Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!

2019-04-29

Ерөнхийлөгч юутай ирсэн бэ!

Хятадад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатараас Бээжин рүү мордсон даруйд экс тагнуулчийг эрүүгийн цагдаагийнхан барьж хорьсон нь санамсаргүй тохиолдол эсвэл санаатай үйлдэл болох нь эс тодорхой ч энэхүү дуулианд Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны албан ёсны айлчлалын гол сонин дарагдав.  Урьд нь У.Хүрэлсүх Хятадад айлчлахаар ниссэн даруйд экс Ерөнхий сайд С.Баярыг баривчлан хорьж байсан удаатай. Хоёр ч удаагийн тохиолдолоос харвал аливаа айлчлал ба баривчилгааг санамсаргүй давхцал гэж үзэхэд учир дутагдалтай мэт.

Ямартай ч, Ерөнхийлөгч яваад ирсэн.  Ерөнхийд нь тоймловол Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийсэн албан ёсны анхны айлчлал хүлээлт багатай, Ши Жиньпинтэй авхуулсан зургийг нь тойрсон сошиалын багахан хэлэлцүүлгээс илүү гарч чадсангүй.

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадад хийсэн айлчлал үр дагавар багатай байсан уу, эсвэл үйл явдлыг нь хэвлэлийнх нь алба олон нийтэд олигтойхон хүргэж чадаагүйтэй холбоотой  байж болох. 

“Сант Марал” сангаас хийсэн ээлжит судалгааны дүнгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “босоо” рейтингтэй явсан Ерөнхийлөгчийг ардаа орхисон нь  Төрийн тэргүүний  дотоодын улс төр болоод гадаад бодлогоос нь болсон байж мэднэ. Тэрбээр Монголыг ШХАБ-д элсүүлэх тухай мөрөөдлөөсөө болж хасах оноо багагүй цуглуулсан билээ. 

Дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд Бээжинд дөрөв хоносон Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр  хэд хэдэн  хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадын зүгээс мөнөөх   хөрөнгө мөнгө санхүүжилтээр дэмжихээ илэрхийлсэн нь Монголын хувьд шинэ мэдээ биш.

Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламж өгөхөөр болсон, Налайх-Чойрын замыг барих, ган төмөрлөгийн цогцолборыг байгуулах төсөлд гарын үсэг зурсан  зэрэг нь урьд өмнөх олон удаагийн яриа хөөрөө, харилцан айлчлал, АСЕМ зэрэг томоохон хурал зөвлөгөөний үеэр яригдаж шийдэгдсэн зүйлүүд.

З.Энхболд даргын “Хятадын тусламжийн мөнгийг Буянт-Ухаагийн спорт цогцолборын орчимд Азийн хүүхдийн наадам болон Зүүн Азийн олон төрөлт спортын наадмын тамирчдыг хүлээж авах барилга байгууламжийн дутагдаж байгаа хэсгийг байгуулахад зарцуулна. Юу хийх нь манай Засгийн газрын эрх. Юу хийхээ дотроо ярилцаад Хятадын даргад мэдэгдэж байгаа. Дутагдах спортын төрөл байхгүйгээр бүх төрлийн спортын барилга байгууламж, зочид буудалтай байхаар төлөвлөж байна” гэсэн яриа нь МАН-ынханд ад үзэгддэг АСЕМ-ын үеэр Монголд өгөхөөр тохиролцсон буцалтгүй тусламжийг авахаар болсон тухай. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар Монголд өгөхөөр тохирсон буцалтгүй тусламжийг авах бичигт Х.Баттулга явж очоод гарын үсэг зурсан хэрэг.

Түүнээс Хятадын дарга Х.Баттулга Ерөнхийлөгчид саймширсандаа ч онцгойлон өгч байгаа бэлэг бишээ гэсэн үг.  Энэ мөнгийг Хятадын татвар төлөгчид Монголын ард түмэнд өгсөн болохоос Х.Баттулга гэж хувь хүнд өгөөгүй.

Тиймээс З.Энхболд даргын хэлээд байгаа  тамирчдад зориулсан зочид буудал барихад зарцуулах нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай. Тэгээд ч энэ мөнгийг юунд зарцуулах нь манай Засгийн газрын эрх юм бол шүү дээ. Монголд спортын ордон, тамирчдад зориулсан зочид буудлаас илүүтэй эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө мөнгөөр дутсан, гацсан өч төчнөөн асуудал бий.

Буцалтгүй тусламж гэхээрээ юу дуртайдаа зарцуулж, юу дуртайгаа барина гэсэн үг бас биш юм..

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нарын зурсан гэрээ хэлэлцээрээс харахад Монголд ган үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ гэдэг үлгэрийн далай. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” барина гээд Чингис бондын хөрөнгөөс 14 тэрбум төгрөг аваад бас л “дашийн шог” болчихсон худлаа биш.

Түүнчлэн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээнд Монгол Улс гурав дахь удаагаа  гарын үсэг зурж байна. Ч.Сайханбилэгийн, У.Хүрэлсүхийн, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал гээд төрийн, албан ёсны айлчлал болгоноор зурагддаг нэг эрчим хүчний төсөлтэй болж орхисон. Энэ мэт айлчлал болгоноор яригддаг "мөнхийн" гэрээ хэлэлцээр цөөнгүй бий.

Албан мэдээндээ жагсаасан, айлчлалынх нь үеэр зурагдсан гэрээ, хэлэлцээрээс харвал Ерөнхийлөгч ганзага дүүрэн мэт, гэвч бодитоор өнгийгөөд харвал хов хоосон богцтой л ирж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Лхагважав: Айл өрх бүрийг орон сууцжуулна гэдэг хий хоосон амлалт
Б.Пүрэвдагва: The beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно
"Арсенал" хожигдож, тавдугаар байртаа үлдлээ
Баянхошуунд агаар цэвэр гарчээ
Баячуудын тоогоор Хятад улс анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлжээ
Хоёрдугаар шатанд 57 гишүүний дэмжлэг авсан 35 заалт хөндөгдөхгүй
Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
АНУ Европт дайн хийнэ
Египет улс эртний 30 мумиг шинээр илрүүлснээ танилцуулжээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдөрт зориулсан хөтөлбөр
Америкчууд Сирийн хойд хэсгээс цэргүүдээ татлаа
ОХУ: Хулгайн контенттой тэмцэхэд хараахан бэлэн болоогүй байна гэв
Дэлхийн интернэтийн VI хурал эхлэв
Алтны уурхайн хаягдал усны далан сэтэрч, 15 хүн амь үрэгджээ
НҮБ-ын өдрийг тэмдэглэв
Буланд "морь хар", 200 төгрөгөө хэмнэ
Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монголруу хөтөлсөн
Сингапур улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн шалтгаан
Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв