2021-03-19
Энэ удаагийн парламентад намынхаа нэрээр халхавч хийгээд чимээгүй сонгогдчихсон сул гишүүн олон бий. Үүний нэг нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Сэтгүүлч мэргэжилтэй түүний тухайд хийж гийгүүлсэн ажлаасаа илүү хэл амтай, заргач, хийсэн хэргээ "Хийгээгүй" хэмээн мэлздэгээрээ алдаршсан нэгэн. УИХ-д хоёр удаа сонгогдсон зайтай толгой хэдий ч сонгогдсон тойрогтоо гарт баригдаж, нүдэнд үзэгдэх олигтой ажил хийгээгүй хэмээн тойргийнх нь сонгогчид халаглан сууна. Харин ч Чингэлтэй дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амьжиргааны түвшиний үзүүлэлт нь эрс буурсан гэнэ. Эрхэм гишүүн М.Оюунчимэгт энэ үзүүлэлт огтхон ч хамаагүй мэт аягалж, сүрхий ажил хэрэгч царай гарган, Саарал ордноор нэг будлиан тарьж харагдах юм. Түүгээр ч зогсохгүй Чингэлтэй дүүргийн сонгогчдынхоо чихийг байнга халууцуулж, аль болохгүй хэрэгт нэр холбогдчихдог сул талтай.
Анх УИХ-ын гишүүн болж байхдаа Байнгын хорооны хуралдааны үеэр үдийн цайндаа боов идэж, инээмсэглэн суугаа бичлэг нийтэд ил болсноор “Боов Оюунчимэг” гэх хочтой болсон. Үдийн цайгаа хуралдааны танхимдаа идэж, хэмнэлтийн горимоор ажилладаг байсан түүний ХОМ энэ явдлаас хойш огцом нэмэгдэж, удаа ч үгүй үнэтэй алчуураар гангарсан дуулианд нэр холбогдоод амжсан.
Үүнээс хойш тэрбээр алдарт ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдож, түүнийг сайнаасаа илүү сайр нэр дагах болов. Түүнийг ЖДҮХС-аас нөлөө бүхий албан тушаалтан, гишүүд зээл авахад жуучлагчаар ажиллаж, 120 сая төгрөгийн авилга авсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан удаатай. Гэтэл үүнийгээ булзааруулах гэж “Би үүнд буруугүй, үүнийг шалгуулна” гээд хир хүргэхгүй өөрийгөө өмгөөлж яваад Улсын Ерөнхий прокуророос хатуу сануулга авсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан зээл авсан байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдож байсан түүхтэй. УИХ-ын гишүүн болсноос хойш түүний болон гэр бүлийнх нь Хөрөнгө орлогын мэдүүлэг дөрвөн жилийн дотор 15 сая төгрөгөөр огцом нэмэгдсэн байгаа гээд тоочоод үзвэл түүнд сайн нэр үнэндээ алга.
Угтаа бол татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж яваа гишүүдийн нэг нь М.Оюунчимэг болж таарлаа.
Өнөөдрийг хүртэл түүний ээлжит дуулиан тасраагүй үргэлжилсээр байна. Тодруулбал, хоёр парламент дарааллаад сонгогдчихсондоо эрдэж, албан тушаалаа далайлган өөрийнхөө хүүг Төрийн албанд томилчихсон гэх дуулианд нэр холбогдоод буй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон гэнэ. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилсон гэдэг дуулиан дэгдэж байгаа.
Б.Энхмөрөн нь 2010 онд БНХАУ-ын Газрын тосны их сургуульд элсэж, сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас зээл авсан бөгөөд тухайн үед ээж нь ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Ийн төрийн албаны шалгалтандаа ч тэнцээгүй хүүгээ албан тушаалд томилсон нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ардын хүүхдийн хүүхдийн боломжийг хулгайлсан хэргээ нуун дарагдуулахаар улайрч эхэлсэн үү гэлтэй. Гэвч М.Оюунчимэг гишүүн сурсан зангаараа “Миний хүү буруугүй” гээд өөрийгөө өмгөөлж яваа сурагтай. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг эрхэм гишүүнийг эгүүлэн татъя УИХ-ын дарга аа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд