Путины айлчлал: Монголын эрчим хүчний салбар анхаарлын төвд байна

2019-09-02

Путины айлчлал: Монголын эрчим хүчний салбар анхаарлын төвд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлах гэж байна. Энэ нь Монголын хойд хөршийн тэргүүн нарын сүүлийн 10 жилд Монгол Улсад хийж байгаа гурав дахь айлчлал. 2009 онд тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев айлчилж байсан бол 2014 онд Ерөнхийлөгч Владимир Путин айлчилсан. Сонирхолтой нь эдгээр айлчлал бүгд Халх голын ойг тохиолдуулан хийгдэж байна. 2009 онд Халх голын ялалтын 70 жилийн ойд Ерөнхийлөгч Дмитрий Медведев уригдаж ирж байсан бол Ерөнхийлөгч Путин 2014 онд 75 жилийн ойгоор айлчлаад, энэ удаад 80 жилийн ойд мөн уригдаж ирж байна.

Ерөнхийлөгч В.Путины хувьд 2009 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хувиар мөн нэг өдрийн айлчлалыг Монголд хийж байсан.

Хойд хөршийн тэргүүн Улаанбаатарт өнөөдөр /2019.09.02/орой газардах юм. Энэ айлчлалтай холбогдуулан есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг амралтын өдөр болгож, 7-ны Бямба гаригт шилжүүлсэн, мөн 2-ны Даваа гаригийн үдээс хойш, 3-ны өдөр бүтэн нийслэл Улаанбаатар хотын төвийн замуудыг хаахаар зохицуулжээ. 3-ны өдрийг амралтын өдөр болгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гэнэт гаргаж, олон хүний ажлын хуваарийг алдагдууллаа.

Айлчлалын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан цацагдаагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан сайтад тавигдсан мэдээллээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өнгөрсөн Лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлснээр хоёр орны дипломат харилцааг нэг шат ахиулан, Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ.

Ингэснээр Монгол улс хоёр хөрштэйгөө Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаатай болж байгаа юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааг Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлж байгааг зарласан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим сайт болон Путины зөвлөх Юрий Ушаков айлчлалын талаар зарим мэдээллийг өгсөн байна. Юрий Ушаковын хэлснээр, хоёр Ерөнхийлөгч эхлээд ганцаарчлан уулзаж, дараа нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийх ажээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нарын хүмүүс багтжээ.

Айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, цэргийн техникийн хамтын ажиллагаа, мөн олон улсын асуудлууд байх ажээ.

Олон улсын асуудлууд гэдгийг ноён Ушаков "Орос, Монгол, Хятадын гурван талын хамтын ажиллагаа, ШХАБ-ын хүрээнд ирээдүйд хамтран ажиллах чиглэл” хэмээн тодотгоод “ШХАБ-ын үндсэн гишүүнээр элсэн орох боломжийг Монгол улс нааштайгаар хүлээн авч байгаа, бид ч энэ асуудалд эерэг хандаж байгаа” гэжээ.

Айлчлалын үр дүнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.

Харин Оросын мэдээллийн ТАСС агентлаг айлчлалын бүрэлдэхүүнд Оросын эрчим хүчний хэд хэдэн компанийн төлөөлөл багтаж байгааг онцолсон байна. Тухайлбал, En+Group, “Интер”, “Роснефть”, “Росгидро”, “Технопромэкспорт” компанийн төлөөлөл ирж байгаа ажээ. “Оросын эрчим хүчний компаниуд Монголын эрчим хүчний салбарыг сонирхож, цахилгаан станц барих сонирхолтой байна, “Росатом” компани цөмийн эрчим хүчний судалгаа, технологийн төв байгуулах төлөвлөгөөтэй” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Ушаковын үгийг эш татан мэдээлсэн байна.

  • Ерөнхийлөгч Путины 2014 онд хийсэн айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурж байсан. Тухайлбал, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
  • Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр
  • Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг
  • “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгүүдийг дурдаж болно.

ОХУ-ын Гаалийн албаны мэдээгээр, 2018 онд Монгол-Оросын хооронд 1 тэрбум 649 сая 900 мянга 534 ам.долларын худалдаа хийгдсэн нь өмнөх 2017 онтой харьцуулахад 20.60 хувь (2017 онд 281 сая 802 мянга 802 ам.доллар) өссөн байна. ОХУ-аас Монгол руу 2018 онд 1 тэрбум 606 сая 636 тэрбум 151 ам.долларын экспорт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 21.09 хувь, Монголоос ОХУ руу 43 сая 264 мянга 383 ам.долларын экспорт хийгдсэн нь 2017 онтой харьцуулахад 4.92 хувь өссөн байна. ОХУ-ын гадаад худалдааны эргэлтэд Монгол улс ердөө 0.2398 хувийг эзэлж байна.

Оросоос Монгол руу экспортолж буй бараа бүтээгдэхүүний дийлэнхийг буюу 63.80 хувийг нефть, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Хөдөө аж ахуйн болон хүнсний барааны экспорт 13.48 хувийг эзэлжээ.

Эдийн засгийн харилцаанд сүүлийн хоёр жилд Оросоос Хятад руу чиглэсэн төмөр замын транзит тээвэр эрчимтэй нэмэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэвч энэ нь Орос-Хятадын эдийн засгийн харилцааны хаялга юм. Оросоос Хятад руу экспортолж буй мод, модон бүтээгдэхүүний дийлэнх нь Монголын төмөр замаар дамжин тээвэрлэгдэж байна.

Гэсэн ч Орос руу малын мах экспортлох, Монголын эрчим хүчний чадавхид чухал нөлөөтэй Эгийн голын усан цахилгаан станцыг барих гээд монголчуудын олон жилийн хүсэл биелэгдээгүй л байна.

Хоёр улсын иргэдийн харилцан зорчих визээс чөлөөлсөн нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн гол өөрчлөлтийн нэг юм. Харилцан визгүй зорчих журам мөрдөгдөж эхэлснээр хил орчмын иргэд, аж ахуй нэгж хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа илт сэргэж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!