Б.ОТГОНДАВАА: “Ган сэнтий” компани ногоон уснаас зэс гаргана

2019-05-29

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн дарга Б.Отгондаваатай цаг үеийн ажлын талаар ярилцлаа.

   - Оны эхний таван сарын байдлаар Ил уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна?
  - Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүлэн хэвийн ажиллаж байна. Уурхай маань өдөр ирэх тусам гүнзгийрч уул геологийн нөхцөл хүндэрч байгаа учраас хүдрийн чанарт нөлөө үзүүлж байна. Исэлдсэн хүдэр ачилт төлөвлөгөөнөөс бага зэргийн хоцрогдолтой яваа. Гэхдээ бид хоцрогдлыг сарын сүүлчээр нөхөх бүрэн боломжтой. Бусад хөрс хуулалт, Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт зэрэг ажлууд төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлттэй байна.

   - Үндсэн техникийн хүрэлцээ, хангамж хэр байгаа вэ?
   - Бид саяхан шинээр ОХУ-ын ЭКГ-12К маркийн экскаваторыг өөрсдийн нөөц бололцоо хүн хүчээ ашиглан угсарч ажилд оруулсан. Ингэснээр бид үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна. Мөн ашиглалтын зардал өндөртэй, ашиглах хугацаа нь дуусаж байгаа Liebherr маркийн хуучин экскаватор нэг, ЭКГ маркийн 15м3-ын шанагатай экскаватор нэгийг түр зогсоосон. Шинэ экскаватор ажилд оруулсан сар гаруйн хугацаанд үндсэндээ 400 мян.м3 орчим уулын цул ачсан байна. Шинэ техник маань бүтээмжтэй ч юм, найдвартай ажиллагаа ч сайн байна.
 
  - Энэ онд өөр ямар техник авах вэ?
  - Долдугаар сарын сүүлчээр дахин нэг ЭКГ-12К экскаватор авна. Наймдугаар сард угсралт, тохируулгын ажил хийгдээд есдүгээр сард ажилд оруулчих болов уу. Мөн СБШ250 өрмийн нэг машин ирнэ. Бид үйлдвэрлэгч компанитай шууд худалдан авалт хийх гэрээ байгуулах талаар ярилцаж байна. Түүнээс гадна Вагнер Ази компаниас Катерпиллар фирмийн 16M загварын автогрейдер, Трансвест Монголиа компаниас Комацу фирмийн D275А загварын гинжит бульдозер зэргийг авахаар төлөвлөсөн. Ингээд уурхайн үндсэн техникийн хүрэлцээ, хангамж боломжийн болно. Үүнээс гадна нэн шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлага бий. Ер нь үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгсэл тодорхой хэмжээнд нөөцлөгдсөн байх ёстой. Цаашид сэлбэг хэрэгслийн хангамж цаг хугацаандаа нийлүүлэгдэж байвал хүндрэл учрахгүй байх нөхцөл бүрдэнэ.

   - Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зургадугаар сард бороо ахиу орох төлөвтэй. Өнөөх “ногоон ус”-ны асуудал яригдана даа?
   - Бид ногоон усны бассейныг исэлдсэн хүдрийн 12 болон 8а овоолгын дор байгуулсан. Одоогийн байдлаар бассейны дүүргэлт 40 гаруй хувьтай байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад дүүрнэ, ууршина гээд асуудлууд гарч ирдэг. Иймээс бассейныг суллах ажлын бэлтгэл хангагдаж байна. 12-р овоолгын бассейны ногоон усыг ”Эрдмин” компани руу татах, харин 8а овоолгын бассейны усыг уурхайн эргэлтийн ус руу холбох бэлтгэл ажил явагдаж байна. Ил уурхайн засварын хэсгээс зүүн хойд зүгт 200 м зайд байрлах 5000 м3-ийн багтаамжтай ногоон усны бассейныг шууд эргэлтийн ус руу холбочихсон байгаа. Ногоон ус маань өөрөө хүчиллэг шинж чанартай учраас түүнд тэсвэртэй насос худалдан авах тендер зарлагдаад явж байна.

   - “Ногоон ус” гэж чухам ямар усыг хэлээд байна?
   - Ил уурхайн хэмжээ томорч овоолгын талбай ихэссэнтэй холбоотойгоор исэлдсэн хүдрийн овоолго дээр орсон бороо, цасны ус доош нэвтэрч зэс, төмөр агуулсан уусмал байдлаар шүүрч гарахыг “ногоон ус” гэж нэрлээд байгаа юм.
  
   - Энэ усыг ашиглах боломж бий юу?
   - Ашиглах боломж бий гэж үзэж байгаа. Учир нь манай бассейнуудад хуримтлагдсан ногоон уснаас зэс гаргаж авахаар хоёр компани Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулаад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Ган сэнтий” ХХК үйлдвэрлэлээ эхлэхээр бэлтгэлээ хангаад явж байна. Бэлтгэл ажлын хүрээнд зам, талбай засах ажлуудаа бүрэн хийж дууссан. Ирэх наймдугаар сард “Ачит Ихт” ХХК-ийн тоног төхөөрөмжтэй адил жижиг оврын тоног төхөөрөмжүүд оруулж ирнэ.

   - Уурхайн амсар тэлэлт хэр хэмжээнд явна?
  - Баруун хойд ордын уурхайн карьерийн урд хэсгийн ханын ачааллыг багасгах зорилгоор  4a  болон 5-р овоолгын 1415-1475 м хүртэлх түвшний 2.5 сая.м3 хөрсийг 11-р овоолго руу зөөвөрлөсөн. Энэ мэтээр хөрс хуулалтын ажил явуулахад уурхайн зүүн урд хэсэг тодорхой хэмжээгээр тэлэгдэнэ. Тус ордын баруун хойд, баруун болон баруун өмнөд хэсэгт хана дагуу хагарлуудын чигт тодорхой хэмжээгээр нуралт гулсалт үүсэх болсон. Эдгээр хэсгүүдэд ханын эвдрэлийг зогсоох зорилгоор бид геотехникийн хяналт, судалгааны ажлыг эрчимжүүлж байна. Үүнээс гадна овоолгын тогтворжилтын хяналтад анхаарал хандуулж, давхар суурь хийх зураг төсөл зохиогдож дуусаад одоо хэрэгжээд явж байна.

   - Ер нь  манайх хөрсний нуралт, гулсалтаас хамгаалах ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
   - Өнгөрсөн гуравдугаар сард Эко Алтан Заамар компанийн уурхайд гарсан ослоос шалтгаалж Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичиг ирсэн. Энэ мэдэгдэлд, шаардлагатай тохиолдолд геотехникийн судалгаа, уурхайн хананы тогтворжилтын үнэлгээг хийлгэх, мөн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах тухай дурдсан байсан. Манай уурхайд 2016 онд ШУТИС-ийн Уул уурхайн төсөл судалгааны төв “Эрдэнэтийн Овоо ордын баруун хойд хэсгийн уурхайн хажуугийн тогтворжилтын судалгаа”, 2018 онд Бүгд Найрамдах Чех Улсын “GEOtest ” компани “Ил уурхайн геотехникийн нөхцөл байдлын иж бүрэн судалгаа” зэрэг уурхайн ханын хажуугийн тогтворжилтыг үнэлэх, чулуулгийн физик механикийн шинж чанарыг судлах, уурхайн цаашдын геотехникийн ажлын төлөвлөлт хийхийн тулд геотехникийн өрөмдлөгийн ажил хийх зэргээр үнэлгээ, судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн. Судалгааны эдгээр ажлын үр дүнгээс харахад манай уурхайн хана тогтворжилт хангаж байгаа. Одоо тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн үнэлгээний компаниар гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж байна. 

   - Ингэхэд тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих ажил хэр урагштай байгаа вэ?
   - Олон жил яригдсан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих ажил тун урагштай яваа шүү. Үнэлгээний хороо хуралдаад тендер нь нийтэд нээлттэй зарлагдсан. Гүйцэтгэгч компани тодрохоор гэрээ байгуулаад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр энэ үйлдвэр маань баригдана.

   - Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна?
   - Энэ жилийн хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих өдөр хуваарийн дагуу ажиллаж “Ногоон төгөл”-д 130-аад шинэс тарьсан. Манай тарьсан мод боломжийн хэмжээнд ургаж байгаа. Мөн бид Баян-Өндөр уулын урд энгэрийн 140 гаруй хуучин хожуулыг ховхолж нүхэнд нь хар шороо дүүргэж тэгшилсэн. Ирэх намраас тэр газарт мод тарихаар төлөвлөж байна.

   - Цаг гаргасан танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй