Нүүрсний салбарт Монголын боломж ирлээ

2019-03-18

Яг гурван долоо хоногийн өмнө Австралийн Күийнс­лэнд мужид буусан үер аль хэдий нь татарсан ч нүүрсний борлуулалт нь өмнөх хэмжээнд хүрэхгүй байгааг Австралийн уул уурхайн яам онцоллоо. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 96.3 ам.доллартай тэнцэж байна. Энэ бол өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнээс хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан, Хятад Далиан боомтоо Австралид хааснаас хойш дэлхийн зах зээл нүүрсний ханш тогтворгүй байна. Хэдийгээр савлагаатай байгаа ч өмнөх оныхоос харьцангуй илүү байгаа тул манайх шиг жижиг буурай улс л хожино. Нүүрсний экспорт оны өмнөхтэй харьцуулбал тав гаруй хувиар унаад байна. Яг л найман жилийн өмнөх үйл явдал давтагдаж байгаа мэт. Байгалийн давагдашгүй хүчин зүйл л дан ганц Австралийн нүүрсний салбарт дарамт учруулаад байгаа гэвэл өрөөсгөл. БНХАУ Австралийн нүүрсний салбарт баримталж буй бодлого маш том дарамт юм. БНХАУ 40 хоногийн хугацаанд нүүрсний онгоцнуудын гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг хойшлуулсан нь Австралийн Засгийн газар зөвхөн худалдааны асуудал биш улс төрийн зорилготой алхам гэж ойлгоход хүргээд буй.

БНХАУ-ын засаг захираа Авст­ралиас орж ирэх дулааны нүүрс болон коксжих нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийхдээ урьдынхаас илүү хугацаа зарцуулж байгааг Австралийн талаас онцолж байна. Хойд болон өмнөдийн боомтуудад ийм байдал илүү ажиглагдаж байгааг БНХАУ-ын Нүүрс тээвэрлэлтийн холбооноос мэдээлсэн юм. Энэхүү ажлыг оноос өмнө хэрэгжүүлж, нэгдүгээр сараас түр зогсоох болсон. БНХАУ нүүрсний дотоодын олборлолт нэмэгдсэн нь ийнхүү экспорт, импортоо зохист харьцаанд оруулах, нүүрсний хамаарлыг аажимдаа багасгах бодлогын үндэс болжээ. Энэ бодлогын хариу болгож Австралийн томоохон компаниуд хамтран ажиллах томоохон төсөл хөтөлбөрүүдээ эргэн харахаар болоод байна.

Ойрын хугацаанд Австралийн Засгийн газар, Худалдааны яамаа­раа дамжуулан БНХАУ-ын Худалдааны ерөнхий хороо болон Засаг захиргаа ямар учраас ийм нөхцөлд байдалд хүргээд байгаа дээр албан ёсны тайлбар авахаар болжээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын хойд хэсгийн Далиан боомтоор гэхэд Австрали улс 14 сая тонн нүүрс экспортолсон баримт бий. БНХАУ-ын Далиан боомт нь Далиан, Баючуан, Панжин, Дандон, Бейлиан зэрэг таван боомтоос бүрддэг бөгөөд Далиан боомтын захиргаа нэгтгэн хяналт тавьдаг юм. БНХАУ Австрали улсаас нүүрс экспортлохгүй байх нь магадгүй Монгол Улсад хамгийн том боломж байж болно. Учир нь Австралийн нүүрсний хэрэгцээг Индонези, Орос, Энэтхэгээс гадна хамгийн ойрын хөрш Монголоосоо авсан нь энэ хооронд үүссэн заагийг арилгах шижим байхыг үгүйсгэхгүй.

Үүнээс гадна байгалийн дав­­­тагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан Австралийн нүүрсний экспортын уналт нь найман жилийн өмнөх сайхан боломжийн үндэс гэдгийг мартах учиргүй. Түүхийн хүрдийг долоон жилийн өмнөх рүү ухрааж үзвэл яг л ижил дүр зураг ажиглагдана. Тухайн үед Күийнслэнд мужид үер бууж байлаа. 2010 оны арваннэгдүгээр сард буусан үер татрахгүй байсаар 2011 оны нэгдүгээр сартай золгосон билээ. Байгалийн гамшиг нэг тэр­бум австрали долларын хохирол учруулсан юм. Бодит хохирлоос гадна нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт огцом буурч 2011 оны арваннэгдүгээр сар хүртэл нүүрсний нийлүүлэлт, орлого нэмэгдэхгүй маш том алдагдал дагуулсан. Тухайн үедээ дэлхийн эдийн зас­гийн хямралын давлагаанд цохигдоод байсан Монгол Улсад энэ байдал ашигтайгаар эргэсэн гэхэд болно. Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамдаа 118.1 ам.долларт хүрч, оны эхнээс 1.5 дахин өсч нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлжээ. Нийт жилийн тухайд авч үзвэл 15.6 сая тонн нүүрс экспортолж өмнөх оныхоос даруй гурван сая тонноор нэмэгдэж, мөнгөн дүнгийн орлого 1.6 тэрбум ам.долларт хүрэв. Байгалийн асар их баялагтай ч том хямралын давлагаанд цохигдсон Монгол Улсад гэрэл гэгээ авчирсан таатай цаг үе гэж одоо ч эдийн засагчид хэлдэг.

Үер бууснаас хоёр жилийн дараа Күийнс­лэнд орчимд дахин үеэр бууж нүүрсний нийлүүлэлтийг удаашруулж байлаа. Үр дүнд нь мөн адил Монгол л хожсон. 2012 онд буугаад байсан нүүрсний экспортын орлого 2013 оны эцэс гэхэд хоёр хувийн өсөлттэй гарсан юм. Күийнслэнд орчимд үер буух болгонд Монголын нүүрсний экспорт өссөөр ирсэн.

Энэ жил хоёр ч удаа буусан үер Күийнслэнд мужийн цаашлаад Австралийн нүүрсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Нүүрсний зах зээлийн үнэ ч 0.5-1 доллароор өсөөд байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны судалгаагаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан эдийн засгийн өсөлтийг саарна гэж таамаглаж байсан. Тэгвэл энэ нөхцөл байдал дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын төсөөл­лийг нэмэгдүүлэх нь гарцаагүй.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй