2021-01-15
Италийн Сайд нарын зөвлөл коронавируст цар тахлын улмаас тогтоосон онц байдлын дэглэмийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа.
Онц байдал зарлагдсан тохиолдолд Ковид19 халдвартай тэмцэх бүх шийдвэрийг Сайд нарын танхим парламентын баталгаагүйгээр гаргаж байхаар хуульчилсан. Энэ шалтгаанаар парламент дахь сөрөг хүчний намууд онц байдлын дэглэмийг сунгахыг нэг биш удаа эсэргүүцэж иржээ.
Цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын дэргэд байгуулагдсан Шинжлэх ухаан-техникийн тусгай хороо онц байдлыг сунгах санаачлагыг Сайд нарын танхимд хүргүүлжээ.
Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца тус оронд өвчний байдал хүндэрч эрчимт эмчилгээний тасгуудад өвчтөний тоо нэмэгдсэн тул онц байдлын дэглэмийг сунгана гэж өмнө нь хэлж байсан юм. "Итали халдвартай тэмцэх урт, удаан хугацааны марафоны эхэнд байна" хэмээн сайд онцолж байлаа.
Италийн засгийн газар анх 2020 оны нэгдүгээр сарын 31-нд онц байдлын дэглэмийг хагас жилийн хугацаатайгаар тогтоож байлаа. Дараа нь 2020 оны аравдугаар сарын 15 хүртэл сунгажээ. Улмаар аравдугаар сараас 2021 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасан байв.
Worldometer статистикийн мэдээгээр Италид нийт 2,3 сая гаруй хүн Ковид19 халдвараар өвчилж нас барагчдын тоо 80 мянгаас давжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд