Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон

2019-03-20

Бидний ирээдүй, үр хойч болсон хүүхдүүд эерэг, аз жаргалтай орчинд өсөн торних эрхтэй ч хүүхдийн хүчирхийлэл манай улсад улам бүр газар авч, аймшигт хэргүүд нийгмийг цочроосоор байна.

Хамгийн сүүлд л гэхэд Баянгол дүүрэгт энэ сарын 11-нд дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарч олныг цочирдууллаа. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа юм. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ.

Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ.

Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа  юм байна.

Бид тус хэргийн талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн талаар дуудлага, мэдээлэл танайд хэзээ ирсэн бэ. Тухайн үед нөхцөл байдал яг ямар байсан бэ?

-2019 оны гуравдугаар сарын 14-ны 07.58 минутын орчимд Хүүхдийн тусламжийн 108 утсанд дөрвөн настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн биеийн байдал нь хүнд байна гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу 14-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн харьяанд байдгийг нь тодорхойлоод Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн. Шилжүүлсэн дуудлага мэдээллийн дагуу БГД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэнд зөвлөмж, чиглэл өгч ажиллуулсан. Хүүхдийн биеийн байдал хүнд байсан учраас ээж нь ГССҮТ дээр очсон байна лээ. Тухайн үед хүүхдийн гар хөдлөхгүй, биеийн байдал хүнд гэсэн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарч, бүх төрлийн үзлэг шинжилгээ хийгдсэн байсан. Эмчийн үзлэгээр гарын атгаал яс, сарвуу мөчидийн орчимд гэмтэлтэй гэдэг дүгнэлт гараад 15-ны өдөр хагалгаанд орсон байна лээ. Мөн тухайн хүүхэд дотуур гэмтэл ихтэй байсан учраас дахиад шулуун гэдэсний хагалгаанд орсон. Одоогоор хүүд шаардлагатай эмчилгээ хийгдэж байна.

-ОН ГАРСНААС ХОЙШ БУЮУ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД 30 МЯНГА ГАРУЙ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИРСЭН-

-Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байгаа. Судалгаанаас харахад өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар үзүүлэлт харагдаж байна? 

-Гэр бүлийн орчинд бага насны хүүхдийг хүчирхийлэх байдал их байна. Тухайлбал, манай агентлагын дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд өнгөрсөн 2018 онд 995 хүүхэд аюулгүй байдлын хамгааллын үйлчилгээ авснаас 55 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, 88 хувь нь төрсөн эцэг эх нь хүүхдээ хүчирхийлсэн байдаг. Нийт үйлчилгээ авсан хүүхдийн 14 хувь буюу 140 гаруй хүүхэд 2-с дээш удаа ХХХҮ,ТХБ-нд ирж, аюулгүй байдлын хамгааллын үйлчилгээ авсан.

-2019 гарснаас хойш хичнээн хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсэн бэ?

-Он гарснаас хойш буюу өнөөдрийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 30 мянга гаруй дуудлага мэдээлэл ирсэн байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд хүчирхийллийн хохирогч 0-18 хүртэлх насны 137 хүүхэд ирсэний 116 нь эцэг эхийн зүгээс хүчирхийлэл үйлдсэн байна.

-БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ 4-16 НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА-

-Танайд хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг хэдээс хэдэн насныхан эзэлж байна вэ?

-0-18 насны хүүхдийн мэдээлэл манайд ирдэг. Насны хувьд бие махбодийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 0-13 насны хүүхдүүд байдаг бол бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 4-16 насны хүүхдүүд байна. 

-Өнөөдрийн байдлаар танай түр хамгаалах байранд хичнээн хүүхэд  байгаа вэ? 

-Манай Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр  22 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 26 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн тоо ихтэй, ачаалалтай ажиллаж байгаа. 

-Дөрвөн настай хүүгийн хойд аавыг батлан даалтад гаргачихсан байгаа юм байна лээ. Тэгэхээр хүүхдийн биеийн байдал сайжраад эмнэлгээс гарч гэртээ очихоороо дахиад хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Энэ тал дээр танай байгууллага хамгааллын ямар үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Чиг үүргийнхээ хүрээнд Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тухайн харьяаны Хамтарсан багтай хамтарч нөхцөл байдлын үнэлгээнүүдийг хийж байгаа. 7 хүртэлх насны хүүхдийг хүчирхийлэгчтэй нэг дор байгаа тохиолдолд шууд тусгаарлах ёстой байдаг учраас мэдээж хамт байлгахгүй.   Үйлчлүүлэгчийн  ээж хүчирхийлэлэгчтэй хамт амьдарч байгаа тохиолдолд хүүг ах, дүү хамаатан садны асаргаанд эсвэл түр хамгаалах байранд хамгаалалтад авах, мөн асрамж, халамжийн төвд түр хугацаанд байлгах зэрэг хэд хэдэн асуудлыг судлан, хамтарсан багийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэнэ. Ээж нь хүүхдэд аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлээд хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсвэл ээжтэй нь хамт амьдруулах боломжтой. 

-Төрсөн эцэг нь найман настай охиноо хүчирхийлсэн хэргийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар танайд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

- Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага мэдээлэл дээр шуурхай ажиллаж байгаа. Хүүхдийн мэдээллийг хөндөж гаргаж ирээд хүн болгон яриад байх нь тухайн хүүхдэд маш их дарамт өгдөг. Үүнээс үүдээд хүүхдэд янз бүрийн сөрөг сэдлүүд төрөх эрсдэлтэй. Тиймээс иймэрхүү тохиолдолд хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн талаар мэдээллийг нууцлах нь хамгийн чухал байдаг. Ер нь бол бэлгийн хүчирхийллийн асуудал дээр Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд  шалгаад  явдаг. Манай зүгээс энэ төрлийн хэрэг дээр хүүхдийн эрсдэлийг үнэлж, сэтгэл санааны хямрал, цочролын байдал ямар байгааг тогтоож,  нэн тэргүүнд шаардлагатай хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Мөн  эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч томилуулж ажиллаж байна. Дашрамд дурдахад энэ онд хүүхдийн хэрэг дээр ажилладаг өмгөөлөгчдийг мэргэшүүлж, мэргэшсэн өмгөөлөгчдийн баг бүрдүүлж ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ