2019-11-13
Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг гаргасан. Хүний эрхийн 18 дахь илтгэлд Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал. Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал гэсэн зургаан том асуудлыг багтаасан юм.
Ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж өгнө, 5 секундээс дээш ширтвэл дарамт үзүүлсэн гэж тооцно гэсэн мэдээлэл гарч байгаа. Үндсэн хуулийн Цэцийн дарга Солонгост бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт орооцолдсоноос үүдэж нийгэм энэ чиглэлд илүү анхаарал хандуулж байна. Гэтэл үүнээс ч ноцтой асуудал нийгэмд байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд. Хамгийн наад захын жишээ гэхэд нөхрөө алдчихаад байгаа Б.Болороо “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо эмч нар түүнд хэрхэн хандаж байсныг ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй л бол хүн биш, жирэмслэх, төрөх эрхгүй мэтээр зарим эмч ханддаг, ялгаварлан гадуурхдаг талаар тэрбээр ярьсан юм.
Б.Болороо “Жирэмсэн болсны дараа эмнэлгийн үйлчилгээ авахад маш хүнд байсан. Бараг л намайг төрж болохгүй гээд буцаах гэсэн. Өөрийнхөө хөдөлгөөнийг хянаж чадахгүй хүн хүүхэд төрөхөөр асрах боломжгүй гэх мэтээр ярьсан. Эмнэлгийн талаасаа тийм л байх. Харин эмнэлгийнхэн надтай харилцахдаа ёс зүйгүй аашилж байсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очоод, хяналтад очиход хяналтын эмч нь муухай зан гаргаж, янз бүрээр хэлсэн. Нөхөр маань эрэгтэй хүн байж нүдэндээ нулимстай, эхнэрийг минь ингэж хэлээд яахав дээ гээд гомдож байлаа. Бид эмнэлгийн удирдлагуудтай уулзаад, эмчээ солиулж байсан. Уг нь хүн хүүхэд төрүүлэхэд эмчээс зөвшөөрөл авах ёсгүй. Би тэр үед өөрийгөө хүн биш юм байна гэдэг мэдрэмжийг авсан. Яагаад гэвэл, би зөвшөөрөл авч байж төрөх ёстой юм байна гэдгээ ойлгосон.
Эмнэлгийн үзлэгийн өндөр орон дээр гарахад би өөрөө чадахгүй шүү дээ. Нөхөр маань намайг өргөөд гаргасан. Гэтэл хяналтын эмч нь “Энэ хоёр юм одоо төрөх гээд л байгаа юм шиг байна, хөөрхий. Нөхрийнх нь гарыг хар даа. Ийм хоёр юм төрөх л юм байх даа. Одоо төрөг дээ” гээд хоорондоо ярьж байгаа юм. Уг нь эмч чинь өвчтөнийхөө асуудлыг нууцлах ёстой биз дээ. Гэтэл зүгээр л нэг гудамжны хов ярьж байгаа юм шиг орж ирсэн өөр нэг эмчдээ тэгж хэлсэн. Миний хажууд шүү дээ. Би шүд зуугаад, охиноо л төрүүлж байвал хэн ч намайг юу ч гэсэн яахав гэж бодоод тэвчсэн. Сүүлдээ үнэхээр тэвчих аргагүй байдал үүсээд, ээждээ хэлсэн. Ингээд хөөцөлдөж байгаад, эмчээ солиод төрж байсан” хэмээн ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд яаж ялгаварлан гадуурхаж, үл тоомсорлож байгаагийн нэг илрэл энэ.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 30 хувь нь ДОХ ямар замаар халдварладгийг мэдэхгүй байжээ
Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлд энэ талаархи маш ноцтой олон жишээг дурьдсан байгаа. Хүний эрхийн үндэсний комисс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор нийтдээ 81 судалгаа хийсэн аж. Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэйг хамруулсан бөгөөд 42 хувь нь тулгуур эрхтний, 31 хувь нь хараа, сонсголын, 17 хувь нь оюуны, 10 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй байжээ.
Судалгаанд оролцогчоос БЗДХ, ХДХВ хэрхэн халдварладаг талаарх мэдлэг, ойлголтыг тодруулахад, давхардсан тоогоор 57.6 хувь нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, 25.8 хувь нь зүү тариураар, 2.2 хувь үнсэлцэхэд, 4.1 хувь жорлонгоор, 5.9 хувь нь ахуйн замаар, 19.2 хувь нь цус цусан бүтээгдэхүүнээр, 29.9 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Мөн эдгээр өвчний үед илрэх шинж тэмдгийн талаар мэддэг эсэхийг асуухад 50.9 хувь нь огт мэдэхгүй, 24 хувь нь бага зэрэг, 10.7 хувь нь сайн, 7.7 хувь нь маш сайн мэднэ гэжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, тэр дундаа хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээдлэл авах боломж бага. Эмч нар мэдээлэл өгч, туслахаасаа илүү загнах, дарамтлах, эрхийг нь зөрчих нь их байдаг аж. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртдөг тохиолдол ч маш их байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж, тэднийг дээрэлхэж, дарамталж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан жишээнүүдийг дурдая.
"Ухаан алдаад сэргэх үед үр хөндөөд, үрийн сувгийг маань боосон байсан"
-Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын талаар огт сонсож байгаагүй. Хааяа зурагтаар бэлгэвч хэрэглэ гээд байдаг. Нэг залуутай хамт амьдарч байгаад бэлгийн харилцаанд орсон. Тун удалгүй намайг хаяад явсан. Сар гаруй хугацааны дараа доороос үнэртэй ногоон юм ихээр гарах болсон. Гэрийнхэндээ хэлж чадахгүй нэг найзтайгаа цуг явсан чинь “Чи өвчин авсан юм уу. Балиар юм” гээд намайг хаяад явсан. Сургуульдаа ч явахаасаа ичдэг болсон. Хэрвээ би тэр үед эмэгтэй хүн өвчин авдаг гэдгийг мэдсэн бол, бэлгэвч хэрэглэх ёстойг мэдэж байсан бол ийм байдалд орохгүй байх байсан.
/Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
-Манай хараагүй найз БЗДХ-тай болсон. Энэ тухайгаа хэнд хэлэхээ мэдэхгүй, ямар өвчин авснаа яаж мэдэх гэж их шаналсан. Арай гэж нэг найздаа ойлгуулаад, эмнэлэгт очсон чинь БЗДХ-тай хүмүүс улаан шугамтай хэсгийн цаана очдог юм байна. Тэнд нь очоод зогсохоос ичээд нөгөө хүн манай найзыг орхиод явсан. Эмчид үзүүлэхээр ороход, “Өөрийгөө яая гэж байж өвчин чирч ирээд хэнтэй, хэрхэн, яаж” гээд нэг бүрчлэн яриулах гээд их эвгүй харьцсан. Дахиж эмнэлэгт очоогүй. Хүнээс асууж байгаад нэг эм авч уусан, эдгэсэн байх гэж найдаж байгаа. Ийм үед утасдаад зөвлөгөө авчихдаг үйлчилгээ байвал их хэрэгтэй санагдсан. Мөн хэнээс, хэзээ, яаж гэсэн асуулт асуухгүйгээр эмнэлэгт хүргээд өгдөг туслах үйлчилгээ байвал олон талаар маш их хэрэгтэй байна. Мөн эмч нарт хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн бусад иргэдийн адил өвддөг, эмчилгээ авах эрхтэйг ойлгуулах сургалт хэрэгтэй юм шиг санагдсан.
/Харааны бэрхшээлтэй эмэгтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
Хэнд хүчирхийлүүлснээ мэдэлгүй бэлгийн замын халдварт өвчин авсан
-Хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Жишээ нь, би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй, бэлгийн замын халдварт өвчин авч байсан. Эмнэлэгт үзүүлэхээр очиход “Хараагүй байж хэнээсээ авдаг байна. Эрийн донтой байх нь ээ” гэж эмч хэлж байсан. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд дүгнэлт хийдэг.
/Харааны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
-Намайг 18 нас хүрэхэд л өрхийн эмч надад жирэмслэлтээс хамгаалах тариа хийж эхэлсэн. Анх тариа хийлгэж байхад 48 кг жинтэй байсан. Одоо би 85 кг жинтэй болтлоо таргалсан. Энэ тариаг ийм олон жил тариулж болохгүй гэж сонссон.
/Эпилепси өвчтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
-Би 35 настай, хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч маань байнга залгаж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид “Энэ миний эрхийн асуудал, шийдвэрээ би өөрөө гаргана” гэж хариулахад “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” хэмээн дарамталсан.
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага. Улаанбаатар хот/
-Би 38 настай. Охин маань 18 настай. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Нөхөр маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг анхны хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр маань ээжтэй ярилцаад шийд гаргасан, надад хэлээгүй байсныг саяхан мэдсэн. Би нөхөртөө энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна.
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага. Сэлэнгэ аймаг/
-Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тийм болохоор таван сартай жирэмсэн хүртлээ эмч нараас нуусан. Намайг эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр эмч нар жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндөлт хийлгэхийг ятгасан. Татгалзах үед тэд тал талаас гар бариад би цочролд ороод ухаан алдсан. Сэрэх үед жирэмслэлтийг зогсоосон, үрийн сувгийг боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд маань хүлээлгэж өгөхдөө уналт таталтын эмийг нь сайн уулга гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Цочролоос болоод энэ үед миний ухаан санаа хагас байсан.
/Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
-Ээж, аав гадагш гарах болоод намайг нэг танихгүй ахаар харуулсан. Тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлснээс хойш аав намайг гурван удаа хүчирхийлсэн. Аав ээжийг зоддог болохоор би ээжид энэ тухай хэлээгүй.
/Тулгуур эрхтний бэрхшээлтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага/
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд