Арван жил тууштай хөдөлмөрлөж, Тулгатын дүрийг бүтээх боломж олж авсан

2019-10-24

- Өмнө нь ассисент найруулагч хийдэг байхад жүжиглэх амархан санагддаг байлаа
- Б.Тамир ах “Энэ дүрийг амилуулна уу, ална уу өөрөө мэд” гэсэн

Амралтын өдрүүдэд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уях” болсон “Фантастик” продакшны бүтээл “37 дугаар токча” олон ангит киноны талаар сонирхох хүн эрс нэмэгджээ. Ялангуяа, гол дүрүүдийг бүтээсэн жүжигчдийн ур чадварыг сайшааж байгаа юм. Тус кинонд Тулгатын дүрийг бүтээсэн залуу жүжигчин Р.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр арван жилийн турш тус продакшны бүтээсэн адал явдалт, тулаант, түүхэн кинонуудад ассисент найруулагчаар ажиллаж иржээ.

- “37 дугаар точка” киноны Тулгатын дүр таны бүтээсэн анхны гол дүр байх аа. Тус дүрд хэрхэн хуваарилагдсан тухайгаа хуваалцана уу? 

- Арван жилийн тууштай хөдөлмөр, жүжигчин болох чин хүсэл минь надад Тулгатын дүрийг бүтээх боломж олгосон гэж боддог. Мөн “Фантастик” продакшны ах нартайгаа танилцсан нь намайг жүжигчний мэргэжилд хөл тавихад хамгийн том гүүр болсон. 2009 онд “Хэцүү анги” олон ангит киноны олны хэсэгт тоглож байхдаа жүжигчин М.Баярбат, Н.Батсайхан ах нартай танилцаж байлаа. Улмаар “Фантастик” продакшны анхны уран бүтээл болох “Дурсамж төгсгөлгүй” киноноос эхлээд бүх уран бүтээлд нь ассисент найруулагч хийж байсан юм. Ийнхүү арван жилийн дараа Тулгат гэх дүрд томилогдох завшаан тохиосон. “37 дугаар точка” киноны зохиол бичиж байгаа тухай сонсоод “надад дүр өгөх болов уу” гэж горьдож л байсан. Гэхдээ гол дүрд тоглоно гэж бодоогүй. Б.Тамираа ах нэг өдөр, “Ах нь чамд байр, машин өгч чадахгүй. Миний дүү өнөөг хүртэл бидэнтэй хамт байсан учраас Тулгат гэх дүрд тоглох боломж олгоё. Энэ дүрийг амилуулна уу, ална уу өөрөө мэд” гэж хэлсэн юм. Энэ үгэнд би маш их баярласан ч бага зэрэг айдастай хүлээж авсан. Дүрээ бүтээх явцад алдаа оноо их байж, загнуулж, зэмлүүлэх тохиолдол ч олон гарсан. Гэхдээ сайн тоглохыг хүсэж, надад итгэж буй хүмүүсийн урмыг хугалахгүйг маш их хичээсэн. 

- “37 дугаар точка” киноны зураг авалт долоон сарын турш үргэлжилж, 700 гаруй хүний хөдөлмөр шингэсэн уран бүтээл болсон гэж байсан. Чамгүй шалгуур давсан байх. Үүнээс та юу сурч, хэрхэн өсөж хөгжсөн бэ? 

- Маш их туршлага хуримтлуулсан. Өмнө нь ассисент найруулагч хийдэг байхад жүжиглэх амархан санагддаг байлаа. Яг камерын өмнө гарахаар үнэхээр хэцүү байдаг юм билээ. Дүрээ сайн судалж, зохиолоо ойлгож, өөртэйгөө ажиллах л чухал санагдсан. Тулгат бол сагсуу, ууртай залуу. Үүнийг гаргахын тулд 70, 80, 90-ээд оны залуусыг судлах шаардлагатай болсон. Анх зохиолын уншлага хийж эхлэх үед “ахын дүү нэг л болохгүй байна, жүжиглэхгүй байна. Тулгатад хувир” гэдэг байлаа. Тулгат болоод уншихаар “яагаад хэт их жүжиглээд байгаа юм” гэнэ. Өөрөө юу нь, яагаад болохгүй байгааг сайн ойлгодог гүй байв. Улмаар Тулгатын намтрыг зохион, ах нарын зөвлөмжийг тэмдэглэн, өөртэйгөө маш их ажиллаж, арай зүгширсэн. Ер нь киноны турш хүмүүсийн өгсөн зөвлөгөөг дагаж, продакшны ах нараасаа болон ахмад уран бүтээлчдээс маш их суралцсан. Түүнчлэн Ц.Төмөрхуяг багштайгаа аав, хүүгийн дүрийг бүтээсэн нь миний хувьд завшаантай хэрэг болсон. 

- “Фантастик” продакшн нэг үеийн залуусын бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлог. Найзууд хамтарч уран бүтээл гаргахын давуу болон сул тал юу вэ. Хувийн харилцаа, албаны харилцаа хоёроо хэрхэн заагладаг бол? 

- Манай продакшны ах нар СУИС-ийн нэг ангийг төгссөн. Тус сургуулиас урлагийн дэг, ёс зүйг маш сайн сурсан юм билээ. Түүнийгээ залуу жүжигчдэдээ үлгэрлэж яваа. Тиймээс ажил явагдаж байхад бүгд л өөр, өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Харин ажлын бус цагаар энгийн сайхан харилцаатай. Мөн бүх зүйлд “би” биш “бид” гэх үзлээр ханддаг бөгөөд нөхөрлөл, хүндлэлийн жанжин шугамаар хамтдаа хөгждөг уран бүтээлчид байдаг юм. 

- Таны дүр хайртай нэгнээ харамлан өмчирхдөг айлын эрх хүүг харуулдаг. Энэ дүр Р.Отгонбаяр гэж хүний дотоод мөн чанар, зан суртахуунтай хэр нийцтэй байв. Дүр бүтээхэд өөртэйгээ зөрчилдөх үе байв уу?

- Надаас бүх талаараа өөр дүр. Тулгат бол зүрхний хийтэй, хэт ууртай нэгэн. Түүний дүрийг бүтээхэд хамгийн хэцүү зүйл нь уурлах байсан. Амьдрал дээр надад уурлах үе гардаг ч Тулгат шиг авирлаж байгаагүй болохоор эхэндээ дүрээ гаргахад нэг л болж өгдөггүй байлаа. Эмэгтэй хүнтэй харьцаж жүжиглэхдээ хамаагүй хандаж, хүчтэй хүрч болохгүй, дотроо зөөллөөд байсан чинь Тамираа ах “болохгүй байна, зөөлөн харагдаад байгаа учир хүчтэй авир гарга” гэсэн. Уурлаж буй хэсгийг олон удаа давтан авахуулахаар асар их “нерв”-тэж, жинхнээсээ зүрх савладаг юм билээ. Нэг удаа хамтран тоглогч бүсгүйгээ хүчтэй түлхэж, өөрийн эрхгүй хараалын үгс урсган, хяналтаа алдсан. Ийнхүү алдаж, оносоор дүрээ гаргахыг хичээсэн. Хэдий амархан байгаагүй ч уран бүтээлийн гараагаа амжилттай хийсэндээ баяртай байна. Үзэгчид ч сайхан хүлээж авсан.

- Дүр дээр ажиллаж, кинонд тоглох үед амьдралын хэмнэл, хэв маяг их өөрчлөгддөг байх. Үүнийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ, урлагийн хүнийг ар гэрийнхэн нь сайн ойлгодог байх ёстой болов уу гэж боддог? 

- Тийм шүү. Ар гэрийнхэн ойлгодог байх сайхан. Манай эхнэр жүжигчин мэргэжилтэй, одоогоор “Мөрөөдлийн театр”-т бүжигчнээр ажиллаж байна. Адилхан урлагийн хүн учраас зовлон, жаргалыг нь сайн мэддэг. Тиймээс надад ажил мэргэжлийг минь ар гэрийнхэн ойлгохгүй байх хүндрэл үүсч байгаагүй. Эхнэрээ хөдөө тоглолтоор явахад нь би хүүхдээ хараад үлдэх үе ч бий. Харилцан ойлголцон, ажиллаж хөдөлмөрлөдөг. Харин урт хугацаанд зураг авалтаар явахад би охиноо, үр минь намайг их санадаг нь хэцүү байдаг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй