“Эмээлт” захын нядалгааны есөн газрыг хаасан”

2018-11-05

"Эмээлт" захад малыг ёс бусаар нядалж байгаа талаарх сурвалжлагыг бид өмнө нь хүргэсэн. Энэхүү сурвалжлагын мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ) Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Шалгалтын талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас тодрууллаа.


-Шалгалтаар ямар төрлийн, хэчнээн зөрчил илэрсэн бэ?

-Мэргэжлийн хяналтынхан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" захад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шинжилгээ, шалгалт хийж байгаа. Гар аргаар нядалгаа хийж буй есөн аж ахуйн нэгж байна. Эдгээр газарт долдугаар сард шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлага хүргүүлсэн. Гэвч албан шаардлагыг биелүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоож, хаагаад байна.

Мах болон дулааны аргаар боловсруулсан мах (чанаж, болгосон) экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтаар дотоод хяналт шалгалт нь дутмаг, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй байсан. Мөн Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуух бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл сул байсан. Түүнчлэн тухайн үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна. Тухайн үйлдвэрүүдэд мэргэжлийн хүн дутмаг байна. Тухайлбал,  малыг хүлээж авах малын эмч, технологийн урсгалыг хянах технологич байх ёстой.

-"Эмээлтэд" мал нядалж, махыг нь боловсруулж, экспортолж байгаа хэчнээн үйлдвэр байна вэ?

-Шалгалтаар "Эмээлтэд" гар аргаар мал нядалж байгаа есөн аж ахуйн нэгж байсан. Дулааны аргаар мах үйлдвэрлэдэг (махыг чанаж боловсруулдаг) 10-аад аж ахуйн нэгж байна. Харин нядалгаа хийдэг 7-8 үйлдвэр байна. Үүнд мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэр ч багтаж байгаа. Үйлдвэр адууны махыг шулаад БНХАУ-руу гаргадаг. Харин үхэр, хонь, ямааны маханд дулааны боловсруулалт хийгээд гаргадаг. Мах экспортлох зөвшөөрөлтэй газруудад төрийн байгууллагууд бүх хяналт шалгалтыг хийдэг.

-Мал нядалж байгаа технологийг шалгасан уу. Малыг нядлахдаа лоом, лантуу, сүхээр цохиж байгаа харагдсан. Үүнд ямар хариуцлага тооцсон бэ?

-Гар нядалгааны цехэд малыг цохиж унагаж байна. Иймээс арга хэмжээ авч, гар аргаар мал нядалж байгаа газруудыг хаасан. Харин үйлдвэрүүд нь тухайн малыг шүршээд, тогонд цохиулж, унангуут нь нядалж, үйл ажиллагааг стандартын дагуу хийж байгаа. Монголын мал нядлах уламжлалт арга нь нугаслах. Энэ арга нь мал нядлах стандартад зөвшөөрөгддөг. Гэхдээ үйлдвэрт малыг олон тоогоор нядлах шаардлага тулгардаг тул тогонд цохиулах нь зохимжтой байдаг. Шалгалтаар үйлдвэрүүдэд таны асуусан шиг зөрчил илрээгүй.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын кодоор малыг энэрэнгүй аргаар тээвэрлэж, энэрэнгүй аргаар нядлах ёстой. Монгол Улсад малыг тогонд цохиулж, уламжлалт аргаар нядалж байгаа нь энэ кодод багтсан байдаг.

-Хэрэв үйлдвэрүүд малыг тогонд цохиулалгүй, цохиж нядалж байвал хаана мэдээлэх вэ. Мөн энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Хэрэв үйлдвэрүүд нь малыг цохиж, тогонд цохиулалгүйгээр нядалж байвал нийслэлийн Мэргэжлийн хяналтын утас 70128012 дугаарт холбогдон мэдээлэл өгч болно. Манай мэдээлэл хүлээн авах утас 24 цаг ажиллаж байгаа. Хамгийн гол мэдээллээ гэрэл зургаар баталгаажуулах нь чухал. Мөн мэдээлэл өгсөн хүний регистрийн дугаарыг тэмдэглэж байгаа. Үүнээс эмээх шаардлагагүй. Мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаад зөрчилд тохирсон арга хэмжээ авна. Нядалгааг стандартын бус аргаар хийж байвал 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгоно.

-Хулгайн мал “Эмээлт” захад орж ирж борлуулах магадлалтай. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Гарал үүслийн бичиг гэж бий. Зөвшөөрөлгүй газарт нядлагдаж байгаа мал нь хулгайн мал байх магадлал өндөр. Тиймээс гарал үүслийн бичгийг хянаж байгаа. Товчоонуудаар гарал үүслийн зөрчилтэй малыг оруулахгүй байгаа. Мөн уг бичгээр өвчин гарсан бүсээс гаралтай малыг товчоогоор оруулахгүй байгаа.

-Танайх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалт нь “Но”-той зүйл байгаа бол нуугаарай” гэж байгаатай адил сонсогдох. Харин зөвхөн иргэдээс гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус шалгалт хийдэг юм уу?

-Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийнх нь арваннэгдүгээр сард гаргадаг. Ингээд төлөвлөгөөт шалгалтын хүрээнд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, тандалт шалгалт, баталгаажуулалт зэргийг удирдамжийн дагуу хийдэг. Удирдамжид хэзээ, ямар журмаар шалгалтыг явуулах зэрэг бүх зүйл тодорхой байдаг.

Төлөвлөгөөт бус шалгалтыг аж ахуйн нэгж, иргэн хүсэлт  тавьсны дагуу хийдэг. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийж болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хууль бусаар амьтан агнавал үнэлгээг хоёр нугалж төлнө
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
ШӨХТГ: Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээлэл ирсэн
Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-той боллоо
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана
Дэлхий дахинд 2021- оны байдлаар хамгийн эрэлттэй "Топ 20" мэргэжил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/
ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов
Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна
КОВИД-19 халдварын улмаас нийслэлд 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна
Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ
Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна
Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно
БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ
Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ