Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхлэв

2021-05-03

Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт ирэх сарын 9-нд болно.  Хуульд заасны дагуу парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ энэ сарын 2-ны өдөр тодруулж, СЕХ-нд холбогдох баримт бичгийг хүргүүлэх учиртай. Улмаар СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг энэ сарын 8-ныг хүртэл хянаад олон нийтэд зарлах юм.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд  улс төрийн намууд дотооддоо санал хураалтыг явуулж, нэр дэвшигчээ тодруулаад байна.   Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших ажиллагааны эргэн тойронд болсон мэдээллийг тоймлон хүргэе.

МАН.  Эрх баригч МАН өчигдөр 15:00 цагт бага хурлаа товлон зарлав.  Тус  хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улстөрчийг тодруулах учиртай.  Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авсан мэдээлэл бий. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх,  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар,  Сү.Батболд нар нэрээ дэвшүүлэхээр Удирдах зөвлөлдөө хандсан байдаг.  Улмаар Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр 100 хувь санал нэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэжээ.

Дугаар шилжих мөчид МАН-ын бага хурал үргэлжилж байсан юм.  Тэгэхээр МАН-аас дээрх таван нэг дэвшигчийн нэг тодорч, өрсөлдөнө. 

АН. Сөрөг хүчин хоёр хуваагдаж, тус бүртээ дарга тодруулсан.  Мөн Дээд шүүх АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч бүртгээгүй. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ мөн л тус тусдаа тодруулав. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1.953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна. О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэрээ татснаар Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо.  Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар тодруулж, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн  хэнийг нь бүртгэхээ шийдэх нөхцөл байдал үүсч байна.

 

ХҮН. Тус нам  "Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг эхлүүлж, 17861 иргэн 141 хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал өгсөн байна. Энэ 141 хүнээс эхний таван хүнд тус эвслийн төлөөлөл болж, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьжээ. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, "Датаком"-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Тэдний хүсэлтэд Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна.   Харин өчигдөр дугаар шилжих мөчид УИХ-ын гишүүн асан Д.Энхбат тус намаас нэр дэвших саналыг хүлээн авсан гэх мэдээлэл гарав. Эхний таван хүний араас "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд, "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан, хуульч С.Нарангэрэл, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар хамгийн олон санал авсан байна. 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна
2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна