Сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа ч Монголд нэмэгдэж байна

2019-05-30

​Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол орон байгаль цаг уур, өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан “ногоон” эх үүсгүүрийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэг асуулт эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр дулааны цахилгаан станцаас хэрэглэгчдэд хүрч буй 1кВт.ц цахилгааны дундаж үнэ 151-155 төгрөг байгаа бол нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 477, салхиных  238 төгрөг гэх мэт асар их үнийн  зөрүүтэй байдаг.

Энэхүү зөрүүтэй үнийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу дэмжих тарифаар нөхөж, зохицуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний  үнэ өртөг  дэмжих тариф нэрээр иргэдийн цахилгааны төлбөр дээр  1кВт.ц тутамд 16.38 төгрөг болж нэмэгдэж байгаа гэсэн үг. Нөгөө талаар жилээс жилд өсч байгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэлбэлзэл нь цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой  ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц  эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тиймээс “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай  ажиллагаа болон хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болон ирж буй дэмжих тарифын дарамтыг шийдвэрлэх боломжтой хэмээн салбарынхан ярьцгааж байна.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Б.Баатар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл болгож Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) – ны Төв болон Зүүн Өмнөд Европ, Турк болон Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчний эдийн засагч Крис Басинскитэй уулзаж ярилцлаа.


А.ТЛЕЙХАН: ХУУЛИАР ТОГТООСОН ӨНДӨР ҮНИЙГ ӨӨРЧИЛЖ, ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ…

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу, үгүй юу? гэдэг дээр зарим хүмүүс эргэлзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг анх боловсруулж  байх үед  нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн үед эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөө талаар ам.долларын ханш өнөөдрөөс бараг хоёр дахин хямд байсан. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдыг татах, сэргээгдэх эрчим хүчний арвин  нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор энэ хуулийг 2007 онд баталсан. Хуулинд сэргээгдэх эрчим хүчний үнийг их нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, “…салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллар…”  гэх мэтээр тогтоосон заалт бий.  Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан бол өнөөдөр 2650 төгрөгт хүрсэн байна. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд асар их зөрүү гарсан. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж,  нар, салхины  эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд үнийн дарамтгүй, эрчим хүчний салбарынхаа найдвартай ажиллагаанд  сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжүүлэх шаардлага гарч  байна.

-Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний хэдэн хувийг эзэлж  байгаа вэ? Иргэд “Би сэргээгдэх эрчим хүч хэрэглээгүй. Тиймэс дэмжих тариф төлөх нь буруу” гэсэн ойлголттой байдаг.

-Эрчим хүчний салбарын хэмжээнд нийт суурилагдсан чадал 1334.5 МВт бөгөөд 2018 онд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан  эрчим дотооддоо үйлдвэрлэсэн. Нийт суурилагдсан хүчин чадлын 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Хамгийн энгийн үгээр тайлбарлах юм бол эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэсэн цахилгаанаа нийлүүлж байгаа. Айл өрх, албан байгууллагуудын хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний 18 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг.

-Тэгвэл дэмжих тарифаас цугларсан мөнгийг хэрхэн зарцуулдаг юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдэд л энэ мөнгө очдог.

-Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын хэмжээ яг хэдэн төгрөг байгаа вэ? Энэ дэмжих тариф цаашид  нэмэгдэх үү?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орж, 2015 оноос дэмжих тарифыг мөрдөж эхэлсэн. Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтанд орсны дараа дэмжих тарифыг анх 4 төгрөгөөр тогтоож байсан юм билээ. Дэмжих тариф өөрөө тогтмол тариф биш. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт нэгдсэн сүлжээнд нэмэгдээд байвал хэрэглэгчээс авах дэмжих тарифын төлбөр нэмэгдэнэ. 2017 оноос хойш гэхэд л хоёр салхины станц, 5 нарны станц шинээр ашиглалтад орж, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлсэн. Үүнийг дагаад дэмжих тарифт өөрчлөлт орж,  хэрэглэгчид 1кВт.ц цахилгаан тутамд 16.38 төгрөгийн  дэмжих тариф төлж байгаа. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний техник, технологи сайжирч, хөрөнгө оруулалтын зардал багасч, өнөөдөр дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа. Харин Монгол Улсад эсрэгээрээ нэмэгдэж байна.

-Тэгвэл цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчээ яаж хөгжүүлэх ёстой вэ?

-Монгол Улс  хэрэглэгчээ үнийн дарамтаас салгах, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллараар худалдаж авна гэж хуулиар тогтоосон өндөр үнийг өөрчилж, дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай. Цаашид бид дамжуулах сүлжээнд ажиллах их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ түгээх сүлжээнд айл өрхийн хэмжээнд ашиглагдах тархмал үүсгүүрүүдийг ашиглахаар зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 10,000 нарны дээвэр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр бид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчийг экспортлох эх үүсгүүр, шугам сүлжээгээ барьж байгуулах шаардлагатай. Олон жилийн турш яригдсан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах судалгааны ажил явагдаж байна, энэ оны сүүлчээр судалгааны дүн гарна. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Францын компани судалгаа хийж байгаа. Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос гэсэн таван орны дунд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьж, эрчим хүч экспортолж, импортлох үйл ажиллагаа явуулна гэсэн үг л дээ. Энэ судалгааны ажлын үр дүн нааштай гарвал бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Монгол орон нар, салхины асар их нөөцтэй. Энэ их нөөцөө цахилгаан болгон хувиргаж, Зүүн хойд Ази руу эрчим хүч экспортлох том зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болно.

Б.БААТАР: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

– Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд их хэмжээгээр нийлүүлснээр  эрчим хүчний найдвартай байдал алдагдана гэсэн болгоомжлол  байна. Энэ талаар?

– Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний хүрээнд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний төлөвлөлтийг гаргаж, эрчим хүчний эх үүсгүүрүүдийн үйлдвэрлэх хэмжээг тогтоодог. Оргил ачааллын үед хаанаас нэмж цахилгаан авах, ачаалал буурсан үед аль эх үүсгүүрийн нийлүүлэх цахилгааны хэмжээг багасгах уу гэх мэтээр зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нэгдсэн сүлжээний үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлж, тогтвортой үйл ажиллагааг хянаж, зохицуулж байдаг байгууллага. Тиймээс манайд тооцоо судалгаа байнга хийж байгаа. Сэргээгдэх эрчим хүч маань байгалиас хараат байдалтай байдаг. Жишээлбэл, нарны цахилгаан станцууд өглөө 08.00 цагаас орой 17.00 цаг хүртэл эрчим үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй.

Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсгүүрүүд их хэмжээгээр системд нэвтрэх нь горим ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дулааны цахилгаан станцад  саатал гарах, эрчим хүчний ямар нэг дутагдал гарах үед бид ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон тохируулга хийдэг. Гэхдээ ОХУ-аас манайд өгөх цахилгаан эрчим хүчний дээд хязгаар гэж бий. Өөрөөр хэлбэл 245 МВт-аас илүү тохируулга хийх боломжгүй. Үүнээс илүү гарвал ОХУ-аас шууд хязгаарладаг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй, байгалиас хараат байдалтай, 245 МВт-аас илүү хэмжээний сэргээгдэх эрчим хүчний  эх үүсгүүрүүд нэгдсэн сүлжээнд ороод ирвэл бид тохируулга хийхэд хүндрэл үүснэ. Нар гарахаар, эсвэл салхи гарахаар эрчим хүчтэй болно гэж хэрэглэгчдийг хохироогоод суугаад  байж болохгүй биз дээ.

КРИС БАСИНСКИ: МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУУЛИА ӨӨРЧИЛСНӨӨР МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧИД ХЯМД ҮНЭТЭЙ НОГООН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Та хуулинд  өөрчлөлт оруулах төсөлтэй танилцсан уу?

-Манай банк 2013 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр анхаарч, улсын хэмжээнд дөрвөн томоохон сэргээгдэх эрчим хүчний станцад хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гурав нь тогтмол ажиллаж, Монголын хэрэглэгчдийг ногоон эрчим хүчээр хангаж байна. Бид хөрөнгө оруулалт хийж байгаа учраас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчлөх хуулийн  төсөлтэй танилцсан.  Өнөөдөр дэлхий нийтэд салхины эрчим хүч болон нарны эрчим хүчний эх үүсгүүрүүдийн өртөг зардал огцом буурч, үүнийг дагаад ногоон эрчим хүчний үнэ буурч байна. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний хуулиа өөрчилснөөр Монголын хэрэглэгчид боломжийн хямд үнэтэй ногоон эрчим хүч хэрэглэх, цаашид сэргээгдэх эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

-Монголд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаа учраас хөрөнгө оруулах сонирхол их байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авах бол? Санхүүжүүлэгчийн хувьд та юу гэж бодож байна?

-Монгол Улсад нар болон салхин цахилгаан станцаар үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үнэ өндөр байгаа нь үнэн. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа цахилгааны үнэ тариф нь багасна. Улмаар хөрөнгө оруулагчдын хүртэх үр өгөөж буурна гэсэн үг. Гэхдээ хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцож үзэх нь дамжиггүй. Тэд тогтворгүй зах зээл дээр богино хугацаанд үйл ажиллагаа явуулахыг сонирхохгүй. Миний бодлоор Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнээр борлуулснаар ногоон эрчим хүчийг хөгжүүлж чадахгүй. Хөрөнгө оруулагчид ч гэсэн өндөр үнээр сэргээгдэх эрчим хүчийг удаан хугацаанд борлуулж чадахгүй.  Сэргээгдэх эрчим хүчний үнэ хэт өндөр байвал хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд аль алинд нь эрсдэл үүсгэнэ. Хэрэв үнэ тарифыг ил тод, өрсөлдөөнт шалгаруулалтаар дамжуулан боломжийн түвшинд тогтоовол энэ нь тухайн станцын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчинд  нийцсэн шударга үнэ байх болно. Мөн урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах, бизнесийн тогтвортой, найдвартай байдал нэмэгдэнэ.

-Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орсноор өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдийн хувьд эрсдэл үүсэх үү?

-Хуулийн өөрчлөлттэй танилцсан. Монгол Улсад шинээр баригдах нар салхины станцууд худалдах үнээ тогтооно. Хамгийн бага үнийг санал болгосон хөрөнгө оруулагч сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээ барьж байгуулна. Одоо ажиллаж байгаа сэргээгдэх эрчим хүчний станцуудад энэ үнэ тариф бараг хамаарахгүй. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барьж байгуулахын тулд их хэмжээний өртөг зардал гаргасан. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө харилцан тохиролцсоны дагуу сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф дээр суурилсан байдаг. Хэрэв хөрөнгө оруулалт хийгдсэний дараа энэхүү тарифыг өөрчилбөл Засгийн газарт итгэх итгэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулахдаа энэ бүхнийг тооцож, хийсэн гэж үзэж байгаа.

 -Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифаас татгалзаж, төслүүдийг сонгон шалгаруулах зарчмаар эх үүсгүүрээ барих тусгай зөвшөөрөл олгодог үндсэн өөрчлөлтийг хуулиар хийхээр төлөвлөж байна. Үүнийг та юу гэж бодож байна? Бусад улсын чиг хандлага ямар байна?

-Өрсөлдөөнт, сонгон шалгаруулалтад шилжих үйл явцыг бид их эерэг хөгжил дэвшил гэж харж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд өрсөлдөөнт сонгон  шалгаруулалт руу ихэнх улс орон шилжиж байна.  Анх 2010 онд 10 хүрэхгүй байсан бол өнөөдөр 60 гаруй орон эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Үүнийг дагаад  Европын Холбоо, Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Төв Азийн улс орнуудад  эрчим хүчний үнэ буурч, худалдан авалтын үйл ажиллагааг сайтар төлөвлөж, салхи болон нарны эх үүсгүүрүүд ажиллах таатай нөхцлөөр хангагдаж чадсан. Жишээ нь Казакстан улс өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний шинэ дэвшилтэд технологи худалдан авах зорилгоор хамгийн анхныхаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлсэн.

 -Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын аргыг нэвтрүүлснээр ямар давуу талууд Монголд бий болох бол?

-Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг  нэвтрүүлэх нь хэд хэдэн давуу талтай. Хамгийн илт давуу тал нь шинэ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн дэмжих тарифыг багасгах бөгөөд үүний үндсэн дээр хэрэглэгчдийн төлөх цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт буурна. Яагаад гэвэл хамгийн өртөг зардал багатай станцыг барихаар сонгох тул сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид урьдчилан тогтоосон дэмжих тарифыг мөрдөх бус харин дэмжлэг авахын төлөө хоорондоо өрсөлдөх ёстой болно. Энэхүү өрсөлдөөн нь хөрөнгө оруулагчдыг өртөг зардлаа аль болох бууруулахад хүргэнэ. Казакстаны Эрчим хүчний яам нь өнгөрсөн жил эхний ээлжинд хэд хэдэн удаагийн  сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулж, 270 Мегаватт нарны эрчим хүч, 501 Мегаватт салхины эрчим хүчний эх үүсвэрийг багтаасан нийтдээ 858 Мегаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулсан. Дуудлага худалдааны эхнийх нь 2018 оны 6-р сарын 7-нд, хоёр дахь нь 2018 оны 10-р сарын 18-нд дуусгавар болсон.

Сэргээгдэх эрчим хүчний кВт.ц тутмын дундаж үнэ нь нарны эрчим хүчний хувьд 31 хувиар,  салхины хувьд 11 хувиар, бага оврын усан цахилгаан станцын хувьд 14 хувиар буурсан байгаа. Улс орон бүр өөрийн онцлог ялгаатай тул шууд харьцуулах боломжгүй ч уг жишээ нь худалдан авалтын оновчтой арга механизмыг ашигласнаар бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний үнэ өртгийг бууруулах боломжтойг харуулж байгаа юм.  Үнэ бууруулах боломжоос гадна дараах хэд хэдэн давуу талууд байна. Үүнд: ил тод байдал нэмэгдэх, тухайн цаг үед ашиглагдаж буй технологийн өртгийг харгалзан улс орны хэмжээнд тогтоосон үнэ тарифын түвшин нь хамгийн оновчтой гэдэгт итгэх итгэл бий болох, хөрөнгө оруулагчдад тулгарах эрсдэл буурах, хамгийн чухал нь шинээр бий болсон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрүүдийн төрөл, хэмжээ, байршлыг  эрх барих байгууллагаас тогтоож, хяналт тавих боломж нэмэгдэж байгаа юм. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны  техник хамтын ажиллагааны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын загвар боловсруулахаар бид ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин сайжирснаар Монголын нар салхины эрчим хүчийг олон улсад борлуулах боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв