2015-12-08
Отгонтэнгэр Их сургуулиас хоёр дахь жилдээ "Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Монгол улсын нийгэм эдийн засагт нүүрлээд буй хямралын учир шалтгааныг олж харан түүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам, гарцыг зөв тодорхойлох зорилготой энэхүү хуралд Герман, Солонгос болон Монголын хорь гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. Уул уурхайгаас хараат бус, бие даасан эдийн засгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг судлаачид нэгэн дуугаар зөвшөөрсөн ч их өрийн дарамтнаас хэрхэн гарч, хямралыг даван туулах талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. ОТИС, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан тус хуралд “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд гадаад өрийн үзүүлэх нөлөөлөл, хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Отгонтэнгэр Их сургуулийн багш, судлаач Э.Ганбаттай өнөөгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.
-Өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдлыг судлаачийн зүгээс юу гэж харж байгаа вэ?
-Монгол улс одоогийн байдлаар 27,3 тэрбум америк долларын гэж мэдээлж байна. Энэ өрнөөс яаж гарах вэ гэдэг хамгийн том асуудал үүсээд байгаа юм. Учир нь монгол улс тун удахгүй энэ өрийг төлж эхлэнэ. Өр гэдэг бол тоон дүн, хүүгээрээ байнга өсч байдаг учраас засгийн газрын тавьсан тэр гадаад өр дээр хүү нэмэгдэнэ. Гэтэл монгол улсын хувьд жилдээ 12 орчим тэрбум америк долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мөртлөө түүнээсээ 2,7 дахин их өртэй байна.
-Энэ өрийг төлөгч нь хэн байх вэ?
-Монгол улсын засгийн газар, дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компаниуд мөн иргэд л төлөх болж байна. Тэгэхээр бидний ирээдүйд энэ өрийн дарамтнаас яаж гарах вэ гэдэг асуудал үүсэх юм. Иймээс хувийн хэвшлийнхэний татвар өсөх нөхцөл бүрдэж байна. Мөн экспортын орлогоо бүгдийг нь гадаад өрөө төлөхөд зарцуулж таарна. Бас валютын нөөцөө гадаадруу урсгаж эхэлнэ гэсэн үг. Гэтэл бид нарт одоогийн байдлаар эдийн засгийн чадамж байгаа юу гэдэг асуудал хамгийн түрүүнд тулгамдаж байгаа гэж бодон энэхүү “МУ-ын эдийн засгийн өсөлтөнд гадаад өрийн үзүүлэлт нөлөөлөл, хандлага” гэдэг илтгэлээ бэлдсэн.
-Нийгмийн хямрал гэж юу вэ?
- Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван улирал дараалаад буурсан тохиолдолд эдийн засгийн хямрал үүсч байна гэж үздэг. Илтгэгчдийн илтгэлээс харахад бидний гадаад өр бол том алдаа. Дотоод эдийн засаг дахь өрх гэрүүдийн, пүүс, компаниудын өр өсөж чанаргүй зээл нэмэгдлээ энэ бүгд юуг илэрхийлээд байна вэ гэхээр үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниуд олж байгаа орлогоороо авсан санхүүжилтээ буцаагаад төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь хямралыг улам дэвэргээд байна. Өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниуд цөөрч, ингэснээр тэдний орлого багасч байна. Энэ бол хямрал бодит байдал болсоны дохио л доо. Хямрал нэг л өглөө сэрэхэд бий болчихсон зүйл биш. Монгол улс 2011 онд 17,3 хувийн эдийн засгийн өсөлттэй байх үед энэ хямралаас урьдчилан сэргийлэх валютын нөөцийг бий болгох ёстой байсан. Гэтэл ингэж нөөцөө бүрдүүлж чадаагүй учраас одоо ийм байдалд хүрээд байна. Тэр үед долларын их хэмжээний нөөц сан бүрдүүлсэн бол энэ гадаад өрөөр эдийн засгийн асуудлыг шийдэх биш дотоод нөөц бололцоогоор шийдэх боломжтой байсан. Энэ нь засгийн газрын бодлогын алдаа. Тэгэхээр макро эдийн засгийн хэрэгжиж байгаа бодлогууд урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Урт хугацаанд үр дүнгээ өгч байгаа учраас бид өнөөдрийн хэрэгжүүлж байгаа бодлогыг маргааш гэж хүлээх биш 10 жилийн дараа, магадгүй 5, 3 жилийн дараа үр дүнгээ өгч эхлэх бодлогуудыг хэрэгжүүлж байгаа учраас маш хариуцлагатай хандана гэсэн үг. Ер нь бол эдийн засгийн хувьд монгол улс ямар бодлогыг голчлон баримтлах вэ гэхээр 20 жилийн дараа, 50,100 жилийн дараа ямар зүйлд хүрэх гээд байгаа вэ гэдэг алсын зорилгын төлөө нэгдсэн хүчээр ажиллах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол сайн үр дүнд хүрч чадахгүй болно.
-Эдийн засгийн энэхүү хүнд байдлаас гарах ямар ямар арга зам байна вэ?
-Хамгийн гол асуудал макро эдийн засгийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх л арга зам байна. Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, төв банкнаас хэрэгжүүлж байгаа макро эдийн засгийн бодлогууд өөрөө ард иргэдийн амжиргааг дээшлүүлж, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдэхэд чиглэгдсэн байх ёстой. Гэтэл манайх эдийн засгийн өсөлттэй урамшуулах чиглэлээс илүүгээр, нийгмийн асуудал, халамжийн хавтгайрсан бодлогыг хэрэгжүүлж бидний хуримтлал хийх боломжтой мөнгийг үгүй болгож байгаа юм. Тэр мөнгөөрөө бид үйлдвэр байгуулаад, тэр үйлдвэр нь өөрөө буцаагаад ажлын байрыг бий болгодог, эдийн засгийн үр өгөөжөө өгдөг байх хэрэгтэй. Гэтэл тэр боломжийг алдчихаж байгаа юм. Тэгэхээр энэ боломжийг дахин алдахгүй байхын тулд бид нар олон талаас нь хэлэлцэж байна.
-Отгонтэнгэр их сургууль энэхүү ОУЭШХ-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлын ач холбогдолыг та хэлээч.
-Нийгэм эдийн засгийн асуудлаа олон талаас нь харж оновчтой шийдвэрлэдэг гадаадын эрдэмтэдтэй хамтраад монгол улсад тулгараад байгаа хүндрэлүүдийг хэрхэн шийдэх гарцыг хайх нь бидний зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлын гол ач холбогдол. Тэгэхээр хурлаас гарч байгаа санал, шийдвэр, санаачлагуудыг төр засгийн эрх мэдэлтнүүдэд бид хүргэх болно. Хамгийн гол гүүр нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байх болов уу. Учир нь өнөөдрийн хуралд өндөр ач холбогдол өгөн эхнээс нь дуустал нь хамт байж эрдэмтэдтэй санал солилцлоо
-Хичнээн илтгэгч оролцож байна вэ?
Нийтдээ 28 илтгэгч илтгэл тавьж байгаагийн 18 илтгэлийг өнөөдөр хэлэлцүүлж байна. Энэ илтгэл бол макро эдийн засаг, нийгэм эдийн засгийн бүхий л асуудлыг хөндсөн байгаагаараа цар хүрээний хувьд өргөн болж байна. ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд Германы ОУ-н хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгос улсаас ирж байгаа зочид гэх мэт хамрах хүрээ нь энэ жил илүү нэмэгдэж улам өргөжиж байгаа нь хурлын ач холбогдолыг өсгөж байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
Д.Жансэнм
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд