2019-01-31
ХАЙРХАНЫ ӨӨД ӨГСӨЖ БАЙХАД ДЭЭРЭЭС СЭЖИГ БҮХИЙ ЭТГЭЭД МАШИНДАА ЮМ НУУЖ ХАРАГДСАН
Өнгөрөгч оны есдүгээр сарын 9-ний өдөр Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуураас гурван этгээд иргэдийн сүслэн өргөсөн мөнгөн аяга тэргүүтэй үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна. Хулгай хийж байхдаа хайрхандаа мөргөх гэж явсан гэр бүлийн гишүүд болох арван хүнтэй дайралдаж улмаар тэдэн рүү гал нээж хоёр иргэнийг буудсан онц ноцтой хэрэг гарсан билээ.
Гэмт этгээдүүдэд буудуулсан иргэд Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нууранд өргөл барьц өргөж, мөргөл үйлдэхээр очсон байдаг.
Тэд дээш өгсөж байх замдаа сэжиг бүхий нэг иргэн том хар цүнхтэй зүйлийг машин руу хийж байхыг харж, цаашлаад нуурын эрэг дээр хоёр хар хувцастай хүн чулуугаар овоо босгон дотор нь юм нууж байхыг харсан аж.
Ийнхүү буудуулсан гэх хоёр иргэн очин хайрханы өргөлийг буцааж тавихыг шаардаж хэлснээр хэрэг явдал өрнөж эхэлжээ. Шаардлага тавьсны хариуд тэд машин руугаа яван буу гаргаж ирээд, хохирогч иргэн О руу холоос чиглүүлэн буудсан нь баруун талын хүзүүнд онож зүүн талын шанаа орчмоос бууны сум зад татан гарч ирсэн байна.
Хохирогчид галт зэвсэг хэрэглэж хоёр хүн шархдуулаад машиныг нь авч зугтаасан этгээдийг цагдаагийн байгууллагад мэдүүлснээр шуурхай ажиллан илрүүлсэн байдаг.
Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дууссан бөгөөд аймгийн шүүхэд хэрэг нь шилжиж энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр шүүх хурал болох байсан ч хойшилжээ.
БИД НАРЫГ БҮГДИЙГ ЧИНЬ АЛНА ГЭЭД БУУ ТУЛГААД СҮРДҮҮЛСЭН
Бид хэрэг явдал болох үед гэмт этгээдүүдэд буудуулан хүнд гэмтэл авсан иргэн О-той болсон явдлын талаар ярилцлаа. /Өөрийнх нь хүсэлтээр нэр болон зургийг оруулаагүй болно/
-Сайн байна уу. 2018 оны есөн сард Бадархундага нуураас хулгай хийж байсан этгээдүүдийг харснаар таныг буудаж гэмтээгээд зугтсан хэрэг гарсан шүү дээ. Хэрэг явдал яг юу болсон талаар ярихгүй юу?
-Тухайн үед бид нар гэр бүлийн бүх гишүүдийн хамтаар Хайрханд мөргөх гээд явсан. Би хоёр хүүхэдтэйгээ, манай ах хоёр хүүхэдтэйгээ, хамаатан садан нийлсэн арван хүн явж байсан юм. Бид нар Ерөнхийлөгчийн овоонд идээ будаагаа өргөөд явж байхад хойд талд Бадархундага нуурын хажууд хар машин зогссон байсан. Тэгээд мөргөж яваа улс юм байх гэж бодоод Бадархундага руу очиж өргөл өргөх санаатай очсон. Гэтэл тэр хар машинд нэг залуу том хар цүнхтэй юм хийж байсан.
-Хэдэн цагийн орчимд болсон хэрэг вэ?
-Өглөө арван цаг болж байсан.
-Цүнхтэй юм хийж байхыг харсны дараа юу болсон бэ?
-Уг нь цүнхтэй юм хийж байхыг би хараагүй л дээ. Манай ах л түрүүнд явж байсан болохоороо харсан. Тэр цүнхтэй юм хийсэн нөхөр нилээн ширүүндүү алхаж байсан. Араас нь манай хоёр дүү уралдах шахуу нуурын эрэг рүү очсон. Харин би араас нь явсан юм. Тэгсэн чинь манай дүү нар надад хэлэхдээ: “Ах аа эд нар их сэжигтэй хүмүүс байна. Тэр овоолсон чулуун дотор сэжиг бүхий юм нуугаад байна. Бас их сандарч байна” гэсэн. Тэгээд очоод харахад хоёр Казак хүн байсан. Сүүлд тэр хоёр хэлэхдээ: “Бид хоёрыг тус бүрт нь 1,5 сая төгрөг өгнө гэж хэлээд хөлсөлсөн” гэж байсан.
Тэгээд тэр овоолсон чулууг нь нураатал дотроос нь усны хэрэгсэл, усанд шумбагч эд зүйлүүд, баллон, хүндрүүлэгч, урт уяа гарч ирсэн.
-Та хулгай хийж байгаа хүмүүс Хайрханд өргөсөн иргэдийн өргөл барьцыг буцаагаад хийчих гэж хэлснээр маргалдаж эхэлсэн. Тийм үү?
-Тэгсэн. Тэгэхээр нь би “Та нар ингэж болохгүй. Ийм сайхан газар ирчихээд хулгай хийж болохгүй. Ахын дүү нар буцаагаад хийчих” гэсэн. Тэгсэн “За” гэж хэлсэн. Тэрийг буцаагаад тавих гэж нилээн удсан. Тэр хойгуур би өөр хүн байгаа юу гэж асуусан. Тэгсэн ийшээ шумбаж орсон нөхөр нь дээр байгаа гээд заасан. Тэгээд хартал дээрээс нэг залуу ах бид хоёр руу ирж байснаа буцаж гүйсэн. Ах бид хоёр өөр хүн байгаа эсэхийг шалгаж дээш гарсан. Замынхаа бараг дунд нь очсон байсан. Тэр хойгуур машинд ачсан мөнгөн аягануудаа авах гэж нэг залуу манай хоёр дүүтэй хамт явсан байсан.
-Та нар харж шаардлага тавьж, мөнгөн аягануудыг нь буулгасан уу?
-Ах бид хоёр бууж ирэхэд ачсан мөнгөн аягануудаа буцаагаад нуурын эрэг дээр асгасан. Нэг залуу нь дээр байсан залуу руугаа “Одоо яах вэ би амиа хорлоно” гээд орилж байгаад гүйгээд буухаар нь манай найз бид хоёр хамт буусан.
Тэр үед манай хоёр хүүхэд цуг буух гэхээр нь “Аав нь гүйгээд бууна. Та хоёр араас алхаад унахгүйгээр болгоомжтой буугаарай” гэж хэлээд би буусан. Тэгээд буугаад очиход намайг буудсан гээд байгаа залуу өөрийхөө машины жижиг цонхыг хагалаад хувцсаа сольчихсон, үүргэвч үүрээд цааш гүйж байсан. Бид хоёр машин дээрээ ирээд хувцсаа сольж өмсчихаад тэр залууд “Одоо бид нар явлаа та нар байгаль хамгаалагчтай учраа олоорой” гэж хэлээд дуудтал ирэхгүй хол суугаад байсан.
СУМ ХҮЗҮҮНИЙ БАРУУН ТАЛААС ОРЖ, ЗҮҮН ТАЛЫН ЖАВЬЖААР СУМ НЬ ГАРСАН
-Хэдийд та нар руу гал нээсэн бэ?
-Би найзтайгаа машиныхаа хажуугаас бага зэрэг хол зогсож байхад гэнэт л тас хийсэн. Тэгсэн миний толгой руу чиглүүлээд буудсан нь тэр юм билээ. Бутан дотор сууж байхдаа дуран араатай буугаар миний баруун талаас хүзүүн тус газарт буудахад хүзүүний баруун талаас ороод зүүн талын завжаар сум нь гарсан. Манай найз “Буутай байна зугтаарай” гэж орилоход нь би хоёр гурав алхаад машиныхаа хажууд унаад өгсөн. Манай найз цааш гүйж байхад нь араас нь хоёр удаа буудсан байгаа юм. Нэг сум нь зүүн гарынх нь шууг нь оносон. Тэр буудсан залуу над дээр амандаа хоёр сум зуучихсан, атга дүүрэн сум харуулаад “Та нарыг бүгдийг нь алахад хангалттай хүрэлцээтэй сум байна. Яасан их юм харчихаад зүгээр яваад өгддөггүй юм” гэсэн. Манай найз зугтах замдаа хоёр хүүхэд рүү маань “Миний дүү нар нуугдаарай буутай байна” гэж хэлсэн. Хүүхдүүд маань ч тэр дор нь нуугдчихсан. Тэгсэн буутай залуу “Аавдаа хайртай бол гарч ир. Аавыг чинь аллаа шүү” гээд над руу дахиад хий буудсан. Удалгүй манай хүргэн ах гараад иртэл ах руу маань бас буудах гэж оролдоход нь “Чи боль. Наад хүн чинь дүлий хүн. Чиний хэлж байгааг сонсохгүй. Чамайг буу барьсан болохоор чинь айгаад буцаагаад гүйж байна шүү дээ. Одоо боль” гэж гуйсан юм. Тэгсэн буудаагүй.
-Та нар луу буудчихаад өөрөө зугтаагаагүй юм уу?
-Үгүй. Манай найз гарандаа буудуулсан. “Найзыг чинь аллаа шүү, гарч ир” гээд дуудахад нь манай найз хүрээд ирсэн. Тэгээд манай машин руу яваад өврөөсөө хутга гаргаж ирээд машины суудлын бүсийг зүсэж авч байгаа юм. Тэр бүсээрээ манай найзын гарыг надаар хүлүүлсэн. Бид хоёрт буу тулгаж, туугаад “Бууцгаа, та нарыг бүгдийг чинь ална” гэсэн. Бууж явахад дүү маань бас гараад ирсэн. Дүүд маань ч буу тулгаж, хамт буу гээд бид нар доош алхлаа.
Алхаж яваад манай хоёр хүүхэд дээр ирээд “Хоёр муу п...Яасан их нуугддаг юм. Ална” гээд толгой руу нь буу тулгаад мал шиг туусан. Ингээд хамт байсан хүмүүс дээрээ очоод биднийг тойруулж зогсооход нь, бид “Энэ хүнээ болиулаач” гэж нөгөө нөхдөд нь хэлсэн. Гэтэл буу тулгасан хүн хамт байсан хоёр хүн рүүгээ ч буу шагайгаад, миний машины түлхүүрийг аваад унаад зугтаасан.
-Их аймшигтай юм болжээ. Хэдийд цагдаад дуудлага өгсөн бэ?
-Явсных нь дараа бид нар нэг машиндаа суугаад ой хамгаалагч дээр очиж, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цааш сумын эмнэлэг дээр очиж, цус тогтоох тариа гэж хийлгэсэн. Цагдаа нар ч их шуурхай ажилласан. “Бууны шархтай хүн хамаагүй явж болохгүй, хоёр хоногийн дараа онгоц ирнэ, суугаад хот ороорой” гэж зөвлөсний дагуу онгоц ирэнгүүт хоёр хүүхэдтэйгээ суугаад хот руу ирсэн дээ. Тэр буудсан этгээдийг хоёр хоногийн дараа барьсан байсан.
-Шүүх хурал хойшилсон гэсэн?
-Тэр буудсан гээд байгаа этгээдийг 28-нд шүүх байсан чинь хойшилчихсон. Тэр одоог хүртэл батлан даалтад байгаа. Дараагийн шүүх хурал цагаан сарын дараа юм шиг байгаа юм. Харин тэр хүртэл “хүнийг ална гээд олон хүн рүү гал нээсэн тийм аюултай хүнийг ингээд зүгээр байлгаж болдог юм байхдаа” гээд л гайхаад сууж байна. Бид тэр хүнийг хорих хүсэлт Завхан аймгийн шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй.
-Буудсан гэх этгээд Онцгой байдлын алба хаагч байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм. Над руу буудсан тэр хүн өмнө нь Онцгой байдлын аврагч, шумбагч байсан юм билээ.
-Одоо таны бие ямар байна вэ?
-Бууны сум хүзүүний баруун талаас орж, зүүн талын завжны дээд талаас дөрвөн шүд зад татаад гараад ирчихсэн. Одоо миний бие тааруухан байна. Хэл мэдээгүй, бүтэн залгиж чадахгүй, хоолойнд байнга юм тордог. Бас сумны дарь үлдсэн байна гэсэн.
-Та хэд рүү буудсан этгээд гадуур явж байна гэхээр айдастай байгаа болов уу?
-Тэр хүн манай гэр бүлийг бүгдийг нь ална гээд буудаж байсан хүн шүү дээ. Ажлын таван өдөр юу хийж байгаагаа бүртгүүлдэг гэсэн. Гэхдээ амралтын өдөр юу хийж хаагуур явж байгааг нь хэн ч мэдэхгүй. Одоо бол юм амархан болчихсон. Машинтай ирээд буудчихаад явахыг үгүйсгэхгүй. Ийм хүнийг батлан даалтад гаргасан гэхээр үнэхээр их гайхаж байна. Надад батлан даалтад гаргасан гэдгийг ч хэлээгүй. Хүнээс дам сонссон. Тэгээд хэлэхэд авч хэлэлцэхгүй л юм билээ. Цагдаа, прокурор дээр хоригдож байгаад шүүх дээр ирээд гаргачихсан байгаа юм. Тэрийг нь сонсчихоод хүүхдүүд маань унтахгүй, “Тэр хүн хаана байгаа бол ааваа” гээд асуугаад байнга айдастай байгаа. Одоо шүүх хурал болтол Цагаан сараар олон хоног амрана тэр өдрүүдэд яах юм байгаа юм. Энэ хүнийгээ хорих хэрэгтэй гэж хэлсэн. Үгүй гэсэн.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд