Хууль бус мөрийтэй тоглоомын газраас 10 хүн баривчилж, их хэмжээний хар тамхи хураалаа

2019-04-15

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатууллаа.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, 10 гаруй иргэнийг баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, гүйцэтгэх ажиллагаа оройн 23:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд тагнуулын алба хаагчдыг тус газарт орох үед зарим этгээдүүд хэргийн газраас зугтахыг завдан, хажуугийн PC тоглоомын газарт нуугджээ. Улмаар тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг шалгахаар авч явсан байна.

Энэ бол хамгийн сүүлд гарсан хар тамхины хэргийн нэгэн жишээ юм. НҮБ-ын судалгаагаар, манай улс хар тамхины хэрэглэгч орнуудын тоонд аль хэдийн багтсан. Жил бүр хар тамхи 35 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ба энэ оны эхний гурван сарын дотор гэхэд энэ төрлийн 67 гэмт хэрэг гарч, 130 хүн холбогдон шалгагдаж байна. Эдгээрт насанд хүрээгүй 18 хүн, эмэгтэй 52 хүн байгаа нь хар тамхичдын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүд орж байгаа нь анхаарах асуудал мөн.

СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн үзлэгийн эмч А.Мягмарсүрэн “Хар тамхины асуудалд урьдчилан сэргийлэх асуудал маш чухал. Эмчилгээний тухайд маш хүнд гэдгийг хэлэх хэрэгтэй. Хар тамхинд донтсон хүн зан авирын хувьд өөрчлөгдөж хэн ч биш болж хувирдаг. Хүнийг хайрлах хүндлэх сэтгэлгүй болдог” гэсэн юм. Хар тамхинд донтсон иргэд тухайн бодисоо олж авахын тулд дээрэм, хулгайн гэмт хэрэгт холбогдох болсон байна. Мөн мансуурсан үедээ хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орж бэлгийн замын халдварт өвчин, ДОХ тусах тохиолдол гарах болсон талаар албаныхан мэдээлж байна. Түүнчлэн хар тамхи хэрэглэсэн хүний тархи хатаж жижгэрдэг бөгөөд задлан шинжилгээ хийж үзэхэд, тэдний тархи атгасан гарын хэмжээтэй болсон байдаг ажээ. Энгийн хүний тархи 60 жилийн хугацаанд хатаж хөгширдөг бол донтогчийн тархины хөгшрөлт ердөө 5-7 жилийн дотор явагддаг байна.

ДЭД ХУРАНДАА Г.ДАВААНЯМ: 1600 ХАР ТАМХИЧНЫ СУДАЛГАА ЦАГДААГИЙН ГАЗАРТ БИЙ

Нэгэнтээ нөхцөл байдал иймд хүрсэн учраас манай улсын хуулийн байгууллагууд хар тамхи мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлж, алба хаагчдаа мэргэ­шүүлэх, техник төхөөрөмжийг шинэчлэх, урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна. Эдгээрийн нэг бол Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, мансуу­руулах бодисын хор хөнөөлийг, сурталчлах сургалтын танхимтай болсон явдал байв.

Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын гуравдугаар тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа.

-Хар тамхитай тэмцэх газар сургалтын танхимтай боллоо. Энэ танхимыг ямар зорилгоор байгуулсан бэ?

-Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт, хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх хор хөнөөлийг таниулах сургалтын танхим байгууллаа. Дээрх сургалтын танхимд, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож болзошгүй болон холбогдож байсан, ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан хүмүүст сургалт явуулах, цаашлаад эрүүл мэнд, сэтгэл зүйн хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагуудтай холбож өгөх зорилготой байгуулагдсан.

-Хар тамхины төрлийн гэмт хэрэгт холбогдож болзошгүй эрсдэлтэй хүмүүсийг хамруулна гэлээ. Хэдэн хүн эрсдэлт бүлэгт багтаж байна вэ. Бодит тоо бий юу?

-Цагдаагийн байгууллагад яг өнөөдрийн байдлаар 1600 орчим хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүний судалгаа байгаа. Энэ бүгдийг хуваарийн дагуу сургалтад хамруулна. Эдгээрийн ард мөн эрсдэлт бүлэгт хамаарах иргэдийн мэдээлэл, судалгааг гаргасан.

-Хар тамхи хэрэглэгчдийн тоо нэмэг­дэхийн хэрээр насны хувьд залуужиж байна. Насны хувьд хэд орчим насныхан эрсдэлтэй байна вэ?

-Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр 35 орчим хувиар өсч байгаа. 2018 онд 199 гэмт хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байдаг. Энэ оны эхний улирлын байдлаар 67 гэмт хэрэгт 130 хүн шалгагдсан. Насны байдлаар авч үзвэл өсвөр наснаас эхлээд 35 хүртэлх насныхан дийлэнхи буюу 80 хувийг эзэлж байна. Өсвөр насныхан холбогдох тохиолдол байна. Тиймээс өсвөр үе, залуучуудад зөв мэдээлэл хүргэх ёстой. Хар тамхины хор аюул заналын тухай сайн таниулж өгч дархлаа үүсгэж чадвал, тухайн хүүхдэд хэзээ нэгэн цагт хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн тохиолдолд хүүхэд “үгүй” гэж хэлэх тийм дархлааг л тогтоохын тулд ажиллаж байна.

-Өмнө Хар тамхитай тэмцэх алба гэдэг байсан бол тусдаа газар болж өргөж­сөн байгаа. Үүнийхээ хэрээр өргөн цар хүрээ­тэй ажиллаж эхэлсэн гэж ойлгож байна?

-Хар тамхитай тэмцэх газар өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх алба байсан. Харин хар тамхины асуудал нийгэмд анхаарал татах асуудал болсон тул энэ чиглэлийн ажлыг бодлогоор дэмжиж эхэлсэн. Цагдаагийн байгууллага, Хуульзүй дотоод хэргийн яамнаас зөвхөн Хар тамхитай тэмцэх газрын бус нийт цагдаагийн  алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, ашиглагдаж буй техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг олон улсын түвшинд хүргэх арга хэмжээг авч байгаа. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгаа гэж харж байна.

-Манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрлэг ургамал ургадаг. Эдгээрийг түүж бэлтгэж байгаад саатуулагдсан этгээдүүд ч бий. Харин энэ ургамлыг устгах тал дээр ямар ажил хийгддэг юм бэ?

-Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нөгөө тал нь урьдчилан сэргийлэх ажил байдаг. Урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг бол эдгээр ургамлыг устгах. Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд “Устгал” арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Устгал хийсэн газарт ургамлын ургалт 80 хүртэлх хувийн бууралттай байдаг. Ургамал ургаж байгаа газрууд нь нууцын зэрэглэлтэй байдаг учраас цагдаагийн алба хаагчид гардан ажилладаг. 2019 оны тавдугаар сарын дундаас “Устгал” арга хэмжээ эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЗӨВЛӨГӨӨ: Үер усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж
Mercedes-Benz “G”-гийн фэнүүдэд бэлэг барив
Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ
Яараад яах вэ жолооч нараа!
Монголчууд муухай, муухай дээрээ тэнэг
Хонконгт болсон жагсаалд 2 сая орчим хүн оролцжээ
Шар хайснууд унахдаа 9 иргэний автомашинд хохирол учруулж, нэг хүнийг гэмтээжээ
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй ойлголцох чиглэлээр ажиллаж байна
Таван хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ
Энэ сарын 16-нд НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол явагдана
Ц.Цэрэнболдын тоглосон “THE RISING HAWK” киноны трейлэр цацагджээ
Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна
Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!
Сурвалжлага: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт
Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна
ЗАЛРУУЛГА
Юанийн ханш хурдтай унав