2019-10-07
Монгол хүнийг дахин бас дахин шалгах ёстой гэх бичигдээгүй хууль хэд хэдэн улсын хил дээр үйлчилж байна.
Монголчууд бид эртнээс хүний газар нэрээ, өөрийн газар ясаа гэх үгийг хол газар явж буй нэгэндээ захиас болгон дайж ирсэн. Тэгвэл яг өнөөдөр Монголчууд хүний газар нэрээ хичээх явах цаг иржээ. Хилийн дээс давсан л бол Бат, Болд гэх бус Монгол хүн гэж дуудагддаг гэдгийг ухаарах цаг болж. Үгүй бол дэлхийд Монголчууд “хар даруулж” аль ч хилийн дээс давахад төвөгтэй болох нь.
Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд Мөнхцэцэгийн Батболд, Сүхбаатарын Солонго, Гарамжавын Золзаяа гэх Монгол Улсын гурван иргэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан. Түүхэнд байгаагүй “онцгой” үйл явдал. Хэн ч хааны ордноос хулгай хийж байгаагүй. Магадгүй тус газраас хулгай хийх тухай бодож байгаагүй биз. Гэтэл Монгол Улсын гурван иргэн ийнхүү хулгай хийж улсынхаа нэрийг шороотой хутгав.
Үүний дараа манай улсын иргэд тус улс руу зорчих бол иргэдээс нэмэлт материал бүрдүүлэх хэрэгтэй болсон. Тодруулбал, тус улсад зорчиж буй манай иргэдийг хилээр нэвтрүүлэхээс өмнө нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө, зээлийн картын мэдээллийг шалгаж эхэлсэн. Ийнхүү хэдхэн хүний хууль бус үйлдлээсээ болоод тус улсад зорчих монголчууд бүгд тус улсын хууль зөрчигчид шиг алдагдах болов. Яг ийм тохиолдлууд хэд хэдэн улсуудад давтагдаад байна. Монголчууд гэхээр “эвэртэй туулай үзсэн” юм шиг аяг ааш гаргаж, үл тоох болж гэнэ. Энэ нь тус улсад зорчихдоо хууль зөрчиж, бусдыг амгалан тайван байдлыг алдагдуулсан Монголчуудаас үүдэлтэй.
Өнөөдрийн байдлаар Азийн орнууд төдийгүй Европын зарим орнууд ч Монголчуудад дургүй. Зам гудамж, дэлгүүр худалдаан төв гээд хаа таарсан газраа хүний юмыг хумсалж, зорчин явж байгаа, амьдарч байгаа орондоо иргэдийн тав тухыг алдагдуулж байна. Бүр зарим улсын дэлгүүрүүд “Монгол хүнд үйлчлэхгүй” гэх тусгайлсан бичигтэй. Монголчууд тэдний ийм ёсгүй үйлдэл гаргатал нь өөрсдөө ёс бус үйлдэл гаргасан байна.
Бид хүний эрх, эрх чөлөө, ардчилал ярих дуртай. Гэсэн ч өөрийн заавал биелүүлэх үүргийг умартдаг. Яг үүнээс болж Монголчууд гадны улсуудад ад үзэгдэж байна. Иймээс гадаад паспортыг хэн дуртайд нь олгох асуудлыг эргэн харах шаардлага тулгарч байна. Үгүй бол Ази төдийгүй дэлхийн хэд хэдэн орнууд Монголчуудад бүрмөсөн хаалгаа хаах нь.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд