2024-01-04
Дэлхийн брайл үсгийн өдөр өнөөдөр тохиож байна. Брайл үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ нийгмийн амьдралд оролцоход нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ өдрийн гол зорилго нь брайл үсгийн боловсрол, тус бичгийг ашиглан бичсэн ном, гарын авлага, сурах бичиг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжихээс гадна брайл үсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны чухал хэсэг болохыг иргэд олон нийтэд ойлгуулахад оршдог.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайл бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайл бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан байдаг.
Монгол Улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультай болж, 1964 оноос брайл үсгийг зааж эхэлжээ.
Мөн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлаар “Монгол Брайл бичгийн стандарт”-ыг баталж, 2019 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 4-ний өдрийг харааны бэрхшээлтэй иргэдийн бичиг болох брайл үсгийн өдөр болгон тэмдэглэх болжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд