2019-09-02
… Халхын голын дайн зөвхөн
Халхын голын дайн байсангүй
Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн
Хамаг ардын дайн байлаа …
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээг наймдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хот болон Хэнтий, Дорнод аймгуудад Монгол, Зөвлөлтийн эрэлхэг хөвгүүд, охидын тэмцэж авчирсан ялалтын үнэ цэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хүрээнд олон ажил санаачлан зохион байгуулсны нэг нь энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ байлаа.
БНМАУ-ЫН АНХНЫ БААТАР Ш.ГОНГОРЫН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭВ
Хүндэтгэлийн ажиллагаа их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлэв. Хэнтий аймгийнхан 1939 оны Халхын голын байлдаанд ар талын бааз, хангалтын үүргийг нэр төртэй биелүүлсэн бөгөөд олон зуун мянган хөвгүүдээ ч дайны талбар руу илгээсэн байдаг юм. БНМАУ-ын анхны баатар Шагдарын Гонгор Хэнтий нутгийн эрэлхэг хөвгүүдийн нэг бөгөөд түүний гэрэлт хөшөөг түүхт ойг угтан аймгийнхаа төв цэцэрлэгт сүндэрлүүлсэн байлаа. 20 гаруйхан насандаа дайны талбарт гарамгай гавьяа байгуулсан Ш.Гонгор баатрын гэрэлт хөшөөний нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс, орон нутгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, нутгийн иргэд оролцов. Энд нэгэн хүндтэй зочин уригдсан нь тус аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Тогоочийн Лувсансүх гуай байв. Тэрээр орон нутгаасаа Чөлөөлөх дайнд татагдсан 80 цэргийн нэг гэх бөгөөд БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгорын талаар зарим нэгэн баримт өгүүлэв. “Алаг морьт Л.Дандар баатрын хажууд миний баатар гэж юу байх вэ дээ. Л.Дандарын эгнээнд 10 баатрыг нийлүүлээд ч хүрэхгүй” гэж байнга хуучилна. Өөрийгөө гэхээс илүү бусдыг магтан биширч явдаг жинхэнэ эх оронч эр байлаа гэж ахмад дайчин маань ярилаа. Тэрээр дараа жил Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой болно. Энэ бие минь энх тунх байвал ойдоо заавал оролцоно” гэсэн нь дайныг гэрчлэх баатрууд жилээс жилд бус сараас сард цөөрч байгаа гашуун үнэнийг өгүүлэх мэт. Үүнийг сонссон Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ахмад дайчин Т.Лувсансүхтэй Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойгоор заавал уулзана, хамтдаа зургаа татуулна, дайны үеийн талаар дахин ярилцана шүү хэмээн “болзоо” тогтооно лээ. Ш.Гонгорын баатрын гэрэлт хөшөөг Хэнтий аймгийн зураач, урчуудын холбооны тэргүүн Д.Батхуяг тэргүүтэй зураачид богино хугацаанд урлан бүтээсэн байна. Хөшөөний загвар хийцийн талаар зураач Д.Батхуяг ярихдаа “Ш.Гонгор баатрыг ид мандаж явсан залуу үеийнх нь дүр төрхөөр бүтээсэн. Ялалтын тугаа намируулан яваа хурандаа Ш.Гонгорыг харуулахыг хичээсэн гэлээ. Зураач, уран бүтээлчид үүнээс гадна ойролцоох дайчдын цогцолбор хөшөөг шинэчлэн сайжруулж, Халхын голын байлдаанд Хэнтий аймгаас оролцсон 678 хүний нэрийг дайчдын дурсгалын хананд бичиж мөнхжүүлжээ. Энэ үйл явдалд бас нэгэн хүндтэй зочин байсан нь БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Лувсанжамцын Баатаржав гуай байв. Тэрээр “Миний ахын байгуулсан алдар гавьяаг дурсан санаж байгаад туйлын их баяртай байна. Ахын маань гэрэлт хөшөөг сүндэрлүүлэхэд бүх талаас нь дэмжиж ажилласан орон нутгийн удирдлагад баярлалаа. Миний ах анчин хүн байсан. Магадгүй сайн анчин, мэргэн буудагч байсан болоод дайны талбарт онцгой гавьяа байгуулсан байх. Олонтой гэж жигтэйхэн. 1992 онд 77 насандаа бурхан болсон” гээд Монгол Улсын төр, засаг өнөөдрийн энх цагийн төлөө алтан амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн олон мянган баатруудаа хэзээ ч мартаж болохгүй гэлээ. Энэхүү ёслолын арга хэмжээний дараа Монгол цэргийн музейн хамт олон түүхт ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” түүхэн баримт, ховор нандин үзмэрүүдээс бүрдсэн үзэсгэлэнгээ Хэнтий аймгийн зон олонд дэглэн үзүүллээ. Халхын голын байлдаан хэрхэн эхэлсэн, хэрхэн өрнөсөн, хэрхэн төгссөн талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Мягмарсамбуу гуай сонирхолтой байдлаар түүхчлэн ярьж, иргэдийн хүссэн асуултад хариулж байсан юм. Үүний дараа баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, түүхт ялалтын ойд зориулан бүтээсэн баримтат киноны нээлт, үдшийн цэнгүүн зэрэг хэд хэдэн арга хэмжээ тасралтгүй явагдав.
Т.Дуламдорж: ЯЛАЛТ ЯМАР ИХ ҮНЭЭР ИРСНИЙГ БҮҮ МАРТААРАЙ
Баярын хурлаар Засаг дарга Н.Ганбямба Халхын голын байлдаанд Хэнтий аймгийн ард иргэд ямар үүрэг оролцоотой байсан талаар илтгэлдээ онцлон тэмдэглэв. Тухайлбал, Хэнтий аймгийнхан байлдааны үед ар талын хамгийн том бааз, хангалт нь болж бөгөөд ердөө наймхан хоногийн хугацаанд 500 гэр, 5000 хониос эхлээд хүнсний болон хэрэгцээний хангалтыг тасралтгүй бэлтгэн хүргэж байсан. Нутгийн иргэд хайртай хөвгүүдээ дайны талбар руу илгээгээд зогсохгүй хоттой малаа туугаад ирдэг байсан нь ямар эх оронч вэ гэдгийг нотолно хэмээн баримт дурдан өгүүлсэн бол Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах ажлын хэсэг түүхт ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арван арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү түүхт ялалтын ойг тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ахмад үеийнхэн яаж амь, бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай умард хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэхэд чиглэж байна. Бид тэгш ойтой жилдээ л яриад өнгөрөх биш үеийн үедээ ялалт ямар их үнээр олдсоныг сануулж байх ёстой. Энэ бол бидний ахмад үеийнхний өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм” гэлээ. Үүний дараа аймгийн ахмадын хорооны дарга Ч.Адьяа “Монгол Улсын төр, засаг онцгой гавьяа байгуулсан зарим эрэлхэг хөвгүүддээ баатар цол нэхэн олгох ёстой. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, Халхын голын домогт 6 дугаар дивизийн дарга, хошууч Ч.Шаарийбууд энэ эрхэм цолоо хүртээх ёстой. Өнөөгийн бидний жаргалант амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж, дайны талбарт босоогоороо мөнхөрсөн зоригт эрийн шарилын чулуу бүлээн байна. Баатар хөвгүүдээ хүлээсэн Халхын гол бүүдгэр байна. Эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар Монголынхоо төлөө халуун залуу нас, амь биеэ зориулсан түүнд баатар цол нэхэн олгуулахын төлөө аймаг орон нутгийн удирдлага, ард иргэд хэзээнээс л зүтгэсэн. Гэвч төрийн дэмжлэг алга. Түүхт 80 жилийн ойгоор нь олгосон бол юутай сайхан” хэмээн индэр дээрээс иргэдийн алга ташилттай хамт ярилаа. Энэ үеэр мөн Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж түүхт ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж байгаа орон нутгийн удирдлагууд болон ахмад дайчид, цэргийн зүтгэлтнүүдэд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулан өгч, амжилт хүссэн юм.
ХАМТДАА АВЧИРСАН ЯЛАЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭВ
Түүхт ялалтын ойг тэмдэглэсэн хоёр дахь аймаг нь Дорнод. Дорнод аймаг бол түүхийн талаасаа ч тэр, цэрэг дайчдын арга хэмжээнд өргөнөөр оролцдогоороо ч тэр яахын аргагүй эх орончдын өлгий нутаг ажээ. Дайн алсарсан ч тэд халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж, ариун газар шороонд нь шингэж мөнх нойрссон баатруудаа, суман мөндөр, шуурган давшилтад мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчдаа үнэхээр их хүндэтгэж явдаг нь олон жишээнээс харагдав. Хамгийн наад захын жишээ гэхэд Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” тактикийн хээрийн сургуулийн хаалтын ёслолыг үзсэн иргэд улсын үндэсний их баяр наадмын үзэгчээс ч олон байлаа. Хоёр улсын цэрэг эрсийн хамтарсан сургууль, хамтарсан ёслолын жагсаалыг харах гэж цугласан тэд лав дайны үеийн аюулыг бага ч атугай “мэдэрч”, цэрэг дайчдынхаа ур чадварт бат итгэсэн нь дамжиггүй. Хоёр дахь жишээ нь түүхт ялалтын ойд зориулсан баярын арга хэмжээ бас л пиг дүүрэн үзэгчтэй. Энэ дотно мэдрэмжийг хараад бахархав бас хайрлав. Дорнод аймгийн ард иргэд Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болж чадсанаараа дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай. Энэ бол тэдний мөнхийн бахархал, эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан онцгой гавьяа юм. Түүхт ялалтын баяр монгол, оросын цэргийн хөгжимчдийн эгшиг аялгуу дор Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө болон Монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээс эхэлж, цэргийн ёслолын жагсаал, иргэдийн хүндэтгэлийн жагсаалаар үргэлжлэв. Цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар командалсан бөгөөд тэрээр Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржид илтгэл өгснөөр хоёр улсын цэргийн алба хаагчид ёслолын жагсаалаар алхсан юм. Үүний дараа Халхын голын дайнд баатарлагаар амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдийн хүндэтгэлийн жагсаал, “СпасибоРоссия” талархлын уриатай Дорнод аймгийн залуучууд, зүүн бүсийн цэрэгжилт спортын “Дөл” тоглолтын шилдэг оролцогчид, “Өсвөрийн эх орончид”, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, “Өсвөрийн арми” бүлгийн сурагчид, “Дайчин алдрын замаар” аяллын дугуйчид болон Төв аймгийн Мөнгөнморьт сумын сурагчид морьтой ёслолын жагсаалаар оролцож, байлдаанд ашиглаж байсан автомашин, техник хэрэгслийг хүртэл сэргээн засварласнаа сонирхуулав. Мөн энэ өдөр ЦДБЭЧ, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотын Цэргийн дуу бүжгийн чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэгч олноо урлагийн тоглолтоо өргөн барьсан юм. Энэ дундаас хайр, хүндэтгэлийг татсан багачууд яахын аргагүй Төв аймгийн Мөнгөнморьт сумын сурагчид байлаа. Багийн ахлах багш Д.Буянбат хэлэхдээ “Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд морьтойгоо оролцох саналаа Батлан хамгаалах яаманд хүргүүлэхэд дэмжигдсэн. Гурван ч аймгийн дунд сургуулиас ийм санал ирсэн юм билээ. Дэмжигдсэн нь бид. Манай хүүхдүүд хурдны морь унадаг болохоор огтхон ч ядрахгүй байгаа” гэлээ. Морьтой жагсаалд 8-13 насны найман сурагчид оролцсон бөгөөд тэдний нэг есөн настай А.Чингүүн “Аравт” морин цэргийн уралдааныг зурагтаар хараад морьтой жагсаж үзэх юм сан гэж бодож байсан маань биеллээ. Аав маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилладаг. Ирээдүйд аав шигээ цэргийн хувцас өмсдөг ажил хийнэ” гэлээ.
ОРОСЫН АРД ТҮМЭН ХЭРХЭН ТУСАЛСНЫГ ЗУРГААР ИЛЭРХИЙЛЭВ
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж Дорнод аймгийн Чойбалсан хотын Монгол дайчдын хөшөөний эсрэг талын индэрт шигтгэмэл “Мозайк” цуврал зургийн цогцолборыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас бүтээжээ. Соёл, урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах хорооны Дорнод аймаг дахь комиссын дарга Ш.Ёл нар тууз хайчилж, тус бүтээлийг үзэгчдэд дэлгэлээ. Бүтээл нь Халхын голын байлдааны ялалтын сэдэвт шинэ зууны анхны монументаль зураг бөгөөд зураач Д.Будбаярын загвараар залуу зураачид нэгдэн бүтээжээ. Цуврал бүтээлийн эхний хэсэгт 1939 оны дайны байдлыг дүрсэлсэн байна. Тэнгэрт онгоц тулалдаж, газарт Монгол, зөвлөлтийн цэрэг дайчид хамтдаа буу мөрлөн дайтах өрнөлийг дүрсэлсэн байна. Дараагийн хэсэгт энх цагийн амьдралыг дүрсэлжээ. Ялалтын дараа цэрэг эрс саарал шиниэлээ тайлж, эх орны бүтээн байгуулалтад шамдан орох бөгөөд энэ энх цагийн хөгжил дэвшлийг бүтээхэд зөвлөлтийн нөхөд мөн л харамгүй сэтгэлээр тусалж байгааг дүрслэн гаргажээ. Түүхт ялалтын ойд зориулсан баярын хурал аймгийн Хөгжим драмын театрт болж өндөрлөв. Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх РыгзынРакшаевич, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Носулев, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн, Я.Өсөх гуай нарын зочид оролцож, хамтдаа тэмцэж авчирсан ялалтын тухай, мөнх нойрсож буй баатруудын тухай яриа дэлгэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд