2019-01-21
Арктикийг эзэмших сонирхол Хятад улсад үнэхээр үндэсний хэмжээний бодлого болоод байна. Энэ бодлогоо хэрэгжүүлэх алхам нь хятадуудын Хойд мөсөн далайд хийж буй аяллын түрлэг болж байна. Арктикийг зорьсон Оросын усан онгоцны зорчигчдын 80-аас багагүй хувь нь Хятадын жуулчид байнйа.
Хятадын "Сulong" экспедиц нь бүс нутгийн газарзүйн байршлаас үл хамааран Бээжин Арктикийн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх сонирхолтой байгааг нотолж байгаа юм. Дэлхийн цаг уурын дулаарлаас үүдэлтэйгээр Арктикийн мөс хайлж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн шинэ боломжууд болох усан доорх газрын тос, байгалийн хийн олборлолт, худалдааны шинэ чиглэлийг бий болгох боломжийг нээж байх шиг байна.
АНУ-ын Геологийн судалгаагаар Арктик нь байгалийн хийг тогтоогоогүй нөөцийн 30 хүртэл хувийг, газрын тосны ордуудын 13 хувийг агуулдаг.
"Арктик нь бодит байдал дээрээ бүс нутгийн орнуудын газар нутгаас ч өргөн уудам бөгөөд энэ нь мөн олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүдийн хувьд чухал ач холбогдолтой” гэж Хятадын засгийн газрын Арктикийн стратегийн “White Paper” хэмээх баримт бичигт (2018 оны 1-р сард хэвлэн нийтэлсэн) анх удаагаа өгүүлжээ.
Хэдэн жилийн өмнө Хятад Арктикийн зөвлөлд ажиглагчийн статус олж авахаар төлөвлөж байгааг “Өмнөд Хятадын өглөөний сонин” мэдээлж байв. Тэр зорилгодоо хүрчээ.
Арктикийн Зөвлөлд Хойт мөсөн далайн бүс нутгийн найман орон нэгддэг бөгөөд тэдгээр нь ОХУ, Норвег, Дани, Исланд, АНУ, Финлянд, Швед улс юм. Харин Их Британи, Герман, Испани, Нидерланд, Польш, Франц энэ байгууллагын ажиглагчийн статустай байдаг аж. Харин эдүгээ Ази тивээс Япон, Энэтхэг, Сингапур, Өмнөд Солонгос, Хятад улс энэ зөвлөлд ажиглагчийн статустайгаар оролцож байна.
Далай тэнгисийн доорхи үлэмж баялаг, усан замын тааламжтай маршрут зэргээрээ Арктик нь хөгжиж буй орнуудын анхаарлыг ямагт татдаг. Тиймээс энэ бүс нутагт эдийн засгийн эзэмшил бий болгох гэсэн улс орнуудын ашиг сонирхлын зөрчилдөөн энд ямагт явагдаж байдаг нь тодорхой.
Гэвч НҮБ-ын конвенци ёсоор Арктик нь хэний ч газар нутаг биш бөгөөд энэ бүс нутгийн орнууд харин нутаг дэвсгэрийнхээ хилийн заагаас 350 миль хүртэлх зайд 200 миль өргөн зурвас нутаг дэвсгэрт эдийн засгийн бүс нутаг бий болгох эрхтэй байдаг.
Ер нь Арктикийн бүс нутгийг хэрхэн хуваан эзэмшүүлэх асуудал олон улсын хэмжээнд одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Гэсэн ч хэрэг дээрээ улс орнууд тэнд эзэмших нутгийнхаа хил заагийн талаархи мэдэгдлээ НҮБ-д илгээсээр байна. Тэгэхээр хэн өрссөн нь гэдэг зарчим энд бас үйлчлээд байгаа хэрэг.
ОХУ Хойт туйлаас өөрийнхөө нутаг дэвсгэрийн хоёр зах хязгаар болох Мурманск болон Чукотк хүртэлх орон зайг өөрийн хэмээн “өмч”-лөөд байх жишээтэй. Энэ гурвалжин доторхи ус манайх гэж тэд зарлачихаад байгаа. Харин Арктикийн бүсийн бусад дөрвөн орон үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Оросын Арктикийн хэсгийн бүс нутгийн маргаанд Канад, Дани улс Оросуудын талд аялдан дагах магадлал өндөр. Энэ гурван улс Хойт мөсөн далайн төв хэсгийг хамтран эзэмших санаархлаа хэрэг дээрээ хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэдний Хойт мөсөн далай дээгүүр Евроазийг Хойт америктай холбосон “гүүр” байгуулах далд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зугуухан алхмын эхлэл нь иймэрхүү дүр зурагтайгаар эхэлж байж болох. Энэ мэтээр умард мөсөн далай олон улсын хэмжээнд хэрүүлийн алим болж мэдэх юм.
Арктикийг сонирхох сонирхол маш хурдтай тархаж байна. Зөвхөн ашигт малтмал, далайн таатай маршрутын хүрээнд бус. Арктик нь цэрэг батлан хамгаалахын чухал стратеги нутаг. Жишээлбэл тэнд баллистик пуужин хөөргөх маш тохиромжтой байрлал бий. Түүнээс гадна дэлхийн дулаарлын нөлөөгөөр цагаан далайн мөс хайлж, одоо тэнд жилийн ихэнх хугацаанд тэнгисийн цэргийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.
Хятадууд Хойт мөсөн далайд явуулж буй сонирхлын анхдагч шалтгаанаа Хойт тэнгисийн усан тээврийн ирээдүйн их боломж хэмээн Арктикийн Зөвлөлд тайлбарлаж байгаа юм. Гэвч тэдний сонирхол ганц үүгээр хязгаарлагдахгүй байгаа нь тодорхой. Байгалийн асар их баялагтай Арктикийн бүс нутагт тэдний эдийн засаг, эрдэм шинжилгээний нэлээд гүн гүнзгий ашиг сонирхол хавчуулагдаж байж таарна.
БНХАУ-ын гол зорилгын нэг нь Ази-Европын хоорондох бараа тээврийн замыг ойр дөт болгох явдал. Дэлхийн том экспортлогч орны хувьд Хятад Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны замыг бий болгож, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа юм.
Харин энэ тухайд АНУ-ын Төрийн Департаментын албан тушаалтан Дэвид Болтон "Бид Хятадыг тэврэн угтахад бэлэн байна. Гэвч эцсийн шийдвэрүүд дээрээ маш болгоомжтой, тууштай, шийдвэр гаргахыг яарахгүй байх ёстой" гэж онцолжээ.
Гэвч тэднийг Хойт тэнгист тоглуулах хүсэлтэй улс орон тун цөөн. Тухайлбал Норвег Бээжингийн энэ санаархалд хамгийн түрүүнд хориг тавина. Энэ бас цаанаа улс төрийн учир шалтгаан байх шиг. Юу гэвэл 2010 онд Осло Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн шагнал хүртээсний дараа энэ хоёр улсын харилцаа хүйтэрч эхэлсэн юм.
Гэхдээ л энэ хүчирхэг эдийн засагтай улс оронд бүхий л боломж бараг нээлттэй байдгийг санах хэрэгтэй. НҮБ-ын Арктикийн хилийг тогтоох комисст Хятадын мэргэжилтнүүд оролцдоггүй ч энэ асуудлаар тэд шийдвэр гаргахад нөлөөлж чадна. Хятадын эдийн засгийн хүчирхэг байдал нь Арктикт томоохон төслийг бодит утгаар хэрэгжүүлж чадна гэдэгт бас эргэлзэх хэрэггүй. Ийм улс Арктикийг эзэн хүний харахгүй гээд яах ч билээ дээ.
"Нэг бүс - нэг арга зам" төслийн хүрээнд Хятадын Хөрөнгө Оруулалтын Сангаас 30 тэрбум гаруй долларын дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө оруулалтын Банк нь шаардлагатай санхүүжилтийг олгох сонирхол, эрмэлзэлээ илэрхийлжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд