хийсэн.

Харин Шанхайн шоуны зочид засгийн газрын үзлэг, шалгалтыг давж, үүдний хэсэгт бичиг баримтаа шалгуулж, нүүр царай таних технологиор баталгаажуулсны эцэст дотогш нэвтэрчээ. Шоунд ирэх ёстой ч очиж чадаагүй алдартнуудын жагсаалт ч бий гэнэ.

 

 

Кейти Перри, Жижи Хадид нар хэн хэн нь Хятадын зүгээс эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан. Перри 2015 онд хийсэн нэгэн тоглолтынхоо үеэр Тайванийг дэмжиж буйгаа илэрхийлсэн үйлдэл гаргасан юм. Нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэгэн хэсэг гэж үздэг Тайванийн тусгаар тогтнох гэсэн хүсэл, зорилго, оролдлого бүр нь Хятадын хувьд эмзэг цэг нь билээ.

Дэлхийн алдартай брэндүүд, спортын алдартай багууд, кино үйлдвэрлэгчид, жүжигчид, дуучид гээд Хятадын асар том зах зээлийг боломж, завшаан гэж хардаг. Гэхдээ нөгөө талд нь контентын агуулга, хэл яриа, зан төлөв, биеэ авч явах байдал гээд бүгдийг давхар хянах хэрэгтэй болдог нь нууц биш.

“Дэлхийн брэндүүд улс төрийн болоод ёс суртахууны хувьд эмзэг мэдрэг сэдвүүдээр тун болгоомжтой хандах хэрэгтэй” гэж Шанхайд төвтэй Хятадын зах зээлийн судалгааны төвийн эрхлэгч Бен Кавендер гэгч хэлжээ.

Хятадад очиж уран бүтээлээ үзүүлэх гэсэн уран бүтээлчдэд тус улсын удирдлага хэдийнээс хатуу чанга хяналт тавьж, цензур тогтоосоор ирсэн. Жастин Бибер, Лейди Гага, Бьёрк, Бон Жови гээд Түвд болоод Тайванийг дэмжсэнийхээ төлөө хар жагсаалтад багтсан алдартан цөөнгүй бий.

ТӨЛӨӨС

Си Жиньпиний удирдлага дор Хятад маягийн социализмыг бүтээн байгуулахаар шулуудсан Хятад улс видео тоглоомоос эхлээд кино, хөгжмийн шоу гээд соёл урлагийн салбар дахь бүхий л зүйлсийг хянаж, цензурддэг. Түүнд тааруулж бүтээгчид нь бүтээлээ хэдэн давхар “шүүлтүүр”-ээр оруулдаг.

Даваа гаригт болсон Victoria’s Secret-ийн шоунд оролцохгүй болсон тухайгаа Жижи өнгөрсөн долоо хоногт твиттертээ бичсэн юм. Гэтэл энэ нь Буддагийн бяцхан баримал барьсан видео оруулсантай нь холбоотой гэнэ.

Харин Кейти Перри Тайванийг дэмжиж буйгаа илэрхийлснийхээ төлөө Хятадын хилээр нэвтрэх эрхгүй болсон гэж Америкийн хэвлэлүүд мэдээлсэн юм. 2015 онд хийсэн тоглолтынхоо үеэр дуучин бүсгүй Тайванийн төрийн далбааг нөмөрсөн удаатай. Түүний энэ үйлдэл л хангалттай байжээ.

Хятадын төрийн оролцоотой гэх “The Global Times” шар сонинд тэд визний татгалзсан хариу авсан нь өнгөрсөн үйл явдалтай уялдаа холбоотой гэж тэмдэглэсэн байв. “Төлөөсөөс зугтах аргагүй” гэж онцгойлон бичжээ. Түүнчлэн “Хятадын зах зээлд нэр нөлөөгөө ихэсгэхийг үнэхээр л хүсэж байгаа бол энэ хэргээс сургамж авч, Хятадын дүрмийг дагаж мөрдөхөд суралцах хэрэгтэй” гэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Victoria’s Secret-ийн зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Жижи Хадид болон Кейти Перри нарт ямар үндэслэлээр Хятадын виз олгохоос татгалзсан тухай асуултад тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан нөхцөл байдлын нарийн ширийнийг мэдэхгүй гээд, “Хятад улс ажил хэргийн, аялал жуулчлалын болоод соёлын арга хэмжээнд оролцох гадаадын “энгийн” иргэдийг найрсгаар угтан авч, шалгуур хангасан хүмүүст виз олгодог” гэсэн байна.

Тэрбээр мөн “Үүний зэрэгцээ дэлхийн бусад улс, гүрний адилаар Хятад улс ч мөн гадаадын иргэнд виз олгох эсэх асуудлыг шийдэхдээ хууль дүрэм, бодлогын хүрээнд бие даан шийдэх эрхтэй тусгаар улс гэдгийг дахин сануулахыг хүсэж байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй