2016 оны сонгуулийн тойргийн мандатыг баталлаа

2016-05-13

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.05.12.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 17 цаг 28 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс албан бичиг ирүүлж Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар тус намын бүлэгт нэгдэж орохоо илэрхийлснийг гишүүдэд танилцуулаад ингэснээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 37 гишүүнтэй болж буйг мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас саналаа эгүүлэн татах тухай албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг томилуулах санал Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар олонхын дэмжлэг аваагүй тул уг саналыг татан авч буйгаа уг албан бичгээр мэдэгдээд Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа хуулийн дагуу өргөн мэдүүлэх болно гэдгээ дурджээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.

Мөн уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан. Иймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж оруулж иржээ. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 76 дугаар тойрог байгуулж, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог хавсралтаар батлахаар тусгасан байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад сонгуулийн зарим тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэрийг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзах хуулийн зарчмыг үл тоомсорлон сонгогчдын эрх ашгийг зөрчихөд хүргэсэн гэж үзэж буйгаа хэлээд энэ асуудлыг эргэн харах боломж олгохыг хүсэв. Харин хуралдаан даргалагч сонгууль болохоос 45 хоногийн өмнө сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоосон байх хуулийн хугацаа дуусах гэж байгаа учраас тогтоолыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатайг сануулаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд нь шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтоохоор заасныг үндэслэн 18 цаг хүртэл завсарлага өгч буйгаа мэдэгдсэн юм.

Ингээд 18 цаг 13 минутаас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Тус байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд тогтоолын хавсралттай холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон уг тогтоолын хавсралтыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, С.Бямбацогт нар Сүхбаатар аймгийн 2 тойргийг 1 тойрог болгох асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалттай холбоотой асуудлаар цөөнх болжээ. Мөн хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт гаргасан боловч Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь хэсгийг баримтлан хуралдаан даргалагч завсарлага өгөх боломжгүйг мэдэгдсэн.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр, Су.Батболд, О.Баасанхүү, Ж.Батсуурь, Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, О.Содбилэг, Д.Лүндээжанцан, Н.Батбаяр, Д.Оюунхорол, Б.Гарамгайбаатар, М.Энхболд, С.Бямбацогт, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, Л.Болд, Н.Энхболд, З.Баянсэлэнгэ, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд байнгын хорооны саналаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 39 нь буюу 61.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм. Ингэснээр Улсын Их Хурал “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй