2019-03-20
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаа өгөх шийдвэрийн талаар Европын холбооны гадаад бодлогын албаны албан ёсны төлөөлөгч Майя Косьянчич тайлбар хийжээ.
Н.Назарбаев 30 орчим жил Казахстаны улсыг удирдахдаа энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж Косьянчич онцлоод, Европын холбооны Төв Ази дахь гол түнш болох Казахстан улс Европын холбоотой өргөтгөсөн түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан Төв Азийн анхны улс орон юм. Европын холбоо нь Казахстаны анхны худалдааны түнш, тус улсын анхны гадаадын хөрөнгө оруулагч юм. Төрийн эрх Казахстаны Үндсэн хуулийн дагуу шилжинэ гэдэгт найдаж буйгаа тэрбээр мөн илэрхийлжээ.
АНУ-ын Төрийн департамент мөн байр сууриа илэрхийлэв. Вашингтон хоёр улсын найрсаг харилцаа цаашид үргэлжлэн, улам бэхжинэ гэдэгт найдаж буй хэмээжээ.
Казахстан улс АНУ-ын стратегийн түнш юм гэж Төрийн департаментын төлөөлөгч онцлоод, өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ мөн илэрхийлжээ.
Сануулахад, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр /2019.03.19/ мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа шууд эфирээр ард түмэнд хандан мэдэгдсэн ба “Би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа. Нурсултан Назарбаев “Энэ жил миний хамгийн өндөр албан тушаалд томилогдсоны 30 жил болно. Ард түмэн маань надад тусгаар тогтносон Казахстаны анхны Ерөнхийлөгч байх боломжийг олгосон” гэж хэлсэн ч яагаад огцорч буйгаа тодорхой тайлбарлаагүй юм.
79 настай Назарбаев нь Казахстаны анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусах байв.
Одоо Казахстаны Ерөнхийлөгчийн үүргийг Сенатын спикер Касым-Жомарт Токаев түр гүйцэтгэж байгаа юм.
“ТАСС” агентлагийн мэдээлж буйгаар Нурсултан Назарбаев өөрөө Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх гэнэ.
Тэрбээр өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа албан ёсоор хүлээлгэж өгнө.
Н.Назарбаевын Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд байгуулагдаж, тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд