ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон

2018-09-21

Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орон даяар “Эерэг Монгол” хөтөлбөр эхлүүллээ. Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн бүх л салбараас ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа эгэл хүмүүсийг сонгон авч тэднийг алдаршуулж олон нийтэд эерэгээр таниулахад чиглэнэ.

Харин “Эерэг Монгол” хөтөлбөрийн хамгийн анхны хүнээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн жолооч Л.Батмөнх сонгогдлоо. Үхэл амьдралын заагт тэмцэн буй өвчтөнийг хамгийн хурдан, аюулгүйгээр эмнэлэгт хүргэх хүндтэй үүргийг тэрбээр хүлээжээ.

Жаахан л цаг алдаж, буруу шийдвэр гаргах үед хүний амь настай шууд холбоотой учир түүний ажил үнэхээр их хариуцлага, зоригийг шаардах аж. Ингээд түүний дотоод ертөнц, ажилдаа хандах хандлага, амьдралын ухаантай танилцъя.

-Та эхлээд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Л.Батмөнх гэдэг. Эрүүл мэндийн салбар, тэр дундаа түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх чиглэлд тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Таны хувьд мэргэжлээрээ багагүй хугацаанд ажиллаж. Таны ажлын хүнд, бэрхшээлтэй тал нь юу вэ?

-Намайг анх ажиллаж байх үед нөхцөл байдал хүнд байлаа. 15 жилийн өмнө манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байсан нь хүний нөөц, материаллаг баазын дутагдал зэрэг хүндрэлүүд гарч байсан. Харин сүүлийн үед техник хэрэгслийн хангалт харьцангуй дээрдсэн гэхэд болно.

-Замын түгжрэл эсвэл орон зайн хязгаарлагдмал байдлаас болж дуудлагадаа хоцрох үе тохиолддог байх. Тэр үед иргэд ямар сэтгэл хөдлөлөөр хүлээж авдаг вэ?

-Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс маш бухимдуу, стресстэй болчихсон. Бас завгүй. Аливааг хүлээж чадах сэтгэлийн тэнхээ гэх зүйлгүй. Өмнө нь учир байдлаа хэлэхээр ойлгоод нааштай хүлээж авдаг. Харин одоо нийгэм хөгжихийн хэрээр хүний сэтгэхгүй дагаад доройтсон гэх үү маш бухимдуу хүлээж авдаг болсон. Гэтэл нөгөө тал болох бидний хувьд хамаг нөөц, бололцоогоо ашиглаад ажлаад байхад л иргэд ойлгохгүй, хүлээж авдаггүй тал бий. Мэдээж дуудлага дуудсан хүний сэтгэл үнэхээр хэцүү. Тухайн үед цаг хугацаа зогссон мэт маш удаан санагддаг. Гэхдээ бид ч гэсэн яарсан сэтгэлээр ажилдаг тул бидний ажлыг бас хүндлээсэй гэж боддог.

-Та дуудлагадаа гарахад хамгийн түрүүнд юу бодогддог вэ ?

-Бид багаараа ажилладаг. Мэдээж дуудлага аваад гарахдаа аль болох нь түргэн хүрч очоод тусламж үзүүлчих гэсэн сэтгэлээр л яарна. Хөдөлгөөнд оролцож байхдаа аль замыг сонгох уу, цагаа яаж хэмнэх үү гээд үргэлж бодно.

-Өнгөрсөн хугацаанд тохиолдсон явдлуудаас таны сэтгэлээс гараагүй ямар дуудлагад та очиж байв?

-Би нэг удаа эмчтэйгээ дуудлагад очсон. Тухайн өвчтөн нь архины хордлогод орсон, олон хоног үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Уг нь манай багийнхан хамгийн хурднаараа л гарсан. Гэтэл тухайн айлд хүрэх Толгойтын замд засварын ажил үргэлжилж байсан нь маш тойруу замаар очиход хүргэсэн. Бид цаг алдсан ч бүх л тусламжийн үйлчилгээгээ үзүүлж амийг нь аврахыг хичээсэн ч хэтэрхий оройтсон байсан. Одоо тэр замаар явах болгондоо л тэр хүнийг бодож “Хэрвээ тэр зам засваргүй байсан, бид амжаад очсон бол…” гэсэн харамсал одоог хүртэл сэтгэлд тээглэдэг.

-Дуудлагын үеэр дуут дохиогоо асаагаад замын хөдөлгөөнд оролцоход жолооч нар зам хэр тавьж байна. Зарим тохиолдолд түргэний машины араас дагах жолооч нар бий?

-Сүүлийн үед зам тавьдаг болчихсон. Магад энэ нь замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хууль болон Зөрчлийн хуультай холбоотой байх. Гэхдээ зарим хүмүүс “Түргэнийнхэн дандаа урсгал сөрж, дүрэм зөрчдөг” гэх хандлага их ажиглагддаг. Ер нь бол залуу жолооч нар л зам тавьж өгөхгүй шахах тохиолдол цөөнгүй тааралдана. Харин араас дагах машины жолооч нарт болиулах шаардлага тавьдаг. Бид урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцож байх үед хаашаа эргэх нь тодорхойгүй учраас осол үүсэх нөхцөл болдог. Тиймд бид анхааруулж, болиулдаг.

-Таныг дуудлагынхаа үеэр хүнд өвчтөнтэй явж байхад замын түгжрэлээс болоод  аргагүй үед ямар арга хэмжээ авч байв?

Нэг удаа Баянзүрх дүүрэг, Улиастайн гүүрийг шинэчилж байх үед авто осолд орсон нэг эмээг аваад Гэмтлийн эмнэлэг рүү давхисан. Гэтэл тухайн үед гэмтэл орчмын зам муу, түгжрэл ихтэй цааш явах аргагүй болсон. Ингээд дуудлагад гарсан эмчийнхээ хамт өвчтөнөө дамнуурга дээр аваад машинаа орхиод эмнэлэг рүү гүйж байлаа. Ер нь ийм тохиолдлууд бишгүй л гарна. Заримдаа эмч эсвэл жолооч нар тэврээд л гүйдэг.

-Хэрвээ та ажлын хамгийн сайхнаас дурдаач гэвэл юуг хэлэх вэ ?

-Хүмүүсийн баярлалаа гэж хэлэхийг сонсохоос илүүтэй хамгийн бага хугацаанд хүргэж өгөх нь хамгийн чухал. Халуун чихийг нь атгуулна гэж ярьдаг даа. Энэ л тухайн хүний амийг аврах ажилд миний хүлээж байгаа үүрэг.

Миний хувьд ч  гэсэн бусдын л адил ажлаа хийгээд амьдралаа авч явахын төлөө хөдөлмөрлөдөг. Дуудлагын үед машинд өвчтөн нас барах тохиолдол бий. Тэр үед бодогддог зүйл нь ханьдаа, үр хүүхдүүддээ амьд мэнд очих юмсан гэсэн сэтгэл их төрдөг. Хүний амьдралын нэг өдөр гэдэг чинь ямар үнэ цэнтэй гэдгийг хүн бүр мэдэрвэл бид улам л хичээж, хайртай хүмүүсийнхээ төлөө амьдарч чадна гэдэгт би итгэдэг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сонгуулийн тухай хуулийг өргөн барихыг хойшлууллаа
Халаасны хулгайч нартай хамтардаг гар утасны ченжүүдийг илрүүлжээ
Отгонтэнгэр их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо
Өнөөдөр Улаанбаатарт 21 хэм дулаан
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Quad”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ
'BAIGALI“ аппликейшнд 3000 зүйлийн амьтан, ургамлын мэдээлэл багтжээ
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Замын-Үүдээр задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Шанхай хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ
Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа
Cургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна
Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалт” үндэсний хэлэлцүүлэг болно
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг ирэх сарын 1-нээс 300 болгоно
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
Японд барилгын ган арматур сүүлийн 14 жилийн хугацаанд дээд цэгтээ хүртэл өсжээ