2019-11-08
Өнөө жилийн Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг Америкийн М.Крайнер, Францын Э.Дюфло, Энэтхэгийн Абиджит Банерджи нар хүртсэн юм. Тэднийг ядуурлын эдийн засгийг судалж, ядууралтай тэмцэх боломжийг өсгөсөн гэж үнэлээд байгаа. Ердөө хоёрхон аравны дотор эдний туршилт, шинэ хандлага хөгжиж буй орнуудын эдийн засгийг өөрчилчихөж. Нобелтнуудын бүтээлийг сөхөөд харахаар ядуу орны асуудал ядуудаа биш, азгүй түүх сэтгэлгээнээс улбаатай гэсэн утга бүхий өгүүлбэрүүд дурайж байна. Ядуу эдийн засагт өссөн үеийнхэн амьдралаа боломжтой болгох арга замыг жижиг үйлдвэрлэл эрхлэх биш, өндөр цалинтай төрийн албаар төсөөлдөг гэнэ. Ингээд анзаарахаар бидэнд дэндүү ойрхон дүгнэлт санагдаад байгаа юм. Хачин танил зураг гэчихэд огт хэтрүүлсэн болохгүй.
Азгүй түүхээс нь эхэлье. Өнгөрсөн түүхээ харахаар агуу, баатарлаг, дэлхийн талыг эзэлсэн, хэдэн зуун дамнасан хүчирхэг өв соёлтой энэ тэр гээд яривал өнгөлөг, гэгээлэг өнцөг, давтагдашгүй онцгой тал монголчуудын түүхэнд бий л дээ. Гэхдээ Их Монголын сүр яаж бөхлөө. Хувийн жаргал, алдар нөлөөгөө хөөсөн алтан ургийн хаад ноёдын хоёр, гурван зуун жилийн толхилцоон монголчуудыг өөдийн нар харуулаагүй. Дэлхийг байлдан дагуулсан их гүрэн ингэж задарна гэдэг азгүй түүх мөнөөсөө мөн. За тэгээд Галдангийн дайн, Манжийн эрхшээлд орсон он цагууд байна. Шалтгаан нь Их Монголын мөхлөөс нэг их ялгараад байх юмгүй. Ихэс ноёдын тэмцэл, зөрчилдөөнөөр монголчууд Манжийн эрхшээлд зуун дамнан гундуу аж төрцгөөсөн. Азгүйгээр барах уу гунигтай түүх. Тэгж байтал Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж овоо сэхэх нь үү гэтэл мөн л азгүй түүх үргэлжилсэн. Өмнөд Монгол, урианхайн хязгаараа алдсан он жилүүдийг азгүй гэхээс өөр яаж тодотгохов. Нэн шинэ түүх гээд яривал Оросын нөлөөнд аж төрсөн дал гаруй жил бий. Төдийгөөс өдий хүртэлх түүхэндээ бусдын нөлөөнд аж төрөөгүй он цаг их л бага харагдаж байгаа биз. Ийм түүхтэй ард түмэн колонийн сэтгэлгээтэй болдог гэж эрдэмтэн судлаачид онцолсон нь олонтаа. Колонийн сэтгэлгээтэй үндэстэн өөрсдөө юм хийх дургүй, бусдын хийснийг гоё сайхан гэж биширдэг онцлогтой.
Яг нарийндаа колонийн дарангуйлал, боолын нийгмийг колоничлогдож, боолчлогдож явсан нөхөд унагаагүй, өндөр боловсролтой цөөн сэхээтнүүд нэгдэж байж унагасан байдаг. Дэлхийн түүхийг сөхөөд харахад бодит үнэн нь ерөөсөө л энэ. Сэхээтнүүд тэмцэж байж боолын нийгмийг унагах үед харин боолчууд “Тэгээд бид юу хийх юм бэ” гэж бухимдацгааж байсан нь хүн төрөлхтний түүхийн гашуун үнэний нэг. Колонийн сэтгэлгээ гэж энэ л дээ. Ядуу эдийн засагт өссөн үеийнхэн амьдралаа боломжтой болгох арга замыг жижиг үйлдвэрлэл эрхлэх биш, өндөр цалинтай төрийн албаар төсөөлдөг гээд байгаагийн углуурга шалтгаан нь энэ.
Колонийн сэтгэлгээнд орчихсон үндэстэнд ажиглагддаг өөр нэг тод шинж тэмдэг бидэнд хачин тод байна аа. Тэр шинжийг нь судлаачид хошин шогийн хандлага, сэтгэхүй гэж тодотгодог юм билээ. Дарлалаа мартагнаж, зовлонгоо нимгэлэхийн тулд ийм сэтгэхүй нь түлхүү ажилладаг гэнэ л дээ. Хошин шогийн хандлага гэдгийг нь илүү тодруулж тайлбарлая. Хэр баргийн асуудлыг тоодоггүй, чухалд авч үздэггүй, маазруулаад өнгөрөөдөг хандлага, сэтгэхүйг колоничлолоос улбаатай гэж тодотгоод байгаа юм. Захын жишээ гэхэд л саарал жагсаалтад орсон энэ өдрүүдэд “Хар жагсаалтад ч орж магадгүй юм биш үү” гэх мэт мааздуу сэтгэгдэл коммент сошиал талбарт хөвөрч байгаа. Япончуудад улс нь саарал жагсаалтад орлоо гэсэн мэдээ яаж тусах бол. Лав л бидэн шиг маазрахгүй. Бидэнтэй цуг саарал жагсаалтад орсон Исланд, Пакистанд гэхэд иргэд нь хариуцлага алдсан улстөрчдөдөө шахалт шаардлага үзүүлээд эхэлсэн талаарх мэдээг дэлхийн мэдээллийн агентлагууд онцолж байна. Гэтэл манайд хариуцлага алдсан улстөрчдөөсөө ял нэхэх нь бүү хэл сошиал орчинд маазарсан шигээ сууцгааж буй нь колоничлогдож, дарлагдаж, бусдаас хамаатай амьдарсаар ирсэн он жилүүдээс улбаатай болж таарах нь.
Давтаад онцлоход бусдын хараа, нөлөөн дор аж төрсөн он жилүүд монголчуудад өндөр цалинтай төрийн алба руу зүтгэх хандлагыг бий болгочихож. Зүгээр сууж байгаад дажгүй цалинтай ажил хийх цагаан гартнууд олширсон нь цаанаа ийм учиртай. Дэлхийн хөгжилтэй улсуудын туулж ирсэн зам, түрийвч зузаан, нөлөө, алдартай хүмүүсийн амьдарч ирсэн он жилүүдийг харахаар хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж, бүтээж байж өндөрлөгт хүрсэн байдаг. Ер нь хөгжлийн жам нь тийм. Үйлдвэрлэж хөдөлмөрлөсөн улс л хөгждөг бичигдээгүй хууль хүн төрөлхтний өнгөрсөн өнөөгийн түүхэнд үйлчилсээр ирсэн. Энэ хууль цаашид ч үргэлжилнэ.
Яг нарийндаа мал маллах ч хөдөлмөр. Гэхдээ өглөө хашаанаас нь тууж гаргаад орой хашихыг хөдөлмөр гэж ойлгоход хэцүү. Мал аж ахуй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж байж л хөдөлмөр шингэсэн эдийн засаг болно. Мал аж ахуйгаас гарсан сүү, арьс гээд бүх түүхий эдээ үйлдвэрлэлд шилжүүлж чадвал Орос, Хятад гэж “өлсгөлөн”, аварга зах зээл хоёр талд маань байна. Махаа, сүүгээ, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн болгоод гаргавал хөдөө аж ахуйн салбарт нөлөөгөөрөө уул уурхайн дараа жагсах өндөр боломж бий. Ингэхийн тулд хөдөлмөрлөхөөс өөр сонголт бидэнд байхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж байж улсаараа боссон түүх манай тивд гэхэд Япон, Солонгос байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өнөөхөндөө эсгий таавчигаар л хэмжигдэж явааг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ нэг үеэ бодвол гоо сайхны бүтээгдэхүүн, жимсний шүүс гэх мэтээр нэр төрөл нь өсч эхэлсэн олзуурхал бий. Шинжлэх ухааны академийн аль хүрээлэнгийн билээ эрдэмтэд литигээр цагны зай хийлээ гэж дуулдсан. Ийм түвшинд хүрээд ханаад зогсох биш дэлхийн брэнд үйлдвэрлэгчдэд зай нийлүүлэх боломжийг судалж хайгаад төсөл хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй. Манайханд ийм амбиц дутагдаад байгаа нь тод анзаарагддаг. Геологийн тогтцоороо газрын ховор элементийн хэд хэдэн том орд нээгдэх боломжтой, Монгол Улсын эрдэмтэд ийм амбицтайгаар төсөл хэрэгжүүлээд эхэлбэл дэлхий лав чихээ дэлдийлгэж, нүдээ бүлтийлгэхгүй. Боломжоо олж хараад хөдөлж эхэлсэн ухаалаг нөхдүүд л гэж харна.
Эцэст нь хэлэхэд ядуурлын эдийн засагт өсч төрж амьдарч яваа, колоничлолын сэтгэлгээтэй иргэдтэй улс үндэстэнд нэг том зовлон бий. Төр засгийнх нь эрх мэдлийг зөв улстөрчид атгадаггүй, поп улстөрчид бүхний дээр залардаг гэсэн зовлон. Бүр тодруулж хэлбэл, өнөө маргаашаа аргацаасан хандлагатай, зүгээр сууж, маазарч яваад өндөр цалин авах сонирхолтой колонийн сэтгэлгээтэй сонгогчид хөгжлийн гарц ярьсан, хөдөлмөрлөж байж хөгжил ирдгийг ухуулсан зөв хүмүүсийг УИХд сонгодоггүй. Цалинг чинь өсгөнө, халамжийг чинь нэмнэ, баячуудын хөрөнгийг хурааж өрийг чинь дарж өгнө, Оюу толгойгоос олж байгаа мөнгөний төчнөөн хувийг хувь хишиг болгож тараана гэсэн поп улстөрчдийг сонгосоор ирсэн нь ийм учиртай. Поп улстөрчдийг сонгосны балаг их. Сүүлийн жишээ гэхэд л улсаараа саарал жагсаалтад орчихлоо.
Учир мэдэх нэг эрхэм “Монголчууд муу хүмүүс биш. Мэдлэг мэдээлэл хомс, чанаргүй хүмүүс. Мэдлэг, мэдээлэлтэй цөөнх нь баг болж нэгдэж чадвал нийгэм урагшилж, хөгжих боломж уг нь бий” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Магадгүй, үндэстнээ колонийн сэтгэлгээнээс гаргах ганц түлхүүр энэ байх. Энэ шийдлийг ухаж сэтгэвэл ирэх сонгуульд элит хэсгийнхэн нэгдэж нийлж, нэг баг болж, хүчтэй нөлөөтэй ажиллаж чадвал бага ч гэсэн эерэг үр дүн гарч мэдэх л юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд